Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Монголын геологи, хайгуул 2022”: Энэ сараас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг зарлах төлөвтэй

“Монголын геологи, хайгуул 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн эхэллээ. Уул уурхайн салбарын үндэс суурь болсон геологи, хайгуулын асуудалд төвлөрдөг тус хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа энэ оны тавдугаар сарын 4-5-нд 12 дахь удаагаа болж байна.

Хурал зохион байгуулах зөвлөлийн дарга М.Очирбат нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр цаашид хээрийн ажлын чанарыг сайжруулж, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байгаа талаар дурдлаа.  Энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн уулзалт, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг тус тус хийж талуудын ойлголцлыг ойртуулахаар төлөвлөсөн тухай тэрбээр онцоллоо.

Дараа нь салбарын сайд Г.Ёндон мэндчилгээ дэвшүүллээ. Сайд геологийн салбар энэ онд 83 нас хүрч байгааг тэмдэглээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, цахим платформ байгуулж ажиллаж байгааг онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын ахлах шинжээч Х.Санчигдорж "Геологийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавилаа. Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хоёр ажлыг голлон хийхээр тусгасан. Үүнд тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулах, тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлэх, мөн улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий газарт улсын төсвөөр гүйцэтгэх геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэхээр тодорхойлсныг шинжээч Х.Санчигдорж тэмдэглэлээ.

Засгийн газрын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт геологийн салбарт багагүй ажил хийхээр төлөвлөсөн байдаг. Тухайлбал,

-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх,

-Геологийн судалгааны ажлын үр дүнд хуримтлагдсан анхдагч материал, үр дүнгийн тайлангууд цаасан хэлбэрт байгааг цахимжуулах, чулуун дээж сорьцыг мэдээллийн нэгдсэн системд оруулах

-Ашигт малтмалын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх буюу хайгуулын үйл ажиллагааг өргөжүүлж нөөц нэмэгдүүлэх зэрэг болно.

2022 оны байдлаар геологийн салбарт баримталж буй гол хоёр журмыг шинэчлэн батлуулаад байгаа ажээ. Үүний нэг нь Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг шинэчлэн боловсруулсан байна. Үндэсний геологийн алба байгуулагдсанаар энэхүү журмыг шинэчлэх гол шалтгаан болжээ. Энэ онд манай улсын төсөвт нийт 27.7 тэрбум төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулахаар өнгөрсөн хоёрдугаар сарын төсвийн тодотголоор суулгаж өгсөн. Энэ санхүүжилтээр нийт 56 төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм байна. Үүний 12.1 тэрбум төгрөгөөр 1:50000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил болон бусад ажлууд, үлдсэн 15 тэрбум төгрөгийг геологийн сэдэвчилсэн судалгаа болон ашигт малтмалын эрэл үнэлгээ, хэтийн төлөвийн судалгаанд зарцуулах юм байна.

Энэ онд Үндэсний геологийн алба  1:50000-ны ГЗЕЭА-ын зургаан шинэ төсөл дээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажиллаж байгаа ажээ. Одоогийн байдлаар энэ чиглэлийн 33 төсөл хэрэгжиж байгаагийн дээр эдгээр төсөл нэмэгдэх юм. Салбарын яам нийт нутаг дэвсгэрийн зургаан бүсэд ашигт малтмалын төрлүүдэд нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд төрийн болон хувийн хэвшлийн геологи, хайгуулын ажлыг хандуулахаар бодлого боловсруулан ажиллаж байна. Нөгөөтэйгүүр 2024 он гэхэд 1:50000-ны зураглал нийт нутаг дэвсгэрийн 47%, геофизикийн судалгаа 70%, геохимийнх 100% хамарсан байхаар салбарын яам ажиллаж байгаа ажээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмыг шинэчлэн батлах ажил бараг дуусаад байгаа юм. Уг журмыг шинэчлэх болсон гол шалтгаан нь хуучин журмаар хөрөнгө оруулагчийн сонирхсон талбай хэдийд зарлагдах нь тодорхойгүй байсан. Мөн сонгон шалгаруулалтын гүйцэтгэлийн хувь багатай. Сонгон шалгаруулалтаар зөвхөн цаасан материал хүлээж авдаг байсан төдийгүй энэ явцад Үнэлгээний комиссын ачаалал өндөр байх төдийгүй тэдгээрийн үйл ажиллагаа нь ил тод бус байснаар хардлага дагуулах болсон. Шинэ журмыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэн боловсруулж батлуулжээ.  

Энэ онд манай улс нийт 400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа юм. Уг нь дөрөвдүгээр сард тусгай зөвшөөрөл олгож эхлэх байсан ч шинэчилсэн журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам дээр бүртгэх шатны ажил хүлээгдэж байна. Ингэснээр энэ сардаа багтаад тусгай зөвшөөрлийн талбайг зарлах хүлээлттэй байна.

Залгуулаад Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал "Ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлууд", Үндэсний геологийн албаны мэргэжилтэн Г.Гүнбилэг тус байгууллагын үйл ажиллагааны талаар, МХЕГ-ын Эрсдлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Д.Түмэндэмбэрэл "Хяналт, шалгалтын шинэчлэл бүтээмжийг нэмэгдүүлэх талаар", ТЕГ-ын ТТТГ-ын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга Н.Мөнхбилэг "Эрдэс баялгийн салбарын татварын өгөөж", Цөмийн Энергийн Комиссын Тамгын газрын дарга Б. Баатарцогт "Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ",  МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Эрдэс баялгийн салбарын асуудлууд" зэрэг сэдвээр илтгэл сонсгов.

Цаашид геологи, хайгуулын салбараа өөд нь татахгүй бол энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгааг хуралд оролцогчид “Эрдэс баялгийн тулгамдаж буй асуудлууд (ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, геологи-хайгуул-уурхай-орон нутаг)” хэлэлцүүлгийн үеэр санууллаа. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн "статус"-ыг илүү баталгаатай болгож өгөх саналыг хуралд оролцогчид хөндөн тавьж байна. Үгүй бол орон нутгийн захиргаа, иргэд төрөөс тухайн компанид нэгэнт олгосон тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж ямар ч үнэ цэнэгүй зүйл болгож, улмаар хайгуулын компаниуд ажлаа хийх боломжгүй нөхцөлд орох нь олонтаа ажээ. Уг хуралд 13 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд орон нутгийн удирдлагыг оролцуулсан хэлэлцүүлэг болно. Иймд энэ удаагийн хурлаар талууд харилцан ойлголцох талд илүү ойртох найдлага байна.

Хурлын эхний өдрийн дараагийн хэсэг Тавантолгойн ордын геологийн судалгаа, цаашдын хөгжлийн төлөвлөгөө, Газрын доорх усны тэжээгдлийг нэмэгдүүлэх болон Хайгуулын өрөмдлөгийн шинэ технологи болон бусад сонирхолтой сэдэвт сонсголоор үргэлжилнэ.

 

Б. Төгс