Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Yokohama Rubber-ийн лабораторид шинэчилсэн дугуйг Монголд нийлүүлж байна



Дэлхийн технологийн оргил болсон Япон улсын “Yokohama” брэндийн дугуйг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээл, уул уурхайн салбарт тав дахь жилдээ нийлүүлж байгаа “Вай Ти Эм Монголиа” компанийн үүсгэн байгуулагч S&ROYAL GROUP MONGOLIA компанийн Ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй ярилцлаа. 



Ярилцсан Э.Од 

“Вай Ти Эм Монголиа” компанийн тав дахь жилийн үйл ажиллагааны онцлогоос яриагаа эхэлье? 
“Рояал групп Монголиа” нь 2013 оноос гадаад худалдааны чиглэлдээ түлхүү анхаарч ажилласны үр дүнд Японы “Yokohama” компанийн Монгол дахь албан ёсны эрхийг авч YOKOHAMA TIRE MONGOLIA буюу “Вай Ти Эм Монголиа” охин компани байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Вай Ти Эм Монголиа” компанийн хувьд бүх төрлийн машин механизмын дугуйг Монгол Улсын зах зээл, уул уурхайн салбарт нийлүүлж, чамгүй туршлага хуримтлууллаа. Одоогоор бидний зүгээс “Yokohama” компанитай хамтран бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлд төвлөрөн ажиллаж байна.

Уул уурхайд нийлүүлж буй дугуйнуудад ямар шинэчлэл, технологийн дэвшил гарч байна вэ?
Уул уурхайн дугуй гэдэг юуны түрүүнд аюулгүй талаасаа маш чухал юм. Дугуйны хээнээс хамаарч халтиргаа үүсэх магадлал их байдаг. Цас борооны уснаас шалтгаалан уурхайн хөрс зөөлөрч дугуй хий эргэх, шарвах эрсдэлтэй. “Yokohama” брэндийн дугуй маш сайн зууралттай, аюулгүй байдлын хувьд чанартай байгаа нь худалдан авалт нэмэгдэж буйгаас анзаарагдаж байна. Хэдийгээр бизнес талаасаа борлуулалтын тоо чухал ч бүтээгдэхүүний чанарт бид илүүтэй анхаарч байгаа. Японы YOKOHAMA RUBBER компанийн үйлдвэрийн технологийн хэлтсээс дэлхийн хэрэглэгчдэд нийлүүлж буй дугуйнууд дээрээ тухайн улсын цаг агаар, уур амьсгалын онцлог уурхайн нөхцөлийн  талаарх мэдээллүүдийг тогтмол авч, уг судалгаан дээр үндэслэсэн шинэ технологийн дугуйнууд гаргаж авдаг. Бидний зүгээс ч дотоодынхоо хэрэглэгчдийн уурхайн нөхцөл, ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргүүлж, уг судалгаан дээр үндэслэсэн дугуйг нийлүүлж байгаа нь ихээхэн давуу тал гэж харж байна.

Тэгвэл Монголын нөхцөлд таарсан технологи бүхий шинэ бүтээгдэхүүнээс сонирхуулаач?
Монгол орны хувьд хуурай, шороо тоос ихтэй, өвөл нь халтиргаа гулгаатай учир заавал улирлын дугуй солих шаардлагатай байдаг. Энэ онцлогт тохируулсан өвөл цасанд явах боломжтой дөрвөн улирлын шинэ технологи бүхий дугуйг 2018 оноос Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Энэ жилээс эхлэн худалдаанд гарч байгаа “Ice Guard G075” загварын дэлхийн технологийн дээж болсон  өвлийн дугуйг Монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлж эхэлж байна.

 Уг шинэ дугуй нь өвлийн улирлын өмнөх загварын дугуйнаас 23%-иар илүү цас мөсөнд барьцалдах зууралт нь сайжирсан. Мөн дуу чимээ нь 29%-иар буурч, элэгдэл багассан нь шинэ загварын дугуйны давуу тал болж чадсан. Ирэх 2019 оны нэгдүгээр сард Японы “Yokohama” үйлдвэрээс шинэ технологийн дугуйны тестийг олон улс дахь дистрибьютер компаниуддаа танилцуулах арга хэмжээ болно. Тус арга хэмжээгээр танилцуулах дугуй нь цастай газарт зориулагдсан өвлийн загвар юм. Энэхүү арга хэмжээнд оролцож өвлийн дугуйн туршилт хийх болсондоо манай компанийн зүгээс баяртай байна. 

