Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” өнгөрсөн онд Монгол Улсад 277 сая долларын татвар төлжээ

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” нь 2020 онд өөрийн үйл ажиллагаа явуулдаг улс орнуудад оруулсан эдийн засгийн хувь нэмэр болон Засгийн газарт төлсөн татвар, хураамжийн талаар өчигдөр (2021.04.08) тайлагналаа.

Цар тахал дэгдсэн өнгөрсөн онд тус компани уурхайн үйл ажиллагаа болон бусад бизнес эрхэлдэг улс орнуудад нийтдээ 47 тэрбум ам.долларын эдийн засгийн хувь нэмэр оруулсны дотор 8.4 тэрбум ам.долларын татвар хураамж, роялти багтсан талаар мэдээлэв. Эдгээр үзүүлэлт нь 2019 оныхоос өсөлттэй гарчээ. Тухайлбал 2019 онд тус компанийн эдийн засагт оруулсан хувь нэмэр 45.1 тэрбум ам.доллар, тэр дундаа татвар, хураамжийн үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм.  Тус компанийн голлох үйл ажиллагаа буюу төмрийн хүдрийн олборлолт төвлөрдөг Австралийн Засгийн газарт өнгөрсөн онд 6.8 тэрбум ам.долларыг татвар, хураамжид төлсөн байна.

Харин Монгол Улсын Засгийн газарт өнгөрсөн онд "Рио Тинто" 277 сая ам.долларын татвар хураамж төвлөрүүлжээ. Үүний 69 сая ам.долларыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлсэн байна. Тус компани нь 2010-2020 онд Монгол Улсад нийт 11.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж 2.8 тэрбум ам.долларын татвар төлсөн гэж мэдээлэлдээ дурджээ.

Тэгвэл Канад улсад 2020 онд нийтдээ 651 сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Мөн Чили улсад 246 сая ам.доллар, Их Британид 132 сая ам.доллар, АНУ-д 111 сая ам.доллар, Өмнөд Африкт 61 сая ам.долларын татвар, хураамжийг тус тус төвлөрүүлжээ.

 

Б.Төгс