Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Үйл явдал

“Build Mongolia 2020” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ

 

“Бүтээн байгуулалт 2020”  буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар  оролцож, үг хэллээ.

“Та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр Монгол бүтээн байгуулалт үзэсгэлэнгийн анхны дугаарыг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн үзэсгэлэнг барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг нэгэн дээвэр дор нэгтгэн “Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулж байгаа юм. Өнөө жил дэлхий дахинд тохиосон онцгой нөхцөл байдлын улмаас бизнес, эдийн засгийн харилцаанд олон бэрхшээл учирсан ч Build Mongolia олон улсын чанартай арга хэмжээ болж байна. Ер нь, бид яагаад бизнесийн үзэсгэлэн хийдэг вэ? Зах зээлийг боловсруулж бэлтгэх, технологио танилцуулах, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлж, хөгжлийг хурдасгах зорилго агуулдаг. Чухамхүү эдгээр салбарын хөгжил, хамтын ажиллагаа өнөөгийн дэлхий ертөнцийг бүтээн байгуулж байна. Эдгээр салбарын хамтын ажиллагааны үр дүнд хүн төрөлхтний амьдрах, ажиллах орчин бүтээгдэж ирсэн” хэмээн “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нээлтийн үгэндээ  тодотголоо.

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Энд байгаа  нийт хүмүүс Монгол орны бүтээн байгуулалтад сэтгэл зүрхээрээ оролцож байна. Монгол Улсын 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байна. Энэ оны төгсгөл гэхэд бүх аймаг авто замаар холбогдоно. Ийм томоохон бүтээн байгуулалтын ажилд техник, технологийн дэвшил чухал үүрэгтэй. Техник, технологийн нэвтрүүлснээр эдийн засгийн болон хүн хүчний үр ашигтай үйл ажиллагаа бий болгох, цаг хугацаа хэмнэх гээд олон давуу талтай болдог. “Build Mongolia 2020” үзэсгэлэн энэ бүхэнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.   

Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон “Барилга байгууламжуудын хуучирсан байдал, стандартыг хангаагүйгээс эрчим хүчний алдагдал бий болж байна.  Улаанбаатар хотод ойрын үед эрчим хүчний хэрэглээ ихээхэн нэмэгдэнэ. Тиймээс эрчим хүчний алдагдлыг бууруулах шаардлагатай. Энэ тал дээр хатуу бодлого дэвшүүлж ажиллах, эсхүл эрчим хүчний дутагдалд орох гэсэн хоёр сонголтын өмнө бид ирж байна” гэлээ.    

Энэ удаагийн үзэсгэлэнд арав гаруй улсын 50 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, Канад, Чех, Япон, Англи зэрэг орны барилга, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүчний ханган нийлүүлэгчид, Элчин сайдын яамд  Монгол дахь  салбар, төлөөлөгчийн газраараа дамжуулан оролцож байгаа юм.  Үзэсгэлэнгийн үеэр Монголын барилга, эрчим хүч, хүнд үйлдвэр, зам тээврийн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөөний танилцуулга, илтгэлүүд явагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, хурал чуулган зохион байгуулж ирсэн туршлагатай “Экспо Монгол” ХХК  хариуцан ажиллаж байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг тус тус дэмжин оролцож байна. “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр “Юнитра” ХХК ажиллаж байгаа юм.  

Үзэсгэлэнгийн эхний өдөр Барилгын форум зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Монгол Улсын барилгын ногоон хөгжлийн бодлого зохицуулалт, стандарт”, “Эрчим хүчний хэмнэлтэй барилгын санхүүжилтийн механизм болон тавигдах шаардлага” зэрэг илтгэлийг оролцогчдод  танилцуулах юм. Хоёр дахь өдөр нь, “Зам, эрчим хүчний компаниудын онцлох бүтээгдэхүүний танилцуулга” сэдвээр өрнөж, зам, тээврийн бүтцийн хөгжлийн бодлого, замын барилгын хөгжил, технологи, эрчим хүчний бодлого, үйлдвэрлэл, зах зээл сэдвээр сонирхолтой илтгэлүүдийг танилцуулахаар төлөвлөсөн байна.  Үүн дотор сэргээгдэх эрчим хүчний хөгжил сэдэвт илтгэлүүд багтжээ.


Г.Идэр