Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байгаль орчин

“Ногоон” Рио Тинто ба Тавантолгойн станц

 

  • Урт хугацаанд буюу 2050 он гэхэд Рио Тинто-ийн үйлдвэр, уурхай хүлэмжийн хийн ялгаралгүй болно, гэхдээ хэрхэн гэдэг асуулт тулгарч байна.
  •  
  • Богино хугацаанд буюу 2030 он гэхэд тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтаа 15%-иар бууруулна.
  •  
  • Одоогийн байдлаар компанийн хэрэглэж буй цахилгааны 76% нь сэргээгдэх эрчим хүч байна.

Б.Төгсбилэгт

The Mongolian Mining Journal /003.March 2020/

Дэлхийн уул уурхайн хоёр дахь их “айл” болсон “Рио Тинто” компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүр бардам тэмцэж байна. Тус компани 2018 онд өөрийн хөрөнгийн жагсаалтаас сүүлчийн нүүрсний уурхайгаа “үдэж” гаргаснаар чулуужмал түлшнээс ангижирч чадсан анхны томоохон компани гэдгээрээ бахархах болсон. Яг энэ үеэрээ тус компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхдугаар тайлангаа гаргасан. Тэгвэл саяхан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёрдугаар тайлангаа гаргаснаа тус компани зарлалаа. Энэ тайланд дурдсан хамгийн гол санаа нь “Рио Тинто”  нь бүхэлдээ хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно гэсэн агуулга байв. Тодруулбал  2050 он гэхэд  бүхий л хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг бүрэн арилгах зорилтыг дэвшүүлжээ.  Үүнд тус компанийн үйл ажиллагааны шууд болон шууд бус хүлэмжийн хийн ялгаруулалтууд хамаарна. 
 

Энэ тухай тус компани хоёрдугаар сарын 26-ны өдөр мэдээлсэн. Гэхдээ энэ зорилт зүгээр л “үнэгүй” хүрээд ирэхгүй гэдгийг “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак онцоллоо. Түүний хэлсэн санаа нь   энэ чиглэлд илүү их хөрөнгө оруулалт хийнэ гэсэн утгатай. Ирэх таван жилийн хугацаанд тус компани нийтдээ нэг тэрбум ам.долларыг энэ чиглэлийн төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээнд зарцуулах ажээ. 


2020 онд санхүүжилт хийгдэх зарим төслүүд:

•    Пилбара дахь 34МВт-ын нарны станц болон цахилгаан хураагуурын байгууламжийн 98 сая ам.долларын цогц төсөл 
•    ELYSIS хөнгөн цагаан хайлуулах  “ногоон” технологийн төсөл
•    Хүлэмжийн хийн ялгаруулалт багатай машин

•    Baowu Steel групп болон Цинхуа их сургуультай хамтарсан судалгаа

“Рио Тинто” сүүлд гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн тайландаа 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын эрчмийг (carbon intensity) 2018 оныхтой харьцуулахад 30%-иар, бодит ялгаруулалтын хэмжээг 15%-иар (4.8 сая тонноор) тус тус бууруулах ойрын хугацааны зорилтыг дэвшүүлсэн. Эдгээр богино хугацааны зорилтыг уур амьсгалын шинжээчид хэтэрхий сул байна гэж шүүмжлэл хүртээв. 
 

Гэхдээ “Рио Тинто” тавьсан зорилтоо давуулан биелүүлж мэдэх юм. “Рио Тинто” компанийн хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2019 онд 2008 оноос хойш 46%-иар бууруулсан байна (гэхдээ өөрийн эзэмшлийн зарим үйлдвэр, уурхайг зарснаар уг үзүүлэлт биелсэн. Тэдгээр хөрөнгийн арилжааг хасч тооцвол уг үзүүлэлт 18%-тай тэнцэнэ). Хүлэмжийн хийн ялгаруулалтын эрчмийг (carbon intensity) авч үзвэл уг үзүүлэлт 29%-иар буурсан. Өмнөх зорилтоор авч үзвэл дээрх хүлэмжийн хий ялгаруулалтын эрчмийн   үзүүлэлтийг (carbon intensity) 2020 он гэхэд 24%-иар бууруулна гэж заасан байсан юм. Иймд компанийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтоо давуулан биелүүлсэн байна. Одоогийн байдлаар “Рио Тинто”-ийн уурхайнуудын нийт хэрэглэж буй эрчим хүчний 76% нь сэргээгдэх эрчим хүч байна гэжээ. Энэ нь тус компанийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү чиглэж буйг харуулна. Хамгийн тод жишээ зэсийн уурхайнууд дээр нь ажиглагддаг. “Рио Тинто” Чилийн Эскондида, АНУ дахь Кэннэкоттын зэсийн уурхайнуудаа нар, салхины эх үүсвэрээс эрчим хүчээр хангаж байна. Энэ оны эхээр тус компани Австралийн Пилбара дахь Koodaideri төмрийн хүдрийн уурхай дээрээ 98 сая ам.долларын төсөв бүхий 34 МВт-ын нарны станц, эрчим хүч хуримтлуулах байгууламжийг байгуулахаар болоод байна. Энэ нь Пилбара дахь эрчим хүчний сүлжээнд холбогдох юм. 
 

“Рио Тинто” дөрвөн чиглэлээр  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллана. Үүнд ногоон технологид нэн чухал эрдсийг олборлох,  ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, нэмүү өртгийн сүлжээнд энэ чиглэлд түншлэл байгуулан ажиллах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх физик эрсдлээс (үер, хар салхи зэрэг байгалийн гамшиг) хамгаалах байдлаар ажиллахаар төлөвлөжээ. 
Уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн Засгийн газар, хувийн хэвшил, хэрэглэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжтой гэдгийг “Рио Тинто” онцолсон байна. 


Тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак шинэ технологи, түншлэл, Засгийн газрын үр дүнтэй бодлого нь энэхүү зорилтийг биелүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх тодорхой арга замыг дэлхий нийт хараахан тодорхойлж чадаагүй байгааг мэдэгджээ.
Хэрхэн хүрэх нь тодорхойгүй “очих цэг”-ийг “Рио Тинто” яагаад дэвшүүлсэн нь зарим нэг үйл явдалтай холбоотой байж болох юм. Ердөө шинэ он гарахын өмнөхөн Европын холбоо 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаас ангид тив болно гэдгээ тун зоримгоор зарласан. “Рио Тинто” нь Английн компани болохын хувьд Европын холбооны зорилтыг биелүүлэхээс өөр гарцгүй билээ. Хэдийгээр Брэкситийн нөлөөгөөр Англи Европын холбооноос өрх тусгаарласан ч энэ нь тус улсыг Европоос доогуур стандарт мөрдөх учиртай гэсэн үг биш юм. 

 

Гэсэн ч шинжээчид “Рио Тинто”-ийн сүүлд гаргасан тайланд “хангалттай” гэсэн үнэлгээ өгөхгүй байна. Тухайлбал “Wood Mackenzie” байгууллага дэлхийн уул уурхайн хоёр дахь компанийг энэ чиглэлд илүү дорвитой ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. Австралийн “Market Forces” байгаль хамгаалах байгууллагын үзэж байгаагаар  “Рио Тинто”-ийн мэдэгдэл нь ердөө л эрчим хүч хэмнэлт, үр ашиг дээшлүүлэх тухай хэсэг арга хэмжээнээс хэтэрсэнгүй гэж шүүмжилжээ. Тус компанийн хувьд ирэх арван жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтаа даруй 30%-иар бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Парисын хэлэлцээрийн хүрээнд өгсөн амлалтаа хэрэгжүүлнэ гэвэл ийн ажиллах шаардлагатай гэж тайлбарлалаа. 
“Рио Тинто” компани нь анх 2005 оноос уур амьсгалын өөрчлөлтийн талаарх нөхцөл байдлыг авч үзэж эхэлсэн бөгөөд Парисын хэлэлцээр, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн төлөөх зорилтыг дэмжин ажиллахаа амлаад байгаа билээ. 
UBS банкны шинжээч Glyn Lawcock хэрэвзээ “Рио Тинто” компани Австрали дахь нүүрсээр ажилладаг хөнгөнцагаан  хайлуулах үйлдвэрүүдээ хаасан бол аль хэдийнэ 2030 оны зорилтуудаа хангах боломжтой байсан гэж мэдэгджээ. Тухайлбал ганцхан “Pacific Aluminium”-ийн эзэмшлийн хайлуулах үйлдвэрүүдийг хаахад л хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын хэмжээ нь 25%-иар буурах боломжтой ажээ. 


