Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хэлсэн үг

Төмрийн баяжмалын экспортын боломж

2013 оны арваннэгдүгээр сарын 15

“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал дээр Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Л.Баяраахүүгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.


“ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТЫН БОЛОМЖ”



Төмрийн салбар маань өргөжиж байна. Монгол улс төмрийн судлагдсан нөөцөөрөө дэлхийд 14-т ордог. Хайгуулын ажлаа сайн хийвэл эхний арав руу ч орж болохоор. 2012 онд уулын ажлын төлөвлөгөө батлуулсан 23 төмрийн уурхай байдаг гэсэн мэдээ бий. Түүнчлэн  төмрийн 52 лиценз эзэмшигч, баяжмал үйлдвэрлэдэг 16 үйлдвэр Монголд байна. Нэгдүгээрт энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэлээд өндөр байна. Жишээлбэл, 52 лиценз эзэмшигчийн  21 нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, найм  нь хамтарсан гэх боловч  ихэнхдээ Хятадын хөрөнгө оруулалт давамгайлсан лиценз эзэмшигчид юм. Үүнээс 23 нь Монголын 100 хувийн үндэсний компани. Тэдний ихэнх нь үйл ажиллагаа явуулдаггүй. Хоёрдугаарт, сүүлийн үед төмрийн хүдрийн  баяжуулах үйлдвэрүүд газар авч байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 16 үйлдвэр байдаг, үүнээс 8 нь монгол хүний нэр дээр бүртгэлтэй, үлдсэн нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай юм уу, Хятадын хөрөнгө оруулалт давамгайлсан, хамтарсан компаниуд байна.

Хятадын хөрөнгө оруулалт идэвхтэй байгаа нь энэ салбарын онцлог. Нөгөөтэйгүүр  төмрийн хүдэр, баяжмал худалдаж авч байгаа ганц улс нь БНХАУ юм. Уул уурхайн компаниудын гол проблем нь тээвэрлэлт. Монголд 20-30 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлээд, экспортлох боломж бий. Монголын төмөр замын өнөөгийн нөхцөл байдлаар бол 10 сая тонноос илүү төмрийн хүдэр экспортлох боломжгүйг бид судалж үзсэн. Тиймээс бид энэ хэмжээнд төмрийн хүдэр экспортолно гэж бизнес төлөвлөгөөндөө тусгадаг.

Уул уурхайн яамны албан ёсны мэдээллээр өнгөрсөн жил 5,2 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Үүний борлуулалт нь 340 сая   орчим доллар болж байна. Чухамдаа  үүн дээр л манай салбарын гол асуудал оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаашид өртөг нэмсэн үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. 5,2 сая тонн бүхий төмрийн нойтон аргын баяжмалыг 78 сая ам.долларын нэмэлт боловсруулалт хийхэд  ашиг   өснө.   Дахиад 80 сая ам.долларын хорголжин төмрийн борлуулалт хийхэд мөн л эрс нэмэгдэнэ. /Графикаас харна уу/


ТӨМӨРЛӨГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ

УБТЗ жилдээ 10 сая тонн төмрийн хүдэр, баяжмал тээвэрлэх боломжтой.




Борлуулалтын ашиг энэ тэрийг тооцож үзвэл Монголд л үлдэх мөнгө.  Тиймээс эхний ээлжинд төмрөө нойтон аргаар баяжуулаад өртгөө нэмэх хэрэгтэй. Дараа нь хорголжин төмөр үйлдвэрлэх шат руугаа орж болно. Монголын төмөр замын нэвтрүүлэх чадвар, Эрээнээр шилжүүлэн ачилт, түүнээс  цааших  нутгийн гүн рүү орсон  төмөр замын нөөцөө бодоод үзэхэд ирээдүйд жилдээ 10 сая тонн төмрийн хүдэр экспортлох боломжтой. Тэгэхээр жилдээ 10 сая тонн хуурай аргаар баяжуулсан төмөр экспортлох уу, эсвэл 10 сая тонн хагас боловсруулсан төмөр үйлдвэрлэх үү гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа юм.  

Энэ жилийн дундаж үнийг нэг тонн нь 55 доллар гэж харвал цаашдаа 135 ам.доллар хүргэж зарах боломж бий. Бидэнд ямар их хэмжээний нөөц боломж байгааг энэ бүхэн  харуулж байна. Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, “Монгол ган нэгдэл” ХХК нь үйл ажиллагаагаа голлох хоёр чиглэлээр  явуулж байгаа.  Нэгдүгээр чиглэлийн тухайд ярихад нэгэнт бид Хятадуудад лиценз  олгож,  үйл ажиллагааг нь зөвшөөрсөн тул  тэднийг Монголын нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал руу нь  шахаж, дэмжих хэрэгтэй.  Хятадуудыг хөөж явуулна гэж байхгүй.  Тэд  төмөрлөгийн салбарт  хамтарч ажиллах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. “Монголд төмрөө баяжуулъя. Төмөр замын өртөг дийлдэхгүй байна”  гэж тэд ярьдаг.  Зарим компани нь алдагдалтай ажиллаж байгаа. Зарим нь алдагдалтай явж байгаа.

Хоёрдугаар чиглэл нь яг ижил хэмжээний бүтээгдэхүүнийг  өндөр үнээр зарах хэрэгтэй. Хуурай аргаар баяжуулсан төмрөө хорголжин төмөр болгож болно. Монголын  үндэсний нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг эзэлдэг  энэ салбар ирээдүйтэй харагдаж байгаа. Дашрамд, дэлхийн дөрвөн том төмрийн хүдэр олборлогч 2020 он хүртэл хөрөнгө оруулалтынхаа хөтөлбөрүүдийг эрс нэмэгдүүлэх гэж байгаа. Энэ нь Хятадын төмрийн хүдрийн нөөц  багасч буйтай холбоотой. Нөгөөтэйгүүр, Хятадын хөрөнгө оруулалт энэ салбарт нэмэгдэж, ирээдүйдээ түүхий эд дотроо тогтвортой, өсөлттэй, найдвартай зах зээл гэсэн дүгнэлт хийж байна. Тийм учраас бид энэ салхийг даган нэгэнт оруулсан хөрөнгөө түргэн олж авах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зэрэгт зарцуулах мөнгөтэй болох хэрэгтэй байгаа юм.