Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ мэдээлэл

Монголын геологчид чуулж байна

“Монголын геологи, хайгуул” мэргэжлийн чуулга уулзалт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ өнөөдөр эхэлж буй бөгөөд эхний өдөр Геологи, ашигт малтмал, судалгаа гэсэн үндсэн 4 хэсэгт геологи хайгуулын салбарын бүтэц, зохион байгуулалт, бодлого, эрх зүй, зорилт, байгаль орчны сэдвээр 20 орчим илтгэл тавигдах юм. Үүнд “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Багануурын нүүрсний орд дээр хийсэн усны хайгуулын геофизикийн цогцолбор аргын үр дүн”, “Монгол орны шатах ашигт малтмалын геологийн асуудал”, “Нүүрсний ордын ашиглалтын геологийн асуудал”, “Ураны түүхий эд, эрдсийн судалгааны стртеги-ОХУ-ын Төрийн өмчит “Росатом” компани” зэрэг сонирхолтой илтгэлүүд багтаж байна.

Чуулга уулзалтын хоёр дахь өдөр “Ашигт малтмалын ордууд” сэдвийн дор зохион байгуулагдах үндсэн 4 хуралдаанаар вольфрам, газрын ховор элемент, алт, зэс, газрын тосны ордуудын эрсдийн судалгаа болон “Хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын нөөц, баялгийг нээлттэй тайлагнах Монгол улсын заавар” гэсэн илтгэлүүд тавигдана.

Арга хэмжээний үеэр палеонтологийн олдвор, тулгуур зүсэлт, ордын дээж, сонин төрх тогтоц бүхий чулуу, эрдэс хүдрийн дээжсийн үзэсгэлэнд ШУА-ийн палеонтологийн төв, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, хувь хүмүүс бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд тавьсан бүтээлээс Палеонтологийн олдвор”, “Ховор сонин дээж”, “Хүдэр чулуулаг болон геологийн тулгуур зүсэлт гэсэн шилдэг 3 дээжийг шалгаруулах юм. Мөн байгалийн сонин үзэгдэл, тогтоцыг буулгасан фото зургуудаас Ховор агшин”, “Байгалийн өвөрмөц тогтоцгэсэн төрлөөр шилдгүүдийг тодруулах юм. “Монголын геологи, хайгуул 2014” чуулга уулзалтад үе үеийн геологчид хуран цуглахаас гадна геологийн мэргэжил эзэмшиж буй оюутнууд оролцож байна. Чуулга уулзалт Оросын Соёл Шинжлэх Ухааны төвд энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Монголын Геологийн Холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ

“Монголын геологи, хайгуул 2013” чуулганыг амжилттай болсон гэж бид өнөөдөр дүгнэж байна. Өнгөрсөн жилийн чуулганы дараагаар Ашигт малтмалын хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт ороход дуу хоолойгоо өргөж, Төрөөс эрдэс баялгийн салбарт геологийн судалгааны чиглэлд баримтлах бодлогод өөрсдийн саналыг тусгаж чадсан. Үүнд Үндэсний геологийн алба байх ёстой бөгөөд бүх газар нутгаа бүртгэж авч, суурь судалгааны ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй гэсэн асуудлыг бид тусгасан нь үр дүнтэй боллоо гэж үзэж байгаа юм.  Ер нь аливаа газар нутгийн эрдэс, газар зүйн бүтэц тогтоцыг мэдэхгүйгээр ашигт малтмалын болоод бусад чиглэлд судалгааг “харанхуйгаар” хориглох нь буруу үйл ажиллагаа гэж үзэж байна.  

Энэ жилийн чуулганаас хүлээж буй үр дүн гэвэл Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөтөлбөр, ажлын төлөвлөгөөнүүдэд оролцож, ажиллах зүг чигээ тодорхойлно. Шинээр байгуулах Үндэсний геологийн алба нь ямар чиг үүрэгтэй байх, Монголын геологичдыг олон улсын хэмжээнд хэрхэн гаргах зэрэг асуудлаар санал солилцох юм.” 

Э.Од