Тавантолгойн нүүрсний цахилгаан станцыг “сэргээгдэх” хувилбартай хослуулна

“Рио Тинто” компани ийнхүү “ногоон” болохоор идэвхийлэн хөдөлж буй үед Оюутолгой төслийн эрчим хүчний эх үүсвэрээр Тавантолгойн нүүрсний цахилгаан станц нэрлэгдэж байна. Одоогийн “Рио Тинто”-ийн зорилтоос үзэхэд урт хугацаандаа уг цахилгаан станцын баталгаат худалдан авагч нь хэн байх вэ гэдэг асуулт тулгарч болзошгүй байна. Тус компанийн сүүлд гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн тайланд “Рио Тинто” Оюутолгойн эрчим хүчний ногоон шийдэл гэхээс илүүтэй ус дахин ашиглалт буюу усны ариг гамтай хэрэглээг нэвтрүүлсэн тухайгаа илүү их онцолж тайлбарласан байна. Хэдийгээр ус дахин ашиглалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд маш чухал үзүүлэлт боловч “Рио Тинто”-ийн хувьд Оюутолгойн цахилгааны эх үүсвэрийн ногоон шийдлийг мартах боломжийг хөрөнгө оруулагчид өгөхгүй болов уу. 
 

Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газарт өргөн барьсан тухай “Туркойз Хилл Ресурс” компани мэдээлсэн. Эндээс нэг зүйл илүү тодорхой болсон юм. Энэ нь цахилгаан станц ашиглалтад орох хугацаа нэг жилээр хойшилсон явдал байв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тун чиг яаравчлан 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдөр ТТЦСтанцыг барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийг зохицуулах тухай” гэрээ байгуулсан. Энэ үеэр уг станц 2023 оны зургадугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй тухай Эрчим хүчний яам мэдээлсэн байдаг. Харин сүүлд өргөн барьсан ТЭЗҮ ёсоор уг хугацааг 2024 оны зургадугаар сар байхаар тусгажээ. Уг станцын хөрөнгө оруулалтын зардал нь 924 сая ам.доллар байх бөгөөд хүчин чадал нь 300МВт-аар хэмжигдэж байгаа юм. Уг төсөлд ус дамжуулах 55 км урттай хоолой болон цахилгаан дамжуулах 126 км шугамын дэд бүтэц багтсан. Станцын эзэмшлийн дийлэнх хувь Оюутолгой компанид оногдох бөгөөд уг станц нь Тавантолгой ордын ойролцоо орших учиртай. Иймд уг станц нь Цогтцэций сумын нутагт баригдах нь тодорхой болоод байна. 
Оюутолгой уурхай нь одоогоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иар дамжуулан өмнөд хөршөөс цахилгаан импортлон хэрэглэж байгаа юм. 

