Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлэлцүүлэг

Эрдэс баялгийн биржийн талаар судлаачид хэлэлцэв

2014 онд УИХ-аас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт  “Экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулах” хэмээн тусгасан. Хэдийгээр олон жил яригдаж байгаа ч ийм биржтэй болох цаг тулгарч байгааг зарим судлаачид  илэрхийлж байгаа бол зарим нь “одоо цаг нь биш” гэсэн байр суурьтай байна. Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд байгуулагдан ажиллаж байна. УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрахаар ахлуулсан Ажлын хэсэг тус биржийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулах зэргээр ажил урагштай явааг саяхан дуулгасан юм. Эрдэс баялгийн бирж байгуулах талаар “Mongolian Mining Club”-аас зохион байгуулсан (2021.05.03) цахим хэлэлцүүлэгт  уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож бирж байгуулах эсэх талаар өөрсдийн санал бодлоо уралдууллаа.  

Зөвлөх Р.Очбадрах “Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийн гол зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр,  хувийн хэвшлийн компаниудаас хямд борлуулж, АМНАТ бага төлж байгааг халахад чиглэж байгаа” хэмээн тодотголоо. Түүний ярьж буйгаар, уг хуулийн төслийг тавдугаар сард салбарын мэргэжлийн холбоод, судлаачдаар хэлэлцүүлэх аж. “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Биржийн тухай хуулийн төслийн зорилгыг  тодорхой болгох шаардлагатай гээд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, уналтаас ашиг хийдэг, блокчейн технологи ашиглах боломжтой талаас нь, эсхүл Монголын Хөрөнгийн биржийн дэд бүтцэд тулгуурлан эхний ээлжинд уул уурхайн бэлэн бүтээгдэхүүнээ борлуулдаг байхаар хийх үү гэдгээ ойлгомжтой болгох хэрэгтэй” гэсэн юм. Тус биржийг болж өгвөл блокчейн технологи дээр платформ хийж, крипто валютаар арилжаалах шаардлагатай гэдгийг зарим судлаач ч хэлж байв. Ингэвэл олон харилцагчтай болж эрэлтийг үүсгэх боломжтой аж.  МУУҮА-ын Ерөнхийлөгч асан Н.Алгаа,  биржээр дамжуулан хувийн аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын гэрээнд хяналт тавих, АМНАТ-ыг өндөр авч, татвар төлбөрийн дарамтад оруулах эрсдэлтэйг сануулсан юм.  Юутай ч Эрдэс баялгийн биржийн тухай хууль батлахаас өмнө ТЭЗҮ, холбогдох туршилт судалгааг хийх шаардлагатай гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн Эрдэс баялгийн биржийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний бирж гэж нэрлэх нь зүйтэй гэх хүмүүс ч байна. Олон улсын туршлагаар бол Эрдэс баялгийн бирж нь Хөрөнгийн биржээс ялгаатай, бие даасан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өндөр үр өгөөжтэй ажилладаг. Төрийн өмчит уул уурхайн бирж байгуулахаар бол наанадаж 5 жил тогтвортой ажилласны дараа төрийн хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр арилжаад  төр хувийн хэвшлийн  хамтын ажиллагааг зохистой хөгжүүлэх хэрэгтэй хэмээн зарим судлаач хэлж байна. Хэдийгээр барууны өндөр хөгжилтэй орнуудад Эрдэс баялгийн бирж нь ихэнхдээ 100%-ийн хувийн өмчлөлтэй, өөрөөр хэлбэл төр хувийн хэвшлийн оролцоотой байдаг. Харин Монгол Улсад төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани Эрдэс баялгийн бирж байгуулах санаачлагыг хэдэн жилийн өмнөөс гаргаж, нэг цонхны бодлогоор төрийн өмчит компаниудын нүүрсийг борлуулах чиглэлээр түлхүү ажиллана гэдэг.

Төр, хувийн  хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалт бүхий “Монголын Эрдэс баялгийн бирж” ХХК-ийг  “Эрдэнэс Монгол” компани хувийн хэвшлийн “МСХ клиринг” ХХК-тай хамтран 2019 оны зургадугаар сард байгуулсан юм. Тус компани нь уул уурхайн салбарын түүхий эдийн экспортыг зохицуулалттай, зохион байгуулалттай зах зээлээр дамжуулан нээлттэй, ил тод хэлбэрээр арилжаалах, олон улсын жишигт нийцсэн зах зээл бий болгох зорилготой  ажиллаж байна.  Тус компанийн ТУЗ-ийн анхдугаар хурлаар төслийн төлөвлөгөөгөө баталж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.  

Г.Идэр