Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хятад нүүрсний импортын хоригоор бэлэг барив




Нүүрсний импортын хориг: Хятад нүүрсний дотоодын зах зээлээ 
хамгаалах бодлого барьж байна
Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт ирэх сараас сайжирч 
магадгүй
Боомтын нэвтрэлт удааширснаас Тавантолгойн уурхайнуудын ачилтыг 
зогсоов


The Mongolian Mining Journal /2018.011/

Б.Төгс

Арваннэгдүгээр сарын 14, 15, 16-нд Жянсү, Гуандун, Фужянь зэрэг нүүрсний голлох сувгуудад Хятадын холбогдох төрийн байгууллагын төлөөлөл уулзалт хийсний дараа нүүрс импортлохгүй байх шийдвэрийг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан байна. Уг шийдвэр энэ он дуустал үргэлжлэх нь тодорхой бөгөөд ирэх оны хоёрдугаар сар хүртэл сунжирч болзошгүй байгаа юм. Ингэхдээ эрчим хүчний нүүрсний импортыг бүрэн хориглохоор болжээ. Харин энэ дунд коксжих нүүрс экспортлогчид хэлмэгдэж үлдэв. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрс ч хоригт давхар өртөж эхэлсэн юм. Өмнөд эргийн боомтууд хамгийн хатуу чанга хоригтой тулгараад байгаа бол хойд зүгийн боомтууд дээр нэвтрэлтийг удаашруулах хандлага ажиглагдаж буйг Argus Media агентлаг мэдээллээ. Coal Mongolia чуулганы үеэр Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг болсон Fenwei Energy-ийн Дэд ерөнхийлөгч Сара Лю энэ онд эрчим хүчний нүүрсэнд квот хэрэгжиж, хязгаарлах бодлого давамгайлна. Энэ нь коксжих нүүрсний импортод ч нөлөөлөх болно гэж мэдэгдсэн.  

Монголын тухайд энэ шийдвэр ноцтой нөлөө үзүүлж эхэлсэн гэж хэлж болох ч шийдвэр гарахаас урьтаад буюу арваннэгдүгээр сараас эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт удаашраад эхэлсэн билээ. Гэхдээ бүрэн хориглосон зүйлгүй байгаа юм. Эндээс харвал Монголынх шиг хуурай газрын хил гэхээс илүү далайн боомтод уг хориг үйлчилж буй нь тодорхой байна.  

Гашуунсухайт боомтын мэдээлж буйгаар Хятадын талаас Ганцмод боомт дээр “Ухаалаг гарц” буюу шинэ систем нэвтрүүлж эхэлж байгаатай холбоотойгоор нэг машиныг гаргахад 40 минутаас доошгүй хугацаа зарцуулж  байгаа юм. Ийнхүү арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн боомтын нэвтрэлт удаашрах болжээ. Түүнээс хойш боомтоор өдөртөө 47-150 автомашин гарах болсон нь өнгөрсөн аравдугаар сард өдөрт 1000 машин гарч байсантай харьцуулахад тун бага дүн юм. Үүнтэй холбоотойгоор хил дээрх нүүрс ачсан автомашинуудын цуваа 100 гаруй км-т хүрчээ. Хятадын талаас энэ сардаа багтаан гаалийн системийн шинэчлэлийг хийж дуусгах төлөвтэй байгааг Гашуунсухайт боомтын захиргаа мэдээллээ. 
Хятадын талын татан авалт ийнхүү эрс багассантай холбоотойгоор энэ сарын 19-ний өдөр Тавантолгойд ажиллаж буй гурван уурхайн ачилтыг зогсоох, мөн гаалийн бүрдүүлэлт нэмж хийхгүй байх шийдвэр гаргасан тухай Зам, тээврийн хөгжлийн яам мэдэгдлээ. Үүссэн нөхцөл байдлыг  Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс томилогдсон Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан, зохицуулалт хийж эхэлсэн байна. 

Тухайлбал ачаагүй хоосон машиныг Оюутолгойн замаар явуулж, Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай машинуудыг хоёр эгнээгээр явуулах болжээ. 

Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 1-нд Засгийн газрын хуралдаанд ажлаа тайлагнах юм байна. Дгаарлачихаад байгаа автомашинуудыг хэрхэн оновчтойгоор хилээр гаргахад  одоо асуудал төвлөрч байна. Хил дээр   машины цуваа энэ сар дуустал дугаарласан ч гарч амжихгүй байх магадлал өндөр байгаа юм. Хүйтний улиралд жолооч нар  маш хүнд нөхцөлд ажиллахын сацуу илүү олон хоног дугаарлан зогсоход хүрч байна. 

Манай улсын хувьд энэ онд 28 сая тонн нүүрс экспортлох зорилтыг төсөвт тусгасан байсан нь өнгөрсөн есдүгээр сард гэхэд бараг биелж, аравдугаар сард хол давсан амжилттай үзүүлэлт гарсан. Харин хүлээгдэж буй гүйцэтгэл 35-36 сая тонн байсан нь биелэхэд хүндрэлтэй болоод байна.

Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар манай улс нийтдээ 31.35 сая тонн нүүрс экспортолж 10%-ийн өсөлтийг харуулсан. Харин сарын дүнгээр авч үзвэл аравдугаар сард дангаараа 3.97 сая тонн нүүрс гаргасан нь өнгөрсөн тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн боллоо. Гэвч арваннэгдүгээр сараас эхлэн экспортын гарц улам бүр хумигдаж  энэ сарын 20-ны байдлаар /АМГТГ-ын мэдээлснээр/ 32.5 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь  хэрхэн удааширсныг илтгэнэ. Энэ янзаараа манай улсын нүүрсний экспорт сард 4 сая тонноор хэмжигдэх бус 1.5 сая тонноор хязгаарлагдаж, улмаар он дуустал 4-5 сая тонн нүүрсний экспортын боломжийг алдах магадлалтай болж  байна. Энэ нь мөнгөн дүнгээрээ 350 орчим сая ам.долларын экспортын алдагдал юм. 

Хятадын хувьд энэ онд нийтдээ 62 сая тонн коксжих нүүрс импортлох төлөв ажиглагдаж байна. Харин 2019 оны хувьд энэ тоо хумигдаж 60 сая тонн болох таамгийг Хятадын нүүрсний мэдээллийн гол байгууллага Fenwei Energy дэвшүүлсэн. Ийм нөхцөлд манай улс ирэх оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь биелэхэд улам бүр хүндрэлтэй харагдаж байгаа юм. 

Хятадын сүүлд хийсэн импортын хориг нь худалдан авалтын хэмжээгээ нэмэгдүүлэхгүй байх зорилгоос үүдэлтэйг хэвлэлүүд мэдээлж байгаа. Өөрөөр хэлбэл Хятад улс нүүрсний импортоо өнгөрсөн оныхоос давуулахыг хүсэхгүй байна.   2017 онд тус улсын нүүрсний импорт 270.9 сая тоннд хүрсэн. Үүний 68 сая тонныг коксжих нүүрс эзэлсэн. 

Харин энэ оны эхний арван сарын байдлаар нүүрсний нийт импорт 252 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11%-иар өссөн үзүүлэлт болохын сацуу үлдсэн хоёр сард импортлох нүүрсний квот асар бага үлдсэнийг харж болно.

Үүний зэрэгцээ Хятадын олборлолт өндөр хэмжээнд хүрсэн нь нүүрсний нийлүүлэлт хангалттай хэмжээнд очоод буйг илтгэнэ. Өнгөрсөн аравдугаар сард нийт олборлолт нь 310 сая тоннд хүрсэн нь 8%-иар өссөн үзүүлэлт боллоо. Мөн эхний арван сарын байдлаар нийтдээ 2.89 тэрбум тонн нүүрс олборлоод байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.4%-иар өссөн байна. 

Хятад  нүүрсний хэрэглээг хумих бодлого баримталж байгаа ч өнгөрсөн оны байдлаар нийтдээ 3.86 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн нь 2016 оныхоос ялимгүй их юм. Үүний 500 сая гаруй тонн хэрэглээ нь коксжих нүүрс байсан. 

Хятадын гол бодлого бол дотоодын нүүрсний салбараа хамгаалах явдал гэдэг нь сүүлдгаргасан шийдвэрүүдээс  тодорхой харагдлаа. Хятад руу экспортлогчид буюу нүүрс борлуулагчид ямагт ихийг нийлүүлэх сонирхолтой байдаг. Харин үүнд Хятад улс гэнэтийн хариу цохилт үзүүлэн дотоодын компаниудад илүү "хайртай" гэдгээ арваннэгдүгээр сарын дундуур зарласан нь чухамдаа нүүрсний импортын хориг байлаа. Тэгэхээр гадаад улс орны нүүрсний компаниуд үүнд гомдох зүйл үлдсэнгүй. Харин манайх шиг коксжих нүүрсний экспортоо тэлэхээр зорьж буй улсын хувьд "их санасан газар есөн шөнө хоосон хонохын" үлгэр болж мэдэхээр байгаа нь энэ сард илүү тод батлагдлаа.

Гэхдээ Хятадын хувьд нүүрсний импортыг хязгаарлах болсон нь шинэ зүйл биш юм. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн хоёрдугаар ангиллын боомтоор нүүрс импортлохыг бүрэн хориглох болсон билээ. Үүний зэрэгцээ Хятадын нүүрсний үндэсний ассоциаци ирэх оны нүүрсний импортын квотыг багасгах талаар тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороонд хүсэлт тавьсан байж магадгүйг хэвлэлүүд мэдээлж байна. Тиймээс ирэх онд нүүрсний импортын квотыг багасгасан байдлаар тогтоож болзошгүй байгаа юм.

