Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулахын учир юу вэ? 

Г.Идэрхангай

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 

1992 онд  анхны Үндсэн хууль хүнлэг ард­чил­сан, шударга, энэрэнгүй нийгмийг байгуулах, хамгийн гол нь Монгол Улсын бие даасан улс төрийн тогтолцоог төлөвшүүлэх чиг зорилготойгоор батлагдсан. Гэхдээ өнөөдрийг хүртлэх хугацаанд Монголын нийгэмд асар их зүйл өөрчлөгдсөнөөс гадна  алдсан нь ч бий, оносон нь ч бий.  Мэдээж хэрэг алдаа оноо бүхэн ганцхан Үндсэн хуультай холбоотой гэвэл том эндүүрэл болно. Сүүлийн 27 жилд парламентын 7, Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгууль амжилттай явагджээ. Амжилттай гэдэг нь сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх явдал хэвшил болж чадсан нь яалт ч үгүй том ололт юм.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр төрийн тогтвортой бодлогын дархлаа суларсныг үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль батлагдсанаас хойш нийт 14 удаа Засгийн газар байгуулагдсан ч хоёроос бусад нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорч байсан гашуун түүх бий. Тэр байтугай нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар огцорч, солигдож байж. Ямар сайндаа гадаадын нэгэн хөрөнгө оруулагч “Монголын Засгийн газар 2 жилийн  настай. Хоёр жилийн бодлоготой энэ улсад хөрөнгө оруулах маш хүндрэлтэй” хэмээн гашуун ч гэсэн үнэнийг хэлж байх вэ. Богинохон настай Засгийн газрын уналт болгон гадаадын хөрөнгө оруулалтад маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, тэр хэрээр эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарыг донсолгодог. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь дараах 4 багц асуудлыг хамарч буй. 

1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

3. Шүүх, эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт

Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн нийт 20 зүйлд, нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5%-ийг эзэлж байгаа юм. Түүнчлэн 2000 онд оруулсан 7 нэмэлт өөрчлөлтийн нэгийг нь уг эхээр сэргээж, 5-ыг нь өөрчлөн сайжруулахаар тусгаж.  УИХ-ын дарга Г.Занданшатар “дордуулсан 7 өөрчлөлтийг засах гэж байна” хэмээн саяхны нэгэн уулзалтдаа хэлсэн нь ийм учиртай. “Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтай ард түмэн эзэн байх зарчмыг тусгасан. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хүний эрхийг хангахын тулд засаглал хоорондын харилцан тэнцэл, хяналтын тогтолцоо сайн байх ёстой” хэмээн тэрээр Үндсэн хуулийн төслөө тайлбарлажээ. 

Монгол Улсын эдийн засаг байгалийн баялгаасаа нэн хамааралтай болсон энэ цаг үед  Үндсэн хуульдаа энэ талаар тодорхой зүйл, заалт оруулъя гэдэг санал нийгмийн зүгээс багагүй гарах боллоо. Эрдэс баялгийн нөөц эдийн засагт өсөлт авчирч байгаа ч нөгөө талдаа нийгэмд шинэ зөрчлийг  бий болгосон. Бий болгоод зогсохгүй  ашигт малтмалын ордуудад эзэн суух гэсэн бүлэглэл хоорондын тэмцэл гаарч, төрийн хямрал болтлоо ужгирч байгаа. Үүнээс зайлсхийх нэг арга нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  гэсэн байр суурьтай хүмүүс олон байна. Монгол Улсын ядуурлын түвшин 27.4%-тай. Энэ хувь хэмжээ жил ирэх бүр өссөн дүр зураг харагддаг. Үндсэн хуульд баялгийн нөөц ашигласны орлогыг тэгш  хуваарилах тодорхой зарчим, заалтууд байдаггүй нь үүнтэй холбоотой биз ээ. Бусад орны Үндсэн хууль буюу “эцэг” хуульд эрдэс баялгийн орлогын тэгш хуваарлилтын зохицуулалтыг маш тодорхой тусгасан байдаг. Илүү томруунаар хэлэхэд өнөөдөр  уул уурхайн салбар Үндсэн хуулийн тогтолцоонд томоохон сорилтыг авчирч буй. Тийм ч учраас  Үндэсний хэмжээний баялгийн санг Үндсэн хуульдаа тусгаж, баялгийн хараалаас хол байх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын цөөнгүй гишүүд, олон нийтийн зүгээс ч санал нэгдэж байна.

Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Энэхүү заалтын “төрийн өмч” гэдгийг “ард түмний өмч” гэж оноосон нэрээр солихыг зарим улс төрийн хүчин шаардах боллоо. Ингэж өөрчилж чадвал  төр засаг байгалийн баялагтай холбоотой аливаа шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асуудаг байх эрхийг баталгаажуулах аж. Юутай ч энэ хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн ерөнхий үгтэй хоёр өгүүлбэрийг суулгаж өгчээ. Нөгөө талаас Баялгийн сан байгуулж, орлогын дахин хуваарилах боломжийг Үндсэн хуулиар нээж өгөх оролдлого хийж байгаа нь дэвшил юм.   

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс харахад УИХ-ын хариуцлага, үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн заалтыг багцлан оруулж өгсөн байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох,  УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар бүрэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол УИХ өөрөө тарах,  УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах гэх мэт заалтууд оржээ. Нэг талдаа УИХ-ын хариуцлагын тогтолцоог чангатгах гэж байгаа ч нөгөө талдаа өмнө тулгарч, амаргүй нөхцөл байдалтай учирч байсан  улс төрийн хямралаас сэргийлэх нэг гарц нь энэ байж болох юм. Гэхдээ  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хэр эрсдэлтэй вэ гэдгийг ч бас харах хэрэгтэй. Монголын нийгэмд  шударга ёс тогтооход Үндсэн хууль үйлчлэх ёстой.  Шударга ёсны хамгийн тод дэнслэгч нь Шүүх засаглал. Тавантолгой ордыг хятадуудад 100 жилээр өгөхийг оролдсон гэх хэргээр, УИХ-аар батлагдаагүй төслийн араас хөөцөлдөн Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг шүүхийн ямар ч  шийдвэргүйгээр 24 цаг хорьсон нь нийгэмд дуулиан дэгдээгээд байгаа. Азаар шүүх хараат бус байж чадсаны ачаар М.Энхсайхан суллагдсан нь бас чиг эрх зүйт төрийн “балгас” үлджээ гэж үзэх хүмүүс бий. Шүүх шударга бус ажиллаж, авлигад идэгдэж байгааг иргэд шүүмжилдэг. Тиймээс хариуцлагыг дээшүүлэх үүднээс Үндсэн хуульд Шүүхийн хариуцлагын зөвлөлийг бий болгох гэж буй. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилно гэдэгтэй санал нийлэх хүн тун цөөхөн байна.  12 жилээс өмнө хэзээ ч чөлөөлөгдөж болох эрх зүйн орчин байж гэмээнэ тухайн хүн ажилдаа хариуцлагатай шударга хандах нь тодорхой. Үндсэн хуульд 12 жил гээд заачих юм бол хэн ч  Дээд шүүхийн шүүгчийг өөрчлөх эрхгүй болно. Түүнчлэн зургаан жилээр сонгогдон ажилладаг  Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг 9 жил болгож сунгах нь ч ард түмний бухимдлыг төрүүлж болзошгүй байна.  Хугацааг уртгасгаж болох ч хэн нэгэн олон жилийн халдашгүй дархан эрх эдлэхийг үгүйсгэх аргагүй.  

“Сум дүүргийн Засаг дарга нар иргэдээсээ сонгог­доно” хэмээн Үндсэн хуулийн төсөлд тусгажээ. Иргэдээр сонгуулах гээд байгаа нь сонгогдсон хүн иргэдийн хурлын хэдхэн хүнд үйлчилдэггүй, нийт иргэддээ үйлчилдэг байх зарчмыг тогтоох нь зөв зүйтэй. 

Гэхдээ  сум, дүүргийн Засаг даргыг иргэд нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга нь 15 хоногийн дотор батламжилна гэдэг нь  дэндүү урт хугацаа. Нэгэнт иргэдээсээ сонгогдсон хүнийг 3 хоногийн дотор батламжлахад л хангалттай гэж зарим хуульчид үзэж байна.  Аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн хурал нь нэр дэвшүүлээд Ерөнхий сайд томилох бололтой. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж байгаа нэг бүлэг заалт Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын бүрэн эрх,  эрх мэдлийн зохицуулалтад чиглүүлж. Ерөнхий сайдыг огцруулах асуудал нийт гишүүдийн ¼-ны саналаар эрх нь хадгалагдаад үлдэж байгаа ч чуулганаар хэлэлцэх хугацааг нь богиносгожээ. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх хугацаа нь 7 хоногийн дотор байнгын хороо, дараа нь чуулган гээд Үндсэн хуульд 15 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг 3, 3 хоногоор болгож хугацааг зааж өгч.  Ерөнхий сайд огцорвол танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг заалт хэвээр үлджээ.  Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд сайд нараа нэг нэгээр нь чуулганаар оруулж томилдог байсан бол  УИХ болон Ерөнхийлөгчид мэдэгдээд сайд нараа өөрөө томилон, чөлөөлөх эрхтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, танхимын зарчмаар ажиллах боломжийг нээж өгч байгаа хэрэг. Төсөлд “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавина” гэсэн нь олон нийтэд багагүй эргэлзээ төрүүлж байгаа. Тухайлбал  Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг санал болгохыг хэн ч  улс төрийн явуулгатай үйлдэл гэж харна. Төрийн ажил цалгардахгүй эрсдэлд оруулахгүй гэж  Үндсэн хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс тайлбарлаж байгаа ч үүнд итгэх хүн тийм ч олон байхгүй л болов уу.  Мэдээж хэрэг Үндсэн хуулийн төсөлд “давхар дээл”-ийг халж, Засгийн газраа Ерөнхий сайд нь өөрөө байгуулах, төсөвтэй холбоотой асуудалд Засгийн газарт эрх мэдлийг шилжүүлэх зэрэг дэмжмээр заалтууд цөөнгүй байна. 

Үндсэн хуулийн төслөөс онцлох нэг зүйл бол “Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жил сонгогдоно” гэсэн заалт. Эдийн засгийн дампууралд ороод байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч 5 жилээр сонгогддог, хоёр сонгуулийн дараа дахин өрсөлддөг байсан Үндсэн хуулийн заалтыг 6 жилээр хэдэн ч удаа сонгогдож болохоор өөрчилж байсан. Түүгээр зогсохгүй Дээд шүүхийн авлигажсан бүрэлдэхүүнийг өөрийн хуульчдаар сольсноор хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засгийн эрхийг гартаа төвлөрүүлж байсан гашуун туршлага бий. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг 4 жилээр хоёр удаа биш, 6 жилд нэг удаа сонгохоор Үндсэн хуулийн төсөлд тусгасан   ч  эцсийн дүндээ  уг төсөл эрх мэдэл нь томорсоор байгаа өнөөдрийн Төрийн тэргүүнд таалагдахгүй байх магадлалтай юм. 

Эцсийн дүндээ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмний санал асуулгаар шийдэх боломжтой тул монголчууд нэн хариуцлагатай үед ирээд байна. Энэ удаад нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан 20 заалтыг батлахгүй бол дахиад 8 жил өөрчлөлт оруулах нь хуулиар хориотой  ч нөгөө талдаа  “Үндсэн хуулиа өөрчлөх цаг өнөөдөр мөн үү?” хэмээн асуух иргэд ч олон байна.