Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Монголд олборлож дуусаад хаалтын нөхөн сэргээлт хийсэн томоохон уурхай байхгүй

Уул уурхайн хайгуул, олборлолтын үед байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүртэл багасгахыг нэн тэргүүний зорилтоо болгон ажилладаг “Саусгоби сэндс” ХХК-ийн ХАБЭА, байгаль орчны хэлтсийн дарга Д.Ариунболдтой Уул уурхайн салбарын төслүүдийн байгаль орчны үнэлгээ,   хэрэгжилтийн   талаар MMJ-ийн Л.Номинцэцэг ярилцлаа. 

Уул уурхайн төслүүдэд байгаль орчны үнэлгээний дагуу ямар ажлууд хийдэг вэ? 
Аливаа төслийг эхлэхийн өмнө байгаль орчинд ямар сөрөг үзүүлэхийг эрэмблэн тооцоолно. Дараа нь бууруулах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах гээд үе шаттай. Байгаль орчинд үзүүлэх нөлөөг байж болох хамгийн доод төвшинд хүргэх мөн төслөөс эдийн засгийн хувьд ашиг олох үйл явцыг   зөвшөөрсөн үйлдэл гэж томьёолж болно. 

Байгаль орчны үнэлгээний тухай хууль, журам, үнэлгээ хийх аргачлалыг сайжруулах шаардлага бий юу? Байгаль орчны үнэлгээг боловсруулахад хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?
Монгол Улсын байгаль орчны үнэлгээний тухай хууль холбогдох журам болон үнэлгээ боловсруулах аргачлалыг сайжруулах шаардлагагүй гэж бодож байна. “Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”  /2014/ болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалыг  шинэчлэн боловсруулж баталсан. Тэр аргачлалууд дээр  хэн,  хэрхэн ажиллахыг  хангалттай тусгасан.  Байгаль орчны үнэлгээг боловсруулахад хууль эрх зүйн орчин бүрдсэн. Гол нь гүйцэтгэлээ чанаржуулж, үнэлгээ гүйцэтгэж байгаа төслийнхөө талбай дээрээ сайн хүрч ажиллах хэрэгтэй. Дүрэм, журам, аргачлал байхгүйдээ асуудал үүсээд байдаг уу  гэвэл үгүй.  Байгаа дүрэм, журам, хуулиа сахин биелүүлэх, чанартай гүйцэтгэх тал дээр л алдаа   байна. Үнэлгээний компани, нөгөө талаас захиалагч тал төсөл хэрэгжүүлэх газар дээрээ хүрч ажиллахыг шаардах хэрэгтэй. 

Байгаль орчны үнэлгээ хийх зөвшөөрөлтэй 90 гаруй үнэлгээний байгууллага бий, үнэлгээний компаниудад нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байна уу? 
Байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг /ус, агаар, хөрс, ургамал, амьтан/ тус бүр дээр мэргэжлийн хүмүүс ирж ажиллаж байгаа ч уул уурхайн салбарт ажиллаж үзээгүй хүмүүс байх жишээтэй. Туршлагатай боловсон хүчин хомс. Уул уурхайн төсөлд үнэлгээ хийхдээ шүүрлийн ус яг бодит байдал дээрээ уурхайн хананаас ямар эрчимтэй шүүрч гардаг, хаана очиж тогтдог талаар ойлголт, мэдлэг хэрэгтэй. Шимт хөрсийг хуулаад зөөж байрлуулах алхмыг нь боловсруулахдаа /үерийн зам, салхины чиглэлийн дээр/ өртөж болох эрсдэлт хүчин зүйлсийг тооцоолж байж, тэр нь  хэрэгжүүлэхэд хялбар, хөрсөн дээрээ буусан тайлан болно.

Тэгвэл уурхайд байгаль орчны нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж чадаж байна уу? 
Уурхайд байгаль орчны нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж чадахгүй байна. Энэ бол байгаль орчны мэргэжил эзэмшсэн, тэр дундаа уул уурхайн байгаль орчны чиглэлээр үйлдвэрлэл дээр нь 10 жил ажилласан миний хувьд хамгийн эмзэглэж явдаг зүйлийн нэг. Юунд эмзэглэж явж байна вэ гэвэл энэ бол ганц нүүрсний уурхай ч биш.   Монгол Улсын хэмжээнд байгаа жижиг том гэлтгүй, алтны шороон орд, зэс, жонш, хүдэр гээд өөр шохойн чулуу, түгээмэл тархацтай байгалийн баялаг олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь байдаг нийтлэг дутагдал бол тухайн төсөл дээр байгаль орчныг нь хариуцсан мэргэжлийн хүн байхгүйд оршино. Төслийн ерөнхий инженер эсвэл олборлолтын ерөнхий инженер нь байгаль орчны асуудлаа давхар хариуцах, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан холбогдох газар /Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар/-аар батлуулах гээд явж байдаг. Мэдээж томоохон уурхай /”Оюутолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс”, МАК гэх мэт/  бол тусдаа бие даасан байгаль орчны салбар нэгжтэй ажиллаж байгаа. Бусад жижиг, дунд уурхайнуудын хувьд дээр дурдсан зүйл түгээмэл байдаг нь бодит үнэн.

Төслийн ерөнхий инженер эсвэл олборлолтын ерөнхий инженер нь байгаль орчны асуудлаа давхар хариуцаж болохгүй гэсэн дүрэм, журам зохицуулалт болон хуулиар хориглосон заалт байхгүй. Гэхдээ байгаль орчин дээр мэргэжлийн хүн ажиллаж байж байгаль орчны нарийн зүйлүүдээ тусгах боломжтой болно. Эсрэгээрээ тухайн төслийн уурхайн олборлолт, төлөвлөлт, уулын ажлын төлөвлөгөөг байгаль орчны мэргэжилтэн нь давхар хариуцаад  явж байгаа тохиолдлыг би л лав хараагүй. Тэгэхээр нөгөө байгаль орчны мэргэжлийн үнэ цэнэ хаана явна вэ. Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газраас холбогдох яамдуудад чиглэл өгөөд Өмнөговь аймаг /миний мэдэж байгаагаар 7 аж ахуйн нэгжийн 11 лиценз/, Архангай аймаг, бусад аймагт 20 орчим ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргахдаа байгаль орчинтой холбоотой /Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь заалт/ асуудлаар цуцалсан. Тухайн төсөл хичнээн мөнгөтэй, техник хэрэгсэл сайтай, мундаг төлөвлөлтийн инженертэй байгаад хэрэг алга. Байгаль орчин  хариуцсан нарийн мэргэжлийн хүнгүй байсны   үр дүн гэж харж болно. Компанийн техник хэрэгсэл, өмч хөрөнгө бол тухайн компанийн л өмч, харин байгаль орчин бол бүх нийтийн өмч.

Уул уурхайн төсөл эхлүүлэхэд байгаль орчинтой холбоотой хичнээн төрлийн үнэлгээ хийх шаардлагатай байдаг вэ? 
Ерөнхийдөө 4-5 гэж ойлгож  болно. Гэхдээ  байгалийн баялгийг ямар технологиор ашиглах гэж байна вэ гэдэг нь хэдэн төрлийн үнэлгээ хийхийг шийдэх гол үндэс болно. Үүнд: 
1. Ерөнхий үнэлгээ 
2. Ерөнхий үнэлгээ  зөвшөөрвөл нарийвчилсан үнэлгээ  
3. Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ. Химийн бодис ихээр ашиглах эрсдэл өндөртэй төслүүдэд хийх шаардлагатай. 
4.Эрсдэлийн үнэлгээ  зэрэг орно.
Манайд бол энэ дөрвөн үнэлгээний алиныг нь хэн, хэзээ хийх нь  тусдаа журмаар зохицуулагдсан. Энэ талаар дэлгэрэнгүйг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн А-117 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтад бий.  

Манайд одоогоор эрх зүй бүрдээгүй нэг зүйл бол нийгмийн лиценз /social license/.  Үүнийг 5 дахь үнэлгээ гэдэг утгаар 4-5 гэж тайлбарлалаа. 

ТЭЗҮ-д зориулсан Байгаль орчны үнэлгээг ямар шаардлагаар хийлгэдэг вэ? Төслийн ТЭЗҮ, Үнэлгээг хамт хийлгэхийн давуу тал юу вэ? 
ТЭЗҮ-д зориулсан Байгаль орчны үнэлгээг тухайн төсөл хэрэгжсэнээрээ эдийн засагт ашигтай ч байгаль орчинд аюултай, хортой нөлөө үзүүлбэл, тухайн төслийг хэрэгжүүлэх шаардлага байна уу, үгүй юу гэдгээ хянах зорилгоор  хийдэг. Төслүүдийн ТЭЗҮ, Үнэлгээ хамт хийлгэхийн давуу тал нь тухайн төслийн гол материалууд  хоорондоо уялдсан байх явдал. ТЭЗҮ-д байгаль орчны  сэдэв нэлээд хэсгийг эзэлдэг.  Байгаль орчин талаа хэдий чинээ сайн тооцоолж, үнэлж бууруулах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах ажлуудыг төлөвлөж, тусгах чинээгээр  хариуцлагатай төсөл болж,  удаан хэрэгжих үндэс болно. Үүнийгээ дагаад  олон улсад хэрэглэгддэг нийгмийн лиценз авах нөхцөл бүрдэнэ.

Уул уурхай  хөгжсөн бусад орон  байгаль орчны үнэлгээгээ хэрхэн хийдэг вэ? 
Байгаль орчны үнэлгээг бусад оронтой харьцуулахад дундаас арай  доод түвшинд л  боловсруулдаг гэж би хувьдаа үздэг.   Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд 20 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаагаар   хөгжил нь тодорхойлогдох болов уу. Тухайлбал, Канад, Австрали улсууд шиг 200, 300 жилийн туршлага манайд  алга.  “Монголд яг олборлож дуусаад хаалтын нөхөн сэргээлт хийсэн томоохон уурхай байхгүй. Бүгд л   бүтээн байгуулалтаа хийж, олборлолтынхоо эд үед зарим нь  бүр эхэн үед явж байна”.

Байгаль орчны нөлөөллийг бууруулах, боломжийг нэмэгдүүлэх ажлыг хэрхэн төлөвлөдөг, байгаль орчны үнэлгээгээ ямар давтамжтай хийлгэх вэ?
Байгаль орчны нөлөөллийг бууруулах, боломжийг нэмэгдүүлэх ажлыг тухайн төслийн тэр жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тодорхой тусгаж хөрөнгө, хариуцах эзэн, хугацаа тавьж   жилийн эцсээр биелэлтийг нь тайлагнана. Тухайн төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн баталсан /төслийн хүчин чадал нэмэгдсэн эсвэл буурсан/  тохиолдол бүрд байгаль орчны үнэлгээг хийлгэнэ. Ер нь дэлхийн хаана ч байгалийн баялгийг ашиглаж байгаа төсөл байгаль орчинд 100% сөрөг нөлөөгүй байна гэж үгүй. Түүнийг нь дэлхийн улс гүрнүүд ойлгож мэдээд мэргэжлийн хүмүүсээр нь судлуулаад нөлөөлөх байдлын үнэлгээ   хийж байна. 

Уурхайн хаалт, үйлдвэрлэлийн дараах газар ашиглалтыг байгаль орчны тайландаа хэрхэн тусгадаг вэ? 
Уурхайн хаалтын төлөвлөгөөг олон улсад бол уурхай эхлүүлэхээс өмнө шаардах, төрийн байгууллагаар батлуулсан байх 5 чухал бодлогын бичиг баримтын нэгэнд хамруулдаг. Манайд эрх зүйн орчин бараг байхгүй. Бараг гэдэг нь уурхай хаагдахаас   3 жилийн өмнө боловсруулж төрийн байгууллагаар хянуулж батлуулах бүрхэг  тойм заалттай. Уурхай хааснаас хойших газар ашиглалтын асуудлыг уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулахдаа маш чухал хэсэг болгон   орон нутагт хэлэлцүүлэг хийж тухайн бүс нутгийн иргэд  тухайн орчныг ирээдүйд ямар зорилгоор /бэлчээр, газар тариалан, дэд бүтцийг ашиглаад аялал жуулчлалын бүс гэх мэт/ ашиглах хүсэл сонирхолтой байгааг мэдэж баталгаажуулсаны  үндсэн дээр уурхайн хаалтын төлөвлөгөө, зардал, гүйцэтгэх ажлын хаалтын цар хүрээг гаргаж ирдэг хамгийн чухал хэсэг юм. 

Чухамдаа үйлдвэрлэлийн дараах газар ашиглалтыг ямар байлгах хүсэлтэй байгааг тодорхойлсноороо уурхайн хаалтын төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулах вэ гэдэг чиглэл тодорхой болно гэсэн үг. Уурхайн хаалтын төлөвлөгөөг олон улсын жишигт нийцүүлэн орон нутгаас удаа дараа саналыг нь авч баталгаажуулан түүн дээрээ тулгуурлаад хаалтын төлөвлөгөөгөө бодит боловсруулсан компани бол “Саусгоби сэндс“ юм.