Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар УИХ дахь МАХН-ын бүлэгийн дүгнэлт

Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1, 6.2-т, Ашигт малтмалын тухай хуулийн 30.1.1, 30.1.2 дахь заалтын дагуу энэхүү төслийн гүний аргаар олборлолт явуулах талбайн ашигт малтмалын нөөцийн хэмжээг улсын нөөцөд бүртгүүлж, орд ашиглах ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулалтын хэмжээг нарийвчлан тодотгох, зэсийн үнэ 2400-6500 ам.доллар байх түвшин дэх санхүүгийн мөнгөн урсгал хөрөнгийн үнэлгээг гаргаж, Монгол Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх санд орох орлогын эхний 30 жилд орох орлого бага байгааг нэмэгдүүлэх,

2. Хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёр удаа өөрчлөгдөж таван тэрбум ам.доллар болсны эдийн засгийн үндэслэл, шалтгааныг тодорхой болгож, гэрээний төслийн 2.29 болон 9.8 заалтууд нь хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байгаа бол нарийвчлан тодотгох,

3. Гэрээний төслийн гаалийн, нэмэгдсэн өртгийн, ногдол ашгийн, зам ашигласны болон бусад бүх татвар, хураамжийн хөнгөлөлтүүдийн нийт өртөг болон татвараас хасагдах зардлуудын суутгал, Монгол Улсад төлөгдөх нийт орлогын дүнг, зэс болон алтны үнийн тодорхой түвшин дэх харьцуулсан судалгааг үндэслэн Монгол Улсад оруулах төслийн хөрөнгө оруулалтын өгөөжийн үр дүнг тодорхой болгох шаардлагатай байна.

4. Гэрээний төслийн 3.5, 9.6-д зах зээлийн нөхцөл байдал болон санхүүгийн асуудлыг (үүнд, “Оюутолгой“ төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийн олдоц болон нөхцөл хамаарна) харгалзан үзэж, “Оюутолгой“ төслийг хэрэгжүүлэх хугацаа, үе шатыг хөрөнгө оруулагч техник-эдийн засгийн үндэслэлд заасны дагуу шийдвэрлэнэ гэжээ. Хэрэв хөрөнгө оруулагч “Оюутолгой“ төслийг хэрэгжүүлэх төлөвлөсөн дараалалдаа томоохон өөрчлөлт хийх тохиолдолд зөвхөн Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн сайдад  мэдэгдэхээр заасан нь Хөрөнгө оруулагч төслийг консервацид оруулах, удаан хугацаанд ашиглахгүй байж, Монгол Улсын Засгийн газрын тавьсан зорилт, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд болон Монголын ард түмний хүлээлтийг хөсөрдүүлэхэд хүргэж болзошгүй эрсдэлийг бий болгох эсэх,

5. Гэрээний төслийн дэд бүтцийн холбогдолтой дараахь асуудлуудыг нарийвчлан тодруулах:
а. төслийн 6.9-6.14-д заасан усны эх үүсвэр, усны нөөцийг Засгийн газрын эрх бүхий байгууллагаас баталсан нарийвчилсан үнэлгээгээр тооцсон нөөцийн хэмжээ, ашиглалтын горимын үндэслэлийг тодорхой болгох, хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөц, эх үүсвэрийг Засгийн газар, олон нийт болон аль нэг гуравдагч этгээдэд ашиглуулах үүрэг хүлээхгүй гэсэн асуудлыг тодруулах. Түүнчлэн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээний усны боломжтой эх үүсвэр, тухайлбал, гүний болон гадаргуугын усны талаар харьцуулсан тооцоо дүгнэлтийг гаргах;

б.  төслийн 7.2-д заасан цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудлыг тодруулж, Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн системээс хангах боломжийг техник , эдийн засгийн үндэслэлээр нарийвчлан тогтоож, төслийн хөрөнгө оруулалтын хүрээнд шийдвэрлэх;

в. төслийн автозамтай холбогдон орсон 7.6.1-7.10.5 заалт бүрийг нарийвчлан авч үзэж, утга агуулгыг тодорхой болгох;

6. Гэрээний төслийн 15 дугаарт зааснаар хувь нийлүүлэгч нь өөрийн эзэмшилд буй хувьцааг барьцаалж , улмаар гуравдагч этгээдэд болон хориглох этгээдэд хувьцаа шилжүүлэх, гэрээний эрх, үүргээ шилжүүлэх үр дагавар гарах эсэхийг нягтлан үзэх хэрэгтэй байна;

7. Бүс нутгийн хөгжилд анхаарч, тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, орон нутгийн болоод бүсийн нийгэм, эдиин засгийн хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагаанд хамтран туслалцаа үзүүлэх, ил тод, хариуцлагатай байх зарчмын дагуу үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн гэрээний төслийн 4-ийг өөрчлөх,

8. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Айвенхоу Оюутолгой (БВА) Лтд нь толгой компаниа төлөөлж гарын үсэг зурж байгаа нь хууль эрх зүйн чадамжтай эсэх, толгой компани, Рио Тинто Пик, Рио Тинто Лтд, Рио Тинто Интернэшл Холдинг, Айвенхоу групп, Айвенхоу Майнинг, Рио Тинто, Чайна Алко компаниудын үүрэг хариуцлагыг тодруулах.

9. Гэрээний хүчинтэй байх хугацаа эхний ээлжинд 30 жил байгааг өөрчлөн , 15 жилээс хэтрэхгүй байхаар гэрээг байгуулах, 15 жилийн дараа ямар хугацаагаар сунгахыг гэрээний биелэлтийг дүгнэн ярилцаж шийдвэрлэх байдлаар гэрээнд тусгах,

10. Хөрөнгө оруулагчийн талаас авах урьдчилгааны хэмжээ (125.0 сая ам.доллар) бага, хүү өндөр байгааг анхаарах, хэмжээг нэмэгдүүлэх.

11. Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиас 50 хувьд хүргэх асуудлыг Улсын Их Хурлаас өгсөн үндсэн зарчим, удирдамжийн дагуу хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тооцох, хяналтын багц хувьцааны нийт хувьцаанд эзлэх хувь хэмжээг нарийвчлан тогтоож, Монголын тал хяналтын багц хувьцаанаас эзэмших, энгийн хувьцааг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх боломж болон Төлөөлөн удирдах зөвлөлд хөрөнгө оруулагчид адил тэгш, тэнцүү эрхтэй оролцох зарчмыг баримтлах,

12. Гэрээний биелэлтийг давтамжтайгаар тодорхой хугацаанд тогтмол хянан дүгнэж, бий болсон нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж байхын тулд тунхаг эрмэлзлийн шинж чанартай заалтуудыг өөрчилж, гэрээний эрх үүргийн тодорхой заалтуудаар солих,

13. “Гэрээний төслийн монгол, англи хувь нь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл англи хэл дээрх хувийг баримтална“ гэж заажээ. Иймд гэрээний төслийн монгол, англи хэл дээрх хувилбаруудын хооронд нэр томъёонуудыг нэг мөр болгож, хөндлөнгийн болон Гадаад хэргийн яамны орчуулгын багаар утгын, агуулгын, орчуулгын, дүрмийн алдаануудыг хянан тохиолдуулж, хоёр тал орчуулгын хувь дээр нэгдсэн тохиролцоонд хүрсэн байх.