|

Хэлэлцүүлэг

“Хамтран ажиллах загвар гэрээ” хэлэлцүүлэг
“Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд орон нутагтай хамтран ажиллах талаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллах” заалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санжүүжилтээр “Хоган Ловеллс” (Hogan Lovells) хэмээх олон улсын хуулийн фирм боловсруулан Уул уурхайн яаманд танилцуулаад байгаа юм. Загвар гэрээ орон нутаг төдийгүй уул уурхайн компаниудад ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Орон нутагт ирэх бодит өгөөж, уул уурхайн компаниудын тогтвортой үйл ажиллагааг дэмжих өндөр ач холбогдолтой энэ баримт бичиг уул уурхайн компани болон орон нутгийн хоорондын харилцаанд учирдаг маргаан дагуулсан ойлгомжгүй, бүрхэг асуудлуудыг цэгцлэх учиртай. Хамтран ажиллах Загвар гэрээ нь одоогийн байдлаар 4 хавсралттай, нийлээд 33 хуудас. Нэр томьёо ба тайлбар, Зорилго, Талуудын эрх, үүрэг, Орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагаа, Ил тод байдал ба хяналт, үнэлгээ, Маргаан шийдвэрлэх, Гэрээний хугацаа ба дуусгавар болох, Хаалтын дараах үүрэг, Бусад заалтууд гэсэн 9 зүйлээс бүрдсэн. Хавсралтаар Орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тавигдах нэмэлт шаардлагууд, Хамтын ажиллагааны хорооны журам, Төсөв, судалгаа, тайлангийн хэлбэр, үйл ажиллагааны журам, Төслийн хамрах газар гэсэн 4 асуудлыг оруулжээ. Салбарын яам загвар гэрээтэй танилцаад ерөнхий агуулгыг зөвшөөрсөн ч хэмжээний хувьд товч, тодорхой болгох ёстой гэж үзэж байна. “Хоган Ловеллс” хуулийн фирмийн боловсруулсан гэрээг олон улсын жишигт дөхсөн сайн төсөл хэмээн үзэж байгаа. Тиймээс ерөнхий бүтэц, агуулгад төдий л өөрчлөлт орохгүй бөгөөд нэр томьёо, тайлбар зэргийг хавсралтаар тусгах, хуулийн зарим заалттай давхардуулахгүй байх зэрэг техникийн чанартай засвар, өөрчлөлтүүд хийгдэх бололтой. Та бүхэн Загвар гэрээний талаарх санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар мөн илгээнэ үү.
  • MAEP NGO
    1. Орон нутаг гэдэг дээр ямар тохиолдолд тухайн сумтай хийх үү, ямар тохиолдолд тухайн аймагтай хийх үү гэдэг дээр зааг тогтоож өгөх
    2. Байгаль орчныг хамгаалах бүх үйл ажиллагаанууд нь хуулиуд болон журмуудаар хангалттай зохицуулагдсан байдаг тул давхардуулан оруулах шаардлагагүй
    3. Тухайн орон нутгийн ирээдүйн хөгжилд урт хугацаагаар хэрэгжих, ашиглагдах боломжтой зүйлүүд дээр илүү хамтран ажиллах талаар оруулах
    4.Тухайн уурхайн хаалтын төлөвлөгөөний талаар гэрээнд тусгах нь төгсгөлд нь ямар байх талаар орон нутгийн иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх боломжтой.
  • Ganbat
    Орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулах эрх зүйн үндэслэл нь АМТ Хуулийн 42-р зүйл гэж ойлгож байгаа, энэ хуульд заахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлдвэр уурхай ашиглах, ажиллуулахдаа холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх болон байгаль орчныг хамгаалах гэсэн 3-н чиглэлээр орон нутагтаа хамтран ажиллах гэрээ байгуулах тухай заажээ. Харин хуульд зааснаас бусад сайн дурын үндсэн дээр орон нутгийг хөгжүүлэх зорилгоор, орон нутгийн иргэдийг дэмжих ажлын хүрээнд хийсэн ажлууд, оруулсан хөрөнгө оруулалтуудыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байна гэж үздэг дэлхийн жишиг байдаг. Харин уг гэрээгээр компаниуд ийм олон үүрэг хүлээвэл нийгмийн хариуцлагын тухай ойлголт байхгүй болно. Орон нутгийн өмнө ийм олон үүрэг хүлээвэл үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй болно. Хамгийн гол нь энэ гэрээ нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг устгаж байна. Орон нутгийн төлөө тухайн аж ахуйн нэгжийн хийсэн болгоныг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж үзэхэд хүрч байна. Тиймээс гэрээг зөвхөн АМТ хуульд заасан дэд бүтэц, ажлын байр, байгаль орчны тухайд хийх нь зүйтэй байна. Бусдыг нь нийгмийн хариуцлагын ухамсарт үлдээх нь зөв байна.
“Орон нутаг ба хайгуулын тусгай зөвшөөрөл” хэлэлцүүлэг өрнөж байна
Монгол улсын баруун хэсэгт нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох үйл ажиллагааг 2015 оны нэгдүгээр сараас Ашигт малтмалын газар зохион байгуулж эхэлсэн. Гэвч орон нутаг тусгай зөвшөөрлийн өргөдөлд дийлэнхдээ татгалзсан хариу өгч байгаа нь багагүй асуудал дагуулаад байна. Улсын хэмжээнд орон нутгийн 70 гаруй хувь нь хайгуулын лицензийг зөвшөөрөөгүй нь эрсдэлтэй хэмээн салбарынхан үзэж байгаа юм. Монгол улсын хэмжээнд 2015 оны есдүгээр сарын 1-ний байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл 1664, үүнээс говийн бүсэд 317 буюу нутаг дэвсгэрийн 19,5%-ийг эзэлж байгаа бол ашиглалтын тусгай зөвшөөрөл 1444, үүнээс говийн бүсэд 455 буюу нутаг дэвсгэрийн 31,5%-ийг эзэлж байна. Өмнөговьд ашиглалтын 80, хайгуулын 164, Дорноговь аймагт ашиглалтын 158, хайгуулын 192, Дундговь аймагт ашиглалтын 70, хайгуулын 86, Говьсүмбэр аймагт ашиглалтын 7, хайгуулын 9 тусгай зөвшөөрөлтэйг Ашигт малтмалын газар мэдээлсэн юм. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон, санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар мөн илгээнэ үү.
  • debate
    30 хоногийн дотор санал авах заалт хэрэгжихэд хүнд байна

    Дорнод аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, эрдэс баялгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Уянга:

    Манай аймагт хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 өргөдөл ирсэн. Хамгийн сүүлд нэг өргөдөл нэмж ирсэн. Яг юуных гэдгийг сайн мэдээгүй байна. Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл дээрх дөрвөөс өөр. Өмнө нь хайгуул хийж байсан талбайг Засгийн газарт буцааж өгсөн ч дахин энэ талбайд сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа юм билээ. Гэхдээ энэ талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авах ёстой. Одоогоор ямар нэг санал ирээгүй байна. ИТХ бүрэн эрхийнхээ дагуу санал дүгнэлт өгөх учраас бид хүлээж байна. Газрын тосны газраас ямар нэгэн хугацаа тавьж өгөөгүй болохоор аймгийн ИТХ яаравчлахгүй байгаа юм болов уу гэж бодож байгаа.

    Хайгуулын 4 тусгай зөвшөөрлийг орон нутаг одоогоор дэмжээгүй. Малын бэлчээр, түүх соёлын дурсгалт газар гэх зэргээр давхцалууд үүссэн. Нэг сум дээр хэт олон хайгуулын тусгай зөвшөөрөл ирэх нь гэсэн шүүмжлэл ч бий.
    Хамгийн гол нь орон нутаг 30 хоногийн дотор иргэдээсээ санал авна гэсэн хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихэд бэрх байна. Бид энэ талаар Ашигт малтмалын газрынханд хандсан. Энэ заалтыг өөрчлөхгүй бол тусгай зөвшөөрлийн олголт бүрхэг болох нь.

    Сумдын Иргэдийн нийтийн хурал жилдээ нэг хуралддаг. Иргэд 30 хоногтоо багтаж санал өгөхгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийг цаг хугацаанд нь олгоно гэдэг ярвигтай. Манай аймагт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүд цаашид нэлээд нэмэгдэж ирэх юм билээ.
  • debate
    Манай аймаг бүх тусгай зөвшөөрлөөс татгалзсан

    Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Бумбаяр:

    Манай аймагт Ашигт малтмалын газраас 38 хайгуулын тусгай зөвшөөрөл ирсэн. Гэтэл орон нутаг нэгэнд нь ч зөвшөөрсөн хариу өгсөнгүй. Сумдын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ авсан саналын үр дүн ийм байдалтай байна. Иргэд зөвшөөрсөнгүй. Зарим газарт газар тариалан эрхэлдэг, өөрөөр хэлбэл бусдад өөр чиглэлээр олгогдсон гэдгээрээ давхцал үүссэн. Түүнээс гадна сумдын Иргэдийн нийтийн хурал багагүй талбайг Тусгай хамгаалалтад авчихаад байна.
    Ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авна гэж Газрын тухай хуульд заасан байдаг. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох үйл явцтай газар дээрээ зөрчилдөж байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүд өч төчнөөн хөрөнгө гаргаад хайгуулаа хийх гэтэл сум, орон нутгаас энэ мэт асуудлуудтай тулгараад үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь ганц сумын эрх ашиг биш, улс орны эдийн засагтай холбоотой асуудал гэж тайлбарладаг. Гэтэл бодит амьдрал дээр сум, орон нутаг хуулийн дагуу иргэдээсээ санал авсан гээд зөвшөөрдөггүй.
    Бас нэг сонин явдал болж байгаа нь сумдын Иргэдийн нийтийн хурлууд хоорондоо холбогдоод, танай сум хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ, манайх ийм шалтгаанаар зөвшөөрөөгүй гэхчлэн хоорондоо ярьж, тохирох асуудлууд гарч байна. Үр дүнд нь сумдаас нэг хэвэнд цутгасан юм шиг шийдвэрүүд гарч байна. Мөн Булган аймгийн Дашинчилэн, Рашаант сумдад тусгай хамгаалалтад авсан газрууд нэлээд байна.
М.Энхсайхан: Мега төсөл улс орны аюулгүй байдлыг эмзэг болгодог
Монголын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх том төслүүд яригдаж байна. Ийм үе цагт уул уурхайн том төслүүдийн тухай хэвшсэн түгээмэл ойлголтоос эрс өөр, “Мега төсөл” хэмээх ухагдахууныг гүнзгийрүүлж ойлгох нь нэн чухал юм. Ялангуяа Мега төслийн тодорхойлолт, зүй тогтол, эмзэг байдал, эрсдэл, анхаарах асуудлуудыг Монголын том төслүүд дээр буулган харж, бодитоор үнэлж цэгнэх нь эрсдэлийг урьдчилан харж, төслөө үр дүнд хүргэхэд туйлаас үнэ цэнтэй гэж Mongolian Mining Journal сэтгүүл үзэж байна. Иймээс бид “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Энхсайханыг урьж, “Мега төсөл” сэдвээр илтгэл тавихыг хүссэн юм. 3 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” хурлын танхимд болсон ажил хэрэгч хуралд томоохон төсөл ТЭЗҮ дээр ажиллаж буй компаниудын баг, хараат бус судлаач, шинжээчдийн 100 гаруй төлөөлөл оролцсон юм. М.Энхсайханы “Мега төсөл” илтгэлийг уншигчдадаа хүргэж байна.
  • debate
    М.ЭНХСАЙХАН: Бид хаана их алдаа хийгээд байна вэ? Том төслийг боловсруулахад Science driven, Business driven, Project driven гэсэн гурван том үе шат байх ёстой гэж хуваадаг юм билээ. Бидний хамгийн том алдаа нь Science driven-ийг хаядаг. Шинжлэх ухааны асуудлыг, энгийн инженерийн асуудлыг шийдээгүй байж бизнесээ яриад явдаг. Бизнес нь явж байтал Science driven нь эргэж босч ирээд төслөө унагачихдаг.

    Ерөнхийдөө өнөөдөр Монголд болж байгаа үзэгдлүүд, том төслүүд Science асуудлаа шийдээгүй, бизнесээ яриад гүйлдээд байгаа учраас 99%-ийн магадлалтай унана. Унагахгүйн тулд энэ ухаанд хурдан суралцах нь чухал байна.

    Эрхэм уншигч Та “Мега төсөл”-ийн талаарх энэхүү илтгэлтэй доорх линкээр холбогдон танилцаж, Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас зохион байгуулж буй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцон санал бодлоо бидэнд илгээнэ үү.


    http://www.mongolianminingjournal.com/content/55294.shtml
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР 2025 олон нийтийн хэлэлцүүлэг
Эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг 2014 оны нэгдүгээр сарын 15-нд эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт 30 хувиар буурсан. Хоёрт, олон түмний геологи, уул уурхайн салбарт хандах хандлага маш сөрөг байгаа. Гурав дахь том шалтгаан бол Уул уурхайн яам мэргэжлийн холбоодтой нээлттэй, ойр дотно ажиллах эхлэлүүдийг тавьж байгаа. Мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсъё, зарчмын асуудлууд дээр хамтын шийдвэр гаргая гэдэг үүднээс энэ хурлыг зохион байгуулжээ. 90 гаруй жилийн түүхтэй эрдсийн салбар нь энэ цаг үед дэлхийн уул уурхайн стандартад нийцсэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах цоо шинэ шатандаа дэвшин орж байгаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү хөгжлийн стратегийг томъёолсон “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” илтгэл тавьсан юм. “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хөдөө орон нутгаас цөөнгүй төлөөлөгч ирж санал бодлоо солилцлоо.
  • MAEP NGO
    Тав. Ерөнхий зөвлөмж
    Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого, Экологийн талаар төрөөс баримтлах бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 - ыг тус тус үндэслэн дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлэн Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ уурхайн хаалтын асуудлыг иж бүрэн зохицуулсан хууль эрхзүйн орчин, хэрэгжүүлэгч инститүцчилэгдсэн тогтолцоо бий болгож, уул уурхайн салбарт ажиллагсдын уурхайн хаалтын талаархи ойлголт, чадавхийг бэхжүүлж, уурхайн хаалтын менежментийг “шинэ норм, шинэ хэм хэмжээ” болгох шаардлагатай байна.
    Үүнд:
    1. Судалгааны дүнд үндэслэн уурхайн хаалттай холбоотой эрх, үүрэг, хаалтын барьцаа, хаалтын барьцааны сан, хаалтын дараах үүрэг хариуцлага зэрэг гол асуудлуудыг олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт үзэл санааны түвшинд шийдвэрлэж Монгол улсын үндэсний эрх ашигт нийцүүлэх.
    2. Уурхайн хаалтаар дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, сургалтын бааз, хог хаягдал булшлах цэг, загасны аж ахуй гэх мэт орон нутгийн эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц, оршин суугч, уурхайд ажиллагсдыг цаашид тогтвортой ажлын байр, амьжиргаагаар хангахуйц орчин бий болгож, уул уурхайн компани, улс орон нутгийн хөгжил, оршин суугч зэрэг оролцогч талуудад бүгдэд ашигтай байх боломжийг буй болгох.
    3. Ордын төрөл, уурхайн хүчин чадал, нөлөөллийн хүрээнээс хамаарсан онцлог нөхцөл байдалд тохирсон байдлаар хаалтыг хийх, мөн нэг дор зэрэгцэн буюу ойролцоо орших олон уурхайнуудын хаалтын бодлогыг нэгтгэх чиглэлд талуудын ойлголцол, хүчин чармайлтыг нэгтгэх.
    4. Уурхай хаагдсаны дараа тухайн уурхайд ажиллаж байсан ажилчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тухайн орон нутгийн эдийн засгийн хөөсрөл, ажилгүйдлийг хэрхэн зохицуулах зэрэг орон нутаг, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлуудыг уурхайн хаалтын төлөвлөгөөнд авч үздэг байх зохицуулалт бий болгох.
    5. Улс орны хэмжээнд нөлөөлж болзошгүй ордын ашиглалт, хаалтын нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлүүдийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг бодлогуудтай уялдуулан тодорхойлдог байх.
    6. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уурхайн хаалтын талаарх олон улсын тэргүүн туршлага, бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдээр судалгаа, шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах.
  • MAEP NGO
    Дөрөв. Уурхайн хаалт-Төрийн хяналт
    Уурхайн хаалтын эрх зүйн орчныг бүрдүүлсэнээр төрийн хяналт шалгалтыг гүйцэтгэж зохих арга хэмжээг авч ажилласнаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой юм. Үүнд;
    1. Уурхайн хаалтын эрх зүйн орчныг бүрдүүлснээр тухайн уурхайн хаалтын төлөвлөгөөнд төрийн хяналт шалгалт хийх эрх үүрэг үүснэ.
    2. Тухайн ашигт малтмалыг олборлох техник эдийн засгийн үндэслэл, Уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийн хоорондын уялдааг тогтмол хянах, шалгах.
    3. Уурхайн хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавихдаа зөвхөн төрийн хяналтаар хязгаарлахгүй орон нутгийн иргэд болон бусад оролцогч талуудыг оролцоог хангах. Холбогдох тайланг олон нийтэд мэдээллэх.
    4. Уул уурхайн төсөл хэрэжүүлэгчдийн хууль тогтоомж сахин биелүүлэх соёлыг бий болгож түгээн дэлгэрүүлэх.
    5. Мэргэжлийн хяналтын байгууллагын ашигладаг хяналтын хуудас болон эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоонд уурхайн хаалтын төлөвлөгөө ба түүний хэрэгжилтэнд тавих хяналтыг суулгаж өгөх.
“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал
“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны “А” танхимд нээгдэв. “Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өндөр өсөлтийн арван жил зугуухан уруудлаа. Одоо оргилоос ёроол руу гулсах мөчлөгт нисч яваагаа монголчууд мэднэ. Гэхдээ дэлхийн зах зээлийн хандлагаас үл хамааран улс төрийн үйл явц, хөрөнгө оруулагчийн шууд нөлөөгөөр манай улсын эдийн засаг савласаар байна. Монголын улс төр ээлж дараалан эдийн засагтаа хохиролтой шийдвэрүүд гаргаж, түүнээ залруулахаар араас нь цаг алдаж байх зуурт дэлхий ертөнц өөрчлөгдөн хувирсаар байна.” гэж Mongolian Mining Journal бичсэн. Яг энэ сэдвээр нээлттэй ярилцъя. “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил”-ийн амжилт ба алдаа, эрсдэл, сургамжаа ярилцъя гэсэн MMJ-ийн санаачилгыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар дэмжин хүлээж авч, хамтарч ажилласан билээ. Жилийн өмнө эрдэс баялгийн салбар 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэсэн. Түүхэн энэ мөчлөгт сүүлийн 20 жил онцгой байр суурьтай. Тиймээс өнгөрсөн хоёр арванд геологи уул уурхайн салбарт ачааны хүндийг үүрч, бүтээн байгуулж, эрсдэлийг даван туулагсдаар хурлын танхимыг бүрдүүлэхийг хичээсэн. Энэ хүмүүст туулсан туршлага, ярих зүйл бий. Ирээдүйгээ эрсдэлгүй болгохын тулд ямар үйл ажиллагаа явуулах, ямар арга хэмжээ авах ёстой вэ? Өнгөрсөн жилүүдийн алдаа сургамж, ирэх жилүүдийн эрсдэлгүй үйл ажиллагаа гэж юу вэ? Хэлэлцүүлэг яг энэ хүрээнд өрнөсөн. Хэлэлцүүлэгт эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын тэргүүнүүд, тэргүүлэх компанийн захирлууд, УИХ-ын гишүүд, төр, засгийн төлөөлөл, нийтдээ 120 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирэв.
  • debate
    УИХ-ын гишүүн С.Одонтуяа

    “Металс Монголиа” хурлыг зохион байгуулагчдаас Монгол Улсад уул уурхайн урт хугацааны стратегийг төлөвлөдөг, бодлогыг боловсруулдаг, хувийн хэвшлийнхэн тодорхой хэмжээний мэдээлэл авдаг байнгын үйл ажиллагаатай “Бодлого, стратегийн хүрээлэн” байгуулах тухай санал гаргасан юм. Тодорхой хэмжээгээр төрөөс санхүүждэг, хувийн хэвшлийнхэн тодорхой гишүүнчлэлтэй ийм хүчтэй байгууллагатай болохгүй бол яам өнөөдөр дөрвөн жилд дунд хугацааны зүйл л хийж байна гэсэн санал өгсөн. Энэ санал Ажлын хэсэг дээр яригдаад, дэмжигдээгүй. Дахиад нэг байнгын үйл ажиллагаатай хүрээлэн бий болгох нь тохиромжгүй гэж үзэж, одоо байгаа Стратеги судлалын хүрээлэн, Үндэсний судалгааны хүрээлэн, Геологийн төв лаборатори гээд ойролцоогоор 14-15 байгууллагын үйл ажиллагааг хооронд нь уялдаатай болгох тухай Бодлогын баримт бичигт тусгасан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн замаар хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Жишээ нь банкууд тодорхой хөрөнгө нийлүүлээд “Хадгаламжийн даатгалын корпораци” гэж байгуулсан. Үүнтэй адил уул уурхайн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл дээр бодлого, стратегийн судлалаа нэгтгэсэн зүйл байгуулах талаар бодлогод оруулсан.
  • debate
    Уул уурхайн сайдын Зөвлөх Д.Бат-Эрдэнэ

    Яамны боловсруулсан Бодлогын баримт бичигт энэ асуудлыг бүрмөсөн хориглохоор оруулсан. Учир нь өнөөдөр хоёр урсгал яваад байна.
    Нэгдүгээрт, “нинжа” гэдэг хүмүүс механикжиж эхэлсэн. Таван жилийн өмнө хүрз бариад гүйдэг байсан бол өнөөдөр хоёр экскаватортой болсон. Тэр хүн хаана жаахан юм байна тэнд бушуухан очиж ухаад л явчихна. Өмнө нь хоёр хүрзээр ухаж байсан бол одоо хоёр экскаватороор хөрсийг орвонгоор нь хуулчихаад яваад өгдөг. Энэ хүмүүс өнөөдөр шороон орд дээр биш жонш дээр ажиллаж байгаа. Яваандаа нүүрс рүү орох юм бол бүр хачин байдал үүснэ. Үүнийг орон нутаг зохицуулна гэж хэзээ ч байхгүй. Элдэв зохицуулагчдыг очихоор өөдөөс нь чулуу, зэвсэг бариад л бүгд дайрдаг.
    Хоёрдугаарт, “Урт нэртэй” хуультай холбоотойгоор жижиг ком­паниуд өөрсдөө “нинжа” бай­дал руу хөрвөөд эхэлсэн. Татвар ч төлөхгүй газраа ухдаг болсон. Тэдгээр хүмүүс бүх зүйлийг хар хүчээр шийдэх гэсэн ойлголттой болчихсон. Хаана ч очсон түрэм­гий байдлаар харьцдаг. Одоо улам хүчтэй болж байна. Хуультай болчих юм бол цаашаа улам илүү бололцоотой болчихно. Бид “баруун гараараа сайн юм хийж, зүүн гараараа мууг дэмжээд” байна. Тиймээс яамны зүгээс энэ байдлын алсыг нь хараад хориглохоор бодлогод оруулсан байгаа.
Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ
Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр эхэллээ. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү. Санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.
  • MAEP NGO
    • Ашигт малтмал олборлох төслийн байгаль орчны асуудал болон ашигт малтмал эрэх, хайх төслийн байгаль орчны асуудлыг салгаж шалгууруудыг ялгахгүй бол зөвхөн эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид бас нэгэн дарамтыг үүсгэж байгааг анхаарч зохицуулахаар тусгах
  • MAEP NGO
    • Уурхайн хаалт, нөхөн сэргээлийн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах, журам, заавар, стандартуудыг шинээр боловсруулаж уурхайн хаалтын сан бүрдүүлэх, захиран зарцуулах, эзэмших эрхзүйн тогтолцоог буй болгох.
Ирээдүйгээс зээлэх хөрөнгө буюу Чингис бонд
Улирч буй 2012 оны эдийн засгийн онцлох үйл явдал нь “Чингис” бонд юм. Монголын нэр хүнд өсч байгаа энэ цаг үед манай улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Аливаа улс орон хөгжлийн аль ч шатандаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтдаа шаардагдах хөрөнгө оруулалтыг бонд гаргах замаар бий болгож болдог. Энэ бондод Засгийн газар өөрөө баталгаа болдог тул эрсдэл бага, тэр хэрээрээ найдвартай байж чаддаг. Бүтээн байгуулалтад шаардагдах үлэмж хэмжээний хөрөнгийг босгох хамгийн тохиромжтой арга зөвхөн IPO буюу хувьцааны арилжаа бус Бонд бас байж болохыг Засгийн газрын гаргах Чингис бонд тодорхой харуулах цаг ойртсоор байна. Манай улсын хувьд бонд гаргасан түүх 1996 оноос эхлэлтэй. Өнөөг хүртэлх хугацаанд Засгийн газар нийт 263 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгийн зэх зээлээр дамжуулан гаргаж байжээ. Хэдийгээр бондын зах зээлд дөнгөж нэвтрээд байгаа “балчир” улс ч гэлээ оройхон гараад ширүүхэн дайрах магадлал өндөр байна. Манай улсын бондын эрэлт ч их байх төлөвтэй. Засгийн газрын бонд Монголын эдийн засгийн хөгжлийн хувьд маш том үүдийг нээсэн алхам байж, зөвхөн уул уурхайн төсөл хөтөлбөр, дэд бүтцийн төслийн санхүүжилтийг шийдээд зогсохгүй Монголын Засгийн газрын бондын эрэлт сайн байснаар ард иргэдэд моргэйжийн бага хүүтэй зээл олгох ажил хэрэгжих боломж нээгдэх юм. Өнөөдөр бонд Монголын хувьд шинэ боломж болон хувирч байгаа цаг үе бүрдсэн нь сайн хэрэг. Гэхдээ бонд бидэнд юуг ч амлахгүй. Гагцхүү бондын мөнгийг зөв оновчтой зарцуулж чадах нь л чухал юм. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал Монголын талд байна гэж хэлж болно. Бондын хөрөнгийг жинхэнэ хөгжил болгох биднээс хамаарсан ажил тун удахгүй монголчуудыг угтах болно. Ямартай ч ирээдүйгээс “зээлэх” энэ хөрөнгийг эрчимтэй өсч буй өнөөдрийн эдийн засгийн тооцон дээр үндэслэн хийсэн. Цагийг нь олж өр тавин, зөв зүйлд зарцуулснаар хожихыг үгүйсгэхгүй. Харин үүнийг шинэ Засгийн газар хэр үр ашигтай зарцуулснаараа дүгнэгдэх нь гарцаагүй. Тиймээс тодорхой төлөвлөгөө, тогтвортой бодлого улс орны хөгжлийн дараагийн шат өөд түүчээлэх учиртай. Боловсруулж, үйлдвэрлэж чадваас асар уудам газар нутгийнхаа хэвлийд байгалийн эрдэс баялгийн арвин их нөөцтэй цөөхөн монголчууд бид дэлхийн хөгжлийн толь болж чадах билээ.
  • Debate
    СЭЗДС-ийн захирал, доктор, профессор Д.Батжаргал:

    Бүтээн байгуулалт буюу дэд бүтцийн томоохон төслүүдийг орлого байхгүй ч гэсэн таван тэрбум ам.долларын бонд гаргаж даруй эхлүүлэхээр төлөвлөжээ. Дэд бүтэцгүйн улмаас бид маш олон боломжийг алдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийнхээ үр шимийг хүртэж чадахгүй байна. Бүтээн байгуулалтын дараа орж ирэх үр шимийг тооцож үзвэл таван тэрбум ам.доллар бага мөнгө юм. Өмнө нь зээл тусламж аваад өгөөж өгдөггүй зүйлд дандаа зарцуулдаг байсан. Харин энэ удаад энэ хөрөнгийг зөвхөн бүтээн байгуулалт, дэд бүтцэд зарцуулахаар хатуу төлөвлөсөн байгаа. Монголын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ таван тэрбум ам.долларын хөрөнгө монголчууд өөрсдөө ажилтай, орлоготой болоход их хэрэгтэй. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх зөв үр дагаврыг авчрах болов уу. Засгийн газрын бонд нь урт хугацааных биш, баталгаатай эргэж төлөгддөг гэдэг утгыг агуулдаг учир хувийн компанийн өрийн бичгээс илүү эрэлттэй байдаг.

    Цөөн хүн амтай, асар их баялагтай, эдийн засгийн өсөлттэй улс орны Засгийн газрын бонд олон улсын сонирхлыг шууд л татна. Өөрөөр хэлбэл, эрэлт ихтэй байна гэсэн үг. Харин сайн дэд бүтцийг бий болгоод, эрчим хүчтэй, зам гүүртэй, харилцаа холбоотой болсны дараа орж ирэх өгөөжийг уул уурхайн бус салбар ялангуяа байгалиа унаган чигээр нь байлгах, тэнцвэрийг нь хадгалах чиглэлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, түүнийгээ өндөр технологиор боловсруулан дэлхийн зах зээлд борлуулах салбар руу чиглүүлэх хэрэгтэй.
  • Debate
    Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болд

    Гадаадаас босгосон хөрөнгийг ирээдүйд эдийн засгийн багтаамжийн шингээх чадварыг нэмэгдүүлэхэд, Монгол улсад экспортыг дэмжих валютын орлогыг бий болгох суурь болон аж үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлэн, оновчтой зарцуулж чадах юм бол үнэхээр хэрэгтэй зүйл. Засгийн газрын таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бондыг олон улсын зах зээл дээр гаргаж, хөрөнгө босгох нь зүйтэй гэж Монголбанкны хувьд үзэж байгаа. Гэхдээ энэ нь гарсан даруйдаа Монгол улсын нийт гадаад өрийн тоо хэмжээг тэр дүнгээр нэмэгдүүлнэ.

    Зээлжих зэрэглэлийг тогтооход харгалзаж үздэг гол шалгуур үзүүлэлтүүд байдаг. Макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд байгаа юм. Макро тогтвортой байдлыг илэрхийлэх гол үзүүлэлт бол төсвийн үр ашигтай байдал, төсвийн төлөвлөлт юм. Төсвийн алдагдал зохистой түвшинд байгаа эсэх, төсвөөс шалтгаалах эдийн засгийн эрсдэл буй эсэхээр мөн хэмжигдэнэ. Одоогийн түвшинд манай улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж үнэлсэн байгаа. Таван тэрбум ам.доллартай тэнцэх бондыг дунд хугацаанд гаргаснаар Монгол улсын зээлжих чадвар буурна гэсэн ойлголт байхгүй. Хэдийгээр гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа ч бонд гаргах замаар босгох хөрөнгийн зарцуулалт, эдийн засгийн эргэлтэд нөлөөлж байгааг харгалзан үзэж байж зээлжих зэрэглэлийн асуудал яригдана.
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар