Тэр шийдвэрийг би өдөр сонсч билээ. Ингээд үд ихэд хэвийх цагт ажил дээрээ ирээд, ёс болгож тэр хүмүүстэй хальт уулзаад гарсан юм. 2008 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн даваа гаригт тэндээс гарсан. Дараагийн бямба гаригт нь ирээд, хэдэн дэвтэр, бичиг цаасаа жижиг машиндаа хийгээд бүрмөсөн явж билээ. Дахин би тэр редакцаар огт шагайсангүй. Орох хүсэл төрөөгүй юм. Босгосон бүхэн минь тэнд хоцорсон. Арван хэдэн жил ажилласан редакцтай маань хүний ёсоор баяртай гэж хэлэх боломж олгоогүй тэр хүмүүст нэг их юм бодсонгүй. Энэ шийдвэрийг гаргуулах гэж нэг хоёр хүн их зүтгэснийг хожим дуулж билээ. Харин хэсэг хугацааны дараа энэ шийдвэр надад хязгааргүй эрх чөлөө өгснийг ойлгосон юм. “Эрх чөлөө” нэртэй зургийг надад Төгсөө эгч бэлэглэх мөчид жигүүр дэлгэн хөөрөх өдөр ирснийг би мэдэрсэн.
“2008 оны гуравдугаар сарын 16” хэмээн С.Төгс-Оюун эгч зураг дээрээ бичжээ. Хоёр бяцхан тэнгэрийн дагина дүүлэн , харин ээж нь гэх даашинзтай тэнэгхэн бүсгүй эрх чөлөөт орон зайг гайхшран , үл итгэн алхах тэр юутай оносон дүрслэл байв аа. Амьдралын тойрог лугаа бор шар дулаахан өнгөт цагаригууд бид гурвыг хүрээлээд, би гэдэг бүсгүй хоёр хайртай охинтойгоо хорвоогоор нэг алхаж байх юм. Бидний замыг яасан ч урт дүрслээв дээ. Сонинд ажиллаж байх үед минь зураач Төгсөө ирээд, чамд эрх чөлөө хэрэгтэй байх шиг санагдах юм, чи богинохон даашинз өмсөөд дуртай зүгтээ алхмаар байвал хүссэнээ хийж бай, хамгийн чөлөөтэй тод өнгийг айлгүй сонгож байгаач гэж хэлсэнсэн. Сэтгэл дотроо зөрчилтэй явдгийг минь тэр ухаалаг эмэгтэй олж харсан байж. Төгсөө эгч тэр өдөр тод ногоон өнгөтэй , энгэр задгай дэгжин загвартай хантааз өмссөн байсан нь санаанаас үл гарна. “Өнөөдөр” сониноос намайг гарахад чин сэтгэлээсээ миний төлөө баярласан ганцхан хүн тэр эмэгтэй байсан байх. Дайчин, халуун сэтгэлтэй, зүрх зоригтой, бас дэгжин, гоё хүүхнүүдэд би их хайртай. Тийм хүмүүс амьдралын өнгийг тодорхойлдог. Харин бусад нь бол ийм хүмүүсийн сүүдэрт л амьдардаг байх, саарал хүмүүсийн тухай сайн мэдэхгүй.
Яг одоо надад “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн үгний яс чанар ихэд мэдрэгддэг. Газар шороо, галын үнэр, нүүрэн дээр минь хайрлан хайрлан тусах өвлийн нарны хүсэмжит илч лугаа би энэ үгний үнэнд дурлажээ. Их нандин ховор мэдрэмж шүү. Өөрийн эрхээр зовж явахдаа би өчигдөр идсэн хоолыг дахиж захиалсангүй. Миний хүрч чадах шинэ оргил өөд дуртайяа мацсан билээ.
2008 он

Нэг хүний төлөө зүтгэж байхыг нь хараад би нэг их юм боддоггүй байлаа. Ерөнхий эрхлэгч өрөөнд ороод ирвэл учиргүй бичиг цаас шагайн, урагшаа хойшоо ажил ярин алхаж эхэлдэг тэр хүмүүсийг хараад өрөвддөгсөн. Эрхлэгчийн эзгүйд редакцид тоотой үзэгддэг жүжигчид эзний бараанаар харин амьтан болдог. Энэ нь их инээдтэй харагддагсан. Инээд тохуугаа би нууж байсанчгүй. Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн төлөө би зүтгэж байсан юм. Өнөөдөр ч тэр зорилгынхоо өмнө үл шантран , оргил өөд мацаж байна. Би хэзээ ч хэн нэгэнд таалагдах гэж ажиллаж, бичиж байсангүй. Тийм болохоор Ерөнхий эрхлэгч маань “Өнөөдөр” сонины редакцид ороод ирэх мөчид ч, эзгүй олон сараар явах үед нь ч би хийх ёстой ажлаа чин сэтгэлээс гүйцэтгэдэг байлаа. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар бичдэг байсан. Бичиж байна. Бичих болно. Надад хэзээ ч эзэн ноён байгаагүй. Өөрийнхөөрөө туулж яваа амьдралаараа би бахархдаг. Өөрийнхөөрөө байж чаддаг болохоор минь Эрхлэгч намайг өрөөндөө дууддаггүй, би өрөөгөөр нь орж гарч гүйдэггүй, харин эзэн маань миний дэргэд ирээд ажил төрлөө зөвлөдөг байсан. Тэр хүн надад итгэдэг, хүндэлдэг байсан. Болороо завгүй байгааг тэр мэддэг, тийм болохоор зүгээр л ороод ирдэгсэн. Үүнээс илүү итгэл гэж юу байх билээ. Завгүй, өөрийнхөөрөө зам минь өнөөдөр ч зах хязгааргүй үргэлжилсээр. “Завгүй” нэртэй компаниа байгуулсан. Хичээж л явна даа.
2008 он
Тэр давааны цаана цэцэг
Цэнхэр цагаан ягаан.
Харахсан гэхээс яараад
Хачин адал явдалт миний амьдрал.
Бартаат даваа чулуу их
Бэсрэг жавар үлээх энүүхэнд
Хачин нь би даашинзтай
Хөнгөн өсгийтөөсөө салах ч биш.
Нар намайг дагаад явахаа амлалаа
Гэрэл миний охидоос үл холдоно.
Гагцхүү ээж минь энэ давааг гэтэл
Жалга хонхор миний амьдрал биш.
2009 он.
Шөнө дөлөөр ганц манай цонх гэрэлтэй байх шиг санагддаг. Нойр хугаслан бичих, төлөвлөх, редакторлох, захидлууд явуулах гээд ажил дуусахгүй. Тэр өдөрт төлөвлөсөн ажлуудыг маргаашд үлдээвэл овоорсон бантан болж орхино. Цаг хугацаа гэдэг энэ дэлхий дээрх хамгийн үнэ цэнт ойлголт мөн. Алисиа унтаж байна…Заримдаа охин маань пэд пад гээд яваад ирдэг юм. Нүд нь анилдаж, үс нь сэгсийсэн жижигхэн Алисиа нойрон дундаа яваа атал инээсээр миний өрөөнд ороод ирдэг. Охиноо унтуулж, хажууд нь жаахан сууж байгаад дахиад л бичдэг. Компьютерийн товчлуур их чимээтэй эд гэдгийг шөнийн аниргүйд мэдрэх юм. Охин минь дахин сэрэх вий дээ.
Нойр хугасалсан шөнүүдийн тухай хэнд ч ярьж байсангүй. Чив чимээгүйн дунд бодлууд үсчин, санаа хөврөх торгон агшин. Тэр шөнүүддээ би их хайртай.
* * *
Зуун төгрөгний хийл
Зүрхэн чанадад урсан одох аялгуун гайхамшиг миний сэрээгүй мөрөөдөл. Тэр аялгуу тэнгисийг үймүүлж, өвлийг дулаацуулан, гараа өгөв. Түшиг нөмөрт нь би тайтгараад, эргэлдэн бүжих нь үл таних дүр төрх. Төрөлх зан минь засаршгүй мөрөөдөгч. Бүжиглэх ямар дуртай гээч…
Долоон настай байсан болов уу даа. Төмөр замын барааны дэлгүүр гэсэн тодотголтой хоёр давхар шар байшинг та ч мэдэхгүй л байх даа. Одоо тэнд “Рэйлком” холбооны компани төвхнөсөн байна лээ. Дээр үед хоёр давхар шард төмөр замынхан бараа авах гэж ордог байлаа. Долоон настай би дэлгүүрийн тавиур дахь жижиг хийлээс харц салгадаггүй байсан юм. Хааяа хааяа хийлээ харах гэж очно. Хүн авчихаагүй л байлаа, ашгүй. Бага гарын хийл 100 төгрөгний үнэтэй. Их өндөр үнэ байлаа, тэр үеийнхээр бол. Хүрэн бор өнгөтэй хийлийг тавиур дээр ялимгүй хажуулдуулсхийн тавьжээ. Үлгэрийн хийл. Зүрхэнд өнөөдөр ч хоргодох хонгорхон мөрөөдөлсөн.
100 төгрөгний хийл авахсан гэж би хэнд ч хэлээгүй. Ер нь л би бодсон санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй байсан юм. Ийм хүүхдүүд мөрөөдөмтгий, түүгээрээ амьдардаг байх. Хамаатны маань үеийн охиныг Солонго гэдэг байл уу даа. Гэртээ төгөлдөр хууртай. Дээр үеийн хэмжүүрээр бол баян айлын охидын нэг. Эмээ бид хоёр хааяа айлчилж очиход “Алив Солонгоо хөгжим тоглож үзүүлээч” гээд л гэрийнхэн нь охиныг дуудна. Цэдэнбал даргын жолоочийнх гэсэн билүү, яамны сайдаас дутуугүй амьдралтай айл байв аа, тэднийх. Солонго охины эмээ нь манай эмээ бид хоёрт төгөлдөр хуураа гайхуулаад ч байгаа юм шиг, үгүй ч байж магадгүй, би жаахан охин юм болохоор “энүүн шиг хууртай болохсон…” энэ тэр гэж бодогдоно оо. Хожим тунгаахад хөөрхий эмээ минь бас дотроо над шиг зүйл бодоод л айлаас гардаг байсан шиг. Уншиж, бичиж чаддаггүй миний эмээ уран гартай, дэгжин, зоригтой эмэгтэйсэн. Бичиг үсэггүй, бид хэдийн горшооктой ноцолдоод гэртээ суудаг мөртлөө бардам гэж юүхэв, зангий нь мэдэхгүй хүн бол “Оюун гуайгаас айгаад…” гэдэг юм. Сайхан даашинзууд нэхнэ, оёно, хатан хааных мэт дэгжин бүрх урлачихдаг. За ингээд эмээ гангалаад гараад ирэхэд нь хүмүүс “Оюун гуай…” хэмээн авгайлж хүндэлдэг байж билээ. Эмээ гоё сайхны торгон мэдрэмжтэй, тэмцэж босохын хат чанартай. Ийм эмээ бид хоёр Солонгоо охины гэрээс дор дороо өөрсдийн бодлыг зүрхэндээ тээсээр гарч ирнэ. Тэгээд Хөгжим бүжгийн сургуульд орохсон гэж хүлээж эхэлсэн. 100 төгрөгний бяцхан хийл зүрхэн чанадад аялгуу нэмж байлаа. Намайг ямар сургуульд оруулах тухайд манай гэрийнхний дунд өрнөсөн маргаан сэтгэлээс үл гарна. Долоон настай байхдаа амьдралынхаа хариуцлагатай сонголтын талаар анх ингэж сонсов. Эмээ намайг Хөгжим бүжигт оруулна аа гэж байна. Аав, ээж маань яахав тэр үеийнхний сонголтоор “сайн сургуульд” сургах шийдвэр гаргасан. Тэгээд л би жирийн дунд сургуулийн бэлтгэл ангид гүйж эхэлсэн, гэхдээ миний зүрхэнд жирийн бус аялгуу ямар олон жил эгшиглэсэн гээч.
Алигэрмаагаа би “Ямаха” хөгжмийн сургуулийн нэгдүгээр ангид тавхан настай байхад нь хөтлөөд очсон юм. Зах зээлд дөнгөж шилжсэн хэцүү цагт Монголд нээгдсэн хамгийн өндөр төлбөртэй тусгай сургалт байлаа. Тэр цагийн баячууд, олны танил оддын бяцхан үрс “Ямаха”-д сурч, Япон арга барилаар, Япон сурах бичиг, электрон Ямаха дээр хичээл заалгаж байсан. Миний тавхан настай охиныг багш нар нь мянгад ганц тохиолддог ховор сонсголтой, гоц авьяастай хэмээн магтдаг байлаа. Сар бүрийн төлбөрийн мөнгийг нь олох гэж би зовдог. Өвлийн хувцас өөртөө авч чадахгүйдээ гутарч байсангүй. Харин миний охин “Ямаха” сургуулийн онцгой сайн сурагч байгаад л ээж нь хязгааргүй бахархсан. “Харанга”-ын Лхагваагийн хүү Мандах Алигэрмаагийн ангид сурдаг. Лхагваа хүүтэйгээ хамт хичээлд суудаг байж билээ. Мянганбаярын хүүхэд явдаг гэх мэт Монголын шинэ цагийн баячуул тэр өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгдөг байсан. Айлын хүүхдүүд том машиндаа суугаад сүнгэнээд одоход ард нь Алигэрмаа бид хоёр алхаад үлддэг, гэхдээ бүгд охины минь авьяасыг үнэлэн магтдагт бид хоёр сэтгэл хачин хангалуун. Эцэг эх нь хүүхдүүдийнхээ хамт хичээлд суудаг их гоё сургалттай. Би мөрөөдлөө гүйцэлдүүлэх гэж энд ирсэн юм шиг атал миний охин хөгжмийн ховор авьяастай болохыг харах юутай бахархалтай.
100 төгрөгний хийлийн үлгэр ингэж цав цагаан төгөлдөр хуурын мөрөөдлөөр солигдсон. Гэхдээ хөгжмийн ертөнц Алигэрмаагийн хообий, хүссэн үедээ сэтгэлийн чанадаас урсган тоглодог их түрлэг болон үлдсэн. Сонгосон мэргэжил нь бол тэс өөр. Хөрөнгө оруулалтын эдийн засгаар мэргэшин сурч байгаа түүний минь өмнө өргөн ирээдүй бий. Алигэрмаагийн “Ямаха” хөгжмийг Алисиа одоо нэг их тоохгүй байна аа. Хааяа нэг хуурын товчлуур дээр хэвтэж байгаад залхуутайяа дүн дан хийлгэх аж. Ноот моотны дэвтэр дээр бол ноороглоод л базах жишээтэй. Алисиа өөрийгөө нээхээр гайхамшгийн орноор аялж яваа юм. Шинэ цагийн охин маань дүрсхийсэн зантай. Хангинатал дуулчихдаг. Хэнэггүй, эргэж тойрох зууртаа заавал нэг юм татаж унагана. Тас тас хөхрөхөд нь цонхон дээр нойрмоглох хэдэн цэцэг өөрийн эрхгүй дэлбээлэх мэт ээ. Тэгж байгаад Алисиа өөрийнхөө мөрөөдлийн замыг олоод алхчих нь дамжиггүй. Онц сурах, олигтой дүн авах тухай би хэзээ ч охиддоо хэлэхгүй. Дүн гол зүйл биш. Харин хүүхэд тохитой, түүнийг хөгжүүлж баярлуулж чадах тийм сургууль, цэцэрлэгт сурах ёстой. Ингээд “Орчлон” сургууль-цэцэрлэгийн найрсаг орчин луу Алисиа бид хоёр өглөө болгон очдог болсон. “Сайхан амарсан уу, Алисиа найз аа” гээд Анир охиныг минь тэврэн угтдаг. Гурван настай хоёр бүдүүн охин найзалдаг ба өглөө бүр тэр хоёр ингэж мэндчилдэг.
Амьдрал яг үлгэр шиг. Нэг үзэгдлээс нөгөөгөөр үйл явдал солигдох агшнууд. Энэхэн амьдралаа хөвсгөр алчуур дэрвэх лугаа эгэлгүй болгож сурах хэрэгтэй мэт. Гоё амьдраасай гээд охиддоо Алигэрмаа, Алисиа нэр өгсөн юм. Нөгөө хоёр маань бие биенээ ямар их санадаг гээч. Удахгүй зуны амралт дуусаад эгч нь сургуульдаа явна. Алигэрмаадаа цэмцгэр даашинз цуглуулаад, Алисиадаа өнгө өнгийн зүүлт хайгаад би дэлгүүрт явж байгаа шүү. Хурдан хурдан алхаад л…Өөртөө бас дэгжин цүнх авахаа юу гэж мартах вэ. Амьдрал баяр шүү дээ.
2010 он
* * *
Тэгээд юу гэж?
Тэгээд юу гэж? Энэ доогтой асуулт үзгээ шүүрэх бүрийд намайг ээрдэг. Ийм явдал болоо л биз, эсвэл тийм үзүүлэлт гараад ирсэн байж. Тэгээд юу болчихоо вэ? Хариулт эрсэн зуу зуун цифр, ишлэл, үйл явдал, нэрс, тэдний утас миний дэвтэрт хоцорчээ.
Эдгээр баримтыг би есөн жилийн хугацаанд цуглуулж, нимгэн дэвтрүүдээс минь шороо тоос, эмгэнэл, баяр, их үйл явдал, эгэл амьдрал үнэртэнэ. Тэр нэгэн явдлын цаана бүдэг бадаг ёлтойх учир шалтгаан, зөрчил, хандлагыг зөв ургуулахын тулд «Тэгээд юу гэж?» гэсэн асуулт өмнөө тавьж явна. Томоо цүнх үүрсэн сурвалжлагч болгоны толгойд ийм асуулт үргэлж эргэлддэг гэдэгт эргэлзэхгүй байна.
Хуучин, шинэ дэвтрийн хооронд он жил гялалзан одох цагийн эргэлтэд миний ижил сэтгүүлчид бичих зуураа боловсрол олж, өндийн дээшилж, үзэг нь хүчтэй болж буйг мэдэрч явна. Монголын сэтгүүлчдэд чөлөөт хэвлэлийн тухай дэлгэж харах ном, эргэж тунгаах туршлага байгаагүй. 1990 оноос нааш харван одсон 17 жилийн уртад Монголын сэтгүүлзүйг шинэ цагийн төрхөнд нь чиглүүлж зүгшрүүлсэн том цүнхт, хуруу нь эвэршсэн сурвалжлагчдыг хүндэтгэн мэхийе. Тэд мэдэхгүй чадахгүй, бэрх хэцүү дундуур туучин байж шинэ цагийн сэтгүүлзүйн түүхийг эхлүүлжээ.
Тэд бичгийн машинаа компьютерээр солихдоо, хатуу залхаалт ноёлсон жагсаалын дэглэмээс задгай зах замбараагүй талбарт өв хөрөнгөгүй унахдаа өөрсдөө тархиа цэнэглэж, нийгмийн оюун бодлыг шинэчлэх давхар давхар ачааг үүрсэн. Тэдний эгнээнд би тун богинохон замд, ердөө есөн жил хөл нийлэн алхав. Бичихийнхээ зэрэгцээ юм юманд суралцах гэж амь тэмцсэн ерээд оны сурвалжлагчдын нэг билээ. Номын санд минь овоорсон тууш шугамтай тэмдэглэлийн дэвтрүүдийн хуудаснаас шилжилтийн үеийг гэтэлж яваа шинэ монголчуудын алхаа хэмнэл үнэртдэг юм. Үг, ишлэл нь их түүхийн гэрч болон хоцорчээ. Тэгээд юу гэж хэмээх зовлонт асуултад хариулах гэж цагаан цаас ширтэн эхний өгүүлбэрээ эрэн шаналсан өдрүүдийг минь эргэн сануулдаг. Тэнд хоцорсон баримт бүр сэдэв болон ургаж «Өнөөдөр» сонины хуудаснаа үлджээ.
Сонины хуудас шарлаж арай л амжаагүй байна. Тийм болохоор бидний араас алхахаар суралцаж буй оюутнуудад заримыг нь хүргэе. Алдаж, оносон халуун мөрөөр минь яваа залуу чамд энэ ном бяцхан хөтөч болог. Богинохон хэдий ч эргэн харахуйц түүх, туршлага шинэ цагийн Монголын сэтгүүлзүйд хэдийнэ хуримтлагдсан. Эдүгээ өөр өөрийн өнгө төрхтэй нарийн жимүүд нэгдэн нийлсээр тодхон зам мөр гарчээ. Тэдгээр жимийн нэгээхэн нь энэ.
Миний бяцхан зам бусдынхаас юугаараа өөр билээ? Эрхэм Ерөнхийлөгч өө, Монголын өдөр тутмын сонин... Ингэж асуултаа эхлэх их хүсэл нийтлэл, сурвалжлага, ярилцлага бүрт минь бий. Монголын сэтгүүлчид дэлхийн хэмжээнд сэтгэж, бусдын энд хүрч ажиллах цагийг наашлуулахсан. Тулгаа тойрч гүйхээс цааш түмэн үйл явдлын учир шалтгааныг ухан, тэгээд юу гэж хэмээсэн уншигчийн хорон асуултад бардам хариулж чадахсан. Харь орны ерөнхийлөгчид ч халуун асуулт тавьж чадах Монголын мэргэжлийн сэтгүүлчид ар араасаа олноороо төрөөсэй. Би яарч байна. Мэдэхгүй чадахгүйн зовлон намайг элдэн хөөнө. Уншигчаасаа хоцрохгүйн тулд намхан улт хөнгөн шаахай өмсөөд, том цүнхээ үүрээд гүйж явна.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
Барагдахгүй урт замд аяны цүнхээ түшээд
Бодол тээр холд надад гүйцэгдэхгүй яарна.
Манан зүсч миний зам арай ядан үзэгдсэн ч
Нарыг хаанаас ч олохгүй, улам хүйтрэх шиг санагдана.
/Grand Forks, 2002/
* * *
Би ахмад сэтгүүлч биш. Хангалттай туршлага хуримтлуулсан хашир бурхи ч биш. Гэхдээ сэтгүүлзүйн ертөнцөд хөл тавьж буй залууст хандан хүсэх, зөвлөх зүйл бий.
Энэ бол өөрийн сэдэв. Өөрийнхөө сонирхол, боломжийг мэдэрч буй гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Чиний сэдэв, чиний гэх орон зай ямагт байх ёстой. Багш нар үүнийг мэргэших чиглэл гэж хэлж өгсөн байж мэднэ. Тэр чиглэл гэгч тоо томшгүй олон. Энэ бол аль нэг салбараар дагнан бичих, нэвтрүүлэг бэлтгэх тухай ерөнхий яриа бус. Ямар нэг үйл явдлын хажууд байж, бусдаас илүү мэдээлэл олж авсан бол тэр сэдвийг мухарлах хүртлээ өөртөө өмчлөөрэй.
Амьдрал гэгч учир шалтгаануудын торгон үзүүрт түмэн өнгөөр хувьсч өрнөдөг гайхамшиг болохоор тэр нэгэн өдрийн үйл явдал, түүнийг тойрсон бүхний талаар чиний олж цуглуулсан архив хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Явсаар мөнөөх сэдвээр өөрөөс чинь илүү баримт мэдээлэлтэй хүн цөөн мэт санагдана. Аливаа мэдээ, сурвалжлагад болсон үйл явдлын шинэхэн амт үлддэг. Харин он цаг улирах тусам тэрхүү явдлын эргэн тойронд хандлага тодордог. Эхлэл, төгсгөл хоёрыг холбон харж чадахуйц арвин архив, мэдлэг ганцхан чамд байж ч мэднэ. Уншигчид сануулж, тайлбарлаж, дүгнэлт хийхэд нь туслах хүн бол чи. Өөрийн сэдэв, өөрийн архивтай болоорой. Эхэлсэн сэдвээ бүү хая. Торгон үзүүрээс нь атгасан л бол түүнээ яагаад алдах гэж!
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
...Дулааныг зорьдог шувуудын зам энэ нутгаар дайран өнгөрдөг. Машины гэрэлд сандчин яг өмнө давхих жижигхэн туулай, «Арван хэдтэй охинтой, сонины эрхлэгч гэхэд чи яасан залуухан харагдах юм» гэх хөгшдийн үг, сүрэл өвсний анхилуун үнэр хамар цоргин, оч үсэрч оддын зүг аниргүйхэн холдох зуур улаан, алтан шар навчсыг гэрэлтүүлсэн гайхамшигт агшин, түүдэг галд шарсан хөөсөнцрийн содон үнэр сэлт тэр л янзаараа сэтгэлд үлджээ. Америкийн фермер ургацын баяраа тэмдэглэж байлаа. Жүчээнд уясан морьд зөөлөн тургих мөчид яагаад ч юм бараантах тэнгэр өөд удтал харлаа. И-мэйлээ шалгахсан. Түүнээс минь нисэн ирдэг халуухан үгсийн амтанд бурхан хүртэл атаархах байх даа.
2002 он
* * *
Сурвалжлан бичихийн гайхамшиг
Бүтэн нүүр дүүрэн ярилцлагыг зөвхөн монгол уншигч амтархан таашаадаг. Бичлэгийн сэтгэл татсан энэ төрөл зүйл гагцхүү манай сонин хэвлэлийн хуудаснаа хамгийн эрэлттэй байх аж. Монгол уншигчийн өвөрмөц сонголт ийм.
Харин дэлхийн хэвлэлүүдийн хуудаснаас тэрхүү нулимс дуслуулсан гайхамшигт ярилцлагыг олж үзэхгүй дээ. Ярилцлага гэдэг телевизийн сэтгүүл зүйн үндсэн талх хэмээн мэргэжил нэгт нөхдүүд маань ч, үзэгч, уншигчид нь ч нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байх юм. Туульс хайлан уярч, тойрч суугаад үлгэр сонсч, хоршин дуулж, хос чавхдаст хуурын эгшиг дор өсч өндийдөг монголчуудын сэтгэлийн утас гэдэг магадгүй хамгийн өвөрмөц, онож хөндөхөд амаргүй эд байх.
Сайхан ярилцлага, аян замын тэмдэглэл, сэтгэл хөглөсөн шад шүлэг гээд аажуу тайвуу хэмнэлт бичлэгийн төрөл зүйл сонины хувьд өдгөө ч эрэлт ихтэй хэвээр байна. Монгол хүний эл менталитетийг сөрөн, орчин цагийн амьдралын хурд хэмнэл эрээгүй довтлох аж. «Бага бич. Материалаа жижиглэ» хэмээн Балдорж эрхлэгч ямагт шахна. Шинэ цагийн салхи «»Өнөөдөр» сонинд түрүүлэн хүрдгийн учир энэ шахалт, ирээдүйг тоссон мэдрэмжтэй шууд холбоотой. Монголын онцлогийг дэлхийн стандарттай холбож хослуулах бас нэгэн ажил гараад ирснийг анзаарав уу.
Бидний ажлын хурд бага багаар нэмэгдсээр байна. Аажуу тайвуу монгол занд ажил хэрэгч чанар давхар шингэж эхэлжээ. Яг үүний илрэл нь сэтгүүл зүйн хувьд сурвалжлага хэмээх халуухан төрөл зүйл. Хачин гоё төрөл зүйл гээд тодотгочих уу. Газар дээр нь очиж, гар хүрч, нүдээр харан, үйл явдлын агаараар амьсгалан, үймээн шуугианы дунд алхсан сурвалжлагчаа эрхлэгч нар илүүтэй хүндэлдэг биз ээ. Магадгүй яг өнөөхөндөө сурвалжлагын төрөл зүйл Монголын сонин , сэтгүүлийн талбай дээр харьцангуй цөөн үзэгдэж, үнэлгээ ханш өндөргүй байж мэднэ. Яваандаа дэлгэрэнгүй мэдээлэл болоод сурвалжлага өдөр тутмын хэвлэлд зонхилох эрин цаг ирэх биз.
Яагаад сурвалжлагыг онцолж буйгаа төвөггүй тайлбарлая. Дүрслэл, бүр шүлэглэл, хальж «хадуурах» бүх боломж ганц энэ төрөл зүйлд цогцоороо бий. Хажуугаар нь болсон үйл явдлын талаарх тоо баримт, ишлэл яриа бүгдийг шигтгэх хязгааргүй орон зайг сурвалжлага нээж өгдөг. Харин сонины хуудаснаа нийтлэгдсэн сурвалжлага телевизийн дүрстэй мэдээллээс өөр байх учиртай. Хүссэн хүсээгүй бид цэнхэр дэлгэцийн мэдээллийн хурд болоод дүрсээр бүгдийг нэвт шувт харуулах хүчирхэг давуу талд ялагдаж явдаг. Гэхдээ...
Гэхдээ ялах боломж байдгийг анд минь чи ямагт санаж яваарай. Өмнөх үдэш нь дуу, дүрстэйгээр үзэгч хүлээн авчихсан тэр үйл явдлын тухай маргааш өглөөний сонинд шал өөрөөр мэдээлэх үүрэг, дарамт тогтмол хэвлэлийн сурвалжлагчид оногддог.
Чихэнд чинь шивнэе. «Телевизийнхэн өнгөцхөн мэдээлдэг юм. Тэр ганган амьтад микрофоноо барьчихаад баахан ярьж байгаад одохдоо ардаа баахан үйл явдал, баримт, шигтгээ гээчихдэг юм... Харин тэдний тоож хараагүй, ултай сонирхоогүй, бусад статистиктай харьцуулахаасаа залхуурсан «үлдэгдэл» дундаас л бичлэгийн жинхэнэ сэдэв босдог билээ. Сонины сэтгүүлчид камер байх биш. Тэр тусмаа сайн. Бичлэг мичлэг хийж сүржигнэлгүй чи зүгээр л үйл явдлын эргэн тойронд байсан хүмүүс дээр яваад оч. Телевизийнхэн бол гол баатраас л хоёр гурван зүйл асуучихаад арилаад өгсөн байж таарна. Эгэл хүмүүсийн үг үнэнтэй. Сэтгэгдэл хуучраагүй байгаа дээр нь, урд хойноо орсон уймраа сандруу, уурлаж бачимдсан, халагласан эсвэл хөөрч онгирсон бүх сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хав халуунаараа байгаа дээр нь цуглуулаад авбал сайн сан. Сурвалжлагын амт шимт чухам тухайн цаг үеийн уур амьсгал гэгчид бий. Камер байхгүй, чи зөвхөн үзэг , дэвтэртэй. Тиймээс залуу минь чи баяр, нулимс үнэрттэл дүрслээрэй. Телевизийн камер тороогүй өнгөрсөн тэр сайртай гар, чичигнэсэн уруул, толботой дээл ер нь юу л байна вэ үйл явдлыг тодотгож, хүч нэмэж чадах деталиудыг ашиглаарай.
Монгол уншигчийн сонирхлыг мартаагүй биз дээ. Дээр дээрээс нь давхцуулсан баахан тоо, баримт бичээд эхэлбэл нөгөөдүүл чинь дуустал нь уншихгүй. Өнгөтөөр дүрсэл. Нулимс гүйлгэнэтэл нь уяраа. Хэрэгтэй бол шад шүлэг шигтэгчих. Ингэлээ гээд би л лав сурвалжлагчаа зэмлэхгүй. Хамгийн гол нь тэр тэвчээргүй этгээдийн анхаарлыг бүү алдаарай. Хуурай үгэнд монгол уншигч тун дургүй. Барууны сэтгүүл зүйн шилдэг туршлага Монголд нэг л сайн идээшиж өгдөггүйн зовлон энэ. Материал томроод сунаад эхэлдгийн гол учир шалтгаан энэ дээ. Галт тэрэг мөргөлдөж хүний амь эндсэн халуун сурвалжлага тэмдэглэж явлаа ч хажуугаар нь хурц дүрслэл нэмж , үйл явдлыг илүү тодотгож өгөхийг уншигч хүлээж суудаг.
Товчхондоо бол бид маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, торгон мэдрэмжтэй уншигчид зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэдэнд тоогдох материал нийлүүлэхийн тулд халуун үйл явдал руу ханцуй шамлан хүрэх зоригтой, зүрх сэтгэлийн утсыг хөндөн бичих ур дүйтэй, хажууханд харагдах нулимстай нүднээс баяр гунигийг нь тайлж унших мэдрэмжтэй яваарай.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
Кабул орчимд тэмдэглэсэн цуврал сурвалжлагад маань нэр дурдах төдий үлдсэн хүн бий.Төрсөн эгчтэйгээ Афганы элсэн дунд уулзана гэдэг ховор тохиол биш гэж үү.
Том хар алчуур нөмрөөд, эгээ л афган бүсгүй лугаа нэлмэгэр хувцас өмссөн эгч маань энэ улсын Эмэгтэйчүүдийн яамны сайдад өдөр тутам зөвлөгөө өгдөг байсан юм. НҮБ-ын Афганистан дахь төлөөлөгчийн газрын жендер хариуцсан зөвлөх монгол бүсгүй байлаа. Түгшүүр аюул нүүрлэсэн өдрүүдэд Афганы хамгийн эмзэг сэдэв болох эмэгтэйчүүдийг анхны ардчилсан сонгуульд оролцуулахаар тэр ажиллаж байсан юм. «Өнөөдөр» сонинд нийтлэгдэх болон 25 дугаар суваг телевизээр цацах сурвалжлагадаа намайг бүү дурдаарай гэсэн нь даруухан загнасных биз.
UN хэмээх том цэнхэр тэмдэглэгээ бүхий түүний машин байгаагүй бол Кабул руу гэрэл зурагчин бид хоёрыг хэзээ ч нэвтрүүлэхгүй байлаа. Тэр тусмаа НҮБ-ын Төв байранд хүрч, хэвлэлийн хуралд суух санааг маань цэргийнхэн тас хориглосон билээ.
Нэг нь нэлмэгэр хар хувцастай, нөгөө нь сум үл нэвтрэх хантаазтай... Эгч, дүү хоёр уулсын дунд ингэж уулзаад бие биедээ ээмэг сэлт бэлэглэж... Дурсгалтай байгаа биз!
-Энд өөр монгол хүнтэй уулзсан уу?
-Анхных нь чи л байна ш дээ... Бид хоёр ингэж яриад инээлдэв.
Эгч маань Афганистанд анхны ардчилсан сонгууль болох хүртэл Кабулд ажилласан. Түүнийг Женевт гэр бүл дээрээ очсоны дараахан НҮБ-ын гурван ажилтныг барьцаалсан хэрэг явдал сонсогдож билээ.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
Хөгийн санагдаж болох юм. Гэвч 1999 онд Лондонгийн металлын биржийн ханшийн мэдээллийг интернэтээс хэрхэн хайж авахаа мэддэггүй л байлаа. Берлин хотноо мөн онд зохион байгуулагдсан сургалтад оролцохоор эдийн засаг, бизнесийн чиглэлээр бичдэг орон орны сэтгүүлчид цугласан юм. Германы Олон улсын сэтгүүлчдийн сургуулийн / IIJ/ албан ёсны вэб сайтад тэр үед Монголын сэтгүүл зүйн талаар «Зүйрлэвэл, чулуун зэвсгийн үедээ яваа сэтгүүл зүй» хэмээн бичиж байлаа. IIJ-ийн жилийн ажлын тайланд бидний талаар «Сонирхолтой мэдээлэл, хүнд хэцүү сэдвийг хөндөн бичсэн материал сонинуудад нь тун хомс нийтлэгддэг. Эдийн засгийн сэдвээр IIJ-ийн Улаанбаатарт зохион байгуулсан сургалтад оролцсон сэтгүүлчид зах зээлийн эдийн засгийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Жишээ нь тэд Монголын хөрөнгийн бирж ямар зарчмаар ажилладгийг мэдэхгүй, түүнчлэн Сангийн сайдтай уулзаж асуулт тавих нь бараг хэзээ ч бүтэшгүй явдал гэж ойлгодог. Бид Сангийн сайдыг нь уриад хэвлэлийн хурал хийлгэхэд сэтгүүлчид ихэд гайхаж байлаа» хэмээн бичжээ.
Тус байгууллагын захирал Питер Пруферт Улаанбаатарт цөөн өдөр ажиллахдаа Монголын сэтгүүлчдийн мэдлэг чадвар тааруухан, ялангуяа зах зээлийн эдийн засгийн харилцааны талаар боловсрол тун ч нимгэн болохыг дор нь анзаарсан юм байж. 1999 оны долдугаар сарын бүгчим үдэш Берлинд анх уулзсан даруйдаа л Питер газар газраас цугласан сэтгүүлчдийг хөгжөөх маягаар дээрх «Монголын тохиолдлыг» хуучилсан билээ. Онигоо болгон олныг инээлгэх жишээнд манай сэтгүүлчдийг ийнхүү оруулсанд нь ялимгүй эвгүйцэв. Үүний хамт бас Питер гашуун боловч үнэнийг өгүүлж байгааг ойлгож л суулаа.
Сэтгүүл зүйн бакалавр болохоор дөрвөн жил суралцах хугацаандаа 250 цагт нь зөвхөн уран зохиолын хичээлээр балбуулсан МУИС-ийн «бүтээгдэхүүн» миний шар тэгэхэд хөдөлсөн юм. Эдийн засгийн онолын хичээлийг дээрхээс тав дахин бага буюу ердөө 50 цаг заалгасан байлаа. Би зах зээлийн эдийн засгийн тухай «А» ч байхгүй, гэхдээ «Өнөөдөр» сонины Эдийн засаг, бизнесийн албыг хариуцдаг. Берлинд би өөрөөсөө ичиж , ингэхийнхээ хэрээр бас эрмэлзэн тэмүүлж билээ. Олон мундаг профессорууд эдийн засгийн лекц уншсан. Тэнд цугласан гадаадын сэтгүүлчдээс англи хэлдээ хамгийн муу нь би. Лекцийн 20-30 хувийг л ойлгож байсан. Үдэш болохоор том гэгч толь бичиг бариад өрөөндөө баахан сууна. Шумуул шунгинаж, бүгчим халуунд нозоорсон тэр үдэш В.Путинийг ОХУ-ын Ерөнхий сайдаар томилсон тухай Б.Ельциний шийдвэрийн талаар Берлиний радиогоор мэдээлж байсан санагдана.
Өмнө нь энэ сургалтад Монголоос Санжаасүрэнгийн Баяр, мөн Л.Номин гээд дандаа англи хэлэндээ ус цас болсон хүмүүс оролцсон юм байж. Яг сурвалжлагчийн хар бор ажил эрхэлдэг, бичиж нийтлүүлдэг хүмүүсээс анхны томилолт надад оногдсон нь тэр байх. Дараа нь харин манай Х.Энхтуяа, Ч.Сумьяабазар нар явсан юм. Эдний араас мөн л сэтгүүлч андууд маань, залуус явж мэргэжлийн түвшнээ харьцуулж, сайжруулаад ирэх биз ээ. Хоёр сар номын дуу сонсон, Их сургуульд сурч мэдэж чадаагүй зүйлсийнхээ зах зухаас жаахан ч атугай дуулаад ирлээ. Толь бичиг тэвэрч суусных бага сага зүйлийг ойлгож , хамгийн гол нь эдийн засгийн сэдвээр эрээчих хүсэл оргилоод ирсэн билээ. Эндээс л аливаа редакц сэтгүүлчдээ байнга сургаж, аль нэг чиглэлээр мэргэшүүлж байхын ач холбогдлыг гадарлах болсон.
Ирмэгцээ «Ноён Брауны санаачлага холын Монголын төсвийг хөдөлгөв» нэртэй материал бичив. Б.Пүрэвдаш эрхлэгч маань тийм ч хайлсан тугалга шиг зантай хүн биш. Хатуу шаарддаг, өөрөө ясны сонины хүн. «Герман яваад чи их өсчээ» гэх үгийг Пүүжээ эрхлэгчээс сонсоно гэдэг томоо шагнал, их баяр. Урамтай гэдэг нь. Гадаад томилолт бүрийн дараа үр дүн харагдах ёстой гэж боддог. Сурвалжлагчийн ур чадварт төдийгүй редакцийн нэг өнгийн хэмнэлд шинэ, өөр амьсгаа нэмэх зүйл ганзагалж ирэхгүй л юм бол «гадаад явах» гэсэн гоё үгсийн утга учир юусан билээ.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
Төсөв гэгч том үгний цаана
Сангийн сайдад уур хүрээд болдоггүй ээ. Жил жилийн намрын сүүл сард төсөв хэлэлцэх үеэр аль ч Засгийн газрын, ямар ч мундаг Сангийн сайд байсан дандаа уур хүрээд байх боллоо. Ирэх оны төсвийн төслийг Их хурлаар хэлэлцүүлж байнаа гээд л таг чиг. Удалгүй , сар орчмын дараа санал нэгтэй баталлаа л гэнэ. Төсвийн хэлэлцүүлэг гэдэг зөвхөн УИХ, Засгийн газрын танхимд хамаатай биш ээ. Татвар төлөгч иргэн болгонд танилцуулах ёстой баримт бичиг. Тиймээс энэ хэлэлцүүлгийг аль болох нээлттэй хийгээсэй гэж олон нийт хүсдэг. УИХ-ын 76 гишүүний үзэмжээр төсөв хуваадаг болчих вий гэж сэтгүүлчид эмзэглэн бичдэг. Ялангуяа эдийн засгийн чиглэлээр бичдэг сурвалжлагч бид бол төсвийн төслийг хэвлэсэн бяцхан эмхэтгэл олж авах их аянд юуны түрүүнд мордох хэрэг гарна даа. Гэтэл тэр төслөө ердөө 100 гаруйхан хувиар хэвлэчихээд Сангийн яамныхан харамлаад эхэлнэ. Уг нь аль болох олон хувийг тарааж, вэб сайтдаа байрлуулан нийтээр хэлэлцүүлэх ёстой хуулийн төсөл шүү дээ.
Өнгөрсөн есөн жилийн намар бүр төсвийн төсөл олж авахаар сураглаж, ингэх тоолондоо Сангийн сайдуудад уур хүрч байлаа. Төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх учиртай гэж цөөнгүй бичиж, сайдын сонорыг дэлдсэн. Хүмүүс өгсөн мөнгөнийхөө араас ядаад сонирхдог сэтгэлгээнд суралцах ёстой биш гэж үү, Сайд аа. Хэлэлцүүлгийг нээлттэй явуулж өгнө үү. Улс төр, эдийн засаг гээд аль ч чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд уриалах зүйл бас байна. Төсвийн төсөл дэх иргэдэд ойлгомжгүй, мэргэжлийн гэх «хатуу» үг өгүүлбэр болгоныг уншигчдадаа «орчуулаад» хүргээрэй.
Тоо баримтыг материалдаа «нүцгэн» чигээр нь битгий ашиглаарай. Ирэх онд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтийг өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулбал хамаагүй ойлгомжтой. Цалингийн нэмэгдлийг мах, сүүний үнээр харьцуулан илэрхийлбэл хүртээмжтэй мэдээлэл болно. Тоо бүрийн ард хандлага бий. Түүнийг ажиглан, өөрийн тооцоог гаргаж тавибал сэтгүүлч ажлаа хийжээ гэсэн үг. Хүнд сэдвийг энгийн , ойлгомжтой хэлнээ хөрвүүлэх их хөдөлмөрт эдийн засаг, бизнесийн чиглэлээр бичдэг сэтгүүлч болгон нухлагддаг. Төсвийн төсөлд туссан тоо бүрийг материалдаа багтаах гэж зүтгэх хэрэггүй. Хэдхэнийг нь сугалаад ав. Тэдгээр баримт дээр ажилла. Харьцуул. Хандлага гарга. Энэ чинь эрдмийн зэрэг горилсон айхавтар том бүтээл биш, энгийн иргэд уншаад шууд ойлгох танил үгс, талх тарианы тухай яриа шүү дээ.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007
* * *
Чаг , чаг... цагийн зүү урагш зүтгэхийг хялам хяламхийн харсаар. Мэргэжил минь цаг хугацаатай ямагт өрсөлддөг. Тэд бие биенийхээ дайсан юм. Өдөр тутмын сонины хар ажилд энэхэн бие нухлагдаж, чаг чагхийн яаруулах хором хугацаатай уралдан өвлийн хүйтэн, нозоорсон наран дор гүйсээр. Барьж авсан сайн сэдэвтэй юмсан. Баримт түүж түүнээ босгоно гэдэг тун ч амаргүй. Мэдээлэл авах эрх чөлөө гэж өнөөдөр овоо ярьдаг болжээ. Тэгвэл одоогоос хэдхэн жилийн өмнө энгийн тоо баримтыг хүртэл учиргүй нууцалдаг байлаа.
Монгол Улс зээл, тусламжийг 1990 оноос эхлээд аваад л байв. Харин 1999 онд хүүг нь төлөх болоод ирэх үест зээл, тусламжийн өгөөжийн талаар ам нээх ёстой болсон юм. Албан тушаалтнууд энэ сэдвийг бараг л улсын нууц шахуу бодон ам хамхина. Ийм сэдвийн үзүүрээс атгасаар нэг сар шахуу гүйж байж «босгосондоо» би ичиж байлаа. Их л болхи, удаан ажиллах шиг санагдсан. Өдөр тутмын сонины хүн гэхэд яасан удаан ажиллах юм билээ дээ хэмээн дотроо гэмшинэ. Гэвч эрж сурвалжилж, ухаж төнхсөн, учрыг хайсан нийтлэлүүд ерээд оны сүүлийн Монголын сэтгүүл зүйд хомс байсан юм.
Сураг төдийгөөр, гоё сайхан үгс холбон бичих уран бүтээлчид ид цээжээ балбасан үе. Эр, судал, гадуур яв. Гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй. Дараа нь олж цуглуулсан баримтдаа анализ хийж, хандлага гарган бичиж сур гэж зүрх сэтгэл минь зөвтгөөд байхыг яана. Гэвч цагийн зүү урагш тэмүүлэн яаруулсаар. Би тун ч адгуу болжээ. Мэргэжлийн өвчин юм болов уу. Шуурхай бичих, чанартай материал нийлүүлэх хоёрыг хослуулна гэдэг үе үеийн сэтгүүлчдийн зовлон байсаар.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
Зүрхний тухай яриа
Их ТОМ зүйлсийн тухай бид ярьж бичиж байна. Дэлхийн цаг агаарын дулаарал, жагсагчид цонх хагалж, машин тэрэг эвдлээ, Коизуми Энхболд нар уулзаж ярилцав, инфляц өсчээ, макро эдийн засгийн үзүүлэлттэй танилц, автын осол гарчээ, үерийн далангийн орчим амьдрагсдад нүүх шаардлага тавив...
Тогтмол хэвлэл болоод телевиз харж суухдаа сэтгүүлч бид дарга даамлуудтай өдөржин уулзах юм аа гэсэн бодолд ямагт автдаг. Гол эх сурвалжууд маань тэд юм хойно аргагүй. Хүмүүсийн амьдралыг зохицуулах элдэв шийдвэр, хууль, журмыг дарга нар гарган үзэглэж байна. Сэтгүүлчид өнөөх цаасыг бариад уншигч үзэгчдэд дамжуулан мэдээлнэ. Тэгвэл мэдээллийн энэ их урсгал ганцхан чигтэй хөврөөд байна шүү дээ. Үерийн далангийн хажууд гэрээ бариад , гэр бүлийнхнийхээ амь насаар дэнчин тавьчихсан тэр эр мөн ч маанаг амьтан аа. «Нүүх шаардлага тавилаа, захирамж гарлаа... Сэтгүүлч бид бичээд л байдаг. Тэр яасан дөжирчихсөн толгой вэ.
Гэхдээ тэр эртэй бид уулзаагүй. Яагаад усанд үйж үхэх гээд «хүлээгээд» суугааг нь сонирхоогүй. Тийшээ явж яриа авах цаг зав алга. Яг энэ завгүй, тодруулбал хүсэлгүйн хаялганд үйл явдлын мэдээлэл өрөөсгөл бууж байна. Нөгөө нүүх захирамжтай зэргэцээд шилжин ирэгсдийг буухыг зөвшөөрсөн газрын асуудлыг шийдсэн юм уу? Шийдсэн юм бол тийшээ хүмүүс яагаад нүүхгүй байна аа? Сургууль, цэцэрлэг, дэлгүүр, худаг ойролцоо нь байгаа юу? Гэрэл цахилгаантай холбогдсон газар уу? Яагаад гэсэн асуултад гүйцэд хариулаагүй материал нэг л шолхийсэн , амт шимтгүй. Их үйл явдлын дунд тэр нэг эгэл хувь тавилан бий. Том жагсаал болж хэдэн мянган хүн оролцжээ л гэнэ. Туг бариад алхаж яваа дугаар хорооны иргэнийг «татаж томруулаад» харъя л даа. Цалинг нь Засгийн газар нэмсэн. Тэр өөр юу хүсээ вэ. «Цалингийн нэмэгдлээрээ хоёр кило мах аваад дууссан» гэж өнөөх эр хариулах вий. Сайдын яриад байсан нөгөө том шийдвэрийн «нюанс» энэ. Тэгэхээр нийгмийн халамжийн бодлого нэг л явцгүй байгаа юм биш үү.
Бяцхан үйл явдал дундаас чухал асуудал ийнхүү босоод ирнэ. Тэр зангилааг олоод татахын тулд сэтгүүлч анд минь үйл явдал дунд ороорой. Дарга нарын өгсөн цаас, факсаар амь зуух хэрэггүй. Жагсаалыг өндөр байшингийн цонхоор ажвал тун ч сүртэй. «Сүрт жагсаал боллоо» гээд л бичиж орхино. Харин дунд нь ороод, тэнд цугласан хувь заяаг сурвалжилбал инээдтэй, эмгэнэлтэй, өрөвдөж хайрламаар, эсвэл бахархаж дэмжмээр мянган баримт, санаа дэвтэртээ цуглуулах вий.
Үзгээ шүүрэн том нийтлэл туурвихаасаа өмнө зүрхээ чагнаарай. Тэр бяцхан зүрх чиний материал дотор цохилж , амьсгалж чадвал амттай бүтээгдэхүүн чи бэлтгэжээ. Хүнд хүрсэн сайн материал болжээ гэсэн үг. Инфляц гэж юу байдаг юм? Нэг л их хөндий, харь үг сонсогдоно. Баахан тоо урсгаж ирээд Сангийн сайд шиг тайлбарлах хэрэггүй шүү. Харин дэлгүүрээс байнга авдаг мах, талх зэргийн үнийг бөөгнүүлээд цалинтай чинь харьцуулаад өгсөн цифр юм гэж ойлгуулбал шал өөр. Энэ бол баримтыг хэт хялбарчилсан явдал биш. Олсон баримт дээрээ ажиллах, түүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргах сэтгүүлчийн хөдөлмөр билээ.
«Газар дээр нь» очоод ирсэн сурвалжлагчаа эрхлэгч нар ямагт үнэлдгийн учир энд бий. Сурвалжлагч үйл явдлыг ойрхноос , зүрхнээс зүрхэнд хүргэж чаджээ гэсэн үг.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
Эрхлэгч сууж харагдана уу?
Хэрэв чи эрхлэгч юм бол ажилтнууддаа байнга харагдаж байх ёстой гэсэн бодлыг би хуваалцдаг. Энэ дэлхий дээр олон янзын арга барилтай менежерүүд ажил хэрэг хөтөлж явна.
Зарим нь компьютерийн дэлгэцнээс хараа үл салган, ажилтнуудаа тэрхүү «хар хайрцагныхаа» цаанаас удирдан чиглүүлж , амжилт ялалтад хүрч байх нь сонин. Тэдгээрийг сурах бичигт бол «систем менежер» хэмээн тодотгох агаад өндөр хөгжилтэй улсуудад иймэрхүү дүр төрх түгээмэл гэх. Харин миний бодол үүнээс их өөр шүү. Магадгүй монгол менежерүүдийн онцлог барууны хэвшмэл дүр төрхөөс ангид биз.
Орлогч эрхлэгч хэмээх гуншин дор их ачаа үүрэх даалгаврыг «Өнөөдөр» сонины Ерөнхий эрхлэгч надад өгчээ. Гэхдээ орлогч эрхлэгчийн том хар сандлаас огло харайн босч яарах зан араншинг минь тэрбээр хэрхэн ойлгодог бол? Миний хувьд систем менежерийн чанаргүй амьтан. Харин «Намайг дагаад хий» гэх уриа яс маханд минь шингэж орхисон бололтой. Угаас ярих илтгэх хообийгүй болохоор яг ингэж хийвэл ямар байна даа хэмээн өөрөө үзүүлэхийг хичээнэ. Хилийн чанадаас илгээсэн сурвалжлагаас минь редакцийн залуу сэтгүүлч нэг шинэ санаа олж харсан бол маш сайн хэрэг. Эдийн засгийн тайлбар тойм гэдэг заавал статистик тоонд дарлуулсан саарал материал байх албагүй юм гэдгийг манай хэлтсийн хэд мэдэрч ойлгосон бол би манлайлах үүргээ биелүүлжээ гэж ойлгоно. Манлайлал гэдэг заавал бичсэн материалаар хэмжигдэх учиргүй юм. Хэрэв чи эрхлэгч юм бол навсайж нэвсийж явах учиргүй. Ажилдаа хоцорч, өдөржин алга болж, хэрүүл хов живд хутгалдах ёсгүй... Болохгүй, хүлээн зөвшөөрөмгүй хэм хэмжээний дунд алдхан биеэ хүлж баглана гэдэг л хамгийн хэцүү эд шүү.
Ой гарантай жаахан бамбарууш шиг охиндоо би өдөржин яардаг. Нөгөө бүдүүн охин минь баана шээнэ, элдвийн юм асгаж цутгана, ер хэрэг мандуулж дуусах биш дээ. Арчилж цэвэрлэсээр, охиноосоо салж ядсаар өглөөд би ажил дээрээ аахилсаар орж ирдэг. Бас л тав арван минут хожимдсон байх вий. Үүндээ шанална. Өдөр дахиад гэрээдээ тэмүүлнэ. Нөгөө том хар сандал, эвлүүлж зохицуулах олон ажлын хажуугаар живх нь дуусаагүй байгаа даа, сайхан өдөр болох нь, охиноо салхилуулахсан мэтийн «аж ахуйн» асуудалд байнга орооцолдоно. Тэгэхээр миний ажил үүрэг болоод амьдралын жим энэхэн өдрүүдэд хоорондоо зөрчилдөж байна. Энэ бол олон олон ээжийн туулж яваа зам байх. «Менежер хүн ажилтнууддаа байнга харагдах ёстой» Менежментийн алтан дүрмээ би зөрчиж байна. Манлайл, зохион байгуул, урам зориг өг. Ийм гурван шидэт үг байдаг гэнэм. Дунд болоод дээд шатны менежерүүдийн хувьд эдгээр нь ажлын алтан дүрэм. За яахав, одоохондоо лав ажлын цагны хувьд би манлайлж үлгэр жишээ болж чадахгүй л явна. Харин өдөр тутмын сонины ажлыг цагийн зүү лугаа хэмнэл дунд нь хөтлөх буюу зохион байгуулах үүргээ орхивол алдас болохоос зайлахгүй шүү. Яг үүнд манай коллегийн хэд гар нийлж дажгүй ажилладаг юм даа.
Их үйл явдлын мөнхийн тоосон дунд туучиж явахдаа заримдаа бид хэд дөжирч, дасал болох янзтай санагддаг. Хурд хэмнэл сааран, нөгөө том хар сандал дээрээ лагхийтэл сууж орхиод, аяга халуун кофений үнэрт хоромхон амсхийх зуур хорвоогийн олон олон үйл явдал, сонин хачин чихний хажуугаар урсаад өнгөрчихийг яана аа. Ээ, энэ золигийн мэргэжлийг яая даа! Өглөөний 9.00 цагтай уралдан редакцийн хаалгаар орж ирэхдээ манай үүдэнд байх том цагаан цагийн зүү өөд сандран хардаг зуршилтай болжээ. Энэ «гайтай» цагийг яг тэнд, үүдэнд, орж ирүүт үзэгдэх газар хадъя аа хэмээн би өөрөө хөөцөлдөөгүй билүү, хэнхэг золиг чинь. Тэгээд одоо тэр хатуу хэмнэлийг гүйцэх гэж өөрөө сандчиж явах юм. Яаран тэмүүлэх сэтгүүлчийн амьдрал ажлын найм, хоногийн 24 цагаар үл хэмжигдэнэ. Өдөржин мэдээний машинд «сэгсчүүлсэн» хэдэн сурвалжлагчдаа урам өгөх нь менежерийн ажлын салшгүй хэсэг. «Отгоо, гоё бичлэг болжээ...» Ердөө энэ хоёрхон үгэнд нөгөө Отгоо маань нүд нь сэргэж харагдана. Уруулын будгаа сэргээх сөгөөтэй болж, өглөөнөөс хойш аахилсан стрессээ сэгсрээд, инээж ханиагаад эхэлнэ. Бичсэн материал сайн болно гэдэг бидний хувьд өдөр тутмын «Алтан гадас» одон шиг үнэлгээ юм даа. Харин «хогийн» материал уншиж редакторлох хамгийн тамын ажил.
Нэг л мэдэхэд үдшийн бүрий нөмрөөд, их хотын шуугиант амьдралын хэмнэл татарчээ. Орон сууцны гэрэл нэг нэгээрээ асч, хотол олон үдшийн амгаланд автаж суухад бид хэд гэж үйлийн үртэй амьтад тачигнатал бичсээр, пижигнэтэл уншиж зассаар... заримдаа юун нөгөө урам хайрлахтай мантай болчихно. Ийм хөдөлмөрөөсөө ч болдог юм уу сэтгүүлчид наргиантай улсууд. Материалаа бичиж сүүлийн цэг хатгав уу үгүй юу сэтгэл тэнийж аваад хаа нэг болсон хачиртай үйл явдлуудыг хамж шимэн ярьцгаагаад , пар пархийтэл инээж хөхөрцгөөнө. Редакц нураах нь уу гэмээр том том дуугаар хашгиралдаж, нэг ёсондоо стресс хогийг гүвж зайлуулж байгаа юм аа тэр нь. Ингэх зуураа аятайхан дарс хэн нэгнийх нь шүүгээнд байвал «нударч» орхино. Тэгээд дарга, цэргийн зааг бүдгэрч, бүгдээрээ л амсхийхийн, харихын түүс болцгооно.
