Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Фридландын харизм

Э.Оджаргал 

...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.


Аливааг өвөрмөц өнцгөөс, магад хэтрүүлэн лут төсөөлөх харизмаараа Фридланд бусдаас онцгойрдог. Өөдрөг үзэл бодлоо ч хүмүүст итгүүлж чаддаг уран илтгэгч. Тэгэхдээ өөрийн дэвшүүлэх санаагаа дэлхий нийтийн эрх ашигтай уялдуулан өргөн цар хүрээтэй ярьж олны сонирхол, анхаарлыг татдаг. Өдгөө 70 настай энэ эр авьяаслаг илтгэгч төдийгүй уул уурхайн жуниор компанийг бүтээгч гэдгээрээ олон улсын хөрөнгө оруулагчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн.

Эрдэнийн эрэлд гарах сэдэл нь болсон алмазын нөөц олоогүй ч Фридланд гурван нээлт хийсэн нь Канадын никелийн “Voisey’s Bay”, Монголын зэс-алтны “Оюутолгой”, Конго дахь зэсийн “Kamoa Kakula” орд юм. Түүний үүсгэн байгуулсан “Ivanhoe Mines” компани Лабрадор дахь никелийн ордын наймаанаас тэрбум давсан анхны ашгаа хийж, дэлхийд үнэлэгдэх ордыг Монголын говьд илрүүлсэн түүхтэй. Өдгөө тус компани  “Kamoa Kakula” төсөлд төвлөрч байна. 
Дэлхий дахины ногоон шилжилтээр зэсийн эрэлт хэрэглээ өсөх таамагтай энэ арваны эхэнд үлэмж нөөцтэй ордоо ашиглалтад оруулж буйгаа Фридланд зарлаад байна. 

Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, нутгийн иргэдийн эсэргүүцэл, улс төрийн эрсдэлтэй,  авлига бугшсан Африкийн орны амаргүй нөхцөлд уул уурхайн нүсэр төсөл удирдаж, тэгэхдээ коммунист эдийн засагтай Хятад улсын компаниудтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт сүлбэж яваа юм. Асар эрсдэлтэй бизнест аз сорихоос тэр эмээдэггүй. Зэс эрдэнэ ч түүнд аз авчирдаг аж. “Kamoa Kakula” нь дэлхийн зэсийн хоёр дахь том уурхай болох ирээдүйтэй, Чилийн “Escondida”-ийн дараагаар орохуйц гэдгийг Фридланд онцолж буй. Дэлхийн 59 улсад ашигт малтмалын хайгуул хийж явсан талаараа тэрээр ярихдаа гагцхүү Конго нутаг бүхий л төрлийн металын сонирхол татахуйц ордуудаар баялаг гэх. Тус улсыг 1950-иад оны үед газрын тосны асар их нөөцтэй “Гавар” орд нээсэн Саудын Арабтай зүйрлэж байна. Хэрэгжүүлж буй аливаа төслөө сурталчлах гайхалтай нарийн мэдрэмж Фридландад бий. Шаардлагатай бол африкчуудын үндэсний хувцсаар гоёж хагас нүцгэн олны өмнө “Kamoa Kakula” төслөө танилцуулахаас сийхгүй   эр. Ийм мэтийн “пи-ар” нь төслийг бодит үнэ цэнээс ч илүү өсгөж мэднэ. Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд оруулж чаддаг.  Арав гаруй жилийн тэртээ монгол дээлтэй “шар нөхөр”-ийн морь унасан гэрэл зураг дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж байсан нь Оюутолгойн бас нэг “пи-ар” байв. Тухайн үед Фридланд мөн л “Монгол нь нүүрсний Саудын Араб болно” гэж хэлсэн удаатай. 

Тэгэхэд Канадын бизнесмен Монголд нүүрс, зэс, алт болоод бас бус төслүүд эзэмшдэг, “Ivanhoe Mines” компани нь өнгөрсөн арваны хамгийн том нээлт Оюутолгой ордыг илрүүлээд байсан цаг. 

Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын “ВМО Nesbitt Bums 2005 Global Resources Conference” хурал дээр тавьсан илтгэлдээ “Анх бид Монголд зэс хайж эхлэхдээ нүүрс олно гэж зүүдлээ ч үгүй. “Grasberg”-ийг 35 жил, “Escondida”-аар 25 жил өрөмдөж илрүүлсэн зэсийн нөөцийг бид хоёрхон жилийн дотор нээсэн нь Оюутолгой юм. Энэ ордын ганц Хюгогоос л жилдээ 1.5 тэрбум доллар “урсана”. Өнөөдөр хаана ч ийм хэмжээний шинэ уурхай байхгүй. 5 доллар зарцуулж 95 долларын ашиг олох гайхалтай төсөл. Бид ганц уурхай дээр ажиллаагүй, Чили шиг бүхэл бүтэн уул уурхайн улс байгуулж  байна” хэмээн Оюутолгойг сурталчлан олон улсад шуугиан дэгдээж, Монголд шүүмжлэлд өртөж явсан. Ямартай ч тэр энэ аварга төслийг монголчуудад нээж өгсөн нь гарцаагүй үнэн. “Оюутолгой” төсөл ч дэлхий нийтийн анхаарлыг тал нутгийн  Монгол руу татсан нь маргашгүй. Монгол дахь төслүүдээ худалдсан ашиг, тэр дунд “Рио Тинто”-той хийсэн наймааны орлогоороо дэлхийн баячуудын нэг болж, Оюутолгойн нээлт одоо ч түүний амжилтыг өнгөлөх хамгийн том “пи-ар” нь болсоор буй билээ. 

2020 оны “Форбес” сэтгүүлийн жагсаалтаар Р.Фридландын хөрөнгийн хэмжээ 1.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. 1987 онд түүний үүсгэн байгуулсан “Ivanhoe Capital” корпораци өнөөг хүртэл нийт 25 тэрбум ам.долларын хөрөнгө татсан талаар  сэтгүүлд өгүүлжээ. Өдгөө гэр бүлийн энэ корпорацийн бүтэц бүрэлдэхүүн:


•    “Ivanhoe Mines” (TSX: IVN; OTCQX: IVPAF)
•    “GoviEx Uranium”
•    “High Power Exploration” (НPX)
•    “Ivanhoe Capital Acquisition” (NYSE: IVAN) 
•    “I-Pulse
•    “Ivanhoe Electric”
•    “VRB Energy”
•    “Sunrise Energy Metals” (өмнө нь “Clean         TeQ”) (ASX: SRL; OTCQX: SREMF)
•    “SK Global Entertainment/Ivanhoe Pictures” компаниудаар өргөжжээ.  

“Ivanhoe Mines” компани олборлолтын гурван төсөлд төвлөрч байна. Хамгийн том нь зэс-алтны Камоа-Какула уурхай бол үүний ойролцоо цайр-зэсийн “Kipushi” төсөл бий. Цагаан алт, паллади, роди, никель, алт, зэс зэрэг холимог металын  орд “Platreef” төслийг Японы “Itochu”(10%) корпорацтай хамтран хэрэгжүүлдэг. Ураны “GoviEx Uranium” компани нь Нигерт “Madaouela”, Замбид “Mutanga” болон Мали дахь “Falea” төслийг хөгжүүлж байна. Гуравдугаар сарын байдлаар, ураны компанийн нийт хөрөнгийн хэмжээ 150 сая ам.доллараар үнэлэгджээ. 

Энэ компанийг инженер-геологийн мэргэжилтэй хүү Ф.Говинд нь удирддаг, Захирлуудын зөвлөлийн даргын алба хашиж байна. Эцэг Фридланд уг компанийн 3%-ийн шууд эзэмшилтэй. Тэгвэл “High Power Exploration” компани нь гуравдугаар сард АНУ-ын Монтана мужид алт, зэс, мөнгө,хар тугалга, цайрын “Hog Heaven” төслийн хайгуулын ажилд 29.5 сая ам.долларын хөрөнгө оруулснаар 17 жилийн дараа төслийн 75%-ийг эзэмших гэрээг үзэглэсэн юм. Үүний өмнөхөн төмрийн хүдрийн 1 тэрбум тонн нөөцтэй “Nimba” төсөлдөө 200 сая ам.долларын хөрөнгө татсан бөгөөд 2025 оноос олборлож эхлэх төлөвлөгөөтэй.  Гвиней дахь энэхүү төслийн 85%-ийг “High Power Exploration”, 15% нь тус улсын Засгийн газрын мэдэлд байдаг. Эдгээр нь ердөө гол төслүүд агаад ерөөс түүний удирдаж байгаа уул уурхайн компаниуд бүгд зэсийн ордуудад хяналтын хувь эзэмшиж байна. Ухаантай хүн юуны өмнө зэстэй болохыг бодох ёстой хэмээн Фридланд ярьдаг. 

Эдүгээ энэ эрхэм уул уурхайн олборлолт, ашигт малтмалын хайгуулын сацуу сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө босгон, уг салбарын технологийн чиглэлээр бизнесээ өргөжүүлж байна. Цэвэр эрчим хүчний салбарт 276 сая ам.долларын санхүүжилт татсан “Ivanhoe Capital Acquisition” компани нь ашигт малтмалын түлшнээс цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжиж байгаа компаниудыг худалдан авах тусгай(special purpose acquisition company — SPAC) чиг үүрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “I-Pulse” нь цөмийн энергийг энхийн зорилгоор эрчим хүчинд ашиглах чиглэлийн арилжааны компани юм. Тус компанийн шууд удирдлагын  “VRB Energy” нь Хятадын Хубэй мужид бүтээн байгуулж байгаа нарны цахилгаан станцын цогцолборын ванадийн цэнэг хураагуурын (VFB) станцыг байгуулж байна. Хэтдээ эрэлтээр ангах эрчим хүч, үнэд орох металуудад Фридландын компаниуд төвлөрсөн нь энэ. Сэргээгдэх, цөмийн, цэнэг хураагуур зэрэг нь эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэрт тооцогддог.

Дэлхийн эдийн засаг  “ногоон” болох, цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжихэд улс орнуудын Засгийн газар нийтдээ 50-100 их наяд ам.доллар зарцуулах шаардлагатайг “The Canadian Mining Hall of Fame” танхим тооцоолжээ. Цаг уурын дулаарлаас эхлээд мегаполис хотуудын агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх цахилгаан машин болоод цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, цэнэг хураагуурын технологийн шийдлүүдээр зэс тэргүүтэй кобальт, скандий, ванадий гэх мэт металуудын эрэлт өсөх нь гарцаагүй. Зөвхөн цахилгаан машины зах зээлийн хэтийг тольдвол, ирэх жилээс Хятад улс дотооддоо шаталтат хөдөлгүүр бүхий машины үйлдвэрлэлийг танахаа мэдэгдэв. 2030 оноос Герман, 2040 оноос Их Британи, Франц нэгдэн, мөн Энэтхэг   ирэх 13 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мэдээж, энэ бүгдийг  цахилгаан машины хэрэглээгээр орлоно гэсэн үг. Одоо АНУ-д 280 сая орчим тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа ба бүгд бензин, дизель түлшээр ажилладаг. Фридландын төсөөлснөөр дараагийн 30 жилд америкчуудыг 100% цахилгаан машины хэрэглээнд шилжүүлэхэд шаардагдах дэд бүтэц, ашигт малтмал, металын хэрэгцээ  “алмайруулах”-ыг үгүйсгэмгүй.

Дотоод шаталтат хөдөлгүүр бүхий ердийн машинтай харьцуулахад 4 дахин илүү буюу 83кг зэс стандарт цахилгаан машинд ордог байх жишээтэй. Олон улсын зэсийн ассоциацийн судалгаагаар, 2027 он гэхэд дэлхийн хэмжээнд цахилгаан машины үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахад 1.74 сая тонн зэс шаардагдана. Энэ хэрэгцээ өнөөгийн байдлаар 185 мянган тонноор хэмжигдэж байна. Үүний сацуу Хятад, Энэтхэгийн аварга зах зээлийн эрчим хүчний зарцуулалт асар хурдацтай нэмэгдсээр байгаа юм. Дэлхий нийт зөвхөн цэвэр эрчим хүч рүү шилжихэд 25 жилийн хугацаанд 550 сая тонн зэс шаардагдлагатай гэж Дэлхийн банкны тайланд тэмдэглэжээ. “World Copper 2021” чуулган дээр Фридланд “Зэсгүйгээр өнөөгийн орчин үеийг бүтээж чадахгүй байсан. Өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг хаанаас, юунаас бүтээж буйг хүн төрөлхтөн гүйцэд ойлгоогүй байгаа. Зэс биднийг гайхшруулах цаг ирнэ” гэв. Бөмбөрцгийн “ногоон” хөгжлийн өрнөл 2023 онд эрчээ авч энэ аравныг дуустал үргэлжилнэ гэж тэр харж байна. Гэхдээ дэлхий дахин цэвэр эрчим хүч рүү амжилттай шилжье гэвэл уул уурхайн салбарыг улс төрчдөөс эхлээд иргэд хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Хүн төрөлхтний хөгжилд оруулж буй уул уурхайн асар их үүрэг, ач холбогдол ирээдүйд ч буурахгүйд итгэдэг нэгэн, тэр.

Түүний компаниудын үйл ажиллагаа нээлттэй байж чаддаг уу, IPO гаргах төлөвлөгөө бий юу? гэсэн сэтгүүлчийн асуултад Фридланд “Бид дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажилладаг бөгөөд татсан санхүүжилтээ нийтийн төлөөх үйл хэрэгт зориулж энэ талаараа цаг тухайд нь мэдээлж буй нь нээлттэй байгаагийн илрэл” гэсэн тайлбар хэлжээ.

Тэрээр уул уурхайгаас гадна кино урлагт ч хүч сорьж байна. Тухайлбал “Ivanhoe Pictures” компани нь 2018 онд “Галзуу баян Азиуд” кино бүтээсэн бол “XM Satellite Radio” радиогийн хөрөнгө оруулагчийн нэг юм.

...Уламжлалт бус сэтгэлээ бол миний үндсэн зан чанар. Тиймдээ ч аливаа зүйлийг бусдаас өөрөөр харж чаддаг. “Боломжгүй зүйл гэж байхгүй” гэсэн үзэл бодолтой хүмүүстэй харилцах нь надад үргэлжид таалагддаг. Энэ амьдралд ер бусын олон зүйлсийг үзэж харсан минь ертөнцөд бүтэхгүй зүйл гэж үгүйг надад ойлгуулдаг. Хамгийн гайхалтай, шилдэг санаанууд тун энгийн зүйлээс л төрдөг. Харин биднийг хязгаарладаг зүйл бол ердөө хийсвэр айдас, бодол хэмээн Фридланд өөрийнхөө талаар өгүүлжээ.  Суу зальтай хүн гэж түүнийг зарим нэгэн тодорхойлох байх. “Агаараас” ч ашиг олох сүйхээтэй наймаачин байж магад. Юутай ч энэ цаг үеийн уул уурхайн талбарт өөрөө өөрийгөө брэнд болгож чадсан  гарамгай менежер гэдгийг түүний хөгжүүлж яваа төслүүд илтгэнэ.