Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Оюутолгойн далд уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг хийв

"Оюутолгой"-н хяналтын багцыг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани Хойд Хюго далд уурхайн эхний хүдэр буулгуурын тэсэлгээг (the first drawbell) энэ сарын 17-нд хийхээр болсныг өмнө нь мэдээлсэн. Энэ дагуу тэсэлгээг өнөөдөр амжилттай хийсэн байна. Хүдэр буулгуурын тэсэлгээг урьд нь энэ оны гуравдугаар улиралд хийхээр тооцоолж байсан нь ийнхүү хугацаанаасаа өмнө биелж байна.

Энэ нь Хойд Хюго далд уурхайн Панел 0 хэсгийн тогтвортой олборлолт эхлэх хугацааны товыг урагшлуулахад ямар эерэг нөлөө үзүүлэх эсэх тухайд "Туркойз Хилл Ресурс" тооцоолол хийж буй бөгөөд цаг тухайд нь мэдээлэх юм байна. Одоогийн тооцооллоор бол далд уурхайн олборлолтыг тогтвортой, жигд горимд шилжих хугацааг ирэх оны эхний хагаст байхаар товлоод байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой”-н мэдээлснээр тогтвортой олборлолт ирэх оны нэгдүгээр сард байх төлөвтэй байна.

"Scotiabank"-ны хувьд Туркойз Хилл-ийн хувьцааны үнэлгээ Торонтогийн хөрөнгийн бирж дээр 44 канад долларт хүрнэ гэж тооцоолж буй бөгөөд одоогийн байдлаар тус бирж дээр компанийн нэгж хувьцаа дунджаар 35-37 канад доллараар арилжаалагдаж байна.

Энэхүү тэмдэглэлт үйл явдалд “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Элчин сайд Г.Батсүх, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд уурхайн цогцолборт зочилж, Гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээний хонхыг амжилттай дуугаргав.

 

Б. Төгс