Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино”  төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа 

ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй.

Уг төмөр замыг барьж байгуулах хэлэлцээрийг Холбооны төмөр замын тээврийн агентлаг (Росжелдор), “Тувагийн эрчим хүчний корпораци” (2018.04 сар) байгуулсан байдаг. Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлөн Холбооны төмөр замын тээврийн агентлаг нь тус компанитай төмөр замыг барьж байгуулах 30 жилийн концессын гэрээг үзэглэсэн юм. Үүнээс жилийн дараа (2019.05 сар) талууд төрийн РЖД компанитай гэрээ байгуулснаар төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр РЖД тодорсон. Ингээд концессын гэрээнд зааснаар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж захиалагчаар “Росжелдор” болон төслийг хэрэгжүүлэгчээр “Лидер” групп  (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%), РЖД (5%)-ийн оролцоотой хамтарсан компани байх юм.

“Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр зам нь Кызыл хотоос Краснояр мужийн Курагино сууринтай холбох, Элегестийн нүүрсний экспортын тээврийг хангах зорилготой. Элегестийн нүүрсний сав газар нь 855.2 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй.

Энэхүү ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг 2013 онд “Тувагийн эрчим хүчний корпораци” авсан байдаг. Тус корпорацийн Ерөнхий захирал Руслан Байсаровын мэдэгдсэнээр, Элегестийн коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх нийт өртөг ойролцоогоор 360 тэрбум рубль аж. Үүнд ордыг ашиглалтад оруулах, Ванино боомт дахь нүүрсний терминал барих болон “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр зам байгуулах зардал багтсан байна. Зөвхөн төмөр зам барихад 126.6 тэрбум рубль зарцуулахаар 2017 онд тооцож байжээ.

“Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замыг 5-6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж, 2023 он гэхэд Элегестийн ордоос жилд 6 сая тонн коксжих нүүрс олборлох зорилтыг тусгажээ.

Төмөр замын төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байсан. Төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай.

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар энэ төмөр замын төслийг 2011 онд эхлүүлсэн ч санхүүжилтийн асуудлаас үүдэн царцаад байсан ч 2018 оноос дахин сэргээсэн.

Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг.

“Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.

Э.Од