|

Хятадад гангийн түүхий эдийн ханш эрчимтэй нэмэгдэв

2019 оны 2 сарын 4

Дэлхийн ган үйлдвэрлэлийн гол хэрэглэгч, нийлүүлэгч болсон Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ эрчимтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ сүүлийн 22 сарын хугацаан дахь дээд ханшид хүрч 92.46 ам.доллар буюу 623 юань-тай тэнцжээ. Төмрийн хүдрийн үнэ ийнхүү он гарсаар 20%-иар өсөөд буй юм. Томоохон нийлүүлэгч "Вале" компанийн нийлүүлэлт буурах таамгаас эхтэй уг ханшийн өсөлт нь түр зуурын шинжтэй гэж зарим шинжээч тайлбарлаж байгаа ч ANZ банк энэ онд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй тул үнэ өснө гэж үзжээ.

Коксжих нүүрсний тухайд мөн үнэ өсч эхэлсэн нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал Хятадын зүүн хойд бүс нутгийн эргийн боомтууд дээр гаалийн хянан шалгалт удааширсны улмаас нүүрс, төмрийн хүдэр ачсан хөлөг онгоцны цуваа үүсчээ. Энэхүү нөхцөл байдал нь нийлүүлэлтэд хүндрэл үүсгэж болзошгүй гэсэн зовнил ган үйлдвэрлэгчдийн дунд төрүүлээд байна.

Мөн АНУ-Хятадын худалдааны дайныг эцэслэхээр хоёр талууд хэлэлцээр хийж буй нь нэлээд ахицтай яваа гэсэн мэдээлэл түгсэн нь цаашид түүхий эдийн эрэлт сайн байх төлөвийг тодруулж байна. Хоёр тал гуравдугаар сарын 1-н гэхэд нэгдсэн ойлголтод хүрч, маргааныг эцэслэх ёстой юм.

Эдгээр мэдээлэл нь Далианы бирж дээр коксжих нүүрсний үнэ сүүлийн 17 сарын хугацаан дахь хамгийн дээд түвшин буюу 1290 юань/тоннд хүрэхэд голлон нөлөөлжээ. Гангийн түүхий эд өсөхийн хэрээр кокс болон арматур төмрийн үнэ ч Хятадын зах зээлд өсч эхэллээ.


Б.Төгс

 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар