Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Хятад нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, зарим мужийн импортын бодлогыг зөөлрүүлнэ

Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.

Жэнжоу түүхий эдийн бирж дээр (2021.06.11) эрчим хүчний нүүрсний үнэ 827.2 юань хүрч 3%-иар өссөн аж. Хятадын төрөөс нүүрсний уурхайнуудад аюулгүйн хяналт шалгалтыг чангатгасны улмаас үйлдвэрлэлийн гарц буурч, дотоодын зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөн нөхцөлөөс үүдэн эрчим хүчний хангамж бэрхшээлтэй тулгарчээ. Тавдугаар сард аж үйлдвэрийн гол бүс нутаг Гуандун мужийн 20 хотод эрчим хүчийг хязгаарлахад хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт (2021.06.10) Хятадын төрийн албаны төлөөлөгчид Таншан боомтын нүүрсний нөөцийн байдалтай танилцжээ. Тус улсын эрх баригчдын зүгээс нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах, мөн гол гурван мужийн нүүрсний импортын бодлогыг зөөлрүүлэх арга хэмжээ авах төлөвтэй байна.   

Сүүлийн саруудад Хятадын Засгийн газраас дотоодын зах зээл дээр нүүрс, төмрийн хүдрийн өндөр ханшийг тогтворжуулах арга хэмжээнүүд авч байгаа юм. Тухайлбал, тавдугаар сард Хятадын Төрийн зөвлөлөөс түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах зорилтоор мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. Хэдийгээр төрөөс бодлого зохицуулалт хийж байгаа ч бодит байдал дээр үр дүнтэй нөлөөлөхгүй байна гэж “Mysteel” шинжээчид үзэж буй. Барилга, аж үйлдвэрийн салбарын идэвхжилт өмнөх жилүүдээс буураагүй учир гол түүхий эдийн эрэлт хэрэглээ өндөр байгаа  нь эрчим хүчний хангамжид нөлөөлж байна.    

Э.Од