Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Зэс, төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн өсөв

Зэс болон төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар дахин өсөлттэй гарсан байна. Зэсийн хувьд өнгөрсөн баасан гаригт оны дээд хэмжээнд хүрч өсөөд байсан бөгөөд энэ долоо хоногт үргэлжлэн өссөөр өчигдөр Лондоны металын бирж дээр (3 сарын гэрээт) 6404 ам.доллар/тоннд хүрчээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зэсийн үнэ тонн тутамдаа 5369 ам.долларт хүрч байсантай харьцуулахад одоогийн үнэ нь 20%-ийн өсөлт юм.

Ийнхүү үнэ ханш өссөн шалтгаан нь хүрэн металын дэлхийн зах зээл дэх нийт нийлүүлэлтийн 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг Хятадын эрэлт нэмэгдэх таамаг болон зэсийн томоохон үйлдвэрлэгчид болох “Glencore, BHP Billiton зэсийн үйлдвэрлэлээ бууруулах мэдээллээс эхтэй ажээ. Хөрөнгө оруулагчдын дунд Хятадын Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх арга хэмжээ авна гэсэн итгэл, таамаглал  байгаа юм. Оны эхний сард зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 59 мянган тонноор илүү байсныг Олон улсын зэсийн судалгааны групп мэдээлжээ. Энэ нь өмнөх 12 дугаар сард уг үзүүлэлт 138 мянган тонн байсантай харьцуулахад хавьгүй доошилсон байгаа юм.

Харин төмрийн хүдрийн хувьд өчигдрийн байдлаар дэлхийн төмрийн хүдрийн зах зээл дэх нийлүүлэлтийн 70 гаруй хувийг ганцаар “залгидаг” Хятадын Тяньжины боомт дээр 60.1 ам.долларт хүрч, сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаагаа ийм хэмжээнд хүрч өслөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд төмрийн хүдрийн үнэ тус боомт дээр 46.7 ам.долларт хүрсэн нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доогуур үнэ болоод байсан билээ. Хятадын гангийн үйлдвэрүүд нөөц татан авалтаа хийж буй нь үнэ өсөхөд нөлөөлж буй бөгөөд энэхүү үнийн өсөлт нь төдийлөн урт хугацаанд үргэлжлэхгүй байж мэдэхээр байна.

Нөгөөтэйгүүр, одоогийн энэ үнэ төмрийн салбарынхны хувьд, ялангуяа жижиг дунд компаниудад зөвхөн “амьсгаа авах” хэмжээний л үнэ ханш болохыг шинжээчид хэлж байгаа юм. Зах зээл дэх үнэ буурахын хажуугаар “Рио Тинто”, “Вале”, BHP, Fortescue Metals зэрэг салбарын магнатууд улам бүр нийлүүлэлтээ өсгөнө гэж “гөжих” хандлага амь бөхтэй байсан бол өнгөрсөн сард BHP нийлүүлэлтийн өсөлтөө хазаарлах бодлого барихаа зарласан. Түүнчлэн “Вале” ч зах зээл доройтож буй нөхцөлд нийлүүлэлтээ 30 сая тонноор танах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан нь үнийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүллээ гэж тайлбарлаж болохоор байна. Одоо “Рио Тинто”-г мөн адил бодлого хэрэгжүүлнэ гэсэн таамгийг зарим хэвлэлд өгүүлжээ. 


Б.Төгс