Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Жижиг тодотголтой ч ихийг бүтээсэн уурхай

Монгол улс ашигт малтмалынхаа нөөцөөр, тэр дундаа Тавантол­гойн нүүрсний ордоор дэлхийд танигдаж байна. 7.5 тэрбум тонны нөөцтэй энэ ордыг ашиглахаар дэл­хийн хамгийн том уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын банкууд Монголд буудаллаад байгаа үед энэ том орд дээр аль 45 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж ирсэн    “Тавантолгой” хувьцаат компани түүхэн ойгоо тэмдэглэж áàéíà. Бидний хэлдгээр жижиг гэсэн тодотголтой энэ компани наймдугаар сард 45 жилийнхээ ойг  тэмдэглэх юм. 


45 жилийн ойн өмнө тус компанийн уурхайд сурвалжлага хийх боломж олдож, зурагчин, зураглаачийнхаа хамт уурхайг зориâ. Даланзадгадаас 2 цаг орчим яваад “Тавантолгой” ХК-ийн байранд очлоо. Жижигхэн сумын төвөөс ч томхон суурин угтав. Өмнөговь аймгийн наадам болж хэд хоног амарсан ажилчид ажилдаа ороод ид бужигнаж байна. “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр биднийг угтан авч, уурхайнхаа талаар товч танилцуулсан юм. Социализмын үе,  шилжилтийн үе, зах зээлийн нийгэм гэсэн гурван өөр цаг үе, нийгэмд амьдарч, өдгөө улсынхаа тэргүүний уурхайнуудын нэг болоод байгаа энэ компани арвин түүхтэй дээ хэмээн Түмээ захирал  ярилаа. 


Орд нь Цогтцэций сумын Цэций уулын баруун хойд хэсэгт байрлана. Таван жижиг толгойн хэлбэрээр байршсанаас Тавантолгой хэмээн нэршжээ. Анх 1934-1935 оны үед нутгийн иргэд, уран дархчууд энд нүүрс байгааг мэдэж, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирж. Хулгана нүх малтахад шороо биш нүүрс гардаг байсан хэмээн нутгийн буурлууд хуучилдаг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр анх найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тонн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн тvvхтэй. 1967 онд бие даасан улсын vйлдвэр, 1994 онд төрийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК болсон байна. Анх Өмнөговь аймгийг бүхэлд нь болон хил залгаа бусад аймгийн сумдыг нүүрсээр хангах үүрэгтэй ажиллаж байсан бол хэдэн жилийн өмнөөс нүүрсээ Хятад улс руу экспортод гаргах болжээ.

Ганц трактор, жижиг гар өрөм, нэг ачааны машинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан уурхай сайн муу олон зүйлийг туулж гарсан 45 жилийн буурал түүхтэй. Анхандаа хүн хүч цөөн байсан болохоор уурхайн тосгоноо өөрсдийн улаан гараар байгуулж байлаа хэмээн уурхайн анхны дарга, өдгөө 70 гаруй настай С.Хүүхэнжав гуай дурсаж сууна. “Одоогийн энэ наймдугаар ам дээр ганц машин эргэх зайтай газраас гар аргаар нүүрс ачиж байлаа. Төдөлгүй  үйлдвэрийн технологийн аргаар тэсэлгээ хийж анх нүүрсээ олборлох болсон. Анх цөөхөн хэрэглэгчтэй жилдээ 15 мянган тонн нүүрс олборлодог байв. 1966 онд улсын уурхай болоход нэг эксковатор, нэг трактор, дөрвөн гэртэй байлаа. Тэр үед зэлүүд онгон талд тэсэлгээ хийж байсан. 


