Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр


1 дүгээр зүйл

1.Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хоорондын тогтмол болон тогтмол бус хугацаанд хийх зорчигч (жуулчид хамрагдана) тээвэр, байнгын болон түр хугацаанд хийх ачаа тээврийг харилцан тохиролцсон хилийн боомтоор нэвтэрч, тогтоосон маршрутын дагуух автозамаар Монгол Улс эсхүл БНХАУ-д бүртгэлтэй тээвэрлэгч, түүнд харьяалагдах автомашинаар гүйцэтгэнэ.

2.Энэхүү хэлэлцээрт хэрэглэсэн дараах  нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1. “Автотээврийн маршрут” гэж хоёр улсын худалдаа, эдийн засгийн хөгжил, хүмүүсийн харилцан зорчих шаардлагаар Хэлэлцэн тохирогч хоёр талын эрх бүхий байгууллагууд хэлэлцэн тогтоосон автомашин зорчих замыг хэлнэ. Маршрут нь эхлэх цэг, нэвтрэх боомт, дамжин өнгөрөх газар, дундын зогсоол, хүрэх цэгтэй байна.

2. “Зорчигчдын тогтмол тээвэр” гэж Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон эхлэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол, хүрэх цэг бүхий автотээврийн маршрут, эргэлтийн тоо, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж буй тээвэрлэлтийг,

3.“Зорчигчдын тогтмол бус тээвэр” гэж Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон эхлэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол, хүрэх цэг бүхий автотээврийн маршрутын дагуу гүйцэтгэж буй тээвэрлэлтийг,

4.“Байнгын ачаа тээвэр” гэж Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон хугацаа, эхлэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол, хүрэх цэг бүхий автотээврийн маршрутын дагуу гүйцэтгэж буй тээвэрлэлтийг,

5. “Түр хугацааны ачаа тээвэр” гэж Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон эхлэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол, хүрэх цэг бүхий автотээврийн маршрутын дагуу гүйцэтгэж буй тээвэрлэлтийг,

6. “Улс хоорондын тээвэр хийх автомашины зорчих зөвшөөрөл” (цаашид зорчих зөвшөөрөл гэх) гэж энэхүү хэлэлцээрийн дагуу Хэлэлцэн тохирогч нэг тал нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын автомашиныг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлж тээвэрлэлт гүйцэтгэхийг зөвшөөрсөн эрхийн бичгийг,

7.“Улс хоорондын тээвэр хийх автомашины онцгой зөвшөөрөл” гэж (цаашид онцгой зөвшөөрөл гэх) энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэх эрхийн бичгийг,

8.“Эрх бүхий байгууллага” гэж Хэлэлцэн тохирогч талуудын улс хоорондын автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүнээс эрх олгогдсон байгууллагыг,

9.“Аюултай ачаа” гэж Хэлэлцэн тохирогч талуудын нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, конвенци болон тээвэрлэлт гүйцэтгэгдэж буй улсын дотоодын хууль тогтоомж, стандартаар аюултайд тооцсон ачааг,

10.“Автомашин” гэж ачаа тээвэрлэх зориулалтын автомашин, зүтгүүр (чиргүүл орно) болон зорчигч тээвэрлэх зориулалтын 8-аас доошгүй хүний суудалтай (жолооч орохгүй) автобусыг.

2 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд дараах зүйлүүдийг хэлэлцэн тохиролцоно:

1.энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх протокол,
2.улс хоорондын тогтмол болон тогтмол бус хугацааны зорчигч тээвэрлэлт, байнгын болон түр хугацааны ачаа тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн маршрут зэрэг холбогдох бусад асуудлууд
3.зорчигчийн зорчих тасалбарын  загвар, зорчигч болон ачааны дагалдах хуудасны загвар, агуулга, ашиглалт.

3 дугаар зүйл

1.Энэхүү хэлэлцээрийн 4 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд Хэлэлцэн тохирогч нэг талын автомашин Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэхдээ Хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас олгох автомашины зорчих зөвшөөрөл эсхүл онцгой зөвшөөрөл авна.

