Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлсэн үг

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн илгээлт

Эрхэм хүндэт зочид,  төлөөлөгчид өө,

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологийг Монголд хөгжүүлэх сэдвийг хөндөж буй энэхүү хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд түлш, эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж, эх үүсвэр нь багасч байна. Цаашид эрчим хүчний гол эх үүсвэр болсон түүхий нефтийн үнэ урт хугацааны туршид тогтмол өндөр байх төлөвтэй байна. Тиймээс улс орнууд өөрийн онцлогт тохирсон шинэ эх үүсвэрийг судалж, ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Өнөөгийн нөхцөлд нефтиэс гарган авдаг бүтээгдэхүүнийг нүүрснээс үйлдвэрлэх нь техник технологийн болон эдийн засгийн хувьд боломжтой болсон. Нүүрснээс зөвхөн цахилгаан эрчим хүч гаргаад зогсохгүй шингэн түлш, химийн болон төрөл бүрийн бодис, хямд чанартай нийлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болжээ. Манай урд хөрш БНХАУ-д нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гарган авч, импортын хамаарлаа багасгах стратегийн шийдвэр гаргасны үр дүнд өдгөө энэ салбар нь цэвэр бизнесийн утгаараа ихээхэн ашигтай, эдийн засгийн томоохон салбар болон хөгжсөн байна. Тэд XXI зууныг “Нүүрс-химийн зуун” хэмээн нэрлэж байна.

Монгол орон нүүрсний арвин их баялагтай. Өндөр илчлэгтэй коксжих, эрчим хүчний нүүрсний аль алийг нь экспортлон гаргаж болно. Нүүрсний дийлэнх хувийг хүрэн нүүрс эзэлдэг ба түүнийгээ ашиглан шингэн түлш, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өнөөдрийн олон улсын хандлага, эдийн засгийн нөхцөлд бодитой болж байна. Монгол улсын төрийн бодлогын хүрээнд ч нүүрсний гүн боловсруулалтыг хөгжүүлэх зорилт  тавьсан байдаг. Цаашид татвар, эрх зүйн таатай орчныг бий болгох замаар хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, эрсдэл өндөртэй энэхүү салбарыг дорвитой дэмжих бодлого хэрэгжүүлэх нь маш чухал байна.

Нүүрснээс шингэн түлш гаргаж авснаар зөвхөн импортын түлш шатахууны хамаарлыг бууруулаад зогсохгүй химийн суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх эхлэл болно. Газар зүйн байршлын хувьд бид дэлхийд нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээрээ тэргүүлэгч бүс нутаг болох Зүүн хойд Азийн Хятад, Япон, Солонгос улсуудтай ойрхон. Энэ утгаараа ирээдүйд Монгол улс нүүрснээс гарган авсан химийн бүтээгдэхүүн ба хий, шингэн түлшний экспортлогч орон болон хувирах эхлэл тавигдана. Иймд өнөөдөр төлөвлөгдөж буй ганц нэг төслийг дэмжих тухайд биш  нүүрс-хими, эрчим хүчний салбарыг бүхэлд нь хамарсан алсын хараатай бодлого шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрлэлийг бүхий л талаас нь дэмжинэ гэж орсон байгаа нь энэ асуудал бидний хувьд ямар чухал ач холбогдолтойн илэрхийлэл гэж үзэж болно.

Манай эрдэмтэд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх чиглэлээр олон жилийн өмнөөс судалж, мэдлэгийн зохих суурийг бий болгосон. Өндөр технологитой, мэдлэг шаардсан энэхүү салбарыг хөгжүүлэхэд чадвартай боловсон хүчин шийдвэрлэх ач холбогдолтой. Үүнд манай үндэсний эрдэмтэд, боловсролын байгууллагууд чухал үүрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон компаниуд нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл боловсруулж, захаасаа хэрэгжүүлэх үе шатандаа орж байгаа нь сайшаалтай. Цаашид төр засгийн байгууллагууд, эрдэмтэн судлаач нар хувийн хэвшлийнхэнтэй нягт хамтран ажиллаж байж оновчтой зөв шийдэлд хүрч чадна.


Энэхүү хэлэлцүүлгээс гарах Зөвлөмжийг манай Засгийн газар зохих хэмжээгээр тусган авч, ашиглан хэрэгжүүлэх болно. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.