Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

"Оюутолгой" 72 сая долларын татварыг төсөвт төвлөрүүлэв

-Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав

-Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа

-72 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулав

-Дотоодод нийт 13.8 тэрбум ам.доллар зарцуулав

-Гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэв

-Эрчим хүч ханган нийлүүлэх гэрээг эцэслэв

“Оюутолгой” компани 2022 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.

2022 оны нэгдүгээр улиралд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн Газар, Туркойз Хилл Ресурс, Рио Тинто”-гийн хооронд явагдсан хэлэлцээний үр дүнд гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн мөчийг ажилчид, ханган нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, орон нутгийн иргэдтэй хамт тэмдэглэв. Энэ алхам нь уурхайн хамгийн үнэ цэнтэй хэсгийг нээж буй хэрэг бөгөөд анхны тогтвортой олборлолтод 2023 оны эхний хагаст хүрэхээр тооцож байна.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак Ван Тондер “Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэн нь төсөл амжилттай хэрэгжиж, Монголын ард иргэд үр шимийг нь олон арван жилийн турш хүртэх бидний хүсэл зоригийн нотолгоо юм. Оюутолгойтой ижил мега төслүүд нь эдийн засаг, техникийн шинж чанартай сорилтуудыг дагуулдаг. Төсөлд тууштай итгэж байсан хувь нийлүүлэгчдэдээ талархал илэрхийлье. Мөн Оюутолгойн гэр бүл болох Төлөөлөн Удирдах Зөвлөл, Удирдлагын баг, ажилчид, хамт олон, ханган нийлүүлэгчдэд гүн талархаж байна. Бидний шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэл, тууштай байдал нэгдүгээр сард тэмдэглэсэн нээлтийн үйл ажиллагааг бодит болгох хөрс суурь болсон. Бидний одоогийн нэн тэргүүний зорилт 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлээ хүрэх явдал юм” гэв.

Гуравдугаар сард “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өнгөрсөн таван жилийн хугацаанд компанийг удирдан ажилласан Армандо Торресын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан шинэ Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томиллоо. Тэрээр 2022 оны тавдугаар сарын 1-ээс үүрэгт ажилдаа орно.

Үйл ажиллагааны тайлан

-Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.09 байлаа.

-Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 85.59%-ийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлжээ.

-Нийт ажилтны 97 орчим хувь нь монголчууд байна.

-Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 72 сая ам.долларыг 2022 оны нэгдүгээр улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.65 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.

-Нэгдүгээр улирлын байдлаар 577 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 409 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

-Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн агууламж 33%-иар буурсан. Хоёрдугаар сард Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт бүрэн зогсолтыг осол аюулгүй, төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа хойшилсон нь Панел 0-ын тогтвортой үйлдвэрлэлд нөлөөлөхгүй

Техникийн үйл явц

-Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэх шийдвэрээр огтлох малталтыг нэгдүгээр сард эхлүүлсэн. Барилга угсралтын ажлын явцад цар тахлын нөхцөл байдал нөлөөлж, улмаар нэгдүгээр сард уурхайн талбар дахь цар тахлын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор уурхайн талбар дахь ажиллах хүчийг төлөвлөлтөөс 55% хүртэл бууруулсан. Ажиллах хүчний түвшин үүнээс хойш  төлөвлөлтийн 70-90%-д хүртэл нэмэгдсэн. Гуравдугаар сарын эцэс хүртэл цар тахалтай холбоотой нэмэлт хязгаарлалтын төслийн зардалд үзүүлэх нөлөөлөл нь 195 сая ам.доллар (эхний улиралд 20 сая ам.доллар) байхаар тооцоолсон. Хоёрдугаар сард Материал зөөвөрлөх систем 1-ийг ашиглалтад оруулсан .

-Гуравдугаар сарын сүүлчээр агааржуулалтын хойд ам газрын гадаргаас доош 181 метрийн нэвтрэлт хийгдэж агааржуулалтын 3-р босоо амын нэвтрэлтийн ажил дууссан. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна. Энэ нь Панел 0-ын тогтвортой үйлдвэрлэлд нөлөөлөхгүй бөгөөд Панел 1 ба 2-р хэсгийн ажлын төлөвлөлт хийгдэж байна.

Бусад мэдээлэл

-Тус компани Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ) холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулж байна. БНХАУ уруу хил дамнасан баяжмалын тээвэрлэлтийг аюулгүй, үр ашигтайгаар тээвэрлэх арга хэмжээг авч эхэлсэн ч Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тохиолдлын түвшин тодорхойгүй хэвээр байна. Улмаар 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна.

-Шинэчилсэн зардал, хуваарийг тодорхойлохын тулд дахин тооцоолол хийж байгаа бөгөөд үүнд: Цар тахлын цаашдын нөлөөлөл; 2021 оны төсвийн хязгаарлалтаас үүдэн үүсэх аливаа нэмэлт цаг хугацааны нөлөөлөл болон зах зээлийн үнийн өсөлт (Тодорхой тооцоог эцэслэн гаргах үед Оюутолгойн ТУЗ-өөс төсвийн өсөлтийг зөвшөөрөөгүйн улмаас); шинэчилсэн төслийн эрсдэлийн үнэлгээнүүд орно. Дээрх тооцоолол нь гэнэтийн өөрчлөлт гарах бүрт шинэчлэгдэнэ.

-Оюутолгойн ТУЗ Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон нөхцөлийн дагуу Оюутолгойг Монголын цахилгаан сүлжээнээс урт хугацааны эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг байгуулахыг зөвшөөрсөн. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" болон ӨМӨЗО-ны Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны компани (IMPIC) хооронд БНХАУ-аас эрчим хүч импортлох зохицуулалтын хугацааг сунгахаар зарчмын хувьд тохирсон. Энэ зохицуулалт нь 2026 он хүртэл буюу гурван жилийн хугацаанд сунгагдах бөгөөд ба шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэн 2030 он хүртэл сунгах (одоогийн гэрээний хугацаа 2023 оны долоодугаар сард дуусна) юм. Арилжааны нөхцөлүүдийг эцэслэхээр ажиллаж байна.

-“Рио Тинто болон Оюутолгой компаниуд Техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах талаар Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Техникийн ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК