Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Journal Awards 2012

“Хайгуулын шилдэг компани”


Mining Journal Awards 2012-ын шилдгүүд

Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.


Mining Journal Awards өнгөрсөн жилээс “Хайгуулын шилдэг компани” гэсэн номинацийг шинээр бий болгосон юм. Уул уурхайн үйл ажиллагаа хайгуулаас эхэлдэг. Сүүлийн жилүүдэд Монгол оронд ашигт малтмалын хайгуулын ажил эрчимжиж, олон арван орд, илрэлүүдийг шинээр нээн, Улсын нөөцөд бүртгүүлж байна. Энэ мэт олон шалтгааныг бодолцон, басхүү хайгуулын компаниудын хүсэлт, шаардлагын дагуу энэ номинацийг оруулж ирсэн хэрэг. Өнгөрсөн жил “Шилдэг хайгуулын компани” номинацийн анхны шалгаруулалтад “Кью Жи Экс Монгол”, “Эрдэнэ Монгол”, “Хүннү коал”, “Занаду Майнз Монгол”, “МТ Дриллинг”, “Эрдэнийн эрэл” гэсэн зургаан компани өрсөлдсөн. Бусдаасаа хол илүү байсан “Хүннү коал” номинацийн эзнээр шалгарч байв.

Энэ жилийн шалгаруулалтад ч хайгуулын компаниуд хүчтэй өрсөлдөх магадлал өндөр байсан юм. Тиймээс ч Mongolian Mining Journal-ын зүгээс Шүүгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оруулж, хайгуулын салбарын мэргэжилтнүүдийг багтаасан. Монголын Өрөмдлөгийн холбооны Гүйцэт­гэх захирал Д.Цэвээнжав, Монголын Үйлд­вэрлэлийн геологчдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ гэсэн геологи, хайгуулын салбарын мэргэжлийн хү­мүү­сийг Шүүгчдийн зөвлөлдөө урьж, орол­цуулсан нь шүүлтийг илүү нарийн, мэргэжлийн түвшинд хүргэх гэсэн зорилготой юм.

Энэхүү номинацийн шалгуур үзүүлэлтүүдийг салбарын хоёр шүүгч маань боловсруулсан. Номинацид нэр дэвшинэ гэж байсан цөөнгүй компани нэр дэвшиж чадаагүй нь номинацийн шалгуур үзүүлэлттэй ч холбоотой байж мэднэ. Шалгуур үзүүлэлтүүд арай хатуу байна гэсэн “гомдлыг” зарим нэг компанийн зүгээс унагаж байв. Харин шүүгчдийн зүгээс шалгуурт хэцүү заалт байхгүй, харин ч олон улсын стандартын дагуу хайгуулын компаниудад тавьдаг шаардлагыг тусгасан гэдгийг онцолж байсан юм. 

Хайгуулын компани гэхээр л өрөм зоогоод яваад байдаг гэсэн ерөнхий ойлголт бий. Тэгвэл Mining Journal Awards-ын шалгуур үзүүлэлтэд тухайн жилийн хайгуулын ажлын үр дүнгээс гадна хуулийн дагуу зарцуулах хөрөнгө хэрхэн нэмэгдсэн, орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн байдал гээд хэд хэдэн чухал үзүүлэлтийг багтаасан юм. Уул уурхайн компанийн нийгмийн хариуцлага гэсэн ойлголт зөвхөн олборлогч, үйлдвэрлэгч компанид хамаатай бус хайгуулын шатны үйл ажиллагаанд ч чухал зүйл.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт орон нутгийн иргэд, удирдах байгууллагын оролцооны асуудлыг хурцаар тавьж байгаа болохоор аль ч шатанд үйл ажиллагаа явуулж байгаа компанид нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлаж, орон нутгийн хөгжлийг чадлынхаа хэрээр дэмжих шаардлага урган гарч ирж байгаа. Чухам энэ л зарчмыг баримтлан хайгуулын компаниудын шалгуур үзүүлэлтэд компанийн нийгмийн хариуцлагын байдлыг илтгэх үзүүлэлтийг оруулж өгсөн хэрэг.

Энэ жилийн тухайд “Шилдэг хайгуулын компани” номинацид гурван компани нэр дэвшиж, материалаа ирүүлсэн. Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент”-ын Монгол дахь компани “Эрдэнэ Монгол”, “Сентерра Гоулд Монгол” болон Австралийн үнэт цаасны биржид бүртгэлтэй “Харанга Ресурс”-ын охин компани “Харанга Хүдэр” гэсэн гурван компаниас шүүгчид шалгаруулалт хийлээ. Шүүгчдийн хувьд шийдвэр гаргахад тийм ч хүндрэлтэй байсангүй. Цөөхөн компани өрсөлдсөн, үр дүн нь тодорхой байсан болохоор шүүлтэд олон минут зарцуулсангүй. Шүүгчдийн хэлсэн үгийг дор сийрүүлье.



Д.Бат-Эрдэнэ: Цэвэр геологийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энэ жил шалгаруулалтад ороогүй байна. Ирүүлсэн материалыг харахад хийсэн ажлын хэмжээ чанар, үйлдвэрийг дүгнэхэд ерөнхийдөө “Сентерра Гоулд Монгол” компани тэргүүлж байна. Хоёрдугаар байрт, “Эрдэнэ Монгол”, дараа нь “Харанга Хүдэр”-ийг шалгарууллаа.

Б.Пүрэвтогтох: “Эрдэнэ Монгол” компани нотлох баримт байхгүй, хийсвэр юмнууд бичсэн байна лээ. Тийм учир үнэлэх боломжгүй гэж үзсэн. “Сентерра Гоулд Монгол”-д 24 оноо өгч, “Харанга Хүдэр”-т 18 оноо өглөө.

Д.Галсандорж: Голдуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байна. Геологи хайгуулын ажил хийгээд гарсан үр дүн нь яах аргагүй “Сентерра Гоулд Монгол” компани. Гурван талбай дээр хайгуул хийсэн байна. Үнэхээр их ажил, хөрөнгө оруулалт ч их хийсэн байна. Хайгуулын үр дүн аятайхан сайхан гарсан. Тийм учраас хамгийн өндөр оноог “Сентерра Гоулд Монгол”-д 25, “Харанга Хүдэр”-т 22.5 оноо, “Эрдэнэ Монгол”-д  20 оноо өглөө.

Ийнхүү материалаа ном журмын дагуу ирүүлсэн, холбогдох байгууллагуудын албан бичгийг хавсаргасан, хийсэн ажил нь бусдаасаа хамаагүй илүү байсан гээд “Сентерра Гоулд Монгол” компани “Шилдэг хайгуулын компани” номинацид шалгарсан юм.

Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулсан “Сентерра Гоулд Монгол” компани нэг орд, гурван илрэл нээсэн амжилтаараа нэр дэвшсэн. Тус компани Цагаан Овоо сумын нутагт Алтан Цагаан-Овоогийн алт-полиметаллын ордын нөөцийн тайланг өнгөрсөн тавдугаар сард хамгаалжээ. Уг ордын эдийн засгийн үр ашигтай нөөц нь 26,39 тонн алт, 195391 кг мөнгө, 105466 тонн хар тугалга, 190966 тонн цайр юм.

Нөөцөө батлуулаад зогсолгүй нэмэлт хайгуул хийсний дүнд 10 дугаар сарын сүүлчээр дээрх нөөцийг нэлээд нэмэгдүүлж чадсан байна. 1474,2 тонн алт, 8159,6 кг мөнгө, 12,7 тонн хар тугалга, 23,7 тонн цайрын нөөцөөр батлагдсан нөөцөө өсгөх боломжтой болжээ. Үүнээс гадна 2008 онд нээсэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дахь Өндөрийн полиметаллын ордод энэ онд нэмэлт хайгуул хийж, 83160 тонн хар тугалга, 327568 тонн цайр, 204 кг мөнгө байж болохыг тоймлон тооцсон байна. Энэ бүх нөөцийг илрүүлэхийн тулд 17259 тууш метр өрөмдлөг, 123,7 т.км цахилгаан хайгуул, 20,4 кв.км соронзон хайгуулын ажил гүйцэтгэжээ. Ашигт малтмалын хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй талбайнууддаа 235 сая төгрөг зарцуулахаар тусгасан ч найман тэрбум 361 сая төгрөгийг зарцуулсан байна.