Дөрвөн улирлын дугуйн хувьд мөн адил сайжирч, хээ нь шинэчлэгдэн, засмал болон бартаатай, цастай, устай замд үзүүлэх үзүүлэлт нь сайжирч, өвлийн хүйтэнд ч явах чадвартай болгон цасны зурагтайгаар худалдаанд гарч байгаа. Энэ нь хүмүүс дугуйгаа өвөл зунаар нь солих шаардлагагүй давуу талыг олгож байгаа юм. 

Судалгаан дээр үндэслэсэн технологиор боловсруулан үйлдвэрлэдэг гэхээр их сонирхолтой юм?
Японы “Yokohama” үйлдвэр жил бүр дугуйны технологийг сайжруулаад явдаг. Улс орнууд дахь дистрибьютер компаниудаасаа бүтээгдэхүүний технологид анхаарсан чиг баримжаатай судалгааны мэдээлэл тогтмол авдаг. Байгаль орчинд ээлтэй, элэгдэл багатай, аюулгүй байдлыг хангах, цаг уурын онцлог, нөхцөл байдлын талаарх судалгаануудад үндэслэн технологийг шинэчлэн боловсруулдаг гэсэн үг. Ийм горимоор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг “Вай Ти Эм Монголиа” компани Монголынхоо зах зээлд  түргэн шуурхай нийлүүлдгээрээ хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа болдог болов уу. 

“Вай Ти Эм Монголиа” компани судалгаагаа хэрхэн хийдэг вэ?
Чанартай, шинэ технологи бүхий дугуй нийлүүлэхэд анхаарсан нэг чухал ажил бол “Вай Ти Эм Монголиа” компани бүтээгдэхүүний мэргэжлийн шинжээчдийн багтай болсон явдал. Компанийн худалдаж байгаа дугуйг хэрхэн сайжруулах, чанартай болгох талаар мэргэжлийн экспертүүд шинжилгээ судалгаа хийх бөгөөд тэрхүү судалгаагаа “Yokohama” үйлдвэрийн лаборатори руу илгээнэ гэсэн үг. Манай компани зөвхөн худалдаа борлуулалт гэлтгүйгээр салбартаа мэргэжлийн тоглогч болох томоохон зорилт дэвшүүлсэн. Уг зорилт руу хийсэн нэг том ахиц бол мэргэжлийн шинжээчдийн баг юм.

Компани нийгмийн хариуцлага тал дээр хэр анхаарч, ямар ажлууд хийж байна?
Өнөөдөр манай улсад дугуй ашиглалтын талаар мэдлэг, мэдээлэл хомс байна. Хуучин дугуйны аюул эрсдэлээс иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох, аваар ослын тохиолдол нэлээд гарч байгаад эмзэглэж явдаг. Тиймээс дугуйны худалдаа борлуулалтын чиглэлээр бизнес явуулж байгаа компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй оролцож буй иргэдийг аюулгүй байдлаас сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийх цаг болжээ гэж бодож байна.  

Эдийн засгийн боломжоосоо хамааран зарим иргэд маань хээ элэгдэл багатай хуучин дугуй худалдаж авдаг. Гэтэл хээнээс илүүтэй дугуйны насжилт чухал гэдгийг тэр бүр мэддэггүй.  “Yokohama” үйлдвэрээс тавьдаг шаардлагаар дугуйг 5-аас илүү жил ашиглах ёсгүй. Таван жил болоод дугуйны чийгшил алдагдаж, үүнээс үүдэн резин нь  агшиж сунах уян хатан байдлаа алдан язрал хагарал үүсдэг. 

Зам тээврийн осол аваарын тохиолдолд машины дугуйнд мэргэжлийн экспертүүд нарийн шинжилгээ хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Мэргэжлийн хүмүүсээр дүн шинжилгээ хийлгэе гэхээр Замын цагдаагийн газраас зөвшөөрдөггүй. Тийм хууль эрх зүйн орчин Монголд байдаггүй юм билээ. Зам тээврийн ослын газарт тухайн тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн эсэхийг зөвхөн тоормозлосон хэмжээсээр хэмждэг нь учир дутагдалтай. Хуучин дугуйнаас үүдэлтэй зам тээврийн осол аваар жил ирэх тусам өсч байгаа нь сэтгэл түгшээж байгааг нуух юун. Насжилт нь дууссан хуучин дугуйг гаднаас импортоор оруулж ирэхдээ дугуйг хэмжээнээс нь хамааран 2 юмуу 3-аар нь дугуйн дотор чихэж оруулж ирж байгаа нь дугуйны хагарлыг улам ихэсгэдэг. Хээ нь гайгүй бол шинэ байна гэж эндүүрч аваад хөдөө орон нутгийн зам дээр замын нүх донсолгоонд цохигдон дугуй буудах обуднаасаа салах зэрэг сэтгэл эмзэглүүлсэн тохиолдлуудыг зөндөө сонсож, өөрийн биеэр үзсний хувьд хэрэв манай хууль сахиулах байгууллагаас хүсэх юм бол “Вай Ти Эм Монголиа” компаниас шинжилгээ, дүгнэлт хийгээд өгөх бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна.

Нөгөөтэйгүүр, хуучин дугуй байгаль орчинд асар их хор хохиролтой химийн бүтээгдэхүүн тул тодорхой хэмжээгээр урвалд орж, ойр орчмын байгалийг дахин нөхөн сэргээх боломжгүйгээр бохирдуулдаг. Хамгийн ойрын жишээ нь манайтай адилхан Казахстан улс хуучин дугуй оруулахаа аль 5 жилийн өмнөөс хориглочихлоо. Энэ жилээс эхлээд  Хятад улс агаарын бохирдлоос сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бодлогоор хуучин дугуй худалдах, өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэхийг хориглолоо гэх мэт олон жишээ дурдаж болно.

Өнөөдөр Монголд шинэ дугуйны худалдаа эрхэлдэг олон компани бий. “Вай  Ти Эм Монголиа” компани дугуйны зах зээлийн тодорхой хувийг л эзэлж байгаа. Тэгэхээр хуучин дугуйны хор хохирлын асуудлыг хөндөж байгаа нь манай компанийн бизнесийн эрх ашиг бус Монгол Улс, нийт иргэдийн аюулгүй байдлын асуудал юм. Иргэнийхээ хувьд үүнийг би хэлэх үүрэгтэй гэж үзэж байна. Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд оролцож байгаа техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг мэргэжлийн гол байгууллагын хувьд хуучин дугуй аюул эрсдэлд онцгой анхаарах ёстой. Иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох асуудлаар “Вай Ти Эм Монголиа” компани нь Замын цагдаагийн газарт санал хүсэлт тавьж  хамтран ажиллаж байсан туршлага бидэнд бий.  

Групп, компанийн хувьд ойрын зорилт, шинэ төлөвлөгөө ихтэй байгаа болов уу?
“Рояал групп Монголиа” нь  Монгол Улсын эрчим хүч, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны салбаруудад үйл ажиллагаа явуулж байна. Улс орныхоо хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлэхүйц, хувь нэмэр оруулахуйц төслүү­дийг хэрэгжүүлэх  төлөвлөгөө зорилтууд цөөнгүй бий. Одоогоор судалгааны ажлууд хийгдэж байгаа учир ярихад эрт байна. Бодитой хэрэгжиж эхлэх үед шинэлэг мэдээ мэдээлэл бүрээ танай сэтгүүлээр дамжуулан уншигчдад хүргэх болно.

Энэ дашрамд The Mongolian Mining Journal сэтгүүлийн 10 жилийн ойн мэндийг танай хамт олонд өргөн дэвшүүлье. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажил­лагааг улс орон нийгмийн хөгжилтэй уялдуу­лан бодитой, цогц мэдээ мэдээллээр уншигч­дад хүргэдэг, ажил хэрэгч, хариуцлагатай сэтгүүл гэж үнэлж явдаг. Бусдадаа үлгэр жишээ болж, салбартаа тэргүүлж байгаа мэргэжлийн сэтгүүлтэй хамтран ажиллана гэдэг нь “Вай Ти Эм Монголиа” компанийн хувьд ч нэр төрийн хэрэг юм.    

Улс орныхоо хөгжлийн төлөө чармайн ажиллаж байгаа танай сэтгүүлийн хамт олны цаашдын ажил үйлсэд илүү их амжилтыг хүсч, The Mongolian Mining Journal сэтгүүл Монгол Улсын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах шударга, тэнцвэртэй мэдээллийн талбар хэвээрээ байж, тэмүүлэл зорилго нь гэгээтэй байхыг ерөөе.

Танд баярлалаа.