Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Нүүрсний экспорт сарын дүнгээр 11.7%-иар буурав

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 41.6%-иар өссөн байна. Энэ дундаа нийт экспорт 607.3 сая ам.доллар /43.3%-ийн өсөлттэй/, импорт 504 сая ам.доллартай /39.6%-ийн өсөлттэй/ тэнцжээ. Гадаад худалдааны нийт тэнцэл өнгөрсөн сард 103.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 64.7%-иар өссөн дүн юм. Түүнчлэн, 2018 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.9%-тай гарсан тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Ийнхүү өсөхөд үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна.

Нэгдүгээр сард эрдсийн экспорт 425.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 21%-иар өсчээ. Орлогоор тэргүүлэгч салбар болох нүүрсний экспорт 170.8 сая ам.долларт хүрч 23.7%-иар нэмэгдсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн сард 2.16 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 8.4%-иар давсан. Гэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын дүнгээс 12 орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо. 

Зэсийн баяжмалын экспортын тухайд мөн хугацаанд 117.4 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлж 157.3 орчим сая ам.долларын орлого олсон нь биет хэмжээгээр 20.5%-иар, үнийн дүнгээр 24%-иар тус тус нэмэгдсэн байна. Боловсруулсан цэвэр зэсийн хувьд мөн хугацаанд 760 тонн бүтээгдэхүүн экспортолж, 4.4 орчим сая ам.долларын орлого олсон нь жингээр 34.6%-иар, орлогын тухайд 44.8%-иар тус тус буурчээ.

Түүхий газрын тосны тухайд манай улс өнгөрсөн сард нийтдээ 534 мянга орчим баррелийн экспорт хийсэн бөгөөд 27 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь биет хэмжээгээр 3.9%-иар, үнийн дүнгээр 21.7%-иар тус тус буурчээ.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт өнгөрсөн сард 3.1 тоннд хүрч, орлогын дүнгээр 130 сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5 дахин нэмэгдсэн дүнтэй байна. Гэхдээ Монголбанкны мэдээлж буйгаар алт худалдан авалт өнгөрсөн сард 597 кг хүрсэн нь 47%-иар буурсан үзүүлэлт болж байгаа юм.

Төмрийн хүдрийн экспортын хувьд өнгөрсөн сард нийтдээ 608.6 мянган тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 26 сая ам.доллар олсон нь биет хэмжээгээр 39.4%, орлогын дүнгээр 47.9%-иар тус тус өссөнийг илтгэв.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн сард 12 мянган тоннд хүрч, 17.1 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингээр 7.8%, орлогын дүнгээр 11.9%-иар тус тус өссөн байна.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт эхний нэг сарын байдлаар 53.6 мянган тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 84.3%-иар нэмэгдсэн бол орлогын хувьд 17.7 сая ам.доллар олж 91.7%-ийн өсөлтийг харуулав.

Хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт нэгдүгээр сард 1.6 мянган тоннд хүрч 3.7 орчим сая ам.долларын орлого олсон нь жингээр 2.6 дахин, үнийн дүнгээр 2.3 дахин тус тус өсөв.

Молибденийн баяжмалын экспорт биет хэмжээгээр 0.5 мянган тонн, орлогын дүн 4.22 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь жингээр 4.8%-иар, үнийн дүнгээр 48.1%-иар тус тус нэмэгдсэн гэсэн үг.

Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн сард 20 тоннд хүрч, 219.3 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 23.1%-иар, үнийн дүнгээр 37.9%-иар тус тус буурчээ.

Б.Төгс