Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Awards - 2011

“Хүннү Коал” “Хайгуулын шилдэг компани”-аар тодорлоо

“Mining Journal Awards”-ын энэ жилийн нэг онцлог нь “Шилдэг хайгуулын компани” номинацийг шинээр бий болгосон юм. Уул уурхайн үйл ажиллагааны үндэс нь хайгуулаас эхэлдэг. Газар доорх ашигт малтмалыг нээн илрүүлж, нөөцийг нь тогтоож ашиглалтад оруулахад бэлэн болгодог гол үйл ажиллагаа бол хайгуул. Уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн сүүлийн жилүүдэд жилдээ гэхэд л хэдэн арван орд шинээр нээгдэж байгаа нь “Шилдэг хайгуулын компани” номинацийг бий болгох гол хүчин зүйл болсон юм. Гадны томоохон компаниудтай зэрэгцэн Монголын үндэсний компаниуд, монгол менежменттэй компаниуд олон улсын жишгийн дагуу хайгуулын ажлыг эрчимтэй хийх боллоо. Нөгөөтэйгүүр “Mining Journal Awards” нь зөвхөн олборлолтын шатанд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудын өрсөлдөөн биш жижиг, дунд хэмжээний бусад компаниудад боломж олгох ёстой гэдэг зохион байгуулагчдын саналыг Шүүгчдийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн юм. 

“Шилдэг хайгуулын компани” номинацид нийт 6 компани материалаа ирүүлж нэр дэвшсэн.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Баян Айрагийн алт-зэс-мөнгөний орд, Өмнөговь аймаг дахь Баруун Нарангийн коксжих нүүрсний орд, мөн Юниверсал Коппер компанийн алт-зэсийн төслөөрөө “Кью Жи Экс” компани өрсөлдсөн. Энэ онд дээрх төслүүддээ нийт 5,5 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн байна.
Баянхонгор аймгийн нутаг дахь Зуунмод зэс-молибденийн ордын 218 сая тонн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, Ашигт малтмалын газраас ашиглалтын лицензээ авсан “Эрдэнэ Монгол” компани нэр дэвшив. Тус компани “Хөвийн хар” алт зэсийн, “Алтан нар” алтны төслийн хайгуулын ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Өмнөговь аймгийн нутаг дахь коксжих нүүрсний Цант-Уул талбайн 167 сая тонн нөөцийг батлуулж, олборлолтын ажлаа эхлэхэд бэлтгэж байгаа үзүүлэлтээрээ “Хүннү Коал” компани “Шилдэг хайгуулын компани” номинацид нэр дэвшсэн. Тус компани Цант-Уул төслөөс гадна Үнст худаг, Алтай нүүрс зэрэг 10 гаруй төсөл хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр төслүүддээ энэ онд 14 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ.

Нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт нүүрс, алтны 5 төсөлдөө нийт 8 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа “Занаду Майнз Монголиа” компани орсон юм. Энэ жил “Хар Тарвага” хүрэн нүүрсний ордынхоо 327 сая тонн нөөцийг батлуулж, ашиглалтын лиценз авсан бол “Нүүрстэй” коксжих нүүрсний орд дээрээ 3500 тууш метр алмаазан өрөмдлөгийн хоёр цооног өрөмдөж, 5 км орчим урттай 6-12 метр зузаантай сайн чанарын нүүрсний үеийг илрүүлсэн амжилтаараа нэр дэвшсэн юм.
2011 онд алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн хайгуулын 7, ашиглалтын 3 талбайд 261 цооногийг 47 км уртааш өрөмдөж, улсын төсөвт 70 гаруй сая төгрөгийн татвар төлсөн 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай “МТ Дриллинг” компани өрсөлдлөө.
Харин зургадугаарт 100 орчим ажлын байрыг бий болгож, сүүлийн үеийн хүчирхэг техник, өрмүүдийг ашиглан Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дээр зэс, нүүрсний талбай дээр 3000 гаруй тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн “Эрдэнийн Эрэл” компани “Шилдэг хайгуулын компани” номинацид нэр дэвшлээ.

Эдгээр компаниудаас шилдгийг нь шалгаруулах хүндхэн давааг шүүгчид маань амжилттай давсан.
“Шилдэг хайгуулын компани”-ийг шалгаруулах үндсэн шалгуур үзүүлэлтийг шүүгч Н.Алгаа “Хэчнээн   газар шинэ хайгуулын төсөл эхлүүлэв, ямар хөрөнгө зарцуулав, хэчнээн тууш метр өрөмдөв гэдэг цөөхөн үзүүлэлтээр л шалгаруулна. Түүнээс биш том жижгийн асуудал ерөөсөө байхгүй. Мөн үр дүн гарсан байвал сайн. Гараагүй байлаа гэхэд ийм үр дүн гарна гээд 5 сая доллар зарцуулчихсан байж болно” хэмээн тодорхойлсонтой шүүгчид бүгд санал нийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Хамгийн гол асуудал бол хэчнээн илрэл, хэчнээн орд газар илрүүлэв гэдэг байх ёстой. Явсаар байгаад эцсийн дүндээ манай улсын хайгуулын чадавх хэр их өсч байна гэдэг хамгийн гол асуудал. Түүнээс биш манай   газар нутаг дээр Канад, Австралийн том том компаниуд орж ирээд замбараагүй хайгуул хийж байж болно. Тэгвэл бид гадны хайгуулын компаниудыг хооронд нь өрсөлдүүлэх тухай ярих болно. Тэгэхээр миний хувьд хайгуулын компаниуд Монголын мэргэжилтнүүдийг хэр их авч ажиллуулж байна, хэчнээн хүн бэлтгэж байна, дээр нь байгаль орчны асуудлыг хэр анхаарч байна, нийгмийн хариуцлага нь ямар байна гэдэг өнцгөөс харах ёстой гэж бодож байна. Бид дотооддоо гадны тэр том компаниудтай өрсөлдөх компанийг бий болгох үүднээс энэ шалгаруулалтыг явуулж байгаа” хэмээн өөрийн санал бодлыг хуваалцсан юм.


Ингээд материалаа ирүүлсэн 6 компани дээр шүүгчид маань тодорхой саналуудаа хэлцгээсэн юм. 

Б.Батбаяр: “Эрдэнийн Эрэл”-ийг үнэлэх үү, үгүй юү? Номинациа зөв сонгоогүй байх юм. Хайгуул хийдэг байж “Шилдэг технологи” номинацид нэрээ дэвшүүлсэн байх юм. 

Х.Наранхүү: “Кью Жи Экс” гэхэд гадны хөрөнгө оруулалттай компани. Тэд Монголын 10 инженерийг аваад, баруунд хэрэглэж байсан тоног төхөөрөмж авчирчихсан. Зүгээр гаднаас баахан төхөөрөмж авчирсан компанийг шалгаруулмааргүй байна. Энэ утгаараа “Эрдэнийн Эрэл”-ийг хасчихаж болохоор. Зарим компаниуд Монголд өөрийн бие даасан салбараа байгуулсан.  Жишээ нь “Занаду Майнз Монголиа” гээд Монголд мэргэжлийн баг бүрдүүлчихсэн байна. Энэ бол болж байна. “Хүннү Коал” гэхэд 35 монгол ажилтантай, дээр нь 20 оюутныг бэлтгэж байна. Энэ бол дотоодын боловсон хүчнийг бэлтгэж, цаашдаа Монголын компанийг бий болгож байна гэсэн үг. Нэр, санхүүжилт нь хамаагүй, гол нь манай боловсон хүчнийг бэлтгэж байгаа нь чухал.

Д.Дондов: “Эрдэнийн Эрэл” дээр судлах зүйл бий гэж бодож байна. Материал үзэж байхад нэг сонин компани тааралдсан. “Шилдэг технологи” номинацид нэр дэвшсэн “МТ Дриллинг” компани. Материалыг нь үзэхээр яах аргагүй хайгуулын компани. Хийсэн ажлыг нь харахад бидний яриад байгаа бүх л шалгуур үзүүлэлт байгаа юм. 2005 онд байгуулагдсан, 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани байна. 2011 онд юү хийв гэхээр 261 цооногийг 47 км уртааш өрөмдсөн. Энэ бол бага ажил биш. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн хайгуулын 7, ашиглалтын 3 талбайд өрөмдлөг хийсэн байгаа юм. Нийгмийн хариуцлагын тухай ярих юм бол орон нутагт 73 сая төгрөг, 167 сая төгрөгийг татварт төвлөрүүлсэн, 125 хүнийг ажлын байраар хангадаг гээд харахаар яах аргагүй овоо гайгүй хайгуулын компани байгаад байх юм.

Н.Алгаа: Энэ бол “Шилдэг технологи”-д өрсөлдсөн хайгуулын бус компани. Өөрийнхөө мөнгөөр биш бусдын мөнгөөр өрөмдсөн болохоор энэ бол яах аргагүй ханган нийлүүлэгч. Түүнээс биш хайгуулын компани огт биш. “Мэйжор Дриллинг”-ээс салсан хэдэн геологич “Магнай трейд”-тэй хамтран хайгуулын компани байгуулсан. Туршлагатай геологчид учраас сайн ч ажиллаж байгаа.
Хайгуулын компанийн ажлын хамгийн гол зорилго бол орд нээх. “Хүннү Коал” орд нээсэн үү, нээсэн. “Эрдэнэ Монгол”, ““Кью Жи Экс”, “Занаду Майнз” орд нээсэн үү, нээсэн. “Аспайр Майнинг” гэхэд бас л шинэ орд нээгээд төмөр зам тавихаар ярьж байна.

