Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

“Төмөр замын тээврийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, бусад орны туршлага” сэдэвт судалгаа

Ахлах референт, доктор Г.Алтан-Оч
Референт шинжээч С.Дорждагва


УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны алба

1. Төмөр замын тээврийн хөгжлийн бодлогын зарим асуудал

Азийн хөгжлийн банк (АХБ) 1997 оноос хойш Хятадын маш хүчтэй дэмжлэгтэйгээр CAREC (Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа) хөтөлбөрийн хүрээнд Төв Азийг дайран гарах тээврийн коридорыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Евразийн газар нутгийн ихэнхийг эзлэх Европын холбоо (ЕХ), Орос, Хятад, Энэтхэг гэсэн дөрвөн том эдийн засгийн хүчний дунд Төв Ази оршдогоороо геополитикийн чухал ач холбогдолтой юм. Эдгээр улс  ч ихээхэн анхаарч сонирхож байна. Тэдгээрийн эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр өөр хоорондын ложистик, тээврийн асуудлыг зүй зохистойгоор шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн Зүүн хойд Азиас Ойрхи Дорнод хүртэлх зам ч энэ бүс нутгийг дайран өнгөрдөг. CAREC-н зургаан коридорыг /Зураг ¹ 1/ үзүүлэв.

Одоогийн байдлаар ЕХ болон Ази Номхон далайн хоорондын тээвэр бүгд (99%) далайгаар хийгдэж байна. 2007 онд 17.7 сая (20 тоннын) чингэлэг тээвэрлэж байсан бол 2015 онд 26.1 сая болж нэмэгдэх төлөвтэй. Гэвч Суэцийн сувгийн нэвтрүүлэх хүчин чадал тун удахгүй дээд цэгтээ хүрэх тул газрын тээвэр нэмэгдэх хандлагатай. Хятадаас гарсан контейнер Казахстан руу Достык-Алашанкоу боомтоор нэвтэрдэг бөгөөд 2007 онд 109.7 мянган чингэлэг тээвэрлэсэн бол 2015 онд 730 мянга болж өсөх төлөвтэй байна. Достык боомтын хүчин чадал нь жилд 306 мянган контейнер юм. /1/

Нэг тонн карго ачаа Германаас Энэтхэг хүртэл Суэцийн сувгаар 40 хоног тээвэрлэхэд $3.500 өртөгтэй бол төмөр замын контейнерийн тээврээр 15-20 хоног зарцуулж, $2.500 зардал гаргана. /1/

CAREC-н хүрээнд 2008 онд $6.7 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр зарласан бол Баруун Хятад-Баруун Европ гэсэн коридорын зангилаа болох Казахстаны авто болон төмөр замд Дэлхийн банк (ДБ) түүхэн дэх хамгийн их зээл буюу $2 тэрбумын дэмжлэг үзүүлсэн. /1/

Орос Транс-Сибирийн төмөр замд 2015 он хүртэл 50 тэрбум рублийн ($1.5 тэрбум) хөрөнгө оруулалт хийж, контейнерийн тээврийг сайжруулах зорилт тавьсан байна. /1/

“Евразийн хуурай замын хоёр дахь гүүр” болох Хойд транс- Азийн төмөр  замын коридор нь Хятадын Лианюнгангаас төв болон баруун хойд Хятад, Казахстан, Оросыг дайран Баруун Европт хүрдэг.Энэ коридорыг хөгжүүлэх шатанд яваа. Эдийн засгийн хувьд энэ коридор нь уламжлалт Транс-Сибирийн төмөр замаас илүү үр ашигтай. Учир нь энэ зам 2.500 км-ээр богино. 1992 оноос хойш Хятадын төмөр замын хэсэгт (4.150 км) зарим сайжруулалт хийгдсэн. Өнөөдрийн байдлаар, нийт уртын 89 хувь нь  хос замтай, 29 хувь нь цахилгаанжсан. Хятадын баруун бүсийн аж үйлдвэрийн хөгжилтэй уялдуулан бүрэн хос замтай болгох, цахилгаанжуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. /1/

Хойд  Транс-Азийн төмөр замын коридор нь Казахстанаар дайрах бөгөөд манай орны Говь-Алтай аймагтай хамгийн ойрхон зайнд өнгөрдөг. Евразийн төмөр замын үндсэн коридорыг зурагт  үзүүлэв. /1/

Казахстаны хувьд, Достык хилийн боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 25 сая тн ачаа нэвтрүүлэх боломжтой болгохоос гадна Хятадтай төмөр замын хоёр дахь боомтыг (Хоргос) ашиглалтад оруулах боломжтой. /2/

Атомын цахилгаан станц олноор барих болсноор Энэтхэг, Хятад улсууд ураны зах зээлийг тэргүүлж эхэллээ. /9/ Ирээдүйд Монгол Улс уран олборлож эхэлснээр хамгийн томоохон хэрэглэгч зах зээл нь Энэтхэг, Хятад улсууд байх болно гэдгийг бодлогын хувьд авч үзэх нь зөв байх.


2. Монгол Улсын төмөр замын тээврийн
салбарт төрөөс баримталж буй бодлогын баримт бичиг, эрх зүйн зохицуулалт


Монгол Улсын Төмөр замын салбарын гол эрх зүйн баримт бичиг нь Төмөр замын тээврийн тухай хууль1 юм. Уг хуулиар төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбогдсон харилцааг зохицуулж байна. Тус хуулийн 15 дугаар зүйлд Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм хэмээх нэр бүхий 16 журам заасан байна. Эдгээр журмаас одоогоор 6-7  нь батлагдаад  байна. Энэ 16 журмаар Төмөр замын тээврийн салбарын бүхий л харилцааг зохицуулахаар төлөвлөжээ.

Төмөр замын салбарыг түүхийн үүднээс авч үзвэл, манай улсын төмөр замын салбарт баримталдаг үндсэн баримт бичиг нь 1949 оны Монгол-Оросын гэрээ байсан. Энэ баримт бичгээр үйл ажиллагаагаа зохицуулж, 2004 оныг хүртэл явж ирсэн ба энэ үеэс Монгол Улс өөрийн Төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллага байгуулсан. Сүүлийн жилүүдэд хоёр талаас энэ гэрээг шинэчлэхээр тохиролцож тус тусын ажлын хэсэг байгуулсан ч өнөөг хүртэл 2 жил орчмын хугацаанд ганцхан удаагийн хуралдаан хийсэн ба шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа манай талын ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн байгуулагдаж Оросын талд энэ тухайгаа мэдэгдсэн албан бичиг явуулан дараагийн уулзалтаа хийж, ажлаа эрчимжүүлэх санал тавьсан байна. Гэсэн хэдий ч ОХУ-ын талаас одоогоор тодорхой хариу өгөөгүйгээс гэрээг шинэчлэх ажил зогсонги байдалд ороод байна.


Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.

  • Зочин (112.72.13.233)
    haanaas awch boloh uu
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.233)
    Ene dugaari bgaa bolwuu
    2014 оны 05 сарын 15 | Хариулах