Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний хуучин, шинэ төслүүдийн харьцуулалт

  

Гуравдугаар сард өргөн барьсан төсөл

1.6.  Засгийн газар нь төрийн өмчит компани болох “Эрдэнэс МГЛ“ ХХК-аар дамжуулан Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө. Энэхүү Гэрээний 16.8-д заасны дагуу энэхүү Гэрээ сунгагдсанаас 1 жилийн дотор хоёрдугаар хавсралт болох Хувь нийлүүлэгчдийн гэрээнд харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг Засгийн газар нэмж өмчлөх эрхтэй.

1.8.  Энэхүү Гэрээ болон хувь нийлүүлэгчдийн Гэрээнд талууд гарын үсэг зурж Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээний энгийн хувьцааг Засгийн газарт олгосноор цаашид Оюутолгой төсөлд Засгийн газрын оролцоог бий болгох болон хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбоотой үүргээс /Ашигт малтмалын  тухай хуулийн 5.4, 5.6 дугаар зүйлд заасны дагуу хүлээх үүргийг оролцуулан/ Хөрөнгө оруулагчийг бүрмөсөн чөлөөлнө.

2.1.  Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө оруулагч нь Гэрээ байгуулах өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008/-ийн 7 дугаар бүлэгт заасан албан татваруудыг зөвхөн төлнө. Талууд дараахь албан татваруудыг тогтворжуулна гэдгийг харилцан тохиролцов:/ цаашид  “тогтворжсон албан татвар“ гэх/

2.1.1 Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 2.1.2 Гаалийн албан татвар, 2.1.3 Нэмэгдсэн өртгийн албан татвар, 2.1.4 Онцгой албан татвар /гэрээний 2.21 –д зааснаас бусад тохиолдолд/ , 2.1.5 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /энэхүү гэрээний 3.8-д заасан/, 2.1.6 Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, 2.1.7 Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 

2.18. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/ болон энэхүү гэрээнд зааснаас бусад тохиолдолд импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулна.

2.19. Талууд доорхи зүйлсийг харилцан тохиров.

2.19.1. Барилгын ажил гүйцэтгэх хугацаанд “Оюутолгой“ төслийн хэрэгцээнд зориулан түр болон байнгын хугацаагаар хэрэглэхээр хөрөнгө оруулагчийн импортолсон авто бензин болон дизелийн түлшнээс бусад төрлийн бүхий л бараа материал /үүнд түүхий эд ямар нэг хязгаарлалтгүй/, үйлдвэр цех, машин, тоног төхөөрөмж /сэлбэг хэрэгсэл үүнд орно/, тээврийн хэрэгсэл /суудлын автомашин   орохгүй/ болон нисэх онгоцонд гаалийн албан татвар ногдуулахгүй байх, 2.19.2 Барилгын ажил гүйцэтгэх хугацаа дууссаны дараа хөрөнгө оруулагч нь Гаалийн тухай хуулийн /2008/ дагуу тогтвортой хувь хэмжээгээр төлнө.
 
2.31. Энэхүү гэрээ байгуулагдах үед мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/  21-р зүйлийн 8.1 дэх заалт, эсхүл уг хуульд оруулах нэмэлт өөрчлөлт буюу түүнийг орлох аливаа хууль тогтоомж нь энэхүү Гэрээнд хамаарахгүй.                                                        

6.11.  Гэрээний 6.9-д дурдсан усны нөөц, эх үүсвэрийг Хөрөнгө оруулагч нь Засгийн газар, олон нийт болон аль нэг гуравдагч этгээдэд ашиглуулах үүрэг хүлээхгүй.

6.12. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг Усны тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай болон бусад хууль тогтоомжид  /усны асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас баталсан усны   эх үүсвэрүүдийг оролцуулан / заасны дагуу түргэн шуурхай байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Ус ашиглах гэрээг 20-иос доошгүй жилийн хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг 5 жилээр сунгана.

8.4. “Оюутолгой“ төслийн барилгын ажлыг гүйцэтгэх болон өргөтгөлийн үе шатанд нийт ажиллагсдын 60-аас доошгүй хувь нь Монгол ажилчид байх талаар хөрөнгө оруулагч нь хүчин чармайлт гарган ажиллана.  

8.5. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээс хойш  “Оюутолгой“ төслийн нийт ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь Монгол улсын ажилчид байх талаар Хөрөнгө оруулагч нь хүчин чармайлт гарган ажиллана.       

8.6.2. Гадаад ажиллагсдын тоо энэхүү Гэрээний 8.4 8.5-д зааснаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг Хөрөнгө оруулагч төлнө

9.5. Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн санхүүгийн чадамжаар бүрдсэн хувь нийлүүлэгчийн зээлээр “Оюутолгой“ төслийн хайгуул болон бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний Хөрөнгө оруулалт хийсэн болно. Хөрөнгө оруулагч нь энэ гэрээний 3.3-д заасан техник , эдийн засгийн үндэслэлд тусгасан 5 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг “Оюутолгой“ төсөлд хийхээр төлөвлөж байна. Эхний хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд хийхээр тооцоолж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын үндэслэлд зааж өгнө.


Шинэ төсөл

1.6.  Засгийн газар нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө. Энэхүү Гэрээний 16.8-д заасны дагуу Гэрээ сунгагдсанаас хойш 1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг Засгийн газар нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй. Энэхүү Гэрээний 1.6-р заалт нь Хөрөнгө оруулагчийн хувьцаанаас Засгийн газар, эсхүл Монгол улсын иргэдэд шилжүүлэх буюу олгох тухай хуулийн болон УИХ-ын тогтоолын дагуу үүсч болох бүх үүргийг хангаж байгааг Засгийн газар баталгаажуулав.

1.8.  Энэхүү Гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн Гэрээнд талууд гарын үсэг зурж, Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 хувьтай тэнцэх энгийн хувьцааг Засгийн газарт олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу хүлээх Хөрөнгө оруулагчийн бүх үүргийг хангаж байгааг Засгийн газар зөвшөөрч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу хүлээх үүргийг Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3/с/ заалтын дагуу хангах бөгөөд Төрийн өмчит компани Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3/с/ заалтад тусгасан шаардлагуудыг хангаж чадахгүй болсон аливаа тохиолдолд Засгийн газар уг үүргийг өөртөө авч хариуцна.

2.1.  Энэхүү Гэрээнд заасныг харгалзан Хөрөнгө оруулагч нь Гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан татваруудыг зөвхөн төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-д заасны дагуу талууд дараахь татваруудыг тогтворжуулна /цаашид “Тогтворжуулсан татвар“ гэх/  гэдгийг харилцан тохиролцов:

2.1.1 Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 2.1.2 Гаалийн албан татвар, 2.1.3 Нэмэгдсэн өртгийн албан татвар, 2.1.4 Онцгой албан татвар /гэрээний 2.21 –д зааснаас бусад тохиолдолд/ , 2.1.5 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /энэхүү гэрээний 3.10-д заасан/, 2.1.6 Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, 2.1.7 Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, 2.1.8 Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн дагуу ногдуулах татвар болон уг хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль /2.6-р заалтыг харгалзан/

2.6. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн дагуу 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөс эхлэн Хөрөнгө оруулагч ЗБҮӨАТ /эргэлзээ төрүүлэхгүй байх зорилгоор 2.1.8-р заалтад заасан татвар/-ыг ямар ч байдлаар,  эсхүл “гэнэтийн ашгийн“ татвартай адилтгах татварыг төлөх  үүрэг хүлээхгүй.

2.5. Хөрөнгө оруулагчийн татвар ногдуулах жилийн орлого 0-3.0 тэрбум төгрөг байх тохиолдолд 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

2.9. Хөрөнгө оруулагчаас Монгол улсад оршин суугч бус татвар төлөгч хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн буюу давуу эрхийн хувьцаанд төлөх ногдол ашигт Монгол улсын хууль, түүний дотор Татварын ерөнхий хуулийн 2.2-т заасны дагуу хэрэглэгдэх  давхар татварын тухай аливаа холбогдох гэрээнд зааснаар татвар ногдуулж хувийг тогтворжуулна.

2.18. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д заасны дагуу импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулна. Буцаан олгогдохгүй Нэмэгдсэн өртгийн албан татвар холбогдох хуулийн дагуу Хөрөнгө оруулагчийн албан татвар /Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/ ногдох орлогоос хасаж тооцно.

2.19. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:

2.19.1. Гаалийн татварыг Гаалийн тухай хуулийн дагуу ногдуулна.

2.21.  Хөрөнгө оруулагч өөрийн хэрэгцээнд зориулан импортолсон болон дотоодын зах зээлээс худалдан авсан авто бензин, дизелийн түлшинд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, авто бензин дизелийн түлшний албан татвар болон гаалийн албан татварыг холбогдох хувь хэмжээгээр үл ялгаварлах зарчмаар  төлнө.

2.25. Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчид оруулах Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зохицуулалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11.1-д заасны дагуу зах зээлийн шударга үнэ цэнээр олгогдож байгааг Талууд зөвшөөрч байна. Засгийн газар Хувь нийлүүлэгчдийн гэрээний 17-р заалтын дагуу Төрийн өмчит компанийн  хүлээх үүргийг биелүүлэхээ зөвшөөрч байна.

2.31. Талууд дараахь зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:

2.31.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19-р зүйл болон тухайн хуулийн дагуу батлагдсан журмын дагуу нийт хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хэмжээгээр хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч авах эрхтэй. 2.31.2 Хөрөнгө оруулагчийн барилгын ажил гүйцэтгэх хугацаа дуусах хүртэл Монгол улсад хийсэн бүх хөрөнгө оруулалт /түүний дотор энэхүү Гэрээг байгуулах өдрөөс өмнө хийсэн бүх хөрөнгө оруулалтууд/-д энэхүү хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг олгох боловч үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлогыг олох зорилгоор хөрөнгө худалдаж авахад хийсэн хөрөнгө оруулалтад олгохгүй.

2.32. Энэхүү Гэрээний хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орсны улмаас Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүд экспортод гаргасан бүх бүтээгдэхүүн эсвэл “Оюутолгой“ төсөлтэй холбоотойгоор гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ *0* болсон тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-р зүйлийн дагуу уул уурхайн салбарыг тэргүүлэх ач холбогдолтой салбарын ангиллаас хассан бол энэхүү Гэрээний 2.31-р заалтад заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг /гэрээний 16.20.1-р заалтын үйлчлэлийг үл харгалзан/ Хөрөнгө оруулагчид олгохгүй болохыг талууд тохиролцов. 

3.7.3. Энэхүү Гэрээний 3.7-д дурдсан Санхүүжилтийг бүрдүүлж дууссан хугацаа гэж дараахь нөхцөлүүдийн аль түрүүлж биелсэн хугацааг хэлнэ. 1. Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээний 1.10-д заасан Техник , эдийн засгийн үндэслэлийн дагуу “Оюу толгой“ төслийг бүрэн барьж ашиглалтад оруулахад хангалттай санхүүгийн эх үүсвэрийг хүлээн авахуйц нөхцөлөөр, түүний дотор баталгаа, барьцаа буюу бусад төрлийн дэмжлэг зэргийг оруулсан нөхцөлөөр баталгаажуулж /буюу бэлэн болгож/, Засгийн газарт бичгээр мэдэгдсэн өдөр, эсхүл
2.Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил өнгөрсөн бол.

6.9.1. Энэхүү Гэрээг байгуулсан өдөр өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөцийн баталгаажуулсан хэмжээ нь зөвхөн “Оюу толгой“ төслийн усны хэрэгцээг хангахад хүрэлцээтэйг болон уг усны нөөцийг ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байхыг Усны хэрэг эрхлэх газар баталгаажуулж байна.

6.9.2. Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр илрүүлсэн усны нөөц нь өөрийн үйл ажиллагааны хэрэгцээнээс илүү гарах нөхцөлд Усны хэрэг эрхлэх газар “Оюутолгой“ төслийн хангалттай хэрэгцээнээс илүү гарсан усны нөөцийн хэсгийг Усны тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулагчтай тохирох нөхцөлөөр бусад аж ахуйн нэгжийн хэрэгцээнд ашиглуулж болно. Хөрөнгө оруулагч тухайн аж ахуйн нэгжид нийлүүлэх усны нөөцийн хэсэгт зарцуулсан хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлнэ.

6.13 Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг /Усны зөвшөөрлөөр баталсан усны эх үүсвэрүүдийг оролцуулан/  Усны тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай болон бусад хууль тогтоомж, журамд   заасны дагуу байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Оюутолгой орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд тул Ус ашиглах гэрээг Усны тухай хуулийн 23.2-т заасны дагуу 30 жилээр байгуулах бөгөөд гэрээг 20 жилийн хугацаагаар сунгаж болно.

8.4. Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасны дагуу Хөрөнгө оруулагч нь нийт ажиллагсдынхаа 90-ээс доошгүй хувьд нь Монгол улсын иргэдийг авч ажиллуулна.

8.6.3. “Оюутолгой“ төслийг барьж байгуулахад Монгол улсад мэргэжилтэй ажиллах хүчин дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэхүү Гэрээний 8.4.-д заасан ажиллах хүчний квотыг зөрчсөн тохиолдолд 10.7-р заалтыг хэрэглэх зорилгоор энэхүү гэрээг зөрчсөнд тооцохгүй.

8.14.  “Оюутолгой“ төслийн ажилчдыг олон улсын стандартын түвшинд бэлтгэх боломжийг хангах үүднээс Засгийн газар нь сонгосон дотоодын их , дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийг олон улсын уул уурхайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр хангахтай холбогдсон зөвшөөрлийг олгоно. Сургалтын олон улсын хөтөлбөрийг Гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор баталж хэрэгжүүлнэ.                     

9.5.  Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн санхүүгийн чадамжаар бүрдсэн  хувь нийлүүлэгчийн одоогийн зээлээр “Оюутолгой“ төслийн хайгуул болон бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болно. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.5-д заасан техник , эдийн засгийн үндэслэлд тусгасан ойролцоогоор 4 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг “Оюутолгой“ төсөлд хийхээр төлөвлөж байна.  Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын хуваарийг техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан болно.