Сүхбаатар аймгийн байшин үйлдвэрлэх комбинатаас угсармал барилгын материал зөөж, өөрсдөө гар аргаар конторын барилга, ажилчдын орон сууцаа барьж, энэ тосгоны суурийг тавьж байлаа шүү дээ” хэмээн хуучлах С.Хүүхэнжав гуай уурхайгаасаа тэтгэвэртээ гарчээ. Өдгөө түүнийг залган  хүү охин хоёр нь “Тавантолгой” компанид ажиллаж байгаа бол ач, зээ   нь дээд сургуульд уул уурхайн мэргэжлээр суралцаж, удахгүй өвөөгийнхөө ажлыг үргэлжлүүлэх гэж байна. 


Хүн хүч цөөтэй байсан 1960-1970-аад оны үед уурхайн дарга, инженерүүд бүгдээрээ л нойр хоолоо хасан ажиллаж байсан хэмээн гавьяат уурхайчин Ц.Борхүү гуай дурсав. “Ажлын ачаалал их үед манай дарга хүртэл хөрс хуулалтын машин бариад шөнөжин явдаг байлаа. Тэр хүнд хэцүү цаг үеийг туулан өдгөө улсынхаа тэргүүний уурхай болсон компаниараа бахархалгүй яахав. Бидний нөхөд тэгж хөдөлмөрлөсний дүнд өнөөдөр уурхай маань 45 жилийн хугацаанд гал алдалгүй өдий дайтай явж ирсэн дээ” хэмээн нас өндөр гарсан ч нүдэндээ цогтой, нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярих Борхүү гуайг компанийн ганц гавьяат хэмээн захирал, залуучууд нь ихэд хүндэлдэг юм билээ. Насаараа жолоо барьсан гавьяат тэтгэвэртээ суусан ч машинаа барьсаар л явна. 


“Тавантолгой” хувьцаат компанийг Өмнөговийн иргэдийн компани гээд хэлчихэд буруудахгүй. Албан ёсоор 200 орчим хүн ажилладгаас жолооч, йлчлэгчээсээ  эхлээд дэд захирлууд хүртлээ бүгд Өмнөговь аймгийн харьяат юм билээ. Тиймээс ч “Тавантолгой” компанийн ажилчдын тосгон нь Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв хэмээн нэрлэгддэг. Хэдий 200 ажилтантай ч туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг нэмбэл хэдэн мянгад хүрнэ хэмээн Түмээ захирал ярив.
“Тавантолгой” ХК өмнийн говийн иргэдэд ээлтэй, олон зуун хүний амьдрал нь болсон буянтай газар хэмээн ажилчид нь ярих дуртай. “Тавантолгой компани маань манай гэр бүлд ихийг өгсөн, бидний амьдралыг Тавантолгойгүйгээр төсөөлөхийн аргагүй дээ. Хар багаасаа л аавынхаа машины бүхээгт өссөн миний хувьд энд жолоочоор ажиллаж байгаа минь хувь тавилан байх” гэж ярих залууг Э.Тогтхбаяр гэдэг. Тэдний гэр бүл гурван үе дамжсан уурхайчид. Тэр тусмаа энэ компанид үе удмаараа ажиллаж байгаа жолооч нар. Өвөө нь уурхайг байгуулагдах үеийн ууган ажилчдын нэг. Жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол аав Энхбаатар нь өдгөө ч жолоочоор ажиллаж байна. Э.Тогтохбаяр өөрөө 10 гаруй жил жолоо мушгиж яваа. Өвөө эмээгээс нь эхлээд бүгд энэ уурхайтай салшгүй холбоотой. Тэр тусмаа өвөө, эмээ, ээж, аавынхаа өвийг залгамжилсан тэргүүний уурхайчдын отгон нь аж. 2 ойтой хүүгээ ойрын тээвэрт аваад явчихдаг Тогтохоо уурхай ажилласаар байвал хүүгээ ч жолооч болгоно хэмээн инээмсэглэн ярилаа. “Залуу хүний хувьд ажил төрөлтэй, хийсэн ажил, бахархах зүйлтэй байна гэдэг сайхан. Компани маань илүү олон жил ажиллаасай. Энэ бол   компанитай амьдралаа холбосон олон зуун хүний хүсэл юм шүү дээ” гэж Э.Тогтохбаяр сэтгэлийн үгээ уудлав. 


