Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Уул уурхайд ил тод байдлыг хангах блокчейн технологийн хувьсал

Э.Оджаргал


Блокчейн гэхээр крипто валют буюу биткойн гэж ойлгох ойлголт түгээмэл. Биткойн нь блокчейн технологид тулгуурласан хэдэн зуун аппликейшнээс хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан ердөө нэг л төсөл юм.

Хүн төрөлхтний уламжлалт санхүүгийн харилцаа Засгийн газар, банк, нотариат зэрэг итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотой явагдаж ирсэн. Тэрхүү үйл ажиллагаанд гуравдагч талын зардал, чирэгдлээс гадна авлига, үл итгэлцлийн асуудал үүсдэг сул талтай. Хамгийн түрүүнд санхүүгийн салбарт нэвтэрсэн блокчейн технологи бол тархалттай бүртгэлийн систем бөгөөд дундын зуучлагчгүй шууд харилцах дэд бүтэц гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл нээлттэй, шилэн дансны зарчмаар бүртгэгддэг. Хараат бус, гуравдагч талын оролцоогүйгээр үндсэн хэрэглэгч өөрөө хянах тогтолцоо юм. 

Эдүгээ улс орнууд блокчейн технологийг дан ганц төлбөр тооцооны хэрэгсэл бус банк санхүүгээс эхлээд уул уурхай, хөдөө аж ахуй, цэрэг арми, цаашлаад нийгэм, улс төрийн бүтэц гээд бүхий л салбарт нэвтрүүлж ил тод, тунгалаг байдлыг хангахад анхаарч байна. Сүүлийн жилүүдэд тээвэр, аялал жуулчлал болон уул уурхайн салбарт түлхүү нэвтэрч байна. Уул уурхайн үйлдвэрлэл олон тэрбум хөрөнгө эргэлддэг салбар бөгөөд оновчтой үйл ажиллагаанаас компанийн орлого, ашиг шалтгаалдаг. Тиймээс дэлхийн уул уурхайн томоохон компаниуд худалдаандаа блокчейн технологийг ашиглаж эхлээд буй. Үүнд ч чамгүй хөрөнгө оруулж байна.  Компаниуд түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлэхэд блокчейн технологийг ашиглаж байна.

Кобальт. Авто машин үйлдвэрлэлийн “Форд”, компьютерын үйлчилгээний IBM корпораци, Өмнөд Солонгосын “LG Chem”, БНХАУ-ын “Huayou Cobalt” компаниуд хамтран Конго улсын кобальтийн уурхайн нийлүүлэлтийг хянах блокчейн системийг боловсруулах төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг шалтгаан нь уурхайд хүүхдүүдийг ажиллуулдаг тухай ташаа мэдээлэл цацагдсантай холбоотой. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд уурхайн үйлдвэрлэл хууль ёсны дагуу явагддагийг тухайн орон нутагт нотлох боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Түүхий эдийн нийлүүлэлтийг хянах системийг IBM компанийн блокчейн платформд түшиглэх бөгөөд итгэмжлэгдсэн ханган нийлүүлэгч болохын тулд орон нутгийн уул уурхайн компаниуд, уурхайчид төвлөрсөн системийн сүлжээнд холбогдох шаардлагатай аж. Хятадын “Huayou Cobalt” нь уурхайгаас олборлосон түүхий эдээ “LG Chem”-ын метал боловсруулах үйлдвэрт, бэлэн бүтээгдэхүүнээ “Форд” үйлдвэрт нийлүүлдэг байна. Энэхүү сүлжээг блокчейн платформын тусламжтайгаар хянахдаа, тухайн түүхий эд болох кобальтын найрлагыг шинжилж, олборлосон уурхайн гарал үүсэлтэй нийцэж буй эсэхийг мөн хянах ажээ. 

Төмрийн хүдэр. “BHP Group” мөн л блокчейн технологийг түшиглэн олборлолт, нөөц хадгалалт болон нийлүүлэлтийг сүлжээгээ хянаж эхлээд байгаа юм. Тус компани нь геологи хайгуулын ажил болоод түүхий эдийн нийлүүлэлтэд томоохон сүлжээтэй бөгөөд үүндээ маш олон компанийг гүйцэтгэгчээр ажиллуулдаг. Энэ оны тавдугаар сард “BHP Group” нь анх удаа блокчейн платформыг ашиглан Хятадын Baoshan Iron & Steel (Baosteel) компанитай төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хэлэлцээрийг байгуулж, худалдаа хийсэн юм. Ингэхдээ 14.1 сая ам.доллар буюу 100 сая юаниар төлбөрийн тооцоогоо хийжээ.Цаашдаа тус компани нь төмрийн хүдрийн худалдаандаа блокчейн ашиглана гэдгээ мэдэгдэж байна.

“Baoshan Iron & Steel” компанийн хувьд энэ онд блокчейн платформаар хийсэн 3 дахь худалдааны хэлэлцээр юм. Ийм төрлөөр өмнө нь “Vale” болон Rio Tinto зэрэг төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгчдээс түүхий эд худалдан авчээ. Худалдан авалтын төлбөрийг мөн л юаниар хийжээ.

Алт. Австралийн стартап “Meld Gold” компани блокчейны платформаар алтны худалдаагаа 2020 оны гуравдугаар улирлаас эхлүүлэхээр зэхэж байна. Ингэснээр нийлүүлэгч тал алтыг гулдмайгаар хадгалах шаардлагагүй болно гэж тус компани үзжээ. Блокчейн платформ  ашиглалтаас өмнө алтны худалдаа эрхлэгч олон компаниудтай гэрээ байгуулснаа “Meld Gold” компанийн Ерөнхий менежер А.Ж. Милнийн мэдэгдсэн байна. Тэрбээр, блок­чейн технологид түшиглэсэн худал­даа­ны энэхүү платформ нь аудитын байнгын хяналт, шалгалтад хамраг­дах бөгөөд платформын дүрмийг зөрчсөн компаниудад хатуу шийтгэл онооно гэдгийг ч онцолжээ.

Нефть. Газрын тосны салбарт блокчейн технологийг Мексикийн төрийн өмчит “Pemex” компани ашиглаж буй. 2019 оноос Хятадын төрийн “Sinochem“ группын охин компани “Sinochem Energy Technology” нь “Shell”, “Macquarie” корпорациудтай хамтран газрын тосны үйл ажиллагаандаа блокчейн платформыг нэвтрүүлээд байгаа юм. Компаниудын хувьд бүгд нийлүүлэлтийн сүлжээгээ хянаж, ил тод байдлыг хангах зорилготой. Дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн гигант “Saudi Aramco” компани 100%-ийн охин компани “Saudi Aramco Energy Ventures”-ээр дамжуулан блокчейн технологийг худалдаандаа хэрэглэж байгаа бөгөөд илүү зардлаа 40%-иар хэмнэж чаджээ. Тэгвэл уг технологи нь газрын тосны салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэж ОПЕК үзэж байна. Энэ тухай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гишүүн орнуудын уулзалтын үеэр албан ёсоор мэдэгдсэн юм. ОПЕК-ийн хувьд блокчейн технологийг гишүүн орнуудын үйлдвэрлэл,боловсруулалт, эрчим  хүчний хэрэглээ болон боловсон хүчний мэдээллийн сан бүрдүүлэхэд ашиглахаар судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Өнөөгийн газрын тосны үйлдвэрлэлийн чиг хандлагыг өргөн цар хүрээгээр тодорхойлох боломжтой гэж ОПЕК харж байгаа юм.

Эрчим хүч ба нүүрс. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний 200 гаруй төсөл блокчейн технологийг түшиглэн хэрэгжиж байна. Нийт төслийн 10 гаруй хувь нь төрийн өмчит компанид байгаа нь сонирхолтой. Өнөөдөр Европын эрчим хүчний худалдааны 40 гаруй тэргүүлэгчид, тухайлбал Италийн “Enel”, Германы “RWE”, Голландын “Tennet Holding BV” зэрэг компаниуд үйл ажиллагааныхаа бүхий л сүлжээг блокчейн технологи руу шилжүүлж, хэрэглэгчидээ энэ платформд идэвхтэй холбож байна. Блокчейн технологи нь асар их эрчим хүч “ууна”. Тиймээс нүүрс ч хог болохгүй гэдгийг олон улсын шинжээчид тодотгож байгаа юм.

Ган. Канадын Засгийн газраас нь гангийн салбартаа блокчейн технологийг нэвтрүүлэхээр эхний ээлжинд 130 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Хяналтын системийн платформыг боловсруулах ажлын гүйцэтгэгчээр стартап “Mavennet”  компанийг сонгожээ. Канад нь гангийн бүтээгдэхүүний гарал үүслийг хянахад илүү анхаарах аж. Учир нь АНУ-ын татвараас “зугтааж” өөр улсаас ган нийлүүлж буй гэсэн тус улсын хардлагад цэг тавина гэж Канадын эрх баригчид үзэж байна. Шинэ технологийг нэвтрүүлснээр, Канадын гангийн компаниудын өрсөлдөх чадварыг ч нэмэгдүүлэхэд чухал алхам болно гэдэгт тус улсын Инноваци, шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжлийн сайд итгэлтэй байна. Блокчейн технологид түшиглэн “Mavennet” компанийн боловсруулах систем амжилттай болох юм бол Канадын Засгийн газраас хоёр дахь удаагийн буюу 620 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэх эрхийг олгох аж.

Кени улсын стартап “Sawa Minerals” компани уул уурхайн салбарт шинэ технологийн системийг боловсруулж байгаа бол хойд хөрш Орос орон ч уул уурхайгаас гадна банк санхүүгийн салбартаа нэвтрүүлэхээр бэлтгэж, өргөн цар хүрээтэй судалгааны ажлуудыг явуулж байна. Хятад улс гэхэд блокчейнийг хөгжүүлэх Үндэсний сан байгуулахаар болжээ.  Энэ тухай өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотноо чуулсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал дээр тус улсын төрийн удирдагчид мэдэгдсэн юм. Блокчейн технологид түшиглэн улсын засаглалын тогтолцоог шинэчлэхээр бэлтгэж байна. Энэхүү технологийн хэрэглээ болоод хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч улс болох амбийцтай зорилтыг дэвшүүлсэн нь энэ.

Ийнхүү блокчейн технологи нь хүн төрөлхтний ирээдүй бус хэдийн бизнесийн нэг хэсэг болжээ. “Deloitte” компаниас жилд 500 сая ам.доллараас дээш борлуулалттай мянга гаруй компанийн төлөөлөгчдийн дунд судалгаа явуулахад, АНУ, Канад, Мексик, Хятад,Франц, Их Британийн компанийн төлөөлөгчдийн 1/3 нь блокчейн технологийг ашиглаж байгаа бол 40 гаруй хувь нь ойрын жилд бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Олон улсын томоохон байгууллагуудад үйлчилдэг “Markets & Markets”-ийн судалгаагаар 2022 он гэхэд блокчейн технологид суурилсан үйлчилгээний зах зээл 8 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.
Монгол Улсын хувьд цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын зорилт бий. Блокчейн бол интернетийн дараа орох технологийн хамгийн том шинэчлэл гэдгийг аль шатанд ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ чиглэлээр эхний алхмууд ч хийгдэж байна. Шинээр бүрдсэн УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08)дотоодын бонд гаргах асуудлыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Урд өмнөх шиг арилжааны банкуудаас зээл авахгүй. Блокчейн технологи дээр үндэслэсэн онлайнаар шууд худалддаг орчныг бүрдүүлсэн. Монгол Улсын иргэн хэн боловч оролцоод Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах нөхцөл бүрэн бүрдээд жил болж байна. Шаардлага гарвал дотоодын бонд гаргана” хэмээсэн юм. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо блокчейн технологийн талаар судлах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хоёр жилийн өмнө “Ард” санхүүгийн нэгдлээс Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Крипто үндэстэн” анхдугаар чуулга уулзалтаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, блокчейн технологид тулгуурлан төрийн албаны тунгалаг байдлыг хангах гарц гэж харж буйгаа онцолж байв. Дэлхийн анхны тоон элчин сайдын яамыг интернет орчинд байрлуулах ажил бодитой хийгдэж буйг ч тэрээр дурдсан юм. 

Монгол Улс хүн ам цөөн, өргөн уудам нутагтай. 21 аймгийн  330 гаруй сумдыг холбосон хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул талыг нөхөх блокчейн технологийн хэрэгцээ их байх нь лавтай. Тэр дундаа эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхайд ил тод, тунгалаг байдал учир дутагдалтай гэсэн шүүмж их. Зөвхөн уул уурхай гэлтгүй мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах нэг боломж бол блокчейн технологийн ашиглалт юм.  
 

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (127.0.0.1)
    Та бөөр, биеийн эд эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 09 сарын 08 | Хариулах