
Дашдоржийн МӨНХТУЯА /Law School of the University of Melbourne/
Австралийн холбооны парламент 1989-1991 онд “Үндэсний парк, онгон байгалийг хамгаалах тухай” холбооны хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж, Австралийн хойд нутаг дэвсгэр (Northern Territory) дэх тусгай хамгаалалттай Какаду үндэсний паркийн газар нутгийн хилийн цэсийг өргөтгөжээ. Ингэхдээ “Энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор аливаа хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг Холбооны Засгийн газар нөхөн төлөхгүй байх” тухай заалтыг ч мөн хуулийн нэмэлтэд тусгасан байна. 1975 онд анх батлагдсан “Үндэсний парк, онгон байгалийг хамгаалах тухай” холбооны хуулийн дагуу тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон байсан тул тэрхүү шинээр өргөтгөгдсөн бүс нутагт “Newcrest Mining Limited” компанийн эзэмшиж байсан ашигт малтмал олборлолтын 25 тусгай зөвшөөрөл нөхөн төлбөргүйгээр хүчингүй болоход хүрчээ.
“Newcrest Mining” компани тэр даруйд нь хэд хэдэн үндэслэлээр, түүний дотор хууль ёсоор эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон ашигт малтмал олборлох эрх нь компанийн хөрөнгө бөгөөд хувийн хөрөнгийг хураахдаа төрөөс нөхөх олговор олгохгүй байх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Австралийн Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэн Холбооны улсын эсрэг шүүхэд зарга үүсгэлээ.
Ийнхүү Австралийн дээд шатны шүүхүүдэд 1997 он хүртэл үргэлжилсэн хуульчдын мэтгэлцээн эхэлж, Үндсэн хуулиар олгогдсон Холбооны парламентын болон муж улсын хууль тогтоох эрх мэдлийн асуудлаас байгаль орчин, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн эрх зүйн байдал, иргэний эрх зүйн эд хөрөнгө өмчлөх, газар, ашигт малтмал түүнийг ашиглах эрхээс уурхайчны эрх үүрэг хүртэл өргөн хүрээнд уг асуудлыг хэлэлцсэн юм.
Шүүхийн эцсийн шийдвэр нь Австралийн уул уурхай, ашигт малтмалын салбарт олон чухал асуудлаар төрөөс баримтлах бодлого, тэдгээрийн дотроос тусгай зөвшөөрөл, түүний эрх зүйн мөн чанар, тусгай зөвшөөрлийн дагуу төрөөс олгогдож байгаа эрх нь ашигт малтмалын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд оруулсан хувийн хөрөнгөд цаашид баталгаа болж чадах эсэх асуудлаар шүүхийн “precedent” тогтоох чухал ач холбогдолтой байсан тул уг асуудал хэрхэн эцэслэгдэн шийдвэрлэгдэхийг уул уурхай, ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж байлаа.
Австралийн эрх зүйн тогтолцоо нь Англи-Саксоны эрх зүйн бүлд хамаардгаас шүүхэд хэрэг маргаан шийдэх зарчим, шүүхийн шийдвэр гаргах процесс болон шүүхийн шийдвэрийн үндэслэл нь эх газрын эрх зүйн тогтолцоотой манай орныхоос зарчмын ялгаатай тул энэ хэрэг дээр Австралийн Дээд шүүхэд хэлэлцсэн асуудлуудыг нэгбүрчлэн тоочиж, гаргасан шийдвэрийн зөв бурууг тунгаах нь илүүц биз ээ. Харин уул уурхайн үйлдвэрлэлийн 200 гаруй жилийн түүхтэй, байгалийн нөөц баялгаа ашиглах талаарх өөрийн эрх зүйн тогтолцоог 150 жилийн өмнөөс бүрдүүлсэн Австрали орны туршлагаас хуваалцаж, тусгай зөвшөөрөл, түүний дагуу олгогдох эрх, түүний хууль зүйн үр дагаврыг хэрхэн зөв тодорхойлох талаар дээр дурдсан тохиолдлыг жишээ болгон өөрийн саналаа хэлэхийг зорилоо.
Байгалийн нөөц баялаг тэр дундаа эрдэс, газрын тосны байгалийн байдлаараа байгаа хуримтлал нь төрийн өмчлөлд байх нь дэлхийн ихэнх улс оронд нийтлэг тогтсон хэм хэмжээ болсны нэгэн адил ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь ихэнх тохиолдолд төрөөс хуульчлан тогтоосон тусгай нөхцөл, болзлын дагуу хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлан явагдаж байна. Энэ салбарт хөрөнгө оруулагч компаниуд улс төрийн болон хууль эрх зүйн тогтвортой байдлын үнэлгээг өөрсдийн бизнесийн эрсдэлээ үнэлэх суурь болгон ашигладаг тул ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл нь тухайн улсын хуулиар ямар эрх үүргийг өөртөө агуулж байгаа болон тэдгээр эрх үүргүүд нь хэр тогтвортой болох нь тэдний хувьд ихээхэн чухал асуудал юм.
Манай улсад эдүгээ улсын хэмжээгээр ашигт малтмал хайгуул, олборлолтын 5000 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрөл бүрийн ард үүргээр нөхцөлдсөн тодорхой эрх ашиг бий. Тусгай зөвшөөрөл олгогч болон авагчийн аль алинд нь хамаарах энэхүү эрх ашгийг шударгаар тодорхойлох, шаардлага гарвал хамгаалах, маргаан гарвал таслах эрх зүйн орчин, баримтлах үндсэн зарчим манайд хэр тодорхой байна вэ.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу. |