Мэдээж Хятад улсын хувьд зүүн урд эргийн гангийн компаниудад Австралийн сайн чанарын коксжих нүүрс, харин хойд зүгийн гангийн үйлдвэрүүдэд Монголын коксжих нүүрс орлуулшгүй чухал түүхий эдээр тодорч байгаа тул урт хугацаандаа Австрали, Монголын импортын коксжих нүүрсний зах зээлд эзлэх байр суурь одоогийн түвшинд хадгалагдаж болох юм. Харин үүнийг илүү тэлж, нэмэгдүүлэх тухайд Хятадын дотоодын коксжих нүүрсний олборлолт багасдаггүй л юм бол найдвар төдийлөн төрөхөөргүй байгаа нь үнэн. 

Хятадын хувьд агаарын бохирдолтой тэмцэх алхмын хүрээнд эрчим хүчний нүүрсний олборлолт, тээвэрлэлт, импортод хатуу чанга бодлого баримтлах болсон. Энэ оны хувьд өвлийн улирлын үйлдвэрлэлийн хязгаарлалт аравдугаар сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэхээр байгаа нь түүхий эдийн эрэлтийг удаашруулах нь тодорхой юм. Гэхдээ нөгөө талд Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тогтвортой биш байгаа нь зах зээлд үнэ ханш буурахгүй байх нөхцөл болж байна. Арваннэгдүгээр сарын 15-нд Австралийн дээд ангиллын коксжих нүүрсний ханш 219 ам.доллар/тонн байсан бол 20-ны байдлаар 220 ам.доллар/тонн-той тогтвортой хадгалагдаж байна. 

Хятадын авч хэрэгжүүлж буй энэхүү импортын хоригийн бодлого нь Австралийн нүүрсний салбарт хүндхэн тусч буй нь лавтай. Харин энэ нь цаанаа хоёр улсын харилцаа хүйтэрсэнтэй холбоотой ч байж болох тухай хэвлэлүүд онцолж байна. Хятад улс Австралиас нийлүүлдэг арвайн импортод хэт доогуур үнээр нийлүүлж буй эсэх тухайд шалгалт оруулахаар болсон нь үүнийг нотолж байна. Угтаа дотоодын зах зээлийг хамгаалахын тулд гэж тайлбарлаж буй ч үнэн хэрэгтээ Австралийн импорт хэрхэн сөргөөр нөлөөлж буй баримт үндэслэл муутайг шинжээчид тайлбарлажээ. Уг алхам нь Австрали улс Папуа Шинэ Гвинейд байгуулах тэнгисийн цэргийн баазын ажилд АНУ-тай хамтрахаар тохиролцсонтой холбоотой гэж тайлбарлах шинжээчид бий. Австралийн Засгийн газрын хувьд мөн үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзэн Хятадын томоохон компаниудаас 5G сүлжээний төхөөрөмж нийлүүлэхийг өнгөрсөн наймдугаар сард хориглосон билээ. 

Эдгээр үйл явдал нь түүхий эдийн зах зээлд АНУ-Хятадын худалдааны дайн гэдэг нэг асуудлаас гадна өөр бас нэгэн асуудал үүсчихсэн байж болзошгүйг  харуулж байна. 

Гэхдээ Австралийн хувьд Хятадтай харилцаагаа сэвтүүлэхгүй байх үүднээс нэлээд аядуу бодлого баримталж буй. Учир нь тус улсын эрдэс түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний багагүй хэсгийг Хятад  импортолж байгаа юм. Нөгөө талаас Хятад  нь Австралиас түүхий эдийн хувьд ихээхэн хамааралтай гэдэг нь бас үнэн. 

Австралийн хувьд Монгол шиг цор ганц зах зээлээс хамааралтай биш учраас асуудлаа зохицуулах талд хавьгүй илүү давуу талтай. Харин манай улс  гагцхүү Хятадын зах зээлээс хамааралтай учир иймэрхүү гадаад нөхцөл байдалд хамгийн эмзэг хэвээр байгаа юм. Хэдийгээр Хятадын хувьд нүүрсний импортоо хориглосон ч Шивээхүрэн-Сэхээ боомтын нэвтрэлт хэвийн байгаа нь сайшаалтай хэрэг болж байна. Тус боомтод өнгөрсөн наймдугаар сард яг ижил шинэ систем нэвтрүүлэх үед нэвтрэлт удааширч байсан бол одоо эргээд хэвийн түвшинд очжээ. Энэ жишгээр авч үзвэл оны сүүлийн сард гаалийн шинэчлэлт дуусвал татан авалт эргээд сэргэх найдлага харагдаж байгаа юм. 

  • Зочин (202.21.116.171)
    Ад үзэгдсэн Нүүрсний салбар унаж хөөрхий Монгол улсын эдийн засаг уналаа
    2019 оны 01 сарын 03 | Хариулах