 

Гэхдээ “Рио Тинто” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станцын төсөлд нэмэлтээр сэргээгдэх эрчим хүчний шийдлийг оруулна гэж хэлж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Дотоодын эрчим хүчээр “Оюутолгой” төслийг хангах үүрэг нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тод тусгалаа олсон байгаа. Нөгөөтэйгүүр Оюутолгойн эрчим хүчний хангамжийг ногоон зарчмаар шийдэх нь “Рио Тинто”-ийн хувьд хөрөнгө оруулагчдаас хүлээсэн хойшлуулшгүй даалгавар болоод байна. Тэгэхээр “Рио Тинто” Тавантолгойн станцын дэргэд нар, салхины станцын аль нэгийг   байгуулахын хамтаар эрчим хүч хуримтлуулах байгууламж сүндэрлүүлэх нь бараг цаг хугацааны асуудал болоод байна.  Үүнийг Засгийн газартай ярьж зөвшилцөх ажил гол үүрэгтэй байх нь ойлгомжтой. Энэ тохиолдолд эдийн засгийн үр ашигтай байх эсэх нь “толгойны өвчин” болж буйг тус компани учирлаж байна. “Рио Тинто” энэ талаар сүүлд гаргасан тайландаа Оюутолгой зэс, алтны уурхайг одоогоор нүүрсний станцаас эх үүсвэртэй цахилгаанаар хангаж байгаа. Зардал багатай, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай шийдлийг хөгжүүлэх нь нэлээд амаргүй бөгөөд Засгийн газар болон бусад оролцогч талуудтай зөвшилцөх шаардлагатай гэж өгүүлжээ. 


“Рио Тинто”-ийн “ногоон” замнал

2019 оны байдлаар дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын түвшин 0.6%-иар нэмэгдэж 36.8 тэрбум тоннд хүрсэн бөгөөд 2014 оноос хойш хүлэмжийн хийн ялгаруулалтын эрчмийг бууруулах явц дэлхий нийтийн түвшинд төдийлөн ахиц гараагүй болохыг PwC тооцож гаргажээ. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон нийтийн анхаарал нэмэгдэж байгаа ч Парисын хэлэлцээрийн зорилтот түвшин болон дэлхийн одоогийн бодит нөхцөл байдлын түвшин хоорондын зөрүүтэй байдал улам бүр нэмэгдэж байгаа ажээ. 
 

“Рио Тинто” компани энэ оноос эхлэн хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг мэдээлэхдээ хувьцаа эзэмшдэг төслүүдийг ч мөн оруулахаар болж байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалтын тооцоололд шууд удирдлагын болон шууд бус удирдлага бүхий хувьцаа эзэмшдэг төслүүдээ оруулахаар тогтсон гэсэн үг юм. Үүнд Оюутолгой, Пилбара дахь зарим хамтарсан үйлдвэрүүд, Boyne Smelters Limited, Tomago Aluminium, Queensland Alumina Limited, Эскондида-ийн хувь эзэмшлийг оруулна гэсэн үг. 2018 оны хэмжээнд “Рио Тинто”-ийн үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 28.4 сая тонн хүлэмжийн хий ялгаруулсан гэсэн тооцооллыг тус компани хийсэн байдаг. Тэгвэл дээрх  төслүүдийг нэмж багтааснаар 2018 оны уг үзүүлэлт 31.8 сая тонн болж нэмэгдэх тухай “Рио Тинто” тайлбарлажээ. Цаашид тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээ бууруулахдаа уг үзүүлэлтийг үндэс болгох юм. Үүний 3.3 сая тонн хүлэмжийн хийн ялгаруулалт нь Зэс, очир эрдэнийн группд оногдож байна. 


Тус компанийн хувьд зэсийн чиглэлийн гурван төслийг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд АНУ дахь Кэннэкоттын зэсийн уурхай, Чили дэх Эскондида, Монгол дахь Оюутолгой гэсэн гурван төслийг нэрлэж болно. Тэгвэл Оюутолгойгоос бусад хоёр зэсийн төслийн хувьд урьд нь нүүрсний цахилгаан станцаар эрчим хүчээ хангаж байсан бол одоо сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болоод байгаа юм. 

