Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Газрын тосны ханш өсч эхэллээ

ОПЕК болон түнш орнуудын ээлжит уулзалтаар (2022.05.05) газрын тос экспортлогч улс орнууд гарцаа урьдны төлөвлөсөн хэмжээнд нэмэгдүүлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл ирэх зургадугаар сард тус холбоо болон түнш орнууд газрын тосны олборлолтоо 432 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлнэ гэсэн үг. Барууны орнууд уг хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж буй боловч геополитикоос үүдэлтэй асуудалд бус зөвхөн зах зээлийн шинж чанартай хүчин зүйлд үндэслэж олборлолтыг өөрчилж болохыг тайлбарлаж буй юм. Нөгөө талд Хятадын цар тахлын эсрэг хөл хорио нь газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй байна. ОПЕК энэ онд дэлхийн газрын тосны эрэлт 3.67 сая баррель/өдөр-өөр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа ч энэ нь өмнөх тооцооллоос нь 480 мянган баррель/өдөр-өөр буурсан дүн ажээ. Ийнхүү эрэлтийн тооцооллыг бууруулсан нь Хятадын хөл хориотой холбоотой юм байна.

Үүний зэрэгцээ Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нь (2022.05.04) Европын холбооноос ОХУ-ын эсрэг тавьж буй зургаа дахь шатны эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд тус улсаас нефть импортлохоо энэ ондоо багтаан бүрэн зогсоох саналыг дэвшүүллээ. Түүнчлэн Европын тээвэр, даатгалын компаниудыг ОХУ-ын газрын тосны салбарт үйлчилгээ үзүүлэхийг хориглох тухай мэдэгдсэн байна. Харин ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо ОХУ-ын газрын тосны импортыг хориглосон тохиолдолд өөр улс орноос орлуулах боломжгүйг тайлбарлажээ.  

Эдгээр хүчин зүйлээс үүдэн дөрөвдүгээр сарын сүүлийн арав хоногт буурах шинжтэй байсан Брэнт газрын тосны ханш тавдугаар сарын 4-нөөс өсч эхэллээ. Одоогийн байдлаар Брэнт тос баррель тутамдаа 111 ам.долларт хүрч өсөөд байна.

 

Б. Төгс