Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Аспайр төмөр замын зөвшөөрлүүдээ авлаа

Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Аспайр Майнинг”-ийн охин компани Northern Railways өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд төмөр замын барилгын зөвшөөрлөө авсан билээ. Харин тус компани уг төмөр замыг төв шугамтай хаагуур холбох болон трассын асуудлыг Улаанбаатар төмөр зам болон Зам, тээврийн яамтай байгуулсан комиссоор зөвшилцөн батлуулснаа өчигдөр мэдээллээ.

Тус компанитай өмнөх оны 9 дүгээр сард Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын Концессийн гэрээг байгуулсан юм.

Комисс шинээр тавигдах төмөр замын трассыг ялимгүй өөрчилж, одоо баригдчихсан байгаа зам, хотхон зэргээс дор хаяж нэг км холуур өнгөрөх байдлаар зохицуулжээ. Үүнд зам харгуй, хот тосгодоос гадна саяхан Засгийн газрын баталсан Эгийн голын усан цахилгаан станцын хүрээнд баригдах зам, эрчим хүчний шугамыг ч мөн тооцжээ.  

“Аспайр Майнинг” компани коксжих нүүрсний зах зээл тун доройтож буй үед нэлээд өөдрөгөөр ажиллаж буй цөөн хэдэн компанийн тоонд зүй ёсоор орж байна. Дээрх зөвшөөрлүүдийг авснаар одоо “Аспайр”-т байгаль орчны үнэлгээ, техникийн судалгааг бүрэн боловсруулахад шаардлагатай бүх бичиг баримт бүрдэж буйг тус компани онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн “Аспайр”-ын охин компани Northern Railways-ийн тухайд хөрөнгө босгох ажилдаа “ханцуй шамлан ороод” буй юм.

Уг төмөр замаар жилдээ 30 сая тонн бараа тээвэрлэх боломжтой. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Хятадын төмөр замын (China Railway) салбар компаниуд болох CR20BG, FDSI хариуцах юм. Үндсэндээ 255 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж тогтоосон Овоотын ордыг “Аспайр” 2018 онд 5 сая тонны олборлолтын хүчин чадалтайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Б.Төгс