Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

“Хилийн үнээр тооцсон бол нүүрс тээвэр ийм байдалд хүрэхгүй байсан”

Нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд нь АМНАТ-ийг жишиг үнээр тооцсоноор татварын дарамт үүсэж, үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа талаар мэдэгдэж,  Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс тодрууллаа.

Нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд АМНАТ-ийн жишиг үнийг эсэргүүцэж, Сангийн яаманд шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг энэ сарын 30-ны дотор ирүүлэхгүй бол үйл ажиллагаагаа зогсооно гэдгээ мэдэгдсэн. Шаардлагын хариуг хүргүүлсэн үү? Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоовол яах вэ?

Шаардлагын хариуг хугацаанд нь явуулна. Аж ахуйн нэгж болон төрийн байгууллагууд нь харилцан ойлголцох нь чухал. Бидний зүгээс хууль зөрчөөгүй байхад аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаагаа зогсооно гэх асуудал зарчмын хувьд байж болохгүй. Үндсэн зарчмаараа л явах ёстой.

Аж ахуйн нэгжүүд АМНАТ-т жишиг үнэ тогтоохдоо хэт хөөсрүүлж байна, үндэслэл нь тодорхойгүй байна, гэрээний үнээр АМНАТ-ийг төлмөөр байна гэсэн. Энэ асуудалд яам ямар бодлого баримталж байгаа вэ?

Экспортын хэмжээ буурч, дэлхийн зах зээл дэх үнэ өссөн нь аж ахуйн нэгжүүдэд асуудал үүсгээд байна. Түүнээс биш илүү төлбөр ногдуулсан зүйл бол байхгүй. Зарчмын хувьд, хуулийнхаа дагуу жишиг үнээр АМНАТ төлөөд явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийнхаа дагуу АМНАТ-т жишиг үнэ тооцож байгаа. Олон улсын зах зээл дээр байгаа үнийг харгалзан жишиг үнийг тогтоодог. Сүүлийн үед олон улсын зах зээлд эрдэс баялгийн, тэр дундаа нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотойгоор жишиг үнэ нь дагаад өсөж байгаа. Нүүрсний компаниудын хүсэлтээр урьд нь гэрээний үнээр АМНАТ тооцдог байсан ч хуулийнхаа дагуу төлөх нь зөв гэж үзээд энэ оны долдугаар сараас эхлэн жишиг үнээр төлбөрийг тооцох болсон. Сангийн сайд болон УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсгийн баг олон улсын зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ ямар байгаа дээр үндэслэн жишиг үнийг тогтоодог.  

Нүүрсийг уурхайн амны үнээр бус хилийн үнээр тооцдог байсан бол тээвэр ложистикийн байдал одоогийнхоос арай өөр түвшинд байх байсан. Нүүрсээ зарчхаад л орхидгоос болоод тээвэр ложистикийн асуудал ийм байдалд хүртлээ хүндэрсэн гэж үзэж байна.

Нүүрснээс бусад эрдэс баялгийн салбараас жишиг үнэтэй холбоотой гомдол ирдэг үү?  

Нүүрсний салбар нь 2014 оноос хойш энэ оны долдугаар сарыг хүртэл гэрээний үнээр АМНАТ төлдөг байсан бол бусад нь жишиг үнээр төлбөрөө төлсөөр ирсэн. Бусад салбараас жишиг үнэтэй холбоотой гомдол ирээгүй.

 

Р. Дулам