Сонины менежер гэж нэг иймэрхүү л хүн байх. Тэглээ гээд саарал өнгөтэй «чиновник» болох саналуудаас ямагт татгалзаж явлаа. Хэцүү боловч хайртай мэргэжил гэж энэ. Богинохон хөнгөхөн даашинзанд татагдавч том хар сандал хэм хэмжээ зааварлахын зовлон ийм. Олонд хүндлүүлж, цөөхөнд ад болохын төвөг хэцүү. Систем бус , амьд менежер байхын гоё дарамт бэрх ээ.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
«Би чамд хайртай гэж хэн нэгэнд өдөр бүр хэлж бай. Ялангуяа өөртөө энэ үгийг байнга хэлж бай» гэж Лора Буш Жоржтауны их сургуулийн Эмнэлгийн ажилтан, сувилагчдын сургууль төгсөгчдөд хандан 2003 оны тавдугаар сарын 17-ны өдөр хэлэв.
«Та нарын энэ диплом одоохондоо цаас байна. Харин түүнийг амилуулж, жинхэнэ эзэн нь юмаа гэдгээ харуулах нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална» хэмээн тэр үргэлжлүүлэн ярьсан юм.
Бидний эргэн тойронд хайр дутагдаж, сэтгүүлчид шүд зуун харааж, эсвэл шал худал магтан нялуурч байна.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
А.М болон Р.М уулзалтууд
Бид хэд хоорондоо ингэж ярьдаг байлаа. Өөрөөр хэлбэл, өглөө цуглаж мэдээгээ авах, үдээс хойхно дахин ширээ тойрч суугаад маргаашийн дугаараа цэгцэлж нэг харах явдлыг их л «америкжуулан» ийнхүү нэрлэдэг. Явсаар өнөөх хэллэг маань «хар макет ярих» болон монголчлогдов. Нэр томъёондоо учир жанцан байгаа юм биш ээ.
Монголын өдөр тутмын сонинуудын хуудас нэмэгдэж, хүндийн жин дарах тусам тухайн редакцууд төлөвлөлтдөө түлхүү анхаардаг болжээ. Хамгийн шуурхай төлөвлөгөө, хамгийн цахилгаан хэрэгжилт гэж тэрхүү a.m болоод p.m уулзалт дээр ярьж тохирсон мэдээ материалыг л хэлэх байх. Хэвлэлийн аль ч редакц долоо хоног, сарын төдийгүй улирал, жилээр нь алсхан харсан бодлого төлөвлөгөөтэй. Тэдгээрээс өдөр тутмын ажлын төлөвлөлт онцгой билээ.
Тэргүүн нүүртээ ямар гэрэл зураг тавих вэ гэдгийг хэдхэн жилийн цаадтай бид ярьж хэлэлцдэг байсан билүү? Энэ дугаарын тулах цэг, гол материал, тэр өдрийн сенсаац үйл явдлын мэдээллийг ямар гарчигтай өгөх вэ гэхчлэн ярилцах, дахин өөрчлөх, илүү сайн сонголт дээр санал нэгдэх шаардлага урган гарсаар байна. Сэтгүүл зүйн бүтээгдэхүүнд чанараас гадна хурд гол үнэлэмж болж хувирлаа. Телевизүүдийн өрсөлдөөн, өдөр тутмын сонинууд эгнээгээ тэлсэн явдал, шинэ цагийн уншигчийн хэрэгцээ, мэдээллийн сайтуудын түрэмгийлэл зэрэг хүчин зүйл бидэнд маргаашийн дугаараа дахин, давтан чанаржуулах шаардлага тулгалаа. Монголын өдөр тутмын сонинууд мэдээж Washington Post шиг, New York Times лугаа олон хуудас төлөвлөх цаг хол байна. Budget нэртэй зузаан материал барууны хэвлэлийн редакцуудад өдөр тутам бэлтгэгддэг. Тухайн өдрийн хувьд Үндсэн хууль, чиг зам заагч гэлтэй тэр нүсэр төлөвлөлтийг харахад уншигчдадаа жинхэнэ чанартай бүтээгдэхүүн хүргэж сурсан буурал түүхт редакцуудын ажлын амжилт эндээс эхтэйг ойлгож болно.
Манай хэвлэлийнхэн эл энгийн туршлагыг өөриймсүүлж яваа нь сайн хэрэг. «Өнөөдөр» сонины коллег их үд хэвийхийн алдад дахин тойрч суугаад «үүнийг түүнийг ингэе тэгье» хэмээн маргаашийн дугаарын хэдэн нүүрийг баллаж цохолдог заншилтай болжээ. Гэрэл зургийн сонголт дээр нухацтай ярьцгаана. Ялангуяа «Бизнес», «Нийгэм» , «Урлаг» гэхчлэн сэдвээр бүлэглэсэн секцтэй болсноос хойш зураг, макетийн ач холбогдол өндөрт тавигдлаа. Америкийн хэвлэлүүд шиг АР агентлагаас шуурхай үйл явдлын мэдээллийг гэрээгээр авчихна гэж манайд байх биш. Хоногийн 24 цагт уудам Монгол нутагт болж өнгөрөх мянга түмэн үйл явдлын хамгийн халуунаас сонины хуудаст багтаахын тулд дугаарын төлөвлөгөөг өглөө нэг тоймлож аваад, үдээс хойш дахин тодруулж, харуй бүрийгээр ч наана цаана гэсээр сууна.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
* * *
Редакцийн зурвас
Том материалыг би үзэж чаддаггүй. А2 хэмээх далбагар том, нүүр дүүрэн цэцэрхсэн ганц материал унших хүсэл, цаг зав шинэ цагийн уншигчид бий гэж үү?
Үргэлж яарч буйгаа мэдэрдэг. «Нөгөө хурдан явдаг эгч байна» гэж оператор Бат-Эрдэнийн шар хүү нэг удаа хэлж билээ. Энэ цагийн уншигч миний л ижил. Тэднийг залхаах үүргийг сэтгүүлчид хүлээгээгүй. Материалын маань хэмжээ улам багасч буйг анзаардаг. Баримт эрж хайх хөдөлмөр харин өмнөх жилүүдийнхээсээ өөрчлөгдөөгүй. «Тоймчийн зурвас» хэмээх энэ төрөлд сурвалжлагчид хүчээ сориод үзэхэд гэмгүй. Уйдамхай уншигч өөр шинэ, халуун баримт сонирхож байхад чи сонины ганц баганын хэмжээтэй багахан зайд л «цэцэрхвэл» яасан юм. Гэхдээ тэр давчуухан талбайд үндэслэл бүхий баримт, ажиглалт харьцуулалт, шинэ санаа, таамаглал, дүгнэлт бүгд багтсан байвал зүгээрсэн.
«Өнөөдөр» сонины «Тоймчийн зурвас» буланг «төрүүлэхийг» Ерөнхий эрхлэгч тушаасан билээ. Хоёрдугаар нүүрний баруун захын буланд тэр нь байрлах, гэрэл зураг болоод албан тушаалтай нь тоймчийг танилцуулна гэж хэлээд тэр гарч одсон. 2001 он байлаа. Аль нэг асуудлаар сонин өөрийн байр сууриа илэрхийлдэг ийм булан өдгөө Монголын хэвлэлүүдэд шинэ зүйл биш болжээ.
Тоймчийн зурвас маань эдүгээ «Editorial» нэртэйгээр эхний нүүрэнд байраа эзэлжээ. Цаашид ч улам боловсронгуй болгох учиртай эд.
2005 он
* * *
Би
Би гэж цээж дэлдэх хамгаас дургүй. Харин энэ богинохон гарчиг дор би гэж байн байн давтмаар байна. Би хэн юм бэ? Өөрийгөө илэрхийлэх гээд оролдоод үзье. Би өөрийгөө сайн мэдэхгүй. Бодож болгоож, өөрийгөө хянахдаа тааруу амьтан. Анхны сэтгэгдэл, харц торсон гоё сайхан болгонд татагдана. Бичиг цаасны ажилд ч ялгаагүй. Байн байн ноороглож заслаа гээд санаанд нийцэх нь ховор. Харин толгойд гялсхийсэн эхний санаа, анхны үг өгүүлбэр бүр гашилтал бодсоноос хавьгүй содон, сэргэлэн, шинэхэн, хурц хүчтэй байдаг юм.
Цэцгийн тухайд миний нэг төрөлх араншин юм болов уу. Ваар маань сарнайн дүрстэй. Үнсний сав, чихрийн тавиур, ханын цаас, цайны аяга, лааны суурь, орны хэрэглэл хаашаа л харнав том ягаан, цагаан цэцгүүдтэй. Цэцгэн хээтэй даашинзанд дурладаг гэмтэй. Хөнгөн шаахайн цэмцгэр өсгий товших тоолонд даашинз минь яагаад ч юм дэрвэнэ. Дэрвээгүй ч байж магад. Зүгээр л зүрх сэтгэл нэг тийм хонгор аялгуугаар дүүрч, би хурдан хурдан алхах ямар дуртай гэж санана. Болж өгвөл нэг хоёр алхааны хооронд гүйж ч мэднэ. Гэхдээ олны нүднээс далдхан явахдаа л даа. Хүмүүс намайг ойлгохгүй байж болох шүү дээ. Цэцэг дорхноо өнгөө орхихыг харж сууна. Харин дэлбээлж дэлгэрсэн цөөхөн өдрөө надад баяр бэлэглэж, би үүдэндээ гутлаа хааш яаш үлдээчихээд цэцэг хайсан харц дагаад гэртээ ороод ирнэ.
Дулаахан дотно миний гэр. Том гэгч шил саванд амьд цэцэг олон олноор нь байлгах би дуртай. Гэр минь амилж зөөлөн бодлоор дүүрдэг. “Хонгор дулаан гэртээ…” гэж нэг удаа бичсэнийг минь Энхмаа ойлгоогүй хэмээн ярьж билээ. Үгээр бүтэн илэрхийлэх боломжгүй нэг тийм амьсгалыг би мэдэрдэг. Түүнийг орон гэртээ бий болгож, тийм болохоор төмөр замын тосгон дахь бяцхан цайз руугаа яаран яарна. Нимгэн хөнгөн даашинз, энэ тэрхэн гээд хувцасны шүүгээ хөглөрсөн эдээр дүүрэн. Сольж өмссөөр байн байн өөрийгөө ядраана. Хэдхэн өрөө дундуураа салхи татуулан явсаар би ер тайвширч үл чадна. Нас минь төлөв түвшин явахыг тулгаж, бодож цэнэж ярихыг шаардана. Харин би хэн юм бол доо. Хамгийн үнэтэй бэлгэнд ухаан алдахгүй мөртлөө хэдхэн цэцэг навч мавч хараад уужимхан амьсгалах юм. Үл ялиг өсгийтэй цэмцгэр шаахай, өвдөг ялимгүй шүргэх, үнэ ихтэй ч биш өнгө өнгийн даашинзанд дурлаж орхино. Баруун гарт бугуйвч харагдвал миний бас нэг хэсэг, эмээгийн охины зан. Арслангийн ордных юм болохоор алтан шаргал өнгөнд татагдана. Нар мөн миний ордны ивээл гариг гэнэ. Ойлгомжгүй зүйл надад бас л их ээ. Дороо гомдож өөнтөглөнө. Тэгснээ цайрч зөөлөрнө. Уйлна, уучилна, хайрлана, харамлана. Хашгирч загнаж ч мэднэ. Өөрөөсөө хурдан зугтах гэж хүнгүй газар өөд яаран гүйж магад. Ганцаардлаас тайвширч, гунигаар өөрийгөө угааж орхино. Гэгээн гуниг гэж юу байдгийг мэдэх үү? Шаналахын амтыг надаас асуугаач. Ядарч туйлдсан сэвхтэй царай толинд зэрвэс харагдах үе олон. Гэсэн ч, аз жаргал гийсэн шигтгээ шиг өдрүүдээ л санаж үлдэх юм. Дуртай ажил, хайртай гэрийн хооронд надад зөвхөн үзэгдэх жим тодорч, өглөөд яаран, үдэш шөнөд хоргодон амьдарсаар.
* * *
Том дулаахан гар миний дэргэд үргэлж байсан шиг санагдана. Байхгүй үед нь бол мэдэрнэ. Яарч адган, уурлаж тэвдэх цагт тэр илч хүч намайг тайвшруулж ирсэн. Хар бор ажлыг нугалж дадсан, эгэл энгийн, их том, даанч дулаахан гарт хоргодон дасч эвлэрсэн миний амьдрал. Цэмцгэр цагаан гар сэтгэлийг хэзээ ч гижигдэж байсангүй. Энэ бүхэн “Би” хэмээх эвлүүлгийн нэг хэсэг. Нэрийг минь та мэдэх байлгүй дээ. Нөгөө талд нь харин Алигэрмаа гэх алдар ямагт явна. Миний найз, түшиг тулгуур, эмээ, бас охин. Бяцхан гараас нь ээж нь атгаад бид хоёр өвлийн үдэш “Ямаха” хөгжмийн сургуулиасаа төмөр зам чиглэн алхдагсан. Тавхан настай түүнээ том тайзанд гарч хөгжим тоглохыг хараад, хөшигний цаана хөөрч догдолж зогссон хөөрхий муу ээж нь. Чи амьдралыг минь утга учиртай болгож, ганцаардлыг нимгэлж, гайхалтай халуун зүрхээрээ сэтгэлийг цэнэглэдэг.
-Согтуу хүн ирвэл миний нөгөө талд гараарай. Нохойноос яагаад айж байгаа юм. Бяцхан Алигэрмаа ингэж яриад л гараас чанга гэгч атгаж аймшиггүй царай үзүүлэн товор товор алхана. Бидний алхсан зам урт даа. Гэсэн ч гэрэл гэгээ ямагт дагаж байсныг яана.
* * *
Би хэмээх эвлүүлгийг бүрэн бүтнээр нь та хэзээ ч харахгүй. Би хүртэл өөрийгөө сайн мэдэхгүй явна. Гэнэтийн шийдэл, санаандгүй явдалд тэмүүлэх хорхой, тууш шугамтай тэмдэглэлийн дэвтрүүд, аяга халуун кофе, ширээн дээр хэзээний хөглөрч орхих чихэр жимсний үлдэгдэл… өөр надаас юу үнэртэнэ вэ? Том цүнхийг минь тонгойлгоод сэгсэрч орхи. Бөөн новш асгарна. Би хэн юм бэ? Мэдэхгүй. Яарч байгаагаа л сайн мэднэ.
Сараачаад л тун ч муухай бичигтэй. Ар араасаа хөврөх шинэ санаанууд үзэг хөөж, үг урсч байна. Компьютерийн товчлуурт бол цаг зав гарсан үед л хүрнэ. Яаралтай сурвалжлагыг хүртэл компьютер дээр шивдэггүй байлаа. Тэр дөрвөлжин “хайрцаг” амтыг нь аваад хаячих шиг санагдаад. Тодхон гардаг сайн балаар цасан цагаан цаасыг цоохорлож, үзэж харсан, сонсч дуулсан, эргэцүүлж бодсоноо хурдхан шалавхан буулгах гэж адгасаар. Ийм үед минь элдвийн юм асуувал ууртай харц шидэж, утсаа тасалж ч мэднэ.
Эрхлэгч ээ! гэж дуудахад яагаа ч юм надад гуниг төрдөг. Өглөө болгон хөшгөө шархийтэл нээхдээ хорвоогоос шинэ сонин хайж эхэлдэг шүү дээ. Сурвалжлан бичих ажлын гайхамшиг эрхлэгчийн том сандлаас хамаагүй амттай. Аяга халуун кофе уучихаад дуу хураагч, үзэг бал, тэмдэглэлийн дэвтэр, зай, кассет цүнх рүүгээ чихэж зогсдогийг охин минь сайн мэднэ. Ээжийнх нь танил дүр зураг. Үргэлж “завгүй” гэж хэлж явсныг уучлаарай хонгор минь. Энэ өдөр ч гэсэн ээж нь сурвалжлагад явах санаатай байгааг харав уу. Эрхлэгчийн алба, редакторлах учиртай овоорсон цааснуудаас зугтахад хэзээд бэлэн байдгийг минь ер мэдэх үү? Ээж нь ажилдаа явлаа, нөгөө л замаараа.
* * *
Гэхдээ цонх руугаа заавал харна. Ягаан, цэнхэр, цагаан цэцгүүд нар өөд дэлбээгээ хандуулжээ. Цэцэг ургуулах дуртай эмээгийн араншин энэ гэрээс салахгүй хоргодно. Тийм болохоор манай цонх бусдаас илүү өнгөлөг. Алив, тэндээс булцгар хацартай бор охин үзэгдэв үү дээ? Алигэрмаа лав биш. Өнөөх жаахан охин цонхны тавцан дээр шилтэй компот тавиад том халбага дүрж орхиж. Ганц нэг жимс ам руугаа хийнгээ өмнүүрээ өнгөрөх юм болгоныг ажиглана. Арын өрөөний цонхны тавиур дээр бас нэг компот бараг бүтнээрээ, мөн л халбага дүрээтэй байгаа. Энэ бол би. Эмээгийн том хүрэн авдарт өвөө шилтэй, лаазтай компотууд янз янзаар нь хадгална. Миний бага насны нэг зураглал ийм. Авдрын танил үнэр ой тойнд шингэж, манай сайхан гэр бүл элэг бүтнээрээ, нандин уламжлал, үүх түүхтэйгээ энд үлдсээн.
Эмээ, өвөө хоёр эрхэмсэг хүмүүс байж. Эдэлж хэрэглэсэн, сургаж захисан болгон нь нүнжиг, том чанар үлдээжээ. Эмч аав, эдийн засагч ээжийн дөрвөн хүүхэд бид дундаж айлын багачуудын жишгээр өсч өндийсөн. Өнөөдөр дөрвүүлээ цуглаад уулзах боломж тун хомс явна. Дэлхийгээр нэг аялан, том үйлсэд өөрийгөө зориулсан ганц эгчээрээ бид хэд бахархдаг. Халуун цэг, хамгийн чухал газарт Лунтангийн Баярмаа нэртэй монгол бүсгүй ажиллаж яваа. Харин уул шиг нөмөртэй хоёр залуу бол миний дүү нар. Сайхан залуус юм гэж хүмүүс хэлэхэд нь бахархаж онгирмоор санагдана. Лунтангийн Болдбаяр, Лунтангийн Батбаяр, тэд мөн л аавын нэрийг өргөж, уудам орчлонд өөрсдийн замаар бардам алхаж явна. Тэнгэр ивээж, гэр бүлийн минь сүр сүлд үргэлж өнгөлөг өөдөө байг.
“Даашинзтай сурвалжлагууд” номоос, 2007 он
“Даашинзтай сурвалжлагууд” номыг “Интерном”, Их дэлгүүрийн
зургадугаар давхар дахь номын худалдаанаас авах боломжтой.
Мөн, “Монгол шуудан”-гийн ном, хэвлэлийн захиалгаар дамжуулан
шуудангийн хайрцаг ба хаягаар хүлээн авах боломжтой.
(976-9928 0900) |