Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг уул уурхайн компаниуд өнгөлж байна

ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.

ТОП-100 ААН-ийг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулдаг юм.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТОП-100 ААН-ийн өргөмжлөл гардуулах ёслолын үеэр “Бид цар тахлын бас дайны үед ажиллаж амьдарч байна. Эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эргэлт 10 дахин удааширч, инфляци 15 хувьд хүрсэн нэн амаргүй түүхэн сорилтыг хамтын хүчээр даван туулж байна. Энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог. Хүнд сорилт бас ухаарал, эв нэгдлийг өгч, суурь том реформын нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлдэг.

Монгол Улс Ардын хувьсгалын 100-аас 101 дэх жилд шилжиж хугацаанд, Ардчилсан хувьсгал ялж шинэ Үндсэн хууль батлагдсан 30 жилээс 31 дэх жилд шилжиж буй цагт цар тахал, дэлхийн геополитикийн томоохон өөрчлөлт давхцаж байгаа нь Та биднээс томоохон реформыг шаардаж байна гэсэн үг.

Тиймээс хамтдаа өөдрөг байж шинэ зуун, шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлье.” гэлээ.

2021 онд ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан ч ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрчээ.