Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Тавантолгой” ХК  ногдол ашиг тараана

Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28,1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарилахаар болжээ. Уг ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсныг тус компаниас мэдээлэв.

2016-2017 онд нүүрсний гадаад зах зээл өсөлттэй байсан нь “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдэд таатай нөлөө үзүүлж байсан билээ. Тухайлбал, 2017 онд Монгол Улсад хамгийн өндөр буюу 141 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан компаниар “Тавантолгой” компани тодорч байв. Энэхүү амжилт нь Монголын Хөрөнгийн биржид хувьцаа арилжаалдаг нийт хувьцаат компаниудын тараасан ногдол ашгийн 87%-ийг эзэлсэн юм. 

Ташрамд дурдахад, тус компани 2020 онд 2.5 сая тонн нүүрс олборлож, 2.2 сая тонн нүүрсийг экспортод, 316.9 мянган тонн нүүрсийг дотоод зах зээлд борлуулжээ. Борлуулалтын үр дүнд 258.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 31.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.   
        
Г.Идэр