Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Нүүрсний экспорт сарын дүнгээр 38%-иар буурав

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний 11 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум ам.доллар боллоо. Энэ дотроо экспорт 6.5 тэрбум, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрлээ. Өөрөөр хэлбэл экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14%, импорт 37.6%, нийт эргэлт 23.6%-иар өссөн дүнтэй гарч байна. Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.7%-иар буурсан дүн болж байгаа юм.

Эрдсийн экспортын хувьд тайлант хугацаанд 5.6 тэрбум орчим ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 23.9%-иар өссөн дүнтэй гарлаа. Энэ нь нийт экспортын 86.3%-ийг эрдсийн экспорт бүрдүүлж буй гэсэн үг. Харин нүүрсний экспортын хувьд 2.6 тэрбум ам.долларт хүрч 24.1%-ийн өсөлтийг харуулав.

Нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний 11 сард 33.8 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингийн хувьд 7.9%-иар өссөн дүн болж байгаа юм. Харин сарын дүнгээр авч үзвэл арваннэгдүгээр сарын нүүрсний экспорт 2.46 сая тоннд хүрч өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээнд хүрлээ. Энэ дүн нь өнгөрсөн аравдугаар сард нүүрсний экспорт 3.97 сая тоннд хүрч байсантай харьцуулахад 38%-иар буурсан үзүүлэлт юм.  

Зэсийн баяжмалын экспортын тухайд мөн хугацаанд 1.3 сая тоннд хүрч мөнгөн дүнгээр 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь биет хэмжээний хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ялимгүй бууралттай боловч орлогын хувьд 26.5%-иар дээшилсэн үзүүлэлт болж байна.  Боловсруулсан зэсийн хувьд оны эхний 11 сарын байдлаар 12 орчим мянган тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж 76 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингийн хувьд 18.3%, орлогын дүн нь 11.3%-иар тус тус буурсан болохыг илтгэж байна.

Экспортын дүнгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж буй түүхий газрын тосны экспортын тухайд энэ оны эхний 11 сарын байдлаар 5.7 орчим сая баррельд хүрч 367 орчим сая ам.долларын орлого олсон нь жингээр 18.3%-ийн бууралтыг харуулсан бол мөнгөн дүнгээр 7.4%-ийн өсөлттэйгөөр тэмдэглэгдлээ.

Экспортын хэмжээгээр дөрөвдүгээрт бичигдэх төмрийн хүдрийн тухайд эхний 11 сард экспортын биет хэмжээ 6.7 сая тоннд хүрсэн бөгөөд мөнгөн дүнгээр 307 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь жингийн хувьд 20.6%, орлогын тухайд 8.2%-ийн өсөлтийг тус тус харууллаа.

Цайрын хүдэр, баяжмалын экспортын хэмжээ орлогын дүнгээр 183.6 сая ам.доллар, жингээр 113.8 мянган тоннд хүрсэн нь мөнгөн дүн 11.6%, жингээр 4.9%-ийн өсөлтийг үзүүллээ.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт оны эхний 11 сарын байдлаар 492.5 мянган тоннд хүрч,  165.8 сая ам.долларт хүрсэн нь жингийн хувьд 75.4%,  орлогын дүнгээр 2.3 дахин өссөн дүнтэй гарсан байна.

Алтны экспортын хувьд эхний 11 сарын байдлаар 3.4 тонныг гадагш нийлүүлж 144.5 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74%-иар буурсан үзүүлэлт болж байна. Гэхдээ Монголбанкны мэдээлж буйгаар эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил хэмжээнд байгаа юм. Мөн төв банкны мэдээлснээр арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар алт худалдан авалт 19.8 тонн болж багагүй хэмжээгээр нэмэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2%-иар өссөн үзүүлэлт болохыг мэдэгдсэн билээ.  

Хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 20.4 мянган тоннд хүрч, 50.7 сая ам.долларт хүрсэн нь жингээр 35.2%, мөнгөн дүнгээр 31.8%-иар тус тус өссөн байна.

Молибденийн баяжмалын тухайд мөн хугацаанд 5.4 мянган тонныг экспортолж, 44.5 сая ам.доллар олсон нь жингийн хувьд 9.2%-иар буурч, 31.7%-иар өссөн дүнтэй байна.

Гянтболдын экспортын тухайд 701.6 тонныг гадагш нийлүүлж, 7.4 сая ам.доллар олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.8%, мөнгөн дүнгээр 3.4%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.

Б.Төгс

 

 

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах