Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн ямар шатандаа байна вэ?

2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Энэ ажилд уул уурхайн компаниуд тэргүүлэх үүрэгтэй оролцоно


Р.Ренчиндулам

Дэлхийн дулааралтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэлхий нийтийн ногоон хувьсгалын хүрээнд “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгааг Монгол Улс зарласан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” хэмээн дэлхийн 83 орны төр засгийн тэргүүний өмнө мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн хэлсэн энэ мэдэгдлийг монголчууд хоёр талтай хүлээж авсан. “Газар нутгийн 80% орчим нь цөлжилтөд өртөөд байгаа энэ үед цагаа олсон шийдвэр” хэмээн зарим нь дэмжиж, талархаж хүлээн авсан бол зарим нь “Боломжгүй зүйл, ямар ч тооцоолол, судалгаагүй зүйл ярилаа” хэмээн шүүмжилсэн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йоркоос ирсэн даруйдаа уул уурхайн компаниудын төлөөллийг хүлээн авч уулзан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, тус бүр тодорхой хэмжээний мод тарихыг үүрэгдсэн. Энэ дагуу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 аж ахуйн нэгж нийт 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа баталгаажуулаад байгаа юм.
Үүнд:
“Эрдэнэс Тавантолгой” ХК 180,000,000 
“Эрдэнэс Оюутолгой” ХХК , 
“Оюу толгой” ХХК 100,000,000 
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100,000,000
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100,000,00
“Энержи Ресурс” 40,000,000
“Өсөх Зоос” ХХК 30,000,000
“Саусгоби Сэндс” ХХК 15,000,000
“Степ Голд” ХХК 10,000,000
“Тавантолгой” ХК 6,000,000
“Бадрах Энержи” ХХК 5,000,000
“Эрдэнэс Монгол” ХХК 5,000,000
“Бороо Гоулд” ХХК 3,000,000
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3,000,000
“Бүрдэл Майнинг” ХХК 2,500,000
“Алтайн Хүдэр” ХХК 2,500,000
“Монголросцветмет” ТӨҮГ 2,000,000
“Монполимет групп” 1,000,000
“Багануур” ХК 1,000,000
“МоЭнКо” ХХК 1,000,000
“Платинум Ланд” ХХК 1,000,000
“Шивээ овоо” ХК 500,000 мод тарихаа тус тус батламжлаад байгаа билээ.
 
Нүх ухаад, тарьц суулгаад орхихыг мод тарих гэхгүй. Суулгац хөрсөндөө дасан зохицоод ургах хүртэл уйгагүй арчилгаа шаардлагатай. Энэ утгаараа нэлээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боловсон хүчин шаардсан ажил өрнөөд буй юм. Одоогоор улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгээд эхэлсэн бөгөөд жил бүр ДНБ-ий 1%-ийг тэрбум мод тарих ажилд зарцуулаад явах юм. 

 
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОАЖЯ-НААС ӨГӨХ ЧИГЛЭЛИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Уул уурхайн томоохон компанийн төлөөллөөс, тухайлбал, “Оюутолгой”, “МАК”, “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцож, модоо тарьж эхэлсэн эсэх, мод тарихад ямар асуудал тулгамдаж байгааг тодруулахад “Мод тарих ажил одоогоор судалгааны шатандаа явж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм. Мөн яг хаана хэдий хэмжээний мод тарих зэргийг бидэнд мэдэгдэх учиртай. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирэх чиглэлийг хүлээж байна” гэсэн тайлбар өгсөн юм.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”: УРЬДЧИЛСАН ТООЦООГООР НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛНА

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК нь арай өөр тайлбар өглөө. Тус компанийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Оргилоос дараах асуултад хариулт авлаа.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн компаниуд голлох үүрэгтэй оролцохоор байгаа. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг боловсруулан компанийн А6/20 бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд 180 сая ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсөн.
 “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөгөөр хөтөлбөрт хамтран оролцогч охин, хараат, гэрээт байгууллагуудын тарих модны тоо хэмжээг тодорхойлсон. Мөн хөтөлбөр хэрэгжих байршлуудыг тодорхойлж зарцуулах нийт төсвийг тодорхойлсон.
Хөтөлбөрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК, Батлан хамгаалах яам, ХААИС болон Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах гэрээг 2023 оныг дуусталх хугацаагаар байгуулсан.
Хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөө болох Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг ХААИС болон Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо хамтран хийж гүйцэтгэж байгаа. ТЭЗҮ-ийг 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр дуусгаж хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Төлөвлөгөөний дагуу хэдэн байршилд, тус бүр хэр хэмжээний талбайд мод тарих вэ?
-Хөтөлбөрийн хүрээнд зургаан байршилд 180 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд уг газруудад ТЭЗҮ боловсруулах баг нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 
 
Тарвагатайн нуруу БЦГ – 30 000 га талбайд 75 сая мод 
Онги гол – 13 000 га талбайд 20.6 сая мод 
Цогтцэций – Зүүнбаян төмөр замын трасс дагуу – 32 сая мод 
Цогтцэций – Гашуунсухайт төмөр замын трасс дагуу – 15 сая мод 
Цогтцэций – Даланзадгад чиглэлэийн автозам дагуу – 2.4 сая мод 
Заган ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр – 23 000 га талбайд 35 сая мод
 
2022 оны компанийн төсөвт 10.5 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах мод үржүүлгийн талбайнуудыг байгуулах болон Зүүнбаян чиглэлийн төмөр замын ойн зурвасын тариалалтын ажилд зарцуулахаар төсөвлөсөн.

-Мод тарих нэг хэрэг. Харин тарьсан модоо арчилж, ургуулах, тордох нь маш чухал. Мод арчилгааг хэрхэн явуулах вэ?
-Байршил тус бүр дээр хариуцагчийг тодорхой болгох асуудлаар БХЯ болон охин, хараат компанийн хүмүүсийг оролцуулсан уулзалт, зөвлөгөөнийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг уулзалт, зөвлөгөөнөөр байршлуудад хэрхэн зохион байгуулалтыг хангах талаар хэлэлцсэн. Мод тарих, арчлах ажилд БХЯ оролцох бөгөөд энэ хүрээнд хугацаат цэргийн албан хаагч нарт мод тарих арга арчилгааны талаарх сургалтыг ХААИС-иас зохион байгуулж эхлүүлээд байна.
Жишээ нь, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолбор газарт мод тарих ажлыг цэргүүд гүйцэтгэж, эхний хэдэн жилийн арчилгаа хариуцан хийнэ. Цаашид Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа нь уг ажлыг үргэлжлүүлэг хийх байдлаар эхний ээлжид тооцоолж байна. ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссаны дараагаар бүх зүйл тодорхой болох байх.

-ТЭЗҮ эцсийн байдлаар бэлэн болоогүй болохоор тодорхой хэлэх боломжгүй байх. Гэхдээ урьдчилсан тооцооллоор мод тарих энэ ажилд танай компани нийт хэчнээн төгрөг зарцуулахаар байна вэ?
-Нийт 1 их наяд гаруй төгрөг зарцуулах урьдчилсан тооцооллыг хийсэн. ТЭЗҮ-ээр тодорхой болно. 2022 онд гэхэд 13 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

-180 сая гэдэг багагүй тоо. Олон мод тарьж, үндэсний хөдөлгөөнд оролцоход үүсч буй хүндрэл бэрхшээл нь юу байна вэ?
-Нэгдүгээрт, тарьцын хүрэлцээний асуудал байна. Монгол оронд байгаа нийт суулгацын тоо жилдээ 9 сая гаруй л байдаг гэсэн судалгаа байна. Гэтэл манай компани л гэхэд жилд уг суулгацыг тариалахаар төлөвлөсөн байгаа нь суулгацын хомсдол үүсэх, үнэ өсөх үндсэн шалтгаан болох магадлалтай байна.

Хоёрдугаарт, үрийн нөөцийн асуудал. Хангайн бүсэд ургадаг шилмүүст модны үр харьцангуй гайгүй боловч говийн бүсэд ургадаг модны үрийн нөөц гэх зүйл бараг байхгүй. Улсын нэгдсэн үрийн сан байхгүй тул хувь хүн, албан байгууллагаас бага хэмжээгээр олдох хандлагатай байна. Гэвч уг үрийн амьдрах чадварын талаар лабораторийн шинжилгээ байхгүй байгаа нь худалдан авахад хүндрэл үүсгэж байна.
Гуравдугаарт, тендерийн тухай хуулийн асуудал. Манай компани нь төрийн мэдлийн компани бөгөөд бүх худалдан авалт нь Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль, журмын дагуу хийгддэг. Энэ хууль журмаас шалтгаалан хийгдэх худалдан авалтууд оройтсоноос шалтгаалан улирлын чанартай хийгдэх ногоон байгууламжийн ажлууд хугацаандаа амжиж хийгдэхгүй бүтэн жилийг алдах магадлал маш өндөр байна.

ТЭРБУМ БАЙТУГАЙ ХЭДЭН ТЭРБУМ МОД ТАРИХ ШААРДЛАГАТАЙ

Мод тарихад юун дээр анхаарах талаар ШУА-ын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ч.Дугаржаваас тодрууллаа.

-Мэргэжилтний хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн дүгнэж байна вэ. Монголын нөхцөлд 10 жилийн дотор тэрбум мод тарих боломжтой юу?
-Монгол орны хувьд тэрбумаас ч олон мод тарих шаардлагатай байгаа. Үндэсний энэ хөдөлгөөнийг улс, бүс нутгийн хэмжээнд цаг үеэ олсон чухал үйл явдал өрнөж байна гэж харж байгаа. Мөн мэргэжилтэн хүний хувьд тэрбум модыг 10 жилийн дотор тарих бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Тэрбум мод тарихад юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Мэргэжилтэн хүний хувьд дараах гурван зүйлд анхаарч, бэлтгэл ажлаа хангах шаардлагатай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, тэрбум модыг тарих, ургуулах газраа зөв сонгох хэрэгтэй. Хоёрт, үр, тарьц, суулгацыг хангалттай сайн бэлтгэх хэрэгтэй. Гуравт, мод тарих мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай байгаа.

-Монголд модны үр, тарьц бэлтгэдэг хэдэн компани байна вэ. Тэдэнд тэрбум модны үр, суулгацыг бэлтгэх боломжтой юу. Үр суулгац бэлтгэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?
-Урьд нь их хэмжээний мод тарих ажил өрнөж байгаагүй болохоор үрийн сан одоогоор дутагдалтай байгаа. Ойн аж ахуй хөгжсөн газруудад үрийн аж ахуйнууд бий. Миний мэдэж байгаагаар ойн үр, тарьц, суулгац бэлтгэдэг 6-7 анги бий. Эдгээр газар шаардлагатай үр, суулгацыг бэлтгэн, хангаж чадна гэж мэргэжилтний хувьд үзэж байгаа. Учир нь, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь 2-3 үе шаттайгаар 10 жил хэрэгжинэ. Жил жилдээ модны үр, тарьц, суулгацаа бэлтгээд явахад ямар ч асуудалгүй хэрэгжих хөтөлбөр байна гэж харж байна. Зарим мод нь жил бүр, зарим нь 3-4 жил болж байж үрлэх нь бий. Хөтөлбөр 10 жил хэрэгжих болохоор энэ хугацаанд тэрбумаас ч олныг бэлтгэх, тарих боломжтой. Эхний 1-2 жилд үр тарихаас эхлээд, боловсрон хүчин бэлтгэх зэрэг бэлтгэл ажлаа хангах юм. Ингээд гурав дахь жилээс үндсэн ажилдаа ороод явна.

-Дотоодын үр, суулгацын нөөц бага,  бэлтгэхэд хугацаа орохоос шалтгаалан импортоор авахаар болбол, аль орноос авах нь тохиромжтой вэ? 
-Зөвхөн ОХУ-аас, Сибирь орчмоос авах нь тохиромжтой. 

-Яагаад?
-Манай ой мод нь Сибирийн их тайгын зүүн өмнөд хэсгийн үргэлжлэл болохоор тэндээс үр, тарьц авчирч ургуулах нь төрөл зүйл, байршлын хувьд тун тохиромжтой. Тиймээс Тува, Красноярск, Эрхүү, Улаан-Үүдээс үр, суулгац авах боломжтой. 

-Хэрэв урд хөршөөс үр, суулгац авчирвал яах вэ? 
-Товчхондоо, урд хөршөөс авчирсан үр суулгац нь амьдрах чадвар муу байна.

-Мэргэжилтнүүд ойн сан нь доройтсон газруудад эхлээд мод тарих шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ. Нэг га-д 2500-3000 мод тарьдаг гэсэн. Ингээд тооцвол ойн сан доройтсон газруудад тэрбум мод тарихаар байна уу?
-Мэргэжилтнүүд тэрбум модыг олон чиглэлд тарихаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, ойг түшиглэн тарихаар төлөвлөсөн. Түймэр гарсан, мод нь огтлогдсон, хортон шавьжид идэгдсэн, ойн сан нь доройтсон, ойгүй болж байгаа газруудад тарина. БОАЖЯ-наас гаргасан тайлангаас харахад ийм төрлийн 600 орчим мянган га газар бий. Одоогийн мөрдөж байгаа журмаар нэг га-д шилмүүст модны 2500-3000 тарьц тарих нормтой. Ингээд тооцох юм бол ойн сан доройтож буй газарт л гэхэд нэг тэмбум мод тарих боломжтой.

Хоёрдугаарт, тариалангийн талбайг хамгаалах, өвсний эргэлт, цөлжилтөд өртсөн газрууд, автозам, төмөр замын хамгаалалтын зурваст мод тарина. Автозамын дагуу 1000 км гаруйд 2-5 эгнээ мод тарьлаа гэхэд тэрбум модны ихэнх нь болчихож байгаа юм. Мөн бүх аймаг, гурван хот, 330 сумыг ногоон байгууламжтай болгоно. Ингээд тооцвол 10 жилд нэг тэрбум байтугай хэдэн тэрбум мод тарих шаардлагатай, боломжтой гэж үзэж байгаа. 


 

Сэтгэгдэл (2)

  • Luis (197.211.52.79)
    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
    2023 оны 03 сарын 06 | Хариулах
  • DR Rush Qin (185.187.243.200)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
    2022 оны 03 сарын 16 | Хариулах