Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банк: Цар тахлын дотоод тархалт тодорхойгүй байдлыг авчирч байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Жилийн инфляц энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 6.2%, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7%-тай гарав. Инфляцид нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Гэхдээ дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, түр зуурын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляци богино хугацаанд өсөх хэдий ч 2022 оноос зорилтын орчимд тогтворжино. 

Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, эрдэс бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, экспортын үнэ оны эхнээс өндөр түвшинд хадгалагдаж байна. Ийнхүү гадаад орчин сайжирч, эдийн засгийн ихэнх салбар сэргэлтийн төлөвт шилжсэнээр эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс өндөр гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээний нөлөө, гадаад орчны сэргэлтийг тусган эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүллээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.

Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлсэн санхүүжилтийн хэрэгслүүд, санхүүгийн хөнгөлөлтийн зохицуулалтууд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцийн зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн идэвхжил, төлөвтэй уялдуулан инфляцийн зорилтыг хангахад чиглэсэн бодлогын тохируулгыг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ. 

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Эх сурвалж: Монголбанк