Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Зэсийн ханш 6000 ам.доллар давлаа

Лондоны металын бирж дээр даваа гаригийн байдлаар (2020.07.06) нэг тонн зэсийн ханш 6112 ам.долларт хүрч хаагдсан байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс хойших хамгийн өндөр дүн боллоо. 

Зэсийн ханш ийнхүү өсч байгаа нь дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 25%-аас илүү хэсгийг бүрдүүлдэг Чили улсын уурхайчдын дунд шинэ коронавирусийн өвчлөл өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа тухай шинжээчид тайлбарлалаа. Тухайлбал нийт 2433 уурхайчин уг өвчний халдвар авсан болохыг Чилийн зэс олборлолтын чиглэлээр ажилладаг төрийн өмчийн “Codelco” компани мэдээлсэн байна. Улмаар компанийн зэсийн томоохон төсөл болох El Teniente уурхайн өргөтгөлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болсон ажээ. 

Харин зэсийн гол хэрэглэгч улс Хятадын зэсийн импорт өнгөрсөн тавдугаар сард бууралттай гарсан. Тодруулбал, тавдугаар сард нийтдээ 1.69 сая тонн зэсийн баяжмал импортолсон нь дөрөвдүгээр сард 2.03 сая тонн баяжмал импортолсонтой харьцуулахад мэдэгдэхүйц бууралттай гарсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Хятадын хувьд 2019 оны тавдугаар сард 1.84 сая тонн зэсийн баяжмал импортолж байжээ. 

Цэвэр зэсийн импортын тухайд Хятад улс тавдугаар сард 436 мянган тонн бүтээгдэхүүн импортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үед 361 мянган тонн зэс импортолж байсантай жишихэд харьцангуй өссөн. Гэвч энэ оны дөрөвдүгээр сарын цэвэр зэсийн импорт 461.5 мянган тонноор илэрхийлэгдэж байсантай харьцуулахад тавдугаар сарын дүн бууралттай гарсан юм.

Ийнхүү Хятадын зэсийн импорт буурсныг дэлхий даяар өрнөж буй хөл хорионы дэглэмийн улмаас түүхий эдийн эрэлт буурсантай холбон тайлбарлаж байна.

Гэхдээ Хятадын эдийн засгийн сэргэлт сайжрах хандлагатай байгаа бөгөөд өчигдөр (2020.07.06) Шанхайн хөрөнгийн биржийн Shanghai Composite индекс сүүлийн таван жилийн хугацаан дахь дээд түвшинд хүрлээ. Үүнд хувь хүмүүс хувьцаа худалдаж авах болсон нь ихээхэн нөлөөлж байна. Гол нь Хятадын хувьцааны голлох индексүүдийн өсөлт удахгүй буурч мэднэ гэж “Capital Economics”-ийн шинжээч Марк Уиллиамс тайлбарлажээ. 

Нөгөөтэйгүүр, АНУ-ын төр засаг эдийн засгаа эрчимжүүлэх нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна. 


Б.Төгс