Э.Тогтохбаярынх шиг гэр бүлээрээ “Тавантолгой” хувьцаат компанид ажилладаг айл олон. Ажиллахаас гадна энэ компанийн хишгийг хүртэж байгаа нь бүр ч олон.   Өмнөговь аймгийн иргэд тэр чигтээ энэ компанитай холбоотой гэхэд болно. 


“Тавантолгой”  нь орон нутгийн өмчит компани. Тэр ч утгаар сүүлийн хоёр жил компанийн зүгээс Өмнөговь аймгийн иргэдэд “Нутгийн хишиг” хэмээн 50 мянган төгрөг тараажээ. Нутгийн баялгаас олж байгаа ашгийг нутгийн иргэдэд тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзээд “Тавантолгой” компани Өмнөговь аймгийн иргэдэд хоёр жил дараалан 50 мянган төгрөг өгснийг Түмээ захирал онцолсон юм. 50.000 төгрөгөөр зогсоогүй Өмнөговь аймагт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь нэрлээд барахгүй биз. Өмнөговийн иргэдийг   оройдоо лаа барьж, өвөлдөө даарч суудаг зовлонгоос нь салгахаар “Тавантолгой” ХК 5.4 тэрбум төгрөгийг ДЦС-ын өргөтгөл барихад зарцуулжээ. Түүгээр зогссонгүй аймгаа байгуулагдсанаас хойш хямд үнэтэй нүүрсээр тасралтгүй хангаж ирсэн нь хамгийн том хөрөнгө оруулалт гэхэд болно. Сүүлийн жилүүдэд цахилгаан дулааны үнэ нэмэгдээгүй, түүнээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гараагүй нь “Тавантолгой” компанитай салшгүй холбоотой. 


“Тавантолгой” компани аймгийнхаа хөгжил дэвшлийн гол хөдөлгүүр нь. Өмнөговь аймгийн төсвийн 60-70 хувийг,  Цогтцэций сумын төсвийг 100 хувь бүрдүүлдэг гэдэг тоон мэдээллээс л   уурхай, энэ компани Өмнөговь аймгийн нүүр царай, өнөөг хүртэлх хөгжлийн хөдөлгүүр нь болж ирснийг харуулна.

Биднийг “Тавантолгой” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн Äэд захирал Р.Зоригтбаатар хөтөчлөн уурхайн ажил, байдалтай танилцуулав. 1992-2005 онд “Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ эрхэм Чехословак улсад уул уурхайн сургууль төгссөн ясны уурхайчин. Тэр ч үүднээс Тавантолгойн талаар нарийн ширийн зүйлийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг.“Тавантолгой” компани 4 болон 8 дугаар ам дээр олборлолт явуулж байна. Эндээс олборлосон нүүрсийг хувийн компаниуд худалдан аваад Хятад руу зөөх аж. 4 дүгээр амнû хойхно талд “Эрдэнэс Тавантолгой” компани хөрс хуулалтаа хийгээд олборлолтоо эхэлчихэж. “Тавантолгой” компанийн нөөц тун удахгүй дуусна гэсэн таамаг яриаг Р.Зоригтбаатар дарга эрс үгүйсгэсэн юм. 4 дүгээр ам нь 12 давхаргынхаа  дөнгөж 4 дүгээр давхаргаäаа буюу 40 метрийн гүнд яваа. Цаана нь 8 давхарга, 80 орчим метрийн гүн хүртэл ухах боломжтой хэмээн тэрбээр тайлбарласан юм. Нарийвчилсан судалгааны дүн гараагүй байгаа ч дахиад 80-аад сая тонн нүүрсний таамаг нөөц бий гэнэ.
Ямар ч байсан ирээдүийн он жилүүдэд ч “Тавантолгой” хувьцаат компани Өмнөговийнхоо хөгжилд хувь нэмрээ оруулна. Өмнөговийн иргэд  энэ компанийнхаа ашиг орлогоос хувь хүртсээр байх нь. Жижиг гэсэн тодотголтой ч ихийг хийж бүтээж байгаа “Тавантолгой” хувьцаат компанийн түүх дахин олон жил үргэлжлэх биз ээ.

“Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр:

Манай компани сайн муу олон ч зүйлийг давж ирсэн

“Тавантолгой” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяртай ярилцлаа.

“Тавантолгой” хувьцаат компанийн 45 жилийн ой удахгүй болох гэж байна. Компани хэзээ үүссэн талаар яриагаа эхэлье?
1966 онд Тавантолгойн уурхай байгуулагдсанаас хойш 45 жил болж байна. Энэ хугацаанд зовлон жаргалын аль алийг нь туулж, Монгол улсын тэргүүний уурхайнуудын нэг болтлоо хөгжиж, ажиллаж байна. Социалист систем, шилжилтийн үе, одоогийн зах зээлийн системийг өөрийнхөө хөдөлмөрөөр давж, 45 жилийн ойтойгоо золголоо. Энэ нь манай компанид ажиллаж байсан үе үеийн уурхайчдын баяр юм.
Тавантолгойн уурхай анх яаж нээгдэж байсан юм бэ? Одоо бол Монголын топ компаниудын нэг болж чадсан байна?
1966 оноос хойш дандаа л их хэмжээний олборлолт явуулж, экспортолж байсан уу гэвэл үгүй. Үргэлж ийм том компани байсангүй. Тавантолгойн уурхайгаас сүүлийн 5 жилд л нүүрс экспортолж, ийм амжилттай ажиллаж байна. Урьд нь Өмнөговь аймаг болон бусад аймгийн хэрэгцээг хангах төдий л ажиллаж байсан. Сүүлийн 5 жилд тэргүүний татвар төлөгч болж, топ компаниудын нэг боллоо. 2010 он гэхэд 69.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол орон нутгийн төсвийн 60-70 хувийг Тавантолгойн уурхай авч явж байна. Тэр дундаа Цогтцэций сумын төсвийг 100 хувь бүрдүүлж байна.

“Тавантолгой” ХК-ийн бусад компаниас ялгарах онцлог нь орон нутгийн өмчит компани. Энэ утгаараа орон нутгийн хөгжилд Тавантолгой компанийн оруулж байгаа хувь нэмэр их байгаа байх?
Зах зээлд шилжин төрийн өмчит компаниуд хувьчлагдах үед Тавантолгойн уурхай ашиг орлогын хувьд хүндхэн байсан. Ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байсан үе бий. Ингээд УИХ-аас уурхайг орон нутгийн өмчид шилжүүлсэн. Орон нутгийн удирдлага ч чадахынхаа хэрээр уурхайгаа авч явж байна. Компанийн зүгээс өөрсдөө явж, зах зээлээ олж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсаны хүчинд уурхайн үйл ажиллагаа жигдэрч, Монгол улсын тэргүүний уурхайн нэг болж чадлаа. Жишээлэхэд, Тавантолгойн уурхай  Монгол Улсын экспортод гаргаж байгаа нүүрсний 50 орчим хувийг дангаараа эзэлж байна.
Манай компани орон нутгийн өмчтэй. Тавантолгой компани ашигтай ажиллаж байвал ашгаасаа нутгийн иргэддээ тэгш хуваарилах ёстой гэж үзээд сүүлийн хоёр жил дараалан 48000 иргэнд 50 мянган төгрөгийг Íутгийн хишиг гээд тараасан. Аймгийн хувьд хурдацтай хөгжиж, хүн амын сууршил эрс нэмэгдэж байна. Үүнийг дагаад цахилгаан, дулааны асуудлыг шийдэх хэрэгтэй болж, “Тавантолгой” компанийн зүгээс 5.4 тэрбум төгрөг гаргаж, ДЦС-ыг өргөтгөж байна. Мөн энэ 45 жилийн хугацаанд Өмнөговь аймгийг маш хямд нүүрсээр хангаж байгаа нь их том дэмжлэг юм. Нүүрсний үнэ нэмэгдэхэд цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай аймагт үнэ харьцангуй тогтвортой байгаа нь Тавантолгойн уурхайтай холбоотой. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй олон зүйлээс Тавантолгойн уурхай, Тавантолгой хувьцаат компанийн Өмнөговь аймгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг харж болох байх.
“Тавантолгой” хувьцаат компаний хувьд үндсэн ажилтан нь 200-гаад хүн бий. Бүгд нутгийн иргэд. Тэр дундаа яг энэ тосгондоо үе дамжин амьдарч,   уурхайдаа ажиллаж байгаа гэр бүл цөөнгүй бий.

