Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой”: 2018 онд хоёр их наяд төгрөгийн орлоготой ажилласан






















*
Төлөвлөгөөнөөс 2.1 дахин давж биелсэн

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээлж буйгаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу компанийн 30 хүртэлх хувийг эхний ээлжинд Хонконгийн хөрөнгийн биржид гаргаж, улмаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болгох хувилбарыг дэвшүүлжээ. Хоёрдугаар сарын 10-наас өмнө хөрөнгө оруулалтын 5 банк болон аудитын компаниудаа сонгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн, IPO буюу анхдагч зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажлын хүрээнд орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж, дэд бүтцийн төслүүд болох баяжуулах үйлдвэр, усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан станцын судалгааг хийж дуусчээ. Мөн олон улсын зөвлөх 4 компани, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр эхний шатны ажлын тайлангаа УИХ-д танилцуулахад бэлэн болсныг компани онцоллоо.

Компанийн хувьд, Тавантолгой ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж /2018.08.26/, блокийн аргачлалаар хуучин 5.1 тэрбум тонн байсан нөөцийг 6.3 тэрбум тоннд хүргэж нэмэгдүүлсэн төдийгүй ЖОРК стандартын нөөцийг 7.3 тэрбум тонн болгож өсгөсөн.   

“Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийтдээ 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Нэн ялангуяа сүүлийн хоёр жилд зах зээл сайжирсантай холбоотойгоор онцгой ашигтай ажилласан төдийгүй 2018 оныг ямар ч өр төлбөргүй болсон амжилтаар үдсэн. Тиймээс дэд бүтцийн болон нийгмийн чанартай төслүүдэд онцгойлон анхаарах боломж бүрдээд байгаа юм.

Дэд бүтцийн тухайд, одоогоор 70 гаруй хувийн хэрэгжилттэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд санхүүжүүлж ажиллахаа компани мэдэгдлээ. Мөн Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн хос авто замын үйл ажиллагаанд хамтран оролцохын сацуу баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг бүрэн шинэчилж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Тавантолгой-Ханги чиглэлийн авто замын төсөл, цахилгаан станц зэрэг төсөл дээр компани онцгой анхаарал хандуулан ажиллаж буй бөгөөд санхүүжилтийг гурван хэлбэрээр шийдэх аж. Үүнд өөрийн хөрөнгө, хувьцааны арилжаагаар босгох хөрөнгө, мөн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах хувилбарууд багтана.

“Эрдэнэс Тавантолгой” компани дэд бүтцийн төслүүдэд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдана гэж тооцоолж, уг хөрөнгийг хувьцааны арилжаагаар босгож чадна гэж үзэж байгаа юм.

Иргэдэд олгосон 1072 хувьцааг энэ онд “амилуулна” гэж компани төсөөлж байгаа бөгөөд иргэдийн гарт тус компанийн 15 орчим хувьтай тэнцэх хувьцаа хуваарилагдсан байгаа юм. 

 


Б. Төгс