Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Боомтын төмөр зам ирэх зун ашиглалтад орно

Монголын төмөр зам”-ын дэргэд тусгай зориулалтын шинэ нэгж хэдхэн хоногийн өмнө байгуулагдав. “Гашуунсухайтын төмөр зам” консорциум нэртэй уг нэгжид Хятадын  Шенхуа, Монголын  “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК тус тус нэгджээ.

Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь Монголын Бизнесийн дээд хэмжээний уулзалт дээр танилцуулав. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний зардлын 40 хувийг автотээвэр залгиж байгаа тухай тэр ярьсан юм.

“Гашуунсухайтын 267 км төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах ёстой. Одоогоор боомтын 18-20 км төмөр зам байгуулах тухай л яригдаж байна. Уг нь боомтын замыг энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулахаар шамдаж байсан. Гэтэл газар нутгийн онцлогоос болоод гүүрэн зам байгуулах шаардлага гарч зардал өсч, хугацаа ч сунжрахаар байна” хэмээн тэрбээр тэмдэглэв. Боомтын 20 орчим км уг төмөр замыг Хятадын “Шенхуа” групп барих юм. Төмөр замын үлдэх хэсгийг ямар компани байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өнгөрсөн 2 жилд хийсэн газар шорооны гэх ажилд Чингис бондын 200 сая ам. долларыг зарцуулж, монголчуудад өрийн шинэ дарамт үүсгээд байгаа юм. Гашуунсухайтын экспортын гол судсыг байгуулж дуусгаагүй байгаа ийм нөхцөлд ОХУ ба БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний айлчлал ойрхон болж, Монголын экспортын гол төмөр замд хөршүүдийн сонирхол баттай шингэж авах нөхцөл үүсч болзошгүй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 2017 он хүртэл ба 2017 оноос хойшх үе хэмээн гаргажээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг батлуулсан. Тиймээс 2017 он хүртэлх төлөвлөгөөндөө Угаах үйлдвэр байгуулах, Усан хангамжийн төслөө хэрэгжүүлнэ хэмээн тооцжээ. Гэхдээ усан хангамжийн төсөл нь ч мөн асуудалтай байгаа. Өмнөговь аймгийн Ханхонгор суманд байрлах Балгасын улаан нуураас 150 литр/сек ус ашиглах зөвшөөрлийг Засгийн газар өгсөн. 70 км урт хоолой тавихад 90 орчим сая ам. долларын зардал гарна хэмээн тооцоод байна. Харин Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Балгасын улаан нуурыг тусгай хамгаалалтад бүртгэн авах шийдвэр гаргасан. Тэгэхээр ЭТТ-н хувьд усны асуудлаа шийдэх даваа байгаа. 2017 гэхэд мөн Гашуунсухайтын төмөр замын ажил дууссан байна гэж ЭТТ төлөвлөжээ.

Харин 2017 оноос хойш нүүрсний гүн боловсруулалтын ажлууд хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгааг Я. Батсуурь тэмдэглэв. Коксжих ордын метан хийг ашиглах төслийг БНСУ-ын компанитай хамтран хэрэгжүүлэх судалгаа хийгдэж эхэлсэн хэмээн ярилаа.



Л. Болормаа