Хайгуулын ажлаас гадна орон нутгийн хөгжлийг дэмжих тал дээр ч багагүй хөрөнгө оруулалт хийснээ тайландаа тусгасан байв. Үйл ажиллагаа явуулдаг сумдынхаа ИТХ-тай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр иржээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын Сум хөгжүүлэх санд тус бүр 3 сая төгрөг хандивласнаас гадна Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 32 сая төгрөгөөр гэр, сумын байгаль орчны байцаагч нарт 46 сая төгрөгийн багаж хэрэгсэл өгчээ. Мөн сумын төвийн халуун усны барилга, гүний худаг зэрэгт 80 орчим сая төгрөг зарцуулжээ.

Хоёрдугаар байранд “Харанга Хүдэр” компани шалгарсан. Төмрийн хүдрийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани энэ онд хуулийн дагуу 123 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 9 тэрбум 351 сая төгрөгийг хайгуулын ажилд зарцуулжээ. Улмаар магнетитын скарны Бат Уул,скарны Мөөм уул гэсэн төмрийн хүдрийн илрэлүүдийг шинээр нээсэн байна. Нөөцийг хараахан тооцоолж батлуулаагүй байгаа ч ихээхэн хэмжээний хүдрийн нөөцийг тогтоох боломжтой аж. Мөн нөхөн сэргээлтэд ч ихээхэн анхаарал хандуулж, 10 га газарт мод тариалсан байна. Харамсалтай нь компанийн хувьд материал ирүүлэхдээ ихээхэн хайнга хандаж, тодорхой нарийн мэдээллүүдийг хавсаргаагүй байсан. Энэ нь шүүгчдийн зүгээс хангалттай оноо авахад сөргөөр нөлөөлсөн.

Харин гуравдугаар байранд энэ номинацид хоёр дахь жилдээ “тоосоо өргөж” байгаа “Эрдэнэ Монгол” компани оров. Өнгөрсөн жил цаг тулгаж, англи хэл дээр материалаа ирүүлж байсан тус компанид шүүгчид оноо өгөхөөс татгалзаж байсан  удаатай. Энэ жил алдаагаа зассан ч материал нь тийм ч хангалттай байсангүй. Монголд хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэ Монгол”-ын хувьд Баянхонгор аймгийн нутагт байрлах Цэнхэр Номингийн лицензит талбайн Алтан нар алт-мөнгөний төсөл дээр энэ жил хайгуул үргэлжлүүлэн хийсэн байна. Хуулийн дагуу 3,1 сая төгрөг зарцуулах тооцоотой ч 2,1 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж, нийт 4493 метр 26 цооног өрөмджээ.

Ингэснээр Алтан нар төсөл дээр алтны хэд хэдэн орд байгааг илрүүлсэн ч хараахан нөөц бодуулж амжаагүй байгаа аж. Харин орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил нь чамлахааргүй их байв. Бэлчээрийн дөрвөн ширхэг худгийг 21 сая төгрөгөөр сэргээн засварлаж, Баян-Өндөр сумын сурагчдын дотуур байрны тохижилтод 4,6 сая төгрөг зарцуулжээ. Мөн 6 оюутны сургалтын төлбөрт 5,5 сая төгрөг төлснөөс гадна Шинэжинст, Баян-Өндөр суманд нарийн мэргэжлийн үзлэг хийх долоон эмчийн зардлыг даажээ. Энэ мэтчилэн тус компани орон нутгийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хийсэн ажил чамгүй их.

“Шилдэг Хайгуулын компани” номинацийн ялагчийн шагналыг Mining Journal Awards-ын хүндэт зочдын нэг Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхээс “Сентерра Гоулд Монгол” компанийн геологич н.Эрдэнэбаяр хүлээн авав. Г.Алтансүх дарга шагнал гардуулах үеэрээ “Монголын ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хайгуулын компаниуд төдийгүй бусад үе шатанд ажиллаж байгаа бүх компаниудад амжилтын дээдийг хүсье” гэсэн юм.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn