Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Дэлхийн эрдэс түүхий эдийн цогцолборт Монголын эзлэх орон зай

Академич Пунсалмаагийн Очирбат

Дэлхийн соёл иргэншлийн оршин буй материаллаг суурь нь юу вэ?

Хүн төрөлхтөний шууд болон олон дамжлагаар боловсруулан хэрэглэж буй бүтээгдэхүүний 90 орчим хувийг газрын баялаг эзэлдэг байна
 Л.А.Пучков.

Хүн төрөлхтөний өнөөгийн соёл иргэншлийн материаллаг бааз нь уул уурхайн цогцолборын хөгжил буюу газрын баялгийн хүрээнд явуулж буй инженерийн үйл ажиллагаа болжээ”.
Л.А.Пучков.
Амьдрал юун дээр тогтдогийг материаллаг талаас нь Оросын эрдэмтэн Лев Александрович Пучков ингэж тодорхойлжээ.

Дэлхий ухамсар, матери хоёр дээр тогтдог гэж гүн ухаантан Гебелс хэлсэн гэдэг. Үүнийг яруу найрагч Д.Сэнгээ, академич Л.А.Пучков нар нотлох мэт.

“Хөрсөн дор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ?” гэдэг нь ч бас үнэн юм.

Монгол нутагт Менделеевын үелэх системийн бүх элемент байдгийг эрдэмтэд баталсан, дэлхий хүлээн зөвшөөрсөн. Одоо зөвхөн хүлэг, шүлэг хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй төдий биш Монголын эрдэс баялгийн цогцолборт дэлхийн дэвжээ хэрэгтэй байна.

Дэлхийн хүн ам асар хурдтай өсөж байна. 2050 онд 9.4 тэрбумд хүрнэ гэж НҮБ тооцоолж байна. Хүний амьдралын чанар дээшилж байна. Эрчим хүчний эх үүсвэр сүүлийн 35 жилд хоёр дахин өслөө, эрдэс түүхий эдийн хэрэглээ 3-5 дахин өссөн байна. Энэ өсөлтөд хүний тоо амьдралын чанарын өөрчлөлтөөс гадна өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээ их байна. Дэлхийн хүн амын 16 хувь амьдардаг өндөр хөгжилтэй орнууд газрын хэвлийгээс олборлож буй ашигт малтмалын 55 хувийг ашиглаж байна гэсэн статистик байдаг. Энэ их өсөлтөд XXI зууны эхний 10 жилд эрдэс баялгийн эрэлтэд урьд өмнө хэзээ ч байгаагүй үсрэлт гарсны гол шалтгаан нь Хятад улсын болон Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн бодит нөлөө гэж үзэж байна.

Дэлхийн дэвжээн дээр яаж гарах вэ?

I.    Дэлхийн дэвжээнд гарахын тулд дэлхийн бодлого чиглэлийг судлах хэрэгтэй. Эрдэс баялгийн цогцолборын аль төрлөөр дэлхийн зах зээлийн эрэлт өндөр байгаа, тэр төрлийн баялгийн боломж манайд ямар хэмжээнд байгааг харьцуулж тооцоолох хэрэгтэй.

Дэлхийн эдийн засагт эрдсийн түүхий эдийн багтаамж дэндүү дээгүүр байгааг бууруулах чиглэлийг дэлхий дахинаа баримтлах болж байна. Эдийн засагт шууд хэрэглэсэн газрын хэвлийн баялаг нүүрс, нефть, уран, өнгөт болон хар металын хэмжээнээс гадна мал аж ахуй, газар тариалан, хими болон бусад хүрээний бүтээгдэхүүний өөрийн өртгийн 50 гаруй хувийг газрын хэвлийн баялаг эзэлдгийг дээрх 90 хувьд оруулан тооцсон байдаг.

Хүн төрөлхтний өнөө үеийнхэн өөрийн хэрэгцээг хангахдаа хойч үеийнхээ хэвийн амьдрах нөхцөлийг хадгалж үлдээх ёстой гэсэн зарчмыг дэлхий нийтээр баримтлах болж байна. Үүнтэй холбогдуулан хүн төрөлхтөн хөгжлийнхөө байгалийн түүхий эдийн багтаамж ихтэй загвараас оюуны багтаамж ихтэй экологижсон XXI зууны тогтвортой хөгжлийн загварт шилжих зорилт тавьж байна.

