Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Монголын зэс, нүүрсний экспортын алдагдсан боломж 200 сая долларт хүрэв


2021 оны эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.52 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 60.4%-иар өссөн дүн юм. Харин нийт гадаад худалдаанд экспорт 2 тэрбум ам.доллар, импорт 1.52 тэрбум ам.долларыг тус тус эзэлжээ. Тодруулбал эхний улиралд экспорт өмнөх оны мөн үеийнхээс 93.1%-иар, импорт 31.2%-иар тус тус өссөн байна.

Улсын нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Тодруулбал, эрдсийн гадаад худалдаа дундаа орлогоор тэргүүлэгч нүүрсний экспорт оны эхний гурван сард 6.67 сая тонн, мөнгөн дүнгээр 689 сая ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 113.7%, орлогын дүнгээр даруй 173%-иар өссөн үзүүлэлт юм.

Хэдийгээр өсөлттэй өөдрөг дүр зураг ажиглагдаж байгаа ч бодит байдал дээр 2020 оны хоёр, гуравдугаар сард манай улсын нүүрсний гол боомтууд бараг бүрэн хаалттай байсан үетэй харьцуулсан үзүүлэлт болохыг онцлоё.


 

Эх сурвалж: ГЕГ


Сарын дүнгээр, гуравдугаар сард Монгол Улс 2.14 сая тонн нүүрс экспортолжээ. Гэвч тухайн сарын хоёрдугаар хагасаас эхлэн манай улсын Гашуунсухайт боомтын нэвтрэлт илт удаашрах болсон. Энэ нь Хятадын талаас цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд арга хэмжээ авсантай холбоотой. Ингэснээр өнгөрсөн сард манай улсын нүүрсний экспортын хэмжээ 3 сая тоннд хүрэн боломжоо алдсан юм. Доорх графикт сарын хоёрдугаар хагаст нүүрсний экспорт сарын эхний хагастайгаа харьцуулахад 45%-иар буурсныг харж болно.


 

Эх сурвалж: ҮСХ, ГЕГ


Зэсийн баяжмалын тухайд оны эхний улирлын байдлаар биетээр 316.3 мянган тонн, орлогын дүнгээр 621 сая ам.долларт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 3.2%, орлогоор 76.9%-иар тус тус өссөнийг харуулна. Гэвч өнгөрсөн сард Оюутолгой уурхайд КОВИД-19-ийн батлагдсан тохиолдол илэрч сарын хоёрдугаар хагаст тээвэрлэлт зогссон. Улмаар гуравдугаар сард манай улс нийт 90.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Тухайн сарын эхний хагаст нийт 62.6 мянган тонн, хоёрдугаар хагаст 27.8 мянган тонн баяжмал тус тус экспортолсон байна.  

Эх сурвалж: ҮСХ, ГЕГ
 
Мөнгөн дүнгээр авч үзвэл, өнгөрсөн сард хил нэвтрэлт мэдэгдэхүйц удааширсантай холбоотойгоор манай улс нүүрс, зэсийн баяжмалын экспортоос 200 сая ам.долларын орлого бүрдүүлэх боломжоо алдсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний салбар 100 сая ам.доллар, зэсийн баяжмалын худалдаанаас мөн 100 сая ам.долларын экспортын боломжоо тус тус алджээ. 

Экспортын орлогын хэмжээгээр зэсийн баяжмалын ард төмрийн хүдэр бичигдэж байна. Төмрийн хүдрийн экспорт эхний улиралд жингээр 1.91 сая тонн, орлогоор 238.5 сая ам.долларт хүрлээ. Энэ нь жингээр өмнөх оны мөн үеийнхээс 7.24%-иар буурсан ч, үнийн дүнгээр 69%-иар өссөнийг илтгэнэ. 

Газрын тосны экспорт оны эхний улиралд биет болон орлогын дүнгээр 300 гаруй хувийн өсөлтийг харууллаа. Мөн хугацаанд цайрын хүдрийг эс тооцвол бусад эрдсийн экспортын орлого өсөлттэй гарлаа. 

Б.Төгс