Өмнөговь аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол байгаль орчны бохирдол. “Тавантолгой” ХК-ийн зүгээс энэ талаар ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?
Бид жил бүр энэ чиглэлээр төлөвлөгөө гарган ажилладаг. Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх тал дээр анхаарч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нөгөө талаас энэ бүс нутагт хамгийн том олборлолт явуулж байгаа компанийн хувьд энэ тал дээр анхаарахгүй байх аргагүй. Эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, ногоон байгалийг хадгалах тал дээр бид тодорхой санал санаачилгуудыг гаргаж, төсөл хөтөлбөр боловсруулж байгаа. Уул уурхайн олборлолтоос гадна урагшаа чиглэлийн замын асуудал хамгийн том бэрхшээл болоод байна. Дэд бүтцийн хөгжил сул болохоор бид замын асуудал дээр сүүлийн үед нэлээд анхаарч байгаа.  Манайхаас нүүрс авч байгаа компаниуд болон бусад компаниудтай хамтарч зам барихаар тодорхой хөрөнгө гаргаж байна. Замын аюулгүй байдал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн бид байгаль орчныг бохирдуулж байгаагийн нөхөн төлбөрт нэг тонн нүүрсэнд 1000 төгрөг өгäºã. Бүгдийг нь мундаг болгочихсон гэвэл худлаа. Гэхдээ байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах тал дээр “Тавантолгой” компани тэргүүлж ажиллаж байгаа гэж ойлгож байна.

“Тавантолгой” ХК-ийн хувьцаа Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй хувьцаатай болж чадсан цөөхөн компанийн нэг?
Хувьцаат компаниудын хувьд гол үнэлгээ нь хувьцааны ханш шүү дээ. Компани өөрөө чадваржиж, үйл ажиллагаа тогтвортой, ашиг орлого нь нэмэгдэж байгаа болохоор хүн болгон тэндээс хувьцаа авч, ногдол ашиг хүртэхийг бодож байгаа. Тиймээс ч хувьцааны эрэлт нэмэгдэж, ханш нь өсч байна. Хувьцааных нь үнэ 1.5 сая төгрөг болсон компани Монголын түүхэнд байхгүй. Ялангуяа өмч хувьчлалын үед хувьчлагдсан компаниудаас Хөрөнгийн бирж дээр хамгийн идэвхтэй байгаа компани нь манайх. Энэ бол манай компанийн үйл ажиллагааг манай хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид хэрхэн үнэлж байгааг харуулж байгаа хэрэг. Ер нь манай компани хамгийн нээлттэй байдаг компани шүү дээ.

Төгсгөлд нь Та компанийнхаа ойд зориулаад үг хэлэхгүй юү?
Юуны өмнө “Тавантолгой” хувьцаат компанийн 45 жилийн ойг тохиолдуулан уурхайн 45 жилийн түүхэнд ажиллаж байсан нийт уурхайчид, тэдний ар гэрийнхэн, одоо ажиллаж байгаа уурхайчдадаа, шижигнэсэн сайхан энэ залуустаа баярын мэнд хүргэе. Энэ компанийн амжилт бол манай хамт олны, үе үеийн маань уурхайчдын ажлын үр дүн юм шүү.