II.    XXI зууны тогтвортой хөгжлийн дэлхийн загвартай уялдуулж, Монгол Улс эрдсийн түүхий эдийн хөгжлийн стратегийг тодорхойлох хэрэгтэй. Нэгдүгээрт: эрдсийн түүхий эдийн эдийн засагт эзлэх түвшинг тогтоох хэрэгтэй. (дотоодын нийт бүтээгдэхүүнд, экспортод, төсвийн орлогод эзлэх хувийн жин)

Хоёрдугаарт: эрдэс түүхий эдийн цогцолборыг бүрдүүлэгч гол ашигт малтмалын төрлийг тодорхойлох (нүүрс, занар, нефть, уран, зэс, алт, жонш)
Гуравдугаарт: эрэлт, боломж хоёрт тулгуурлан сонгосон ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, олборлолт, боловсруулалтын бодлогыг зөв тодорхойлж өрсөлдөх чадвартай экотехнологийг сонгоход хөгжлийн стратеги чиглэгдэх ёстой.
Өнөөгийн байдлаар Монгол Улс дэлхийн эрдэс баялгийн салбарт оролцож байгаа хэлбэр бол гадаадын хөрөнгө оруулалттай 396 компани Монголын нутагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байна.
1990-2011 онд Геологи, уул уурхайн болон газрын тосны салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 7.241.934.000 ам.долларт хүрч, Монголд оруулсан ГШХО-ын дүнгийн 73.7 хувийг эзэлсэн байна. Энэ бол Монгол Улс дэлхийн эрдэс баялгийн зах зээлд өөрийн орон зайг эзэлж эхэлж буйг илэрхийлэх үзүүлэлт юм.

Монголын эрдэс баялгийн цогцолборын дэлхийн дэвжээнд гарахад учрах хүндрэл юу байна? Түүнийг яаж давах вэ?

1 дүгээр  хүндрэл: Монгол далайд гарцгүй орон. Тээврийн дэд бүтэц хөгжөөгүй.

2 дугаар хүндрэл: Хөрөн­гийн багтаамж ихтэй, эрсдэл өндөртэй ЭБЦ-ыг хөрөнгөжүүлэх хөрөнгө санхүүгийн хуримтлал хязгаарлагдмал, дэлхийн зах зээлд өрсөлдөх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн боломж багатай зэрэг хүндрэл бий.

Эдгээр хүндрэлийг давах арга замын тухайд гэвэл: их жинтэй, том оврын эрдсийн түүхий эдийг (крупнотоннажной) бага жин, овортой болгон боловсруулах, нүүрсийг, занарыг цахилгаан, хий, шингэн, кокс болгон хувиргах гэх мэт.
Дотоодын дэд бүтцийн сүлжээг нягтруулж хүрээг тэлэх. Гадаад сүлжээний стандартад нийцүүлэх уян хатан системтэй байх.

Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, олборлолт, баяжуулалтад гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох их хэмжээгээр татах, бүтээгдэхүүнийг экспортолж, дэлхийн зах зээлд гаргах бүх боломжийг дээд зэргээр ашиглах эрчим хүчний болон эрдсийн эдийн засаг дипломатыг хөгжүүлэх шаардлагатай.

Монгол Улсын эдийн засгийн болон экологийн эмзэг байдлыг цөмийн зэвсэггүй статусын эрх зүйн баталгаагаар үндэсний аюулгүй байдлыг хангаж болно.

Эрдэс баялгийн цогцолбороор дэлхийн дэвжээнд гарах давуу тал Монголд юу байна вэ? Энэ харьцангуй давуу талаа өрсөлдөх давуу тал болгох, түүнийгээ үндэсний баялаг болгож өөрийгөө нөхөн сэргээж нугарч арвиждаг санхүүгийн эх үүсвэр болгон хувиргах ямар арга зам байгааг нээж олох хэрэгтэй байна.

Давуу талын тухайд гэвэл: Дэлхийн хамгийн эмзэг болж буй түлш, эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийн хомсдол, улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг хөндөж, дэлхийн өндөр хөгжилтэй 20 орны тэргүүнүүд уулзах болгондоо ярилцдаг асуудал бол түлш, эрчим хүчний асуудал байдаг.

Тэгвэл Монгол Улсад эрчим хүчний бүх төрлийн эх үүсвэрийн (нүүрс, занар, уран, нефть, нар, салхи,) нөөц хангалттай байна. Эдгээр эх үүсвэрийн асар их багтаамжтай зах зээл зэргэлдээ ойрхон оршиж байна. Энэ бол хамгийн том давуу тал.

Монгол Улс нефтийн нөөцтэй, нефтиэ олборлож, боловсруулж бензин үйлдвэрлэж байсан үе бий. Уг ажил хэсэг хугацаанд тасарсны дараа 1990 оноос нефтийн судалгааны шинэ үе эхэлсэн. Энэ тухай “Монголын газрын тосны судалгааны шинэ үе” номд дэлгэрэнгүй өгүүлсэн. Монголын газрын тосны судалгаа, хайгуул, олборлолтод ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Канад, Австрали, Швейцар, Монгол зэрэг орны 21 компани ажиллаж байна.

