Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Монгол улс Олон улсын санхүүгийн загварын тайзан дээр байна

Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Филип тер Вуурттэй MMJ-ийн сэтгүүлч Н.Ариунтуяа ярилцлаа.


Танаас ярилцлага авах болсондоо баяртай байна. Энэ цаг үед ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр сууж буйн хувьд Таныг манай улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар ямар дүгнэлттэй явдгийг тань сонирхмоор байна? 


Монгол улсын хувьд үнэхээр онцлог төдийгүй түүхэн гэж хэлж болох цаг үе юм. Би Европ болон Монголын хооронд байнга ирж очин ажлаа хийдэг. Тэгээд ч тэр үү, Монголыг Европтой нэлээд харьцуулдаг юм. Европын олон оронтой харьцуулахад Монголд эдийн засгийн хөгжлийн гарц, боломжууд илүү их байна. Европт  хөгжлийн хурд саарсан, тэр хэрээр олон нийтийн уур амьсгал идэвхгүй сул байдаг бол Монголд эсрэгээрээ. Тиймээс Монголд буцаж ирэх бүртээ би их баяртай ирдэг. Энд хүмүүс их өөдрөг үзэл бодолтой, ирээдүйдээ итгэлтэй байдаг. Монголчууд “Бидний цаг үе ирлээ” гэж мэдэрч, тэр нь өөдрөг үзэл, итгэлийг бий болгож байгаа нь анзаарагддаг.

Миний бодлоор Монгол улсын эдийн засгийн хөгжлийн боломжууд нь хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөгөөр их өвөрмөц байдлаар бий болж, бүгд нэг чиглэлд хөтөлж байна. Нэгдүгээрт, Монгол улсын хөгжлийн боломжууд нь хил залгаа орших Хятад улсын цаашид ч өсөн нэмэгдэх нь илэрхий хэмээн тооцоологдож буй эдийн засгийн өсөлт, тэрхүү тэлэлтийг хангахад шаардагдах нөөц эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ байна. Монгол улсын газар зүйн байршил түгжигдмэл, сул тал гэж тооцогддог байсан бол одоо энэ нь харин ч аз завшаан, бурхны ивээл болон хувирлаа. Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Ганьсу муж зэрэг олон тооны Монголоос импортлогч худалдан авагчид /ган төмөрлөгийн үйлдвэрүүд гэх мэт/   байрладаг бүс нутгууд нь Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийн дүнд жинтэй хувь нэмэр оруулж байна. Эцэст нь дэлхийн зах зээл дээрх түүхий эд материалын үнэ ийнхүү өсөөгүй бол бид өнөөдрийн байр сууринд хүрэхгүй байсан бөгөөд цаашид ч үнэ буурах төлөвгүй байгаа.

Мөн нийтэд дэлгэгдээд буй “Нүүрсний түүх” байна. Нүүрсний импортынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсын хувьд нүүрсээр галладаг цахилгаан станцууд болон ган төмөрлөгийн үйлдвэрүүдээ түлшээр хангахын тулд нүүрсний хэрэгцээ нь ихээхэн хэмжээгээр өснө. Дээр нь Хятадын Засгийн газраас баталгаагүй, аюултай нөхцөлд үйл ажиллагаа явуулсан нүүрсний уурхайнуудыг хаах бодлого баримталснаар Хятад улсын нүүрс импортлох эрэлт хэрэгцээ өсөх төлөвтэй байна. Эцэст нь далайгаар тээвэрлэх нүүрсний томоохон экспортлогч орон болох Австрали улсад тулгарсан байгалийн гамшиг, тэр чиглэлийн боомтууд болон төмөр замууд дээр хэт их ачаалал бөөгнөрөл үүссэн зэрэг бэрхшээл нь салхины чиглэлийг Монгол руу эргүүлж байна.

Бизнесийн салбарыг бүхэлд нь дэмждэг гэдгээ хэдэн жил үргэлжилсэн зөвшилцөл хэлэлцээрийг эцэслэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж баталсан үйл явдлаар харуулсан Монгол улсын Засгийн газар нь дээрх гадаад хүчин зүйлсийг харгалзаж, дэмжин ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсыг эерэгээр хүлээн авч, анхаарлаа хандуулахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж буй Эвслийн Засгийн газар юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.