Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Нүүрсний экспорт тавдугаар сард 1.93 сая тонн болж огцом өсөв

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний таван сарын байдлаар 7.22 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.9%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 4.08 тэрбум ам.доллар, импорт 3.14 тэрбум ам.долларыг эзэлжээ. Өөрөөр хэлбэл экспорт 22.9%, импорт 20.6%-иар тус тус өссөн байна.

Улсын нийт экспортын 85 орчим хувийг нүүрс, зэсийн баяжмал, алтны экспорт бүрдүүлсэн байна.

Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлсэн байна. Оны эхний таван сарын байдлаар манай улс нийт 5.72 сая тонн нүүрсийг 1.7 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 33.7%-иар буурсан бол орлогын дүнгээр 82.7%-иар өсчээ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.93 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сарынхаасаа 52.4%, өмнөх оны мөн үеийнхээс 46.2%-иар тус тус нэмэгджээ. Тавдугаар сард нүүрсний экспорт огцом өссөнөөр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Экспортын орлогын орлогоор нүүрсний ард зэсийн баяжмал бичигдэж байна. Тодруулбал оны эхний таван сарын байдлаар манай улс нийт 611 мянган тонн баяжмал гадагш нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.5%-иар нэмэгджээ. Зэсийн баяжмалын экспорт 1.32 тэрбум ам.доллартай тэнцсэн нь орлого 32.1%-иар дээшилснийг илтгэнэ. Гэвч мөн хугацаанд тунгаасан зэсийн экспортын жин 2.7 мянган тонн (орлого 26.6 сая ам.доллар) болсон нь ихээхэн бууралттай байна.

Алтны экспорт оны эхний таван сарын байдлаар 7.33 тонн буюу 440 сая ам.доллараар илэрхийлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 170%-иар өссөн үзүүлэлт боллоо. Харин оны эхний таван сарын байдлаар төв банк нийт 6 тонн үнэт метал худалдан аваад буй нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14%-иар буурсан үзүүлэлт болсон байна.

Төмрийн хүдрийн тухайд эхний таван сард нийт 1.4 сая тонныг экспортолж 142 сая ам.долларын орлого олсон нь 60-70%-иар буурсан дүнтэй гарлаа.

Бусад эрдсийн тухайд цайрын баяжмал, молибденийн баяжмалын экспортын жин буурсан ч орлого нь өсөлттэй гарсан бол жонш, хар тугалгын баяжмалынх буурчээ. Газрын тосны тухайд экспорт хийгдээгүй хэвээр байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Б. Төгс