Монгол Улс түүхий нефтиэ экспортолж, 2013 оноос “Монгол-93” бензин эх орныхоо хэрэгцээнд ашиглаж эхэллээ. Удахгүй бензинээ эх орондоо үйлдвэрлэдэг болно.

Нефтийн зах зээл дээр Монгол Улс тэргүүлж болох оюуны багтаамж ихтэй технологоор тэргүүлэх боломж байгаагийн нэг нь супер компьютерийн технологийг нэвтрүүлж үйлчлэх, хоёр дахь нь нефтийн гарцыг нэмэгдүүлэх технологийг боловсруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.

Байгалийн хийн нөөц одоогоор олдоогүй байна. Харин занараас занарын хий үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх талаар ажиллах шаардлага байна. Энэхүү шаардлага нь бага чадлын хийн түлштэй дулааны станцыг төв суурин газрууд, том хотын дүүргүүдэд байгуулбал утаагүй, экологийн цэвэр түлш болох юм. Шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах шаардлага, боломж Монголд бий.

Нүүрсний нөөцөөр Монгол Улс их баялагтай орны тоонд ордог. Тэхдээ үйлдвэрлэлийн зэргээр хайгдсан ордын тоо, нөөц тийм их биш. Нүүрсийг түүхийгээр нь түлш болгох, эрчим хүчний эх үүсвэр байдлаар хэрэглэхийг аль болохоор багасгаж, нүүрс-химийн, энерго-технологийн, нефть-хийн эх үүсвэр болгон боловсруулах, цахилгаан үйлдвэрлэж экспортлох, металлургийн түүхий эд (кокс), баяжмалын чиглэлээр боловсруулж экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг өргөн ашиглах хэрэгтэй байгаа юм. Монголын нүүрсний салбарт Хятад, АНУ, Япон, Канад зэрэг дэлхийн том гүрнүүд Монголтой хамтран ажиллаж байна. Энэ бол нүүрс дэлхийн дэвжээнд өрсөлдөж эхэлж буйг харуулж байна.

Нүүрснээс дутахгүй сонирхол татаж буй эрчим хүчний эх үүсвэр бол шатдаг занар юм. Занар боловсруулах технологийн хөгжлийн хязгаарлагдмал байдлаас болж нэг талаас, нөгөө талаас дэлхийн нефтийн үнэ хямд байсан зэрэг шалтгаанаас занарыг өргөн ашигладаггүй байв. Гэхдээ Эстони улс сүүлийн 100 орчим жил зөвхөн занарыг эрчим хүчнийхээ цорын ганц эх үүсвэр болгон ашиглаж, одоо занарын тос үйлдвэрлэж экспортолж байна.

АНУ хийн хэрэгцээний 29 хувийг занарын хийгээр хангах зорилттой ажиллаж байна. Манай улсын хувьд 10-аад жилийн өмнөөс зарим эрдэмтэн занар ашиглах стратегийн бодлогыг боловсруулж дэвшүүлэн тавьж байсан боловч хэрэгжээгүй. 2012 оноос ШУА-ийн санаачилгаар ЭБЭХЯ-тай хамтран ажлын хэсэг гаргаж уг ажлыг “Хөлдүү цэгээс” нь хөдөлгөж Эстони, АНУ-ын технологийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж эхлээд байна. Зөв тууштай ажиллавал магадгүй хэсэг хугацааны дараа Монгол Улс занарын тос боловсруулалтын талаар АНУ, БНХАУ-ын араас дэлхийд тэргүүлэх орон болохыг хэн байг гэхэв.

Монгол бол ураны асар их нөөцтэй байх боломжтой орны нэг. Үүнийг батлахын тулд ураны судалгааг өргөжүүлэх хэрэгтэй. Уран бол цацраг идэвхт бодисын үндсэн эх үүсвэр. Уранаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг дэлхий нийтээр хорьсон. Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай орон. Ураныг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнс, аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүчинд өргөн ашиглаж байгаа. Эрэлт ихтэй ашигт малтмал.

2012 оны байдлаар дэлхийн ураны 76 хувь буюу 14.7 мян.тн-ыг Казахстан, Франц, Канад, Австрали, Нигери, Намиб улсууд олборлож байна. Бусад орнууд 14.2 мян.тн, бүгд нийлээд 58.9 мян.тн уран дэлхий нийтээр олборлож байна. Ойрын 10 жилд ураны хэрэгцээ 100000 тн-д хүрэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл, 2030 онд шинээр уран олборлолтыг 45000 тн-д хүргэж нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна.

Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч 10 улсын нэг болоод байна гэсэн дүгнэлтийг Францын “Арева” компанийнхан хийсэн байна. Монгол Улсын ураны бодлогын ойрын зорилт нь гадаадын хөрөнгө оруулалтаар судалгаа, хайгуул, олборлолтын ажил хийлгэж, эцсийн бүтээгдэхүүнийг “шар нутаг” түвшинд хүргэх зорилготой байна.

Цөмийн түлш үйлдвэрлэх түвшний боловсруулалт Монгол Улсад хийгдэхгүй. Харин уран үйлдвэрлэх дэлхийн зах зээлийн эрэлтэд нийлүүлэлт хийх боломжийг эх орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахад ашиглах хэрэгтэй юм. Ураны ордыг хайж олох (10 жил), нарийвчилсан хайгуул хийх (8-10 жил)-ээс олборлолт эхэлтэл 20 гаруй жил шаардагдах болно.

Монгол Улсад одоогийн байдлаар нээгдээд байгаа Дорнод, Чулуут, Хараат, Хайрхан, Дулаан- Уул, Зөөвч-Овоогийн ордуудыг ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрээд байгаа билээ. Уг ажлыг цаг алдахгүй эхлүүлэх нь эдийн засгийн чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улс дэлхийн эрдэс түүхий эдийн цогцолборт эзлэх томоохон орон зайн нэг төрлийн ашигт малтмал нь уран мөн юм.

Алт гэдэг эрдсийн хэрэгцээ хүн төрөлхтний өсөлтийг дагаж, эрт цагаас эдүгээ хүртэл байнга өссөөр байдаг. Хүний гоо сайхны эрэлтээс гадна орчин үеийн мэдээллийн болон сансрын технологийн чухал материал болон хувирч байна. Дэлхийн хүний өсөлт алтны хэрэгцээг бууруулахгүй нь мэдээж. Алт валютын арилжаанд чухал байр эзэлдэг, эдийн засагт төлбөрийн чадварыг илэрхийлдэг валютын нөөц гэдэг утгаараа үндэсний аюулгүй байдлын нэгэн үзүүлэлт болдог эд.

Монгол Улс 800 тн-оос дээш нөөцтэй 16 орны тоонд багтдаг. Ганцхан Оюутолгой зэс-алтны ордын алтны нөөцийг 3000 тн гэж үнэлдэг. Энэ ордыг нээгдээгүй байхад боловсрогдсон “Алт хөтөлбөр” Монголын алтны судлагдсан нөөцийг 3000 тн гэж үнэлж, түүнд үндэслэн уг хөтөлбөрийг боловсруулсан юм. Тэгвэл одоо алтны нийт баялгийг 6000 тн гэж үнэлэх боломжтой гэж үзэж байна.

Сүүлийн 10 жилд нээсэн алтны нөөцийн 95 хувь нь зэс-порфирын төрлийн ордод агуулагдаж байна. Ийм ордын тоонд Монголын Оюутолгой, Аляскийн Пеббл, Австралийн Кейдагийн бүлэг орд, Чилийн Серро-Касале зэрэг ордыг оруулдаг. ӨАБНУ-ын Витватерсрандын алтны орд 130-аад жил ажиллаж, хүн төрөлхтний ашигласан алтны 40 хувийг эндээс олборлосон мэдээ байдаг. Одоо ч гэсэн дэлхийн алтны нөөцийн 30 орчим хувь энэ орчинд байдаг байна.

Сүүлийн жилүүдэд терригенный болон терригенно-карбонатын тэдний дунд нүүрстөрөгч агуулсан давхаргууд бүхий алтны ордын ач холбогдол өсч байна. Ийм ордын алтны агуулга бага, мышьяк, сурьма мэтийн хортой хольц ихтэй боловч нөөц ихтэй учир технологи сайтай, их хүч чадалтай ил уурхайгаар ашиглахад эдийн засгийн үр ашигтай байх боломжтой гэж үздэг болсон байна. Иймэрхүү орд гэвэл бидний мэдэхээс Эрхүүгийн Сухой Лог, Магаданы Наталькины, Якутын Нежданны зэрэг ордууд байна. Орчин үед алт олборлолтоор Хятад улс тэргүүлэх болж байгааг тэмдэглэе.

Монгол Улс Асгат, Мөнгөн-Өндөр зэрэг мөнгөний ордуудыг олборловол мөнгөний үйлдвэрлэлээр боломжийн хэмжээнд хүрч чадна. Мөнгийг Эрдэнэт, Оюутолгой болон бусад ордуудаас ялгаж авах боломжтой. Үүний тулд давын өмнө зэс хайлуулах завод байгуулах хэрэгтэй байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага Монголд бий.

Дэлхийн 80 гаруй оронд алт олборлодог боловч түүний гуравны хоёрыг ӨАБНУ, АНУ, БНХАУ, Австрали, Перу, ОХУ, Индонез, Канад улсад олборлож байна. Алтны үндсэн ордыг ил уурхай, гүний далд уурхай, эдгээрийн хослолоор олборлохоос гадна газрын гүнд шүлтгүйжүүлэх аргаар уусгаж баяжуулах аргыг хэрэглэж байна. Хүдрээс алт ялгаж авах түгээмэл арга нь нуруулдаж уусгах, хлорын уусмалаар гүнд уусгах зэрэг шинэ технологийг хэрэглэж байна. Монголд Бороогийн алтны агуулга багатай хүдрийг цианжуулж овоолон уусгах технологиор, Ар Наймганы ордыг хлорын уусмалаар газрын гүнд уусгах технологийн туршилт хийсэн байна.

Алтны экспорт, импорт, реэкспортын үйл ажиллагаа ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын зах зээл дээр явагдаж байна. 2007 оны байдлаар 4875 тн алт экспортолсон байна.

Алтны хэрэгцээний өсөлтөд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байна. Амьдралын түвшний дээшлэлтээс шалтгаалж, гоёл чимэглэлийн үйлдвэрлэл өсөж, алтны хэрэгцээ нэмэгдэж байна. Техник технологийн хөгжлийн хурдыг дагаж, аж үйлдвэрийн хэрэгцээ нэмэгдэж байна. Эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулалтыг хамгаалах найдвартай хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг утгаараа алтны хэрэгцээ, үнэ өсөж байна. Ам мэх, цуурхалд өртөж зохиомлоор үнэ өсөх явдал байна. Дэлхийн зах зээлд алт, нефть хоёрын үнийн өсөлт бууралт харилцан хамааралтай, адил түвшинд өөрчлөгддөг зүй тогтол байна. Тайлбарлахад хэцүү боловч нефтийг орлуулагч байдаг, алтыг орлох металл байхгүй. Ялангуяа техник технологийн салбарт бүр хэцүү юм. Монгол Улс алт олборлогч экспортлогч орон.

Зэс. Манай эринээс 4000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн зэсийг мэдэж хэрэглэдэг болсон гэдэг. Дэлхийн зэсийн нөөцийн тэн хагас нь Америк тивд 59, Азид-20, Австралид-7.1, Африкт 5.6, Европт-4 хувь байдаг гэсэн судалгаа байна.

Зэсийн хүдрийг ил, далд уурхайн болон эдгээрийн холимог аргаар олборлодог. Сүүлийн үед газрын гүнд шүлтгүйжүүлэх аргаар олборлох аргыг хэрэглэж байна. Зэсийн хүдрийг голчлон флотацийн аргаар баяжуулж, уусгах ба хайлах металлургийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэж байна.

Дэлхий дээр 50 гаруй оронд зэсийн хүдэр олборлож байгаагийн 80.9 хувийг нэр бүхий 12 орон олборлож байна. Үүнд: Чили (34.6), АНУ (8.7), Перу (8.2) болон Австрали, Индонез, Хятад, ОХУ, Канад, Замби, Польш, Казакстан, Мексик зэрэг орон байна.

Цэвэршүүлсэн зэс хэрэглэж буй гол орнуудад: Хятад, АНУ, Герман, Япон, Өмнөд Солонгос, Итали, ОХУ, Тайвань, Энэтхэг, Франц, Бразил, Турк, Мексик орж байна.

Дэлхийн зах зээлд арилжиж байгаа зэсийн бүтээгдэхүүнд цэвэршүүлсэн ба хар зэс, зэсийн баяжмал байна. Энэ арилжаанд тэргүүлдэг орон бол Чили улс. Эднийх цэвэр зэс 8.2 сая тн-ыг 2008 онд борлуулсан бол зэсийн баяжмал 5.7 сая тн, хар зэс 1 сая тн орчмыг арилжсан байна. Жилд 100-900 мян.тн зэс агуулсан баяжмал зардаг 10 орны дотор Монгол улс багтдаг. Цэвэр зэс худалдаж авдаг гол орон Хятад (1504 мян.тн), Герман (830 мян.тн). Зэсийн баяжмал худалдан авдаг орон бол Хятад (1558 мян.тн металлд шилжүүлснээр), Япон (1317 мян.тн металлд шилж.)