Б.Батбаяр: “Эрдэнэ Монгол”-ын хувьд бидэнд хүндэтгэлгүй хандсан. Англи хэл дээр материалаа ирүүлсэн. Би хувьдаа англи хэл дээр ирсэн материалыг уншихгүй гэж үзсэн. Монгол улсын төрийн хэл бол монгол хэл.
“Хүннү Коал”-ын хувьд ганцхан л орд нээсэн шүү дээ. Ганцхан Цант-Уул л байгаа. Үнст худаг бол хуучин байсан орд. Миний хувьд ““Кью Жи Экс” арай илүү ч юм уу гэж бодоод л байна. Баруун Наран, Баян Айраг гээд хоёр орд нээсэн. Нөөцийг нь батлуулчихсан. Ноднин Баян Айрагийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулсан. Гэхдээ монгол менежменттэй сайн ажиллагаатай компани гэдэг утгаараа “Хүннү Коал” ч шалгарах  үнэдслэлтэй. “Занаду Майнз Монгол” бас л ганцхан орд нээсэн.

Д.Дондов: Би ч бас “Эрдэнэ Монгол”-д дүгнэлт өгөх боломжгүй гээд биччихсэн.

Н.Алгаа: “Хүннү Коал” монгол менежменттэй байсан ч одоо бол зарагдчихлаа шүү дээ. Тайландын компани авчихлаа. 

Х.Наранхүү: “Геосан” хайгуулын компани мөн үү? Нарийн яривал үндэсний ганц компани байх. Дэлхийн түвшинд үйлчилгээ үзүүлж байгаа сайн компани. Бид цаашдаа “Кью Жи Экс Монгол” шиг биш, “Геосан” шиг компаниудыг олшруулахын төлөө байгаа шүү дээ.

Н.Алгаа:  “Геосан” 1995 оноос хойш явсаар одоо өөрийн офистой болчихлоо. Хоёр онгоц худалдаад авчихлаа. Агаарын зураглал хийж байна. Гэхдээ “Геосан” хайгуулын компани биш, хайгуулын компанид үйлчилгээ үзүүлдэг компани.

Г.Шархүү: Тэгж хэлж бас болохгүй ээ. Геофизикийн судалгаа бол газар дор юу байгааг анх тандан судалж тодорхойлж өгдөг. Тэр утгаараа анхан шатны хайгуул гэсэн үг.

Н.Алгаа: “Хүннү Коал” ч тэр, “Эрдэнэ Монгол” ч тэр,  “Занаду Майнз Монгол” ч тэр гадаадын зах зээлээс хайгуулын мөнгө босгож, дэлхий нийтийн чиг хандлагаар явж байгаа компаниуд. Энэ бол тийм амар ажил биш шүү. Бид хэтэрхий үндэсний тал руугаа хазайгаад байх шиг байна. Эцсийн зорилго бол тэр газар доор байгаа баялгийг нээн илрүүлж байгаа компанийг л гаргах шүү дээ. Миний хувьд “Хүннү Коал” уу, ““Кью Жи Экс” үү гэсэн жаахан эргэлзээ байна. Баян Айраг бол “Кью Жи Экс” 2005 оноос хойш ноцолдсоор байгаад гаргаж ирсэн орд.

“Шилдэг хайгуулын компани”-ийг шалгаруулахын тулд шүүгчид маань аль болох үндэсний компаниудаа дэмжихийг чармайж байгаа нь харагдаж байлаа. Өөр номинацид нэр дэвшиж материалаа ирүүлсэн, мөн нэр дэвшээгүй ч гэсэн сайн үйл ажиллагаа явуулдаг монгол геологич, мэргэжилтнүүдтэй, үндэсний хөрөнгө оруулалттай компаниудыг өөрсдөө нэрлэн бас нэр дэвшүүлж байснаас энэ нь анзаарагдаж байгаа байх.
Ийнхүү шүүгчид санал бодлоо солилцож, багагүй маргасны эцэст “Шилдэг хайгуулын компани”-ийг тодруулахын тулд 9 шүүгчийн саналыг хурааж, онооны нийлбэрээр тодруулахаар болсон юм. Шүүгчдийн хамгийн өндөр оноогоор “Хүннү Коал” “Шилдэг хайгуулын компани”-аар шалгарлаа. Мэдээж ““Кью Жи Экс” маш хүчтэй өрсөлдсөн ч хоёрдугаарт орсон юм. “МТ Дриллинг” компани оноогоороо гуравдугаарт орлоо.
Салбарын мэргэжлийн байгууллагуудаас саналын хуудсаар авсан санал болон цахим хуудсаар олон нийтээс авсан саналын үр дүнг харахад “Хүннү Коал” яалт ч үгүй бусдыгаа манлайлсан байв. Нийт саналын 18,5 хувийн саналыг “Хүннү Коал” авсан бол “Айвенхоу Майнз Монголиа Инк” компани 12 хувь, “Кью Жи Экс Монгол” компани 9 хувь, “Занаду Майнз Монголиа” компани 7,9 хувь, “Эрдэнэ Монгол” компани 7,6, “Петро Матад” компани 6,9 хувийн саналыг авсан байв.

“Хүннү Коал” “Хайгуулын шилдэг компани”-аар тодорлоо

Анх байгуулагдсанаасаа хойш л Монголын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татаж байсан компани бол “Хүннү Коал”. 2010 оны хоёрдугаар сард Австралийн бирж дээр IPO хийж, хайгуулынхаа мөнгийг босгож байсан тус компани богино хугацаанд асар их ажил амжуулж, багагүй хэмжээний нүүрсний нөөц илрүүлсэн билээ. Монгол менежменттэй, монгол захиралтай компани анх удаа олон улсын бирж дээр IPO хийж, хувьцааных нь ханш зургаа дахин өсч, тухайн оныхоо Австралийн хөрөнгийн биржийн шилдэг IPO-гоор шалгарч байсан нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татсан үйл явдал болж байв. 

“Mining Journal Awards 2011” шалгаруулалтын “Шилдэг хайгуулын компани” номинацид “Хүннү Коал” ялалт байгуулахаас ч аргагүй. Тэд 2011 онд тун ч амжилттай ажиллажээ. Тус компани Монголд нийт 15 төсөл эзэмшиж, хайгуулын ажил хийдэг. 2011 онд эдгээр төслүүддээ 14 тэрбум гаруй төгрөг зарцуулаад байгаа юм. Үүнээс Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Үнст худаг нүүрсний ордынхоо нөөцийг ЖОРК кодоор 676 сая тонн хэмээн тогтоосон. Мөн долдугаар сарын 18-нд өөр нэг том төсөл болох Цант-Уул нүүрсний орд дээрээ ашиглалтын лицензийг холбогдох газраас нь авсанаа зарлаж байв. Цант-Уул орд нь ЖОРК кодоор тогтоогдсон 90 сая тонны сайн чанарын нүүрсний нөөцтэй орд юм. Энэ жилийн тухайд “Хүннү Коал” компани нь хоёр гол төсөл болох Үнст худаг болон Цант-Уулын нүүрсний ордынхоо нөөцийг ЖОРК кодоор тогтоосон бөгөөд нийт 766 сая тонны нөөцтэй, Монголын томоохон нүүрсний компаниудын нэг болсон.

Хайгуулын ажлыг эрчимтэй хийхээс гадна тус компани нийгмийн хариуцлагаа маш сайн ухамсарлаж, хариуцлагатай ажилласан гэж хэлж болно. 2011 онд МУИС, ШУТИС зэрэг томоохон сургуулиудад амжилттай суралцаж буй 20 оюутанд сургалтын тэтгэлэг олгож, ирээдүйн компанийнхаа боловсон хүчнийг бэлтгэж байгаа ажээ. Мөн соёл урлаг, спортод багагүй хөрөнгө оруулалт хийсэн, сум орон нутагт 8 гүний худаг гаргаж өгөхөөр ажиллаж байгаа гээд чамлахааргүй ажлыг амжуулаад байна. Нийгмийн хариуцлага гэхээр ганцхан олборлолт явуулдаг томоохон компаниудад хамаатай биш хайгуулын компаниудад ч хамаатай гэдгийг “Хүннү Коал” үйл ажиллагаагаараа харуулж байна. Тэд байгаль орчныг хамгаалах чиглэлээр ч гэсэн тодорхой ажлуудыг төлөвлөж, хийж хэрэгжүүлж эхлээд байна. Мод үржүүлэг, үр үрсэлгээний талбай байгуулсан, 1 га талбайд ойн зурвас байгуулж, 2000 ширхэг улиас, хайлаас суулгасан гээд хийсэн ажлыг нь чамлахааргүй. Энэ бүхэн тус компанийг “Mining Journal Awards 2011” шалгаруулалтын “Шилдэг хайгуулын компани”-аар тодруулах гол үндэслэлүүд болсон билээ.