 

Зэсийн төслүүдэд ийнхүү сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлж байгаа бол хөнгөн цагааны бизнестээ шинэ технологи хөгжүүлж байна. 2018 онд тус компани АНУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Алкоа”-тай хамтран Канадын Куэбэк мужид хүлэмжийн хийн ялгаруулалтаас ангид шийдлээр хөнгөн цагаан хайлуулах технологийг хөгжүүлж буй нь ELYSIS хамтарсан компани юм. Хөнгөн цагааны салбарт хүчтэй өрсөлдөгч гэж тооцогддог хоёр компани ийнхүү хүчээ нэгтгэсэн нь уг металын боловсруулалтад хувьсгал авчирч байна. Энэ нь уламжлалт технологи бүхий хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэж, үйлдвэрээс гагцхүү цэвэр хүчилтөрөгч дайвар бүтээгдэхүүн болон ялгарах ажээ. Уг технологи нь 2024 онд албан ёсоор худалдаанд гарах төлөвтэйг “Алкоа” компанийн зүгээс мэдэгдлээ. Энэ технологийн төслийг “Apple” компани болон Канадын төв Засгийн газар, Куэбэкийн Засгийн газар дэмжин ажиллаж байна.
 

Ногоон шийдэл бүхий энэхүү технологийг гагцхүү Канадад нэвтрүүлэхэд тус улсад хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд 7 сая тонноор бууруулах бөгөөд энэ нь 1.8 сая ширхэг автомашинаас ялгарах хүлэмжийн хийг арилгасантай тэнцэх юм.
 

“Рио Тинто” компанийн тухайд төмрийн хүдрийн худалдаанаас голлох ашгаа бүрдүүлдгийн хувьд гангийн нэмүү өртгийн сүлжээг байгальд ээлтэй болгох нь хамгийн чухлаар тавигдаад байна. Иймд тус компанийн хамгийн гол худалдан авагч болох Хятадын талтай судалгаа, шинжилгээнд  хамтран ажиллахаар санамж бичиг байгуулаад байна. Тодруулбал өнгөрсөн есдүгээр сард “Рио Тинто” Хятадын хамгийн том гангийн компани “Baowu Steel” групп болон Цинхуа их сургуультай хамтран гангийн нэмүү өртгийн сүлжээний хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах судалгаанд гар нийлж ажиллахаар санамж бичиг үйлдсэн юм. 
 

Тэгэхээр байгаль орчны аливаа асуудлыг шийдвэрлэх нь эцсийн дүндээ зардал нэмэгдэх асуудал болон хувирах нь бараг тодорхой болоод байгаа юм. Энэ тухайд тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Эрдэс баялгийн салбарын хувьд ядуурлыг бууруулахын зэрэгцээ баялаг бүтээх чиглэлд үргэлжлүүлэн төвлөрөх нь зүйн хэрэг. Үүний сацуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд анхаарах нь чухал болно. Гэхдээ үүний төлөө Засгийн газар, хувийн хэвшил, хувьцаа эзэмшигчид тодорхой хэмжээгээр золиос гаргах нь тодорхой” хэмээн ярьжээ. 
 

“Рио Тинто” нь дэлхийн хоёр дахь томоохон уул уурхайн компанийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого. Улам бүр тод зарлах болсон билээ. “Рио Тинто”-ийн уриа нь “Бид хүн төрөлхтний хөгжилд нэн чухал эрдсийг үйлдвэрлэнэ” гэсэн байдаг билээ. Тэгвэл одоо эрдсийн олборлолтыг илүү тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн явуулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох шийдэлд оролцож ажиллах болно гэдгээ илэрхийлээд байгаа юм.  


 

Comment (1)

  • Baldorj Chimeddorj (202.21.112.218)
    Ene tailang n yaj olokh ve? linkiin yavuulaach (baldorjch@gmail.com)
    2020 оны 04 сарын 20 | Reply