Дэлхийн зэсийн үнийн болон хэрэглээний хэмжээг өсгөж буй гол орон бол БНХАУ юм. Манай улс зөвхөн Азийн бүс нутагт бус дэлхийн зах зээлд зэсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөгч улсын нэг болж байна.

Хайлуур жонш (флюорит). Хайлуур жонш, фторын цорын ганц эх үүсвэр. Фтор нь цөмийн эрчим хүч, сансрын технологийн, химийн, металлургийн аж үйлдвэрийн гол түүхий эд.

АНУ-ын Геологийн албаны үнэлгээгээр дэлхийн хайлуур жоншны нийт нөөцийг 470 сая тн, ОХУ-ын үнэлгээгээр 690 сая тн гэж тооцоолсон байдаг. 80 сая тн-оос дээш нөөцтэй орнуудын тоонд БНХАУ, ОХУ, ӨАБНУ, Мексик, Монгол улс ордог. АНУ 1974 онд хайлуур жоншны фторын (CaF2) захын агуулгыг 14 хувь байхаар тогтоогоод олборлолтоо зогсоож хадгалсан. Тэр үед Монгол улсын хайлуур жоншны захын агуулга 40 хувь байлаа. Их үрэлгэн, цамаан байгаа биз. Монголын хайлуур жоншны бүсийн урт 1000 км, өргөн нь 300 км.

2008 онд дэлхийн хэмжээнд нийтдээ 5.9 сая тн хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэсний 55 хувийг БНХАУ, 30 орчим хувийг Мексик, Монгол, ӨАБНУ үйлдвэрлэжээ.

2009 онд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн 1965 мян.тн металлургийн сортын жоншны баяжмалын 96 хувийг Хятад (64%), Мексик (22%), Монгол (11%). Монголын хайлуур жоншны үндсэн олборлогч нь Монгол Оросын хамтарсан Монголросцветмет компани жилд дунджаар 750 мян.тн хүдэр олборлон баяжуулж байна.

Монгол улс хайлуур жонш олборлолтоор дэлхийд эхний тавд ордог. Хайлуур жоншны худалдаанд Монгол мөн л дээгүүр байранд явдаг. 2000 он хүртэл дэлхийн хайлуур жоншны бүтээгдэхүүний экспортыг Хятад улс тэргүүлж ганцаараа дэлхийн экспортын 50 хувийг эзэлдэг байлаа. 2000 оноос эхлэн дотоодын хэрэгцээний өсөлттэй холбогдон экспортоо бууруулж тэдний оронд Мексик улс тэргүүн байранд гарч ирсэн. Эдүгээ цагт дэлхийн хайлуур жоншны экспортын 54 хувийг Хятад, Мексик улсууд эзэлж, 25 хувийг Монгол, ӨАБНУ эзэлж байна.

Дэлхийн хайлуур жоншны баяжмалын зах зээлийн 65 хувийг хайлуурын хүчил, 35 хувийг металлургийн сорт эзэлдэг. Мексик улс үндсэндээ металлургийн сортын баяжмал экспортолдог бол Хятад улсын экспортын 70 хувийг хайлуурын хүчлийн баяжмал эзэлдэг байна. Монгол улсын хайлуур жоншны экспортын 60 гаруй хувийг металлургийн сортын баяжмал эзэлдэг. Хятад, Мексик улсууд хайлуур жоншны баяжмалаа АНУ-д экспортолдог бол Монголын хайлуур жоншны гол зах зээл Орос, Украин улс байдаг. Америк, Японы зах зээлд бага хэмжээгээр гаргаж үзсэн. Хайлуур жоншны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийг үндсэндээ БНХАУ тогтоож байна.

2008 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал металлургийн үйлдвэрлэлд хүнд цохилт өгч унах үед жоншны баяжмалын эрэлт багасаж, үнэ буурсан. 2010 оноос дэлхийн хайлуур жоншны зах зээл аажмаар сэргэж эхэлсэн.

Дэлхийн гангийн хэрэглээ 2030 он хүртэл 3.1 хувиар өсөх төлөвтэй гэж үздэг. Ингэвэл 2030 онд зөвхөн хайлуур жоншны металлургийн үйлдвэрлэлийн жилийн хэрэгцээ 1.77 сая тн-д хүрэх тооцоо байдаг. Хүчлийн сортын баяжмалын хэрэгцээ 2030 онд жилд 700 мян.тн-оор өснө гэсэн тооцоо бас бий. Дэлхийн зах зээлийн араншин ихээхэн хувирамтгай боловч хэтийн төлөв сайн байгаа нь Монгол улс энэ салбарт айргийн тавд багтдаг байр сууриа хадгалахын тулд түүхий эдийн баазаа өргөтгөх хайгуулын ажлаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнэ, чанар, технологио өрсөлдөх чадвартай байлгах, зах зээлээ тэлж, дэлхийн хайлуур жоншны олборлолт, боловсруулалтаар тэргүүлэх байр сууриа бэхжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна.

Дүгнэлт

Эрдсийн баялаг бол хүний хэрэгцээний 90 орчим хувийг хангадаг байнгын эх үүсвэр. Хүний өсөлтийг дагаад хэрэглээ байнга өсдөг. Энэ өсөлтөөр ЭБЦ-ын тасралтгүй хөгжил тодорхойлогддог.

Тогтвортой хөгжлийн XXI зууны ЭБЦ-ын хөгжил нь хэрэглээний нэгж бүтээгдэхүүнд зарцуулах эрдсийн түүхий эдийн орцыг хамгийн бага байлгах, байгальд өөрийгөө нөхөн сэргээх тэнцвэрээ хадгалах чадварыг үлдээх, байгалийн өгч чадах боломжоос нь хэтрүүлж ашиглахгүй байх, байгаль экологийн ба экологи эдийн засгийн тэнцвэрийг хадгалах зарчимд захирагдах ёстой. Тогтвортой хөгжилтэй зэрэгцээд даяарших үйл явц энэ зууны бас нэг өвөрмөц онцлог болж байна.

Даяаршил нь хөрөнгийн урсгал, хөдөлмөрийн чөлөөт урсгал, технологийн урсгал нь эрдсийн түүхий эдийн эх үүсвэрийн орших орчин руу чиглэх болж байна. Өндөр агуулгатай бага хэмжээний баялгаар хэрэгцээгээ хангах боломж хомсдож, бага агуулгатай их нөөцийг ашиглах хэрэгцээний өсөлтийг хангах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийг хөндөх хэмжээ үлэмж нэмэгдэж, газрын хэвлийн экологийн ачаалал ихэснэ гэсэн үг. Ийм нөхцөлд иргэншлийн хөгжлийг экологид аюулгүй аргаар хангах ганцхан зам байна. Тэр нь экологижсон технологийн хөгжил юм.

ЭБЦ-ын экологижсон технологийг эрдсийн түүхий эдийн нөөцтэй орон бүр жигд хөгжүүлж чадахгүй байгаа учир технологийн өндөр түвшинд нэгдэж ЭБЦ-ыг интеграцчлах нь хамгийн оновчтой шийдэл болж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж экотехнологи, менежмент орж ирдэг. Ийм нөхцөлд экологийн дэлхийн нэгдмэл стандарт мөрдөгдөх учир баялагтай орны байгаль орчин энэхүү стандартаар хамгаалагдах ёстой.

“Олборлох салбарын ил тод байдал”, “Хариуцлагатай уул уурхайн үзэл баримтлал” зэрэг нь дэлхийн стандартын өвөрмөц хэлбэр бөгөөд ЭБЦ бүхэлдээ тоглоомын нэг дүрэмтэй болно гэсэн үг. Хэрэглээний онцлог, түүхий эдийн нөөц зэргээс шалтгаалан зарим эрдсийг хэрэглээнээс гаргах, зарим шинэ эх үүсвэрийг эргэлтэд оруулах үйл явц үргэлжилж байна.

Хүнсний хуванцар гарснаар цагаан тугалгыг хүнсний үйлдвэрт хэрэглэх хэмжээ эрс буурсан, мөнгөн усыг нэг үе стратегийн металл гэж үзэж байсан бол одоо олборлохоо больж байна. Яваандаа техникийн болон гоёл чимэглэлийн алмазыг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болвол алмазын хайгуул, олборлолт, боловсруулалтын хүнд ажлаас чөлөөлөгдөж болзошгүй.
Нефтийн нөөцийн хомсдолыг дагаж нефтийн уламжлалт биш эх үүсвэр болох занараас нефть үйлдвэрлэх технологийн хувьсгал гарах гэж байна. Монгол улс занарын үлэмж нөөцтэй, түүнийгээ дэлхийн дэвшилтэт технологиор олборлож, боловсруулах шаардлагатай талаар дээр бичсэн. Дэлхийд хамгийн өргөн тархалттай эрчим хүчний эх үүсвэр бол нүүрс. Монголд ч ялгаагүй. Нүүрсийг энерготехнологийн, нүүрс химийн, шингэн түлшний, төмөрлөгийн түүхий эд болгон боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх явдал төрийн бодлогын төвд байх ёстой.

Металлын төрлийн ашигт малтмал ихэнх тохиолдолд холимог тогтоцтой байдаг тул тэдгээрийг иж бүрнээр нь бүрэн гүйцэд ашиглах ёстой. Үндсэн эрдсийг дагалдсан, дайвар элементүүдийг иж бүрэн ялгаж авах технологийн судалгааг тасралтгүй хийж шинэ аргуудыг боловсруулах шаардлагатай.

Газрын хэвлийн баялгийг ашиглах ЭБЦ-ын хөгжил, уул уурхайн үйлдвэрлэл Монголын хөгжлийн цорын ганц зам мөн үү гэсэн утгатай асуулт их тавигддаг. Бүхэлдээ бол биш. Тодорхой хугацаанд мөн. Энэ зууны эхний 50 жилд Монгол улс эрдэс баялгийнхаа нөөцийг түшин хөгжинө. Эндээс олсон орлогоо хуримтлуулж олон салбартай эдийн засаг бүхий орон болно.

Бар болсон ихэнх орны хөгжлийн загвар нь экспорт, гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурласан загвар байсан. Монгол Улсын экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа. Хөрөнгийн хуримтлал багатай Монгол улсад хөгжлийн санхүүгийн гол эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлахаас өөр арга байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг технологи, менежмент, маркетингтэй нь татах гол салбар нь ЭБЦ мөн.

Хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхийн баячуудыг татах дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг цуглуулж арилждаг, казино, гольф, сүлжээ зочид буудал бүхий олон нэрийн бүтээгдэхүүний үйлчилгээ буй болгох замаар үйлчилгээний эдийн засгийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй байна.

Манайд дэлгэрсэн 5 гэртэй 3 тэмээтэй 2 адуутай жуулчны бааз нэртэй газар бол аялал жуулчлалын бааз биш. Манайд байгаа хоноглох газрууд бол зочид буудал “HOTEL” биш. Дэн буудлын газар (Мотел) гэгч. Ийм дэд бүтцээр жинхэнэ аялал жуулчлал бүхий үйлчилгээний эдийн засгийн баазыг бүтээж чадахгүй. Өөрчлөн хөгжүүлж тансаг хэрэглээний орчин буй болгох хэрэгтэй. Энэ бүхнийг хийж байж уул уурхай дагнасан эдийн засгийн загварыг өөрчилж болно.

Дэлхийн хэмжээнд байнга тавигддаг нэг асуудал бол нефть газ дуусч, цөмийн цахилгаан станцууд хаагдвал дэлхий харанхуй болох бус уу гэж асуудаг. Хэрэв дэлхийн эрчим хүчний нөөцийг хязгаарлагдмал цагиргийн орчинд зөвхөн дэлхийн бөмбөрцгийн хэмжээнд авч үзвэл харанхуй болж мэднэ. Харин дэлхийг задгай сансрын системд авч үзвэл нар, салхины байнгын сэргээгдэх эрчим хүчний хүрээнд авч үзвэл хэзээ ч харанхуй болохгүй. Монгол нар, салхины асар их нөөцтэй орон. Эрчим хүчний эдгээр эх үүсвэрийг ашиглах технологийн хөгжлийн баазыг бэхжүүлэх хэрэгтэй. ЭБЦ-ын хөгжлийн ирээдүй, дэлхийн эрдсийн түүхий эдийн цогцолборт Монголын эзлэх орон зай ийм байна.

Ашигласан ном зохиол.

1. Д.Сэнгээ. Түүвэр зохиол. Нэгдүгээр боть. Улаанбаатар. 1965
2. Б.Явуухулан. Түүвэр зохиол. Улаанбаатар. 1985
3.  Таны дуртай дуу. (дууны түүвэр) 1991
        Хүн хүндээ хайртай явъя. Л.Дагвадорж
        Амьдрал хайр дээр тогтдог. Ш.Дулмаа.
4. Минеральное сырье: от недра до рынка. Том I, II, III. Москва 2011.
5. Пунсалмаагийн Очирбат. Монголын газрын тосны судалгааны шинэ үе.
        Улаанбаатар. 2013.
6. Пунсалмаагийн Очирбат. Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи.
        Улаанбаатар. 2002.
7. Пунсалмаагийн Очирбат. Монгол Улсын Эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн
        стратеги ба экологи. Улаанбаатар. 1998.
8. Пунсалмаагийн Очирбат. Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба
        экологи. (алт, мөнгө, алмаз) Улаанбаатар. 1999.
9. Пунсалмаагийн Очирбат. Оюутолгой: эрт, эдүгээ, ирээдүй. Улаанбаатар. 2