Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

Говийн бүсийн чуулганыг Даланзадгадад зохион байгуулна

Монголын ОҮИТБС-ын уламжлал болсон говийн бүсийн ил тод байдлын чуулган "Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт" нэртэйгээр энэ сарын 23-24-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад зохион байгуулагдах гэж байна.

Нэгдсэн чуулганы гол зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн ЗДТГ ажиллаж буй бөгөөд тус аймгийн бүх сумын удирдлага, ЗДТГ-ын харъяа байгууллагууд болон говийн бүсэд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниудын оролцоо өндөр байх аж. Мөн УУХҮЯ, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, АМГТГ, АТГ болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын захиргаа, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн, уул уурхай бүхий сумдын төлөөллүүд  оролцох юм. 

Тус чуулга уулзалтын зорилго нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцоход чиглэж байна. Мөн  ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх, чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм байна.  Чуулганы үеэр Өмнөговь болон говийн бусад аймгийн уул уурхайн компаниуд, тэдгээрийн ханган нийлүүлэгчдийн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой нээлттэй өдөрлөгийг Даланзадгад сумын Спорт цогцолборт зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн иргэд ажлын байранд анкет бөглөх, ярилцлаганд орохоос гадна уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллаж ханган нийлүүлэлт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

 

Г.Идэр