Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн 5 том хэлэлцээр

2020 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг хил дамнасан хэлэлцээрийн нийт мөнгөн дүн 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай Их Британийн судалгааны “GlobalData” компани мэдээлсэн байна. Тухайн хэлэлцээрийн дүнг харьцуулж үзвэл, өмнөх гуравдугаар улирлынхаас 594%-иар нэмэгдэж, сүүлийн дөрвөн улирлын дундаж үзүүлэлтээс 71.5%-иар өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын нийт хэлэлцээрийн 79.3% буюу 6.11 тэрбум ам.доллар нь 5 хэлэлцээрт хамаарч буй аж.   

1. “Nova Resources” компани 2.39 тэрбум ам.доллараар “KAZ Minerals”-ийг эзэмшсэн

Казахстаны зэсийн томоохон олборлогч “KAZ Minerals” -ийг тус компанийн ТУЗ-ийн гишүүн Владимир Кимийн хувь эзэмшилтэй “Nova Resources” худалдан авч (2020.11) байна. Энэхүү хэлэлцээр, компанийн хувьцааг шилжүүлэх үйл явц гуравдугаар сарын 31-нд дуусгавар болох аж. Хэлэлцээрээс өмнө “KAZ Minerals”-д “Nova Resources” компанийн үүсгэн байгуулагчид болох Олег Новачук 7.8%, Владимир Ким 31.6%-ийг тус тус эзэмшиж байсан. “KAZ Minerals” нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Казахстан болон Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй. Дэлхийн уул уурхайн тэргүүлэх 50 компанид багтдаг. Өнгөрсөн онд “KAZ Minerals” компани 306 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Компанийн нийт орлого 2.3 сая ам.доллар аж.                

2. “Endeavour Mining” компани 1.86 тэрбум ам.доллараар “Teranga Gold”-ыг худалдан авсан

Канадын “Endeavour Mining” компани нь өрсөлдөгч “Teranga Gold” компанийг (2020.11)эзэмшсэн юм. Энэхүү хэлэлцээрийн мэдээлэл цацагдсаны дараагаар “Endeavour Mining” компанийн хувьцаа 60%-иар өсчээ. Тус компани нь Африкийн Буркина-Фасо улсад алтны 4 уурхайд олборлолт явуулдаг бөгөөд жилд 20 тонн алт үйлдвэрлэдэг. 2020 оны байдлаар, “Endeavour Mining” компани 4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байжээ.   

3. “Sandvik” компани 1.15 тэрбум ам.доллараар “DSI Underground”-ийг худалдан авсан

Шведэд төвтэй “Sandvik” нь далд уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч, барилга байгууламжийн шийдлийн “DSI Underground” компанийг худалдан авах хэлэлцээрийг (2020.12.24) үзэглэсэн юм. Хэлэлцээрийн явц 2021 оны эхний хагас жилд багтаж дуусах аж.  “DSI Underground” компани дэлхийн 70 улсад салбартай бөгөөд өнгөрсөн онд 518 сая еврогийн орлого олжээ. 150 жилийн түүхтэй “Sandvik” компани эдүгээ Монгол Улсад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж байна.     

4. “Shanghai Decent Investment” болон “Nickel Mines” компаниудын 490 сая ам.долларын хэлэлцээр

Индонез дахь никелийн “Angel Nickel” төслийн 70%-ийг эзэмших хэлэлцээрийг Австралийн “Nickel Mines”, Хятадын “Shanghai Decent Investment” компаниуд (2020.11.25)байгуулсан. Хэлэлцээрийн нийт 490 сая ам.долларыг хоёр хувааж 2021 онд багтаан төлөх аж. “Angel Nickel” төсөл нь жилд 36 мянган тонн никель үйлдвэрлэхээр төлөвлөжээ.         

5. “Orion Mine Finance” 225 сая ам.доллараар “Greenstone Gold Mines” компанийн 50%-ийг эзэмшив

“Orion Mine Finance” нь “Greenstone Gold Mines” компанийн “Сентерра голд” дахь 50%-ийн -ын эзэмшлийг худалдан авлаа. Энэ нь 225 сая ам.долларын дүнтэй хэлэлцээр юм. “Greenstone Gold Mines”-ийг 50:50%-иар “Premier Gold Mines” болон “Сентерра голд” компаниуд эзэмшиж байжээ. Хамтарсан “Greenstone Gold Mines” компанийн гол төсөл нь Канадын Онтарио дахь “Hardrock” аж. Энэхүү төсөл нь хэрэгжүүлж эхлэх шатандаа буй. 2019 онд уг төслийн ордыг 7.01 сая унц алтны нөөцтэй гэж үнэлжээ.          

Э.Од