2.Автомашины зорчих зөвшөөрлийн болон онцгой зөвшөөрлийн бичгийн төрөл, агуулга,  загвар, ашиглалт болон харилцан солилцох зэрэг асуудлыг энэхүү хэлэлцээрийн 2 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан протоколд тусгана.

3.Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд зорчигч болон ачаа тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн маршрут, автомашины зорчих зөвшөөрлийн тоог харилцан тохиролцож, тэнцүү тоогоор солилцоно.

4.Жолооч нь зөвхөн автомашины зорчих зөвшөөрлийн болон онцгой зөвшөөрлийн бичигт заасан автотээврийн маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэнэ.

4 дүгээр зүйл

Дор дурдсан ачааг тээвэрлэж буй автомашинд энэхүү хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автомашины зорчих зөвшөөрлийн бичгийг олгохгүй.

1.үзэсгэлэн, яармаг зохион байгуулахад хэрэглэх үзмэр, тоног төхөөрөмж, материал,
2.биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах тээврийн хэрэгсэл, амьтан болон бусад төрөл бүрийн багаж хэрэгсэл, эд юмс
3.тайзны засал чимэглэл болон тайзны хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, кино зураг авах, радио телевизийн нэвтрүүлэг бэлтгэхэд шаардагдах хэрэглэлүүд,
4.нас барагчийн шарил, чандар
5.шуудан
6.    нүүж байгаа айлын эд  хогшил
7.    давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед хэрэглэх хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж, авран хамгаалах ажилд шаардагдах эд зүйлс
8.хүмүүнлэгийн болон эмнэлгийн түргэн тусламжид ашиглах эсхүл эвдэрч саатсан зорчигч тээврийн, ачаа тээврийн автомашиныг солих зориулалтын автомашин
9.энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлд заасан онцгой зөвшөөрөлтэй автомашин болон түүгээр тээвэрлэж буй ачаа.

5 дугаар зүйл

1.Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгч нь дараах тохиолдолд Хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас урьдчилан авсан онцгой зөвшөөрөлтэй автомашинаар тээвэрлэлт гүйцэтгэнэ:

1.автомашины оврын хэмжээ, бүх жин болон нэг тэнхлэг дээрх ачаалал нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын дотоодын хууль тогтоомж, техникийн стандартад заасан хэмжээнээс хэтрэх үед,
2.Хэлэлцэн тохирогч нөгөө талын ачаа тээвэрлэлтийн стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн, задалж болдоггүй ачаа, барааг тээвэрлэх үед,
3.аюултай ачаа тээвэрлэх үед

2.Автомашины онцгой зөвшөөрлийг олгох, ашиглах, хяналт тавих зэрэг асуудлыг энэхүү  хэлэлцээрийн  
2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан протоколд тодорхой тусгана.

6 дугаар зүйл

Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 10-т зааснаас бусад тээврийн хэрэгслээр харилцан зорчих асуудлыг Хэлэлцэн тохирогч талуудын холбогдох байгууллагууд хэлэлцэн шийдвэрлэнэ.

7 дугаар зүйл

1.Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгч болон түүний автомашин нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт эхэлж, төгсөх маршруттай тээвэрлэлт гүйцэтгэхгүй.
2.Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрээр дамжин 3 дахь оронд очих, буцах автозамын тээвэрлэлтийг Хэлэлцэн тохирогч талуудын нэгдэн орсон олон талт болон хоёр талын холбогдох  хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.

8 дугаар зүйл

1.Энэхүү хэлэлцээрт заасан тээвэрлэлтийг зөвхөн Хэлэлцэн тохирогч хоёр талын өөр, өөрийн улсын дотоодын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн, улс хоорондын тээвэр хийх эрх бүхий тээвэрлэгч гүйцэтгэнэ.

2.Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх автомашин нь өөрийн улсын дугаар, ялгах тэмдэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн аюулгүй байдлын хяналтын гэрчилгээтэй байна.

9 дүгээр зүйл

1.Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нь тухайн автомашиныг жолоодох эрх бүхий хүчинтэй өөрийн улсын үнэмлэх болон холбогдох байгууллага шалгаж нотолсон англи хэл дээрх орчуулгын хувьтай байна.
2. Жолооч нь энэхүү хэлэлцээрт заасан автомашины зорчих зөвшөөрлийн бичиг эсхүл онцгой зөвшөөрлийн бичиг болон бусад бичиг баримтыг автомашиндаа авч явах бөгөөд Хэлэлцэн тохирогч талуудын зам,тээврийн асуудал эрхэлсэн болон хяналт, шалгалтын бусад байгууллагад шалгуулна.

10 дугаар зүйл

1.Улс хоорондын тогтмол хугацааны зорчигч тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон эхлэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол, хүрэх цэг бүхий автотээврийн маршрут, эргэлтийн тоо, цагийн хуваарийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
2.Улс хоорондын тогтмол бус хугацааны зорчигч тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон эхлэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол, хүрэх цэг бүхий автотээврийн маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

11 дүгээр зүйл

1.Улс хоорондын ачаа тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон эхлэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол, хүрэх цэг бүхий автотээврийн маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

2.Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг байнгын ачаа тээвэрлэлт болон түр хугацааны ачаа тээвэрлэлт гэж ангилна. Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгуулагууд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ.

12 дугаар зүйл

1.Энэхүү  хэлэлцээрийн дагуу улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэж буй Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгчийг Хэлэлцэн тохирогч нөгөө тал тээвэрлэлтийн орлого болон ашгийн татвараас чөлөөлнө.
2.Энэхүү хэлэлцээрт заасан улс хоорондын тээвэрлэлтийг гүйцэтгэх үед Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгч Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа тухайн улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу холбогдох төлбөр, хураамжийг төлнө.

13 дугаар зүйл

1.Энэхүү хэлэлцээрийн дагуу гүйцэтгэж буй улс хоорондын тээвэрлэлтийн явцад Хэлэлцэн тохирогч талууд дор дурдсан барааг харилцан гаалийн татвараас чөлөөлнө:

1/ Автомашины хөдөлгүүр болон бусад тоног төхөөрөмжийг ажиллуулахад тохирох, түлшний савны багтаамжийн хэмжээгээр авч яваа шатахуун,

2/ тээвэрлэлтийн явцад зайлшгүй шаардагдах хэмжээний тосолгооны материал,
3/ автомашины засвар үйлчилгээнд зайлшгүй шаардагдах сэлбэг ба багаж хэрэгсэл.

2.Хэрэглээгүй сэлбэгийг өөрийн улс руу буцаан тээвэрлэх бөгөөд сольж тавьсан сэлбэгийг буцаан тээвэрлэх эсвэл Хэлэлцэн тохирогч нөгөө талын холбогдох  дүрэм, журмын дагуу устгах буюу шилжүүлэн өгч болно.

14 дүгээр зүйл

Тээвэрлэгч нь энэхүү хэлэлцээрт заасан улс хоорондын тээвэрлэлтийг хийхдээ тээвэр хийгдэж буй улсын дотоодын холбогдох хууль тогтоомжид заасан заавал даатгуулах даатгалд хамрагдсан байна.

Даатгалын асуудлыг Хэлэлцэн тохирогч талуудын даатгалын байгууллага хэлэлцэн тогтооно.

15 дугаар зүйл

1.Хилийн шалган нэвтрүүлэх, гааль, хорио цээр зэрэг хилийн хяналт, шалгалтын болон зам тээврийн байгууллагууд тээвэрлэлт гүйцэтгэж буй автомашинд болон түүгээр тээвэрлэж буй зорчигч, ачаанд Хэлэлцэн тохирогч талуудын нэгдэн орсон олон талт болон хоёр талын хэлэлцээрийн дагуу үзлэг шалгалт явуулна. Олон талт болон хоёр талын хэлэлцээр байхгүй бол Хэлэлцэн тохирогч талууд өөр, өөрийн улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

2.Хилийн шалган нэвтрүүлэх, гааль, хорио цээр зэрэг хилийн хяналт, шалгалтын болон зам тээврийн байгууллагууд тогтмол хугацанд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй автомашин, хүнд өвчтөн болон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түргэн муудах, амархан гэмтэх бүтээгдэхүүн, аюултай ачаа тээвэрлэж буй автомашинд хийх үзлэг шалгалтыг эхний ээлжинд хийнэ.

