Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятад гангийн томоохон үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлж байна

Хятадын төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tangshan Stainless Steel” компани нь Таншан хот дахь үйлдвэрийн хуучин байгууламжаа хаахаар төлөвлөжээ. Тэгэхдээ Хэбэй мужийн Цаофэйдянь боомтын ойролцоо нүүлгэж, үйлдвэрээ шинэчлэн байгуулах юм байна. Үйлдвэрийн шинэ барилгын ажил 2019 оны гуравдугаар сард эхлэх бөгөөд 2020 онд ашиглалтад орох ажээ. Шинэ үйлдвэрт ган хайлуулах 2400 шоо метр багтаамжтай зуух, 120 тоннын хүчин чадалтай конвертер суурилуулна. Таншан дахь хуучин үйлдвэр нь жилд 1.69 сая тонн ган хайлуулах хүчин чадалтай. 

Агаарын бохирдолтой тэмцэх үүднээс хүнд аж үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг танах, хуучирсан үйлдвэрлэлийг бууруулах БНХАУ-ын төрийн бодлоготой холбогдуулан “Tangshan Stainless Steel” компани Таншан дахь үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж байгаа юм. 

Хятадын төрийн уг бодлогын хүрээнд, мөн томоохон үйлдвэрлэгч “China Baowu Group” нь жилд 20 сая тонн ган боловсруулах үйлдвэр байгуулах төслийг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Шинэ үйлдвэрийг Жянсү мужийн Янчен хотод байгуулах аж. Уг үйлдвэрийн эхний шатны 8-10 сая тоннын хүчин чадалтай байгууламжийн бүтээн байгуулалтыг 2019 онд эхлүүлж, гурван жилийн хугацаанд багтаан ашиглалт оруулах зорилготой гэдгээ “China Baowu Group”-ийн зүгээс мэдэгджээ. Эхний шатны бүтээн байгуулалтад 50 тэрбум юань буюу 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ. 

Шинээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд далайн боомт, кокс-химийн үйлдвэр болоод ган хайлуулах үйлдвэрүүдийг байгуулах юм байна. Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараагаар “China Baowu Group” нь тус мужийн Нанкин хот дахь гангийн хуучин үйлдвэрээ хаахаар төлөвлөжээ.

Э.Од