Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Awards

“MINING JOURNAL AWARDS 2010” ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

УИХ-ын гишүүн Х.Наранхүү:

Уул уурхайн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хооронд нь холбож, зохион байгуулах, салбар дотроо мэдээлэл өгөх, зарим талаараа сургалт болох, цаашлаад бизнесийн чиглэлийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд энэ шалгаруулалт чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Монголын Маркшейдерийн холбооны тэргүүн,
аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Дондов:


Уул уурхайн эрчимтэй хөгжлийн үед ийм том арга хэмжээг санаачлаад, зориг гарган зохион байгуулж буйд нь Mining Journal сэтгүүлийнхэнд талархлаа илэрхийлэх ёстой. Энэ шалгаруулалтад нэр дэвшсэн болон шалгарсан компаниудын үйлдвэрүүдээр очиж нүдээр хараарай. “Эрдэнэт” үйлдвэрийн тэр шинэ технологиудтай танилцаарай. “Оюутолгой”-н үйлдвэрлэлийг очиж хараарай. Багануурын уурхайн нөхөн сэргээлтийг нүдээр үзээрэй. Энэ уурхай нэрийг нь авсан нуурын ус хэрхэн цэлэлзэж буйг хараарай.


Mining Journal сэтгүүлийн
Ерөнхий эрхлэгч Л.Болормаа:


Уул уурхайн салбарыг зөвхөн мөнгө, ашиг гэж нэг талаас нь хардаг ойлголт нийгэмд түгээмэл байгаа ийм үед уул уурхайн салбарыг зөвөөр дэмжиж, эрүүл хөгжүүлж чадах юм бол энэ нь асар том баялаг болох юм гэсэн зөв ойлголтыг нийгэмд түгээхийн тулд манай сэтгүүлийн редакц өөрсдийнхөө хүч бололцоогоор энэхүү анхдугаар ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.


Сангийн сайд С.Баярцогт:

Мэргэжлийн сэтгүүл Монгол улсын эдийн засгийн гол салбар болсон уул уурхайн тэргүүний үйл ажиллагааг шалгаруулах уламжлал тогтоож байгаа юм байна. Энэ нь нэг жилийнхээ ажлын үр дүнг дүгнэсэн салбарынхны амжилт юм. Нөгөө талаар Монгол улсын эдийн засаг, техник технологийн хөгжил дэвшил ямар түвшинд хүрснээ дүгнэж байгаа хэрэг.


УИХ-ын гишүүн О.Чулуунбат:


Уул уурхайн бизнес гэхээр хүрз бариад шороо цацаад явдаг, хөрөө бариад мод хийчихээд явдаг гэсэн ойлголт нийгэм даяар бий. Уул уурхайн бизнест монголчууд бид хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэдэг улс болж байна шүү, ийм компаниудтай болж байна шүү гэдгийг энэ шагналуудаар нийгэмд зөвөөр ойлгуулж, сурталчилж, мэдээлэх зорилго агуулсан гэж би ойлгож байгаа. 


ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал,
доктор, профессор Б.Пүрэвтогтох:


Шагнал ямар нэг юманд чиглэсэн байх ёстой. Уул уурхайн үйл ажиллагааг  дэмжиж, сайныг нь алдаршуулахдаа жанжин шугам нь хариуцлагатай уул уурхай руу шахах юм бол энэ шагналын төлөө өрсөлдөж байдаг, энэ шагналыг авсан байгууллагын бизнес нь дэмжигдэж байдаг, нийгэмд нэр хүнд өсч байдаг байгаасай. Тэгвэл энэ шалгаруулалт их ач холбогдолтой үйл ажиллагаа байх болно.