16 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа Хэлэлцэн тохирогч нөгөө талын дотоодын хууль тогтоомж, түүний дотор байгаль орчин, автозамын хөдөлгөөний аюулгүй байдал, зан заншлыг хүндэтгэхтэй холбогдсон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх бөгөөд автомашин, тээвэрлэж буй бүх төрлийн ачаа, бараа нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын дотоодын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн байна.

17 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд жил бүр тодорхой хугацаанд болон шаардлагатай үед улс хоорондын зам тээвэртэй холбогдох асуудлаар уулзалт, хэлэлцээ хийнэ. Энэхүү уулзалтыг Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллагууд ээлжлэн удирдана.

Түүнчлэн дор дурдсан асуудлаар мэдээлэл солилцоно:

1/ энэхүү хэлэлцээр, протокол болон хоёр талын эрх бүхий байгууллагуудын уулзалтын тэмдэглэлийн хэрэгжилтийн байдал,

2/ автомашины зорчих болон онцгой зөвшөөрөл түүний ашиглалт, хяналт шалгалтын байдал,

3/ хилээр нэвтэрч буй зорчигч болон ачаа тээвэрлэлтийн тоо, хэмжээний үзүүлэлт,

4/ улс хоорондын тээвэрлэлтийн явцад үүсэн гарч буй холбогдох асуудлууд.

18 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч нөгөө талын зорчигч, ачаа, автомашинтай холбогдсон зам тээврийн осол гарах, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан тээвэрлэлт зогсох тохиолдолд тухайн талын эрх бүхий байгууллага бололцоотой бүх тусламж үзүүлж, нөгөө талын эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Дээрх нөхцөл байдал үүссэн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

19 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч нэг тал нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газрыг өөрийн улсад байгуулахыг харилцан зөвшөөрнө. Төлөөлөгчийн газар нь зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхгүй.

Төлөөлөгчийн газар байгуулахдаа Хэлэлцэн тохирогч нөгөө талын дотоодын хууль тогтоомжийг баримтална.

20 дугаар зүйл

Энэхүү хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч талуудаас бусад улстай байгуулсан гэрээ,хэлэлцээрт заасан эрх, үүргийг үл хөндөнө.

21 дүгээр зүйл

Хэрэв энэхүү хэлэлцээрийг тайлбарлах болон хэрэгжүүлэх явцад маргаан гарвал Хэлэлцэн тохирогч талууд хэлэлцэн зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.

22 дугаар зүйл

Энэхүү хэлэлцээрт Хэлэлцэн тохирогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

23 дугаар зүйл

1.    Хэлэлцэн тохирогч талууд энэхүү хэлэлцээрийг хүчинтэй болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухайгаа ноот бичгээр харилцан мэдэгдэх бөгөөд сүүлчийн ноот бичгийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

2.    Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1991 оны зургадугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо байгуулсан “БНМАУ-ын Засгийн газар,  БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээр” хүчингүй болно.

3.    Энэхүү хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 5 жил байна. Хэрэв хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 6 сарын өмнө Хэлэлцэн тохирогч аль нэг тал нь Хэлэлцэн тохирогч нөгөө талдаа хүчингүй болгох саналаа бичгээр мэдэгдээгүй бол энэхүү хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа 5, 5 жилээр аяндаа сунгагдана.

Энэхүү хэлэлцээрийг 200.. оны .. дугаар сарын ..-ний өдөр.. хотноо монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй байна.


Монгол Улсын Засгийн газрын өмнөөс
БНХАУ-ын